Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/41

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                          Прокурор Д.Ганцэцэг

                                                          Хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар

                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг

                                                          Хохирогч Б.З

                                                          Шүүгдэгч Э.М

                                                          Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.М-д холбогдох эрүүгийн 1926000950141 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Цэрэндорж овгийн Э.М

 

Э.М нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04-06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ш” нэртэй зочид буудалд иргэн Б.З-н нүүр хэсэгт гараараа цохиж, толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.             

 

Анхан шатны шүүх, Цэрэндорж овгийн Э.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдан, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Мээс 4.256.359 төгрөг гаргуулж хохирогч Б.З-т олгохоор, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Б.З-т мэдэгдэж, иргэний нэхэмжлэлээс 556.180 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зурагны сиди 1 ширхэг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн компьютер томографийн хариу 1 ширхэг, мөн өдрийн томографийн сиди 1 ширхэг, томографийн зураг 3 ширхэг, Б.З-н 5 хуудастай амбулаториор эмчлүүлэгчдийн карт 1 ширхэг, лаборантын шинжилгээнд илгээх хуудас 6 ширхэгийг хохирогч Б.З-т буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: ...Хохирогч Б.З-н биед учирсан гэмтлүүд нь эргэлзээтэй. Гурван удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд зөрөөтэй, мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрөөтэй байна. Шүүх Б.З-н эгч Б.Х-н Б.З нь 2017 оны зун хамарны мөгөөрсөө гэмтээж байсан /хх-ийн 7-8/ гэх, шинжээч эмч Д.Э-н  Б.З-н ирүүлсэн рентген болон компьютер томографикийн зургийн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн шинжээчээр уншуулахад баруун нүдний ухархай цөмөрсөн, хугарал хамрын ясны хугарал болох нь тогтоогдоогүй гэж хэлсээр байхад дүгнэлт гаргасан гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн эмчлэгч эмч Ю.Б-н мэдүүлгийг үнэлж гэм буруутай асуудлыг шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Э.М-н хохирогчийн эсрэг хийгээгүй үйлдлийг хуурамч нотлох баримтыг үндэслэн хийсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан заалтыг ноцтой зөрчсөн байна. Хохирогч Б.З нь 2017 онд эрүүндээ биш хамартаа гэмтэл авсан байхад хувийн эмнэлгийн эмчийн оношийг баримтлан хуурамч дүгнэлтээр дүгнэлт хийж эмчилгээ сувилгаанд явсан бүх зардлыг төлүүлэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна. ...Дээр дурдсан хуурамч нотлох баримтыг үнэлж Э.М-с 4.256.359 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд хохирогчийн эгч Б.Х-д хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт Б.З нь 2017 оны зун хамрын мөгөөрсөө гэмтээж байсан гэсэн. Мөн хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудсанд авагдсан шүүх эмнэлгийн шинжээч эмч Э-г асуусан мэдүүлэгт урд нь гаргасан СD-ний дүгнэлт нь зөрүүтэй, гэмтлүүдийг өөрөөр уншиж тайлбарласан байна гээд хамрын таславч болон хамрын дайвар хөндийн үрэвсэл уг хэрэгт холбоогүй, өмнө нь үүссэн гэмтэл байна гэсэн. Гэтэл шүүхээс хамрын хуучин гэмтлийн улмаас хагалгаанд орсон хагалгааны баримтаар нь үнэлж дүгнэлт гаргасан. Б.З-н биед учирсан гэмтэл нь эрүүний хугарал байдаг. Гэтэл хавтаст хэрэгт энэ гэмтэлд нь ямар нэг эрүүл мэнд, эд материалаар хохирсон талаарх хохирлын баримт нэг ч байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх гэрч Х-н мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмч Э-н мэдүүлэг, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлэхгүйгээр зөвхөн “Сонгдо” нэртэй хувийн эмнэлгийн эмч Б-н дүгнэлтийг үндэслэж Б.З-н урд нь авсан гэмтлээр нь гэм хорын хохирлыг тооцсон, ял шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Хохирогчид учирсан гэмтэл болон хохирлыг дахин тогтоосны үндсэн дээр Д.М-н буруутай үйлдлийн улмаас Б.З-н биед ямар гэмтэл учирсан. Уг гэмтлийн улмаас ямар ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн зэрэг баримтуудыг үндэслэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.М-д хуулийн үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан гэсэн байр суурьтай байгаа өмгөөлөгчийн зүгээс. Учир нь гэмт хэргийн шинжтэй аливаа үйл явдлыг үнэлж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хэм хэмжээнүүдийг анхаарч үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэл нь гэм буруугийн зарчимтай тохирч байгаа эсэхтэй тулгаж үзэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр гэм хор учруулбал гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан. Д.М-н хувьд гэм буруугүйгээр хохирогчид гэмтэл учруулсан. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үздэг. Д.М-н хувьд анхнаасаа миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн хохирол учирсан бол түүнийг би хүлээн зөвшөөрнө гэж мэдүүлдэг. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ дангаараа хүлээсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалт байгаа. ...Хохирогч тэр өрөө рүү хэний ч зөвшөөрөлгүйгээр орсон. Тэгээд түрүүвч алга болгочихоод хайж явсан гэсэн шалтгаанаар унтаж байгаа хүний халаасыг суйлж утсыг нь авсан. Тэгвэл өнөөдөр энэ хүнд түрүүвч байсан уу? Түүнийгээ хаясан уу? гэдгийг нь тогтоосон баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Харанхуй шөнө хүний өрөөнд дайрч орон халаасыг нь ухаж утсыг нь авна гэдэг нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ үйлдлийн эсрэг Д.М хариу арга хэмжээ авсан байхад энэ хүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ хүнд ял шийтгэл оногдуулсан. Д.М анхны мэдүүлэгтээ түүнд учирсан гэмтэл нь надаас болсон байх, би гэм буруугаа хүлээнэ гэж хэлсэн. Энэ мэдүүлэгт нь үндэслээд л хэргийг шийдвэрлэсэн. Энэ хэрэгт нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэх, Д.М-д өөрийгөө хамгаалах эрх ашиг байгаа эсэх зэрэгт ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх ёстой. ...Б.З-н хамранд гэмтэл байсан уу? гэвэл тийм гэмтэл байсан. Уг гэмтлээ Сонгдо эмнэлэгт очиж эмчлүүлсэн нь  ч үнэн. Гэтэл уг гэмтэлд Д.М-н үйлдэл огт холбоогүй. ... Б.З-н хамрын гэмтэл нь 2017 онд учирсан талаарх баримтууд нь хэрэгт байхад энэ гэмтлийг Д.М учруулсан гэж үзээд байгаа нь  ямар ч үндэслэлгүй юм. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хууль бус шийдвэр гэж үзсэн учраас тогтоолыг нь хүчингүй болгож Д.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болохыг 3 шатны шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хохирогч Б.З, шүүгдэгч Д.М-д зодуулж байхад хажууд нь гэрч Нармандах байсан. Д.М хэдэн удаа хохирогчийн толгой хэсэгт цохисон, мөргөсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлдэг. ...Гэрч Н-н өгсөн Д.М Б.З-н баруун нүүрний хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Б.З, Д.М-тэй барилцаж аваад Д.М-н хоёр гарыг нь бариад орон дээр нь дарсан байсан. Д.М Б.З-н доор нь байсан тул нүднийх нь хооронд нэг удаа толгойгоороо мөргөсөн гэх мэдүүлэг хавтаст хэргийн 12-16 дугаар хуудсанд авагдсан байгаа. Мөн гэрч Б нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авахаар Б.З ирж үзүүлэхэд баруун талын нүд орчимд хавантай, ам хязгаарлагдмал зуулттай, ам ангайлгахад өвдөж юм идэж болохгүй байгаа. Хамрын баруун тал нь амьсгалахад саадтай гэсэн зовиуртай ирсэн. Б.З-н хамрын хөндийн таславч баруун талын дээд хэсгээрээ хугарч мурийсан. Хамрын баруун талын хугаралттай, хамрын доод талын самалдаг тууш хугарсан. Баруун эрүүний доод яс буланг дайрсан ташуу хугаралтай, баруун нүдний доод ясанд 0.2 см-ийн хугаралтай гэх. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.З-г өөрийн биеэр үзэхэд баруун талын хамрын ясны хальс нь хавдаад хөхөрсөн байсан бөгөөд уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан гэх мэдүүлэг хэрэгт байдаг. Дээрх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.М нь хохирогч Б.З-н биед хүндэвтэр хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон байгаа. Д.М-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хэдийгээр гэрч Б.Х-н мэдүүлгээр 2017 онд хамрандаа гэмтэл авч байсан гэж хэлж байгаа боловч тухайн үед уг цохилтын улмаас гэмтэл үүссэн эсэх нь тодорхойгүй. Харин таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзсэн бөгөөд шинэ гэмтэл байна гэж үзсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хохирогч Б.З-н хувьд хоёр зэрэг хагалгаа хийлгэх боломжгүй аль нэгэнд нь эхэлж ор гэж эмнэлгээс хэлсэн байдаг. Эхлээд хамрын хагалгаанд орохгүй бол хамар нь бөглөрөөд амьсгалж чадахаа байчихсан байсан.  Эрүүний хувьд байдлыг нь харж байгаад үрэвсэх юм бол хадна гэсэн. П.Адьяасүрэн өмгөөлөгч тайлбартаа Д.М өөрөө хохирогч гэсэн зүйл ярьж байх шиг байна. Б.З-н хувьд хохирогчоор тогтоогдсон. Эрүүнийхээ гэмтлээс  болж хоёр сар хоол идэж чадахгүй маш хүнд байдалтай байсан. Мөрдөн байцаалтын шатанд ямар байдалтай байсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Нэг болон таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр Б.З-н хамрын гэмтлийг шинэ гэмтэл байна гэж тогтоосон. Б.З-г бусдын өрөөнд яагаад дайрч орсон юм бэ гэж ярьж байна. Б.Зын өрөөнд хамт байсан хүмүүс нь орж ирээд архи дарс уусан асуудал хавтаст хэрэгт авагдсан байдаг. Түүнээс биш бусдын өрөөнд шууд дайрч орсон зүйл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид одоог хүртэл ямар нэг хохирол төлбөр төлөөгүй байгаа. Амьсгал авч чадахгүй, хоёр сар хоол идэж чадахгүй мөрдөн байцаалтын шатанд ямар хүнд байсныг мэдсээр байж шүүгдэгч Д.М хохирсон гэсэн зүйл ярьж байгаа нь зохимжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Өрөөнд орсон талаар хэлэхэд би эхлээд өөрийнхөө өрөөнд орж түрүүвчээ үзсэн. Тэгэхэд манай өрөөнд доод талын өрөөнд байсан хүмүүс унтаж байсан. Д.М-г олон зүйлээр хохирч байгаа гэж хэлж байна. Миний хувьд ч мөн цаг хугацаа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа. Тухайн үед хамрандаа яагаад яаралтай хагалгаа хийлгэсэн бэ? гэхээр миний эрүү агт араа дайрсан бүтэн цууралттай гэсэн. Тэгээд яаралтай хагалгаа хийлгэх гээд эмчээсээ зөвлөгөө авахад эхлээд хамрын хагалгааг чинь хийх шаардлагатай гэж хэлсэн. Одоогоор өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс авч чадаагүй байгаа гэв.

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр өдөр Б.З-н өрөөнд ороогүй тэгэхэд манай өрөөнд орж ирээд миний утсыг авчихсан. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал Б.З миний дээрээс дараад авсан. Тэгэхээр нь би өндийх гэж байгаад санамсаргүй дэлсчихсэн. Тэр үйл явдал болсноос хойш 4-5 хоногийн дараа над руу яриад миний хамрыг чи гэмтээсэн байна гэж хэлсэн. Ганбаатар гэдэг хүн над руу яриад Б.Зыг гарч яваад өөр хүмүүст зодуулсан гэж ярьж байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Э.М нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04-06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ш” нэртэй зочид буудалд иргэн Б.З-н нүүр хэсэгт гараараа цохиж, толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.М-ийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... Миний утас дээшлээд байх шиг байхаар нь сэрээд харсан чинь З ороод ирчихсэн байсан. Тэгэхээр нь З-г миний гар утасыг авах гэж байна гэж бодсон. З намайг бос бос гээд байсан. Тэгээд надаас түрүүвч байна уу? гэж асуугаагүй. Би хоёр удаа З-н хацар руу нь алгадсан. Би босох гэж байгаад санамсаргүй мөргөсөн. Удаагүй би нойл орчихоод гараад ирсэн чинь З явчихсан байсан гэх,

хохирогч Б.З-н анхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Э.М дээр очоод сэрээх гэсэн босохгүй байхаар нь түрүүвч байна уу? гээд өмдний халаасыг нь тэмтэрч үзсэн. Миний түрүүвч байхгүй байсан. Э.М босч ирж суугаад харж байснаа шууд үгийн зөрүүгүй намайг цохиод, 1-2 удаа намайг мөргөсөн. Тэгээд бид 2 барилцаж аваад эсрэг талын орон дээр хамтдаа унасан. Бид хоёр ноцолдож байгаад салсан. Салсаны дараа Э.М шууд гараад явсан. Дараа нь миний толгой, эрүү өвдөөд болохгүй байхаар нь шууд гараад явсан. Намайг буудлаас гараад явж байхад 6 цаг өнгөрч байсан. Хамрын хагалгаанд орсон. Нийт эмчилгээний зардалд 4.812.539 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэвэл зардлаа нэхэмжлэнэ гэх,

хохирогч Б.З-н мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад “Ш” буудалд 12-уулаа 3 давхарын 305 тоот өрөөнд хөзөр тоглохоор орсон. Шөнийн 02 цаг өнгөрч байхад “Шунхлай” буудлын 2 давхарт Г, З, М, сагсны шүүгч гэх залуу, М /Эм Си гэж дууддаг/ гэх залуучууд байсан. Хөзөр тоглож байгаад өглөөний 04 цаг өнгөрч байхад би, М, Э, Н нарын хамт 48 айлын орон сууцны ойролцоо буугаад тэндээсээ гэр гэр лүүгээ явцгаасан. Би Н хамт гэр лүүгээ орох гэж яваад түрүүвчээ буудалд үлдээснээ мэдээд такси олдохгүй болохоор нь Н бид хоёр “Ш” буудал руу явган очсон. ...Ороход бүгд унтаж байсан. Би Э.М-ийг унтаж байхад нь сэрээх гэсэн сэрэхгүй байсан. Г, Д нарыг сэрээж түрүүвчээ асуух гэсэн сэрэхгүй байсан. Би Э.М-ийг дахин дуудсан чинь босож ирээд орон дээр дөхөж сууж байснаа миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, намайг тэврээд авсан. Бид хоёр ноцолдож байгаад М-н унтаж байсан орон дээр хамт унасан. Би Э.М-тэй зууралдаж ноцолдож байхад Э.М нь миний баруун нүдний орчим духаараа 4-5 удаа мөргөсөн. Би Э.М-с салаад босоод иртэл М дахиж босч ирээд бид 2 ноцолдож байгаад Э.М-н унтаж байсан орон дээр унасан. Э.М 2 гараа сарвалзуулаад над руу дайраад л байсан. Бид хоёрыг Н салгасан. Тэгээд л дахиж маргаан зодоон болоогүй. Э.М нь миний түрүүвч авчихлаа гэж бодлоо гээд надад уурлаад намайг цохисон байх. Эсвэл нойрноос сэрээлээ гэснээс болж намайг зодсон... гэх, /хх-ийн 29-30 дугаар хуудас/

гэрч Б.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн ...Манай төрсөн дүү Б.З нь 2019 оны 02 дугаар сарын 07-ноос 2019 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө “Ш” буудалд найзуудын хамт байхдаа Э.М гэдэг хүнд буудал дотор зодуулаад 2 хоног ах, дүү нартаа хэлээгүй нуусан. 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим мэдээд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрүү нүүрний тасгийн эмч Батболд гэдэг эмчид үзүүлэхэд Б.З-н баруун талын агт арааны доогуур хугарсан гэж оношилсон. Хагалгаа хийлгэж хадуулах шаардлагатай гэсэн. ...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1-р эмнэлэгт томографийн шинжилгээ өгөхөд хариу нь доод эрүүний ясны баруун талын булан дайрсан ташуу шугамын хугаралтай, баруун нүдний ухархайн доод хананд 0.2 см цөмөрсөн хугаралтай гэсэн хариу гарсан... гэх, /хх-ийн 7-8 дугаар хуудас/

гэрч С.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 02 сарын эхээр өдрийг нь санахгүй байна сар шинийн хоёрны шөнө байсан. “Ш” буудалд 3 давхарын 3 ортой өрөөг авсан. Буудалд би, З, А, С, Б, Ц, Б, Э, Х, М, Д, Л нарын хамт хөзөр тоглож 2 ширхэг 0.75 литрийн Соёрхол архи, хүний нэг нэг пиво ууцгаасан. Хөзөр тоглож дуусаад З бид хоёр шөнийн 02-03 цагийн орчим явган З-н гэрт очихоор явсан. З-н гэр лүү нь очиж байхад З түрүүвчээ 3 давхарын буудлын өрөөнд үлдээчихсэн очиж түрүүвчээ авъя гэж хэлэхээр нь би Зулбаяртай алхаад Ш буудлын 3 давхарын өрөөнд ортол Т, У нар унтаж байхаар нь З тэр хоёрыг сэрээгээд түрийвчээ асуухад нойрмог байсан тул олигтой хариу өгөөгүй. 3 давхарын өрөөнд З, бид хоёр З-н түрүүвчийг хамт хайсан боловч олоогүй. 2 давхарт байсан У гэдэг залуу манай өрөөнд орж ирээд унтаж байхаар нь 2 давхарт байсан залуучуудын өрөөнд орж ирсэн байж магадгүй гэж бодоод тэд нараас З-н түрүүвчийг асуухаар 2 давхарын өрөөний хаалганы үүдэнд очиход өрөөний хаалга нь онгорхой байсан. Өрөөнд 4 орон дээр нэг, нэг хүн унтаж байсан. З унтаж байсан 4 хүүхдийг бүгдийг нь сэрээгээд түрүүвч харсан эсэх талаар асуусан. Тэнд унтаж байсан хүмүүс сэрэхгүй байсан. Б.З нь таньдаг гээд Э.М-г сэрээх гээд өндийлгөж босгох гэтэл Э.М босохгүй унтаад байсан. Б.З нь Э.М-н өмдний халаасанд гараа хийгээд түрийвчээ хайсан. Э.М тэр үеэр сэрээд Зулбаярыг яагаад байгаа юм гээд уурлангуй хэлсэн. Б.З, М нар хоорондоо хэрэлдэж байгаад Э.М нь Б.З-н баруун нүүрний хэсэгт гараараа 2 удаа цохисон. Б.З нь Э.М-тэй барилцаж аваад М-г орон дээр нь хоёр гарыг нь дарчихсан байсан. Э.М нь доор байсан тул Б.З-н хоёр нүдний дунд хэсэг рүү нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Би тэр хоёрын дундуур нь ороод салгасан. ... Б.З явахынхаа өмнө толгой өвдөөд байна харьж хононо гээд явсан... гэх,  /хх-ийн 13-15 дугаар хуудас/

гэрч Д.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинийн 04-ний өдөр 08 цагийн орчим Уянга суманд золголтоор яваад аймгийн төвд байдаг гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай хүү З-н баруун талын нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ хавдчихсан, баруун нүдэн дотор нь цус хуралттай, хөх няц болчихсон. “Ш” буудалд найзуудтайгаа архи, пиво уучихаад тараад гэртээ орох гэсэн чинь түрүүвч нь байхгүй байхаар нь буцаж “Ш” буудал ороод 2 давхарт унтаж байсан хүүхдүүдээс түрүүвчээ асуухад М нь уурлаад намайг зодсон гэж хэлсэн...гэх, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

гэрч Г.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн ...Намайг өглөө сэрэхэд Э.М нь хэлэхдээ Э.М-г унтаж байхад Б.З орж ирээд өмдний халаас руу нь гараа хийгээд юм тэмтрээд байхаар нь Б.З-г яагаад байгаа юм гээд Б.З, Э.М нар маргалдаад Э.М нь Б.З-н эрүү рүү алгадсан гэж ярьж байсан. Би Э.М-с Б.З-г хэдэн цагийн үед орж ирсэн юм гэхэд Э.М нь нэг мэдэхэд ороод ирсэн гэж ярьж байсан... гэх /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

гэрч Ю.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ... Б.З нь ирж үзүүлэхэд баруун талын нүд орчим хавантай, ам хязгаарлагдмал зуулттай, ам ангайхад өвдөнө, юм идэж болохгүй байгаа, хамрын амьсгаа баруун тал нь илүү саадтай гэсэн зовиуртай ирсэн. Б.З нь өөрөө томографийн зураг авахуулж ирсэн байсан. З-н хамрын хөндий дотор талын таславч баруун талаараа дээд хэсгээрээ хугарч мурийсан, хамрын баруун талын хугаралтай, хамрын доод талын самалдаг хөөж томорсон байсан. Баруун эрүүний доод эрүүний яс булан дайрсан ташуу шугаман хугаралтай, баруун нүдний доод хананд 0.2 см хугаралтай байсан. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.З-г өөрийн биеэр үзэхэд баруун талын хамрын ясны гадна талын хальс нь хавдаад хөхөрсөн байсан. Энэ гэмтэл нь шинэ гэмтэл байсан учир хамрын таславч мурийж хугарсан баруун нүдний доод хана хугарсан, баруун талын доод эрүү хэсэгт булан дайрсан хугарал байсан. Уг гэмтлүүдийг шинэ хугарал гэж бодож байна... гэх /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2394 дугаартай, 535 дугаартай шинжээчийн  дүгнэлтүүд /хх-ийн 53, 63-64 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 957 дугаартай дахин бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144-146 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Э.М-г хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүгдэгчээс 4 256 359 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.