“ЦАНМ” ГХОХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга;
Нэхэмжлэгч: “ЦАНМ” ГХОХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: ““ЦАНМ” ГХОХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын XV-0179ХХ дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/37ХХ тоот албан бичгээр гаргасан татгалзал болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох, сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0003 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0814/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЦАНМ” ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан ““ЦАНМ” ГХОХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын XV-0179ХХ дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/37ХХ тоот албан бичгээр гаргасан татгалзал болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох, сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0003 дугаар шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЦАНМ” ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Б болон С сумын нутагт дамнан байрших ашигт малтмалын хайгуулын XV-0179ХХ дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/37ХХ дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо:
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх хуулийн заалтыг биелүүлж чадаагүй байхад түүнийг нь хуулийн дагуу шийдвэрлээгүй, хугацаандаа өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр татгалзаж, өргөдлийг нь шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бана” гэжээ.
3.1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахаар заасан.
3.1.2. Гэтэл “ЦАНМ” ГХОХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хуулийн дээрх шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан бол компанийн ямар нэгэн ажилтанаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхээс тус компанийн захирал Wang Chaolin-ийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан тусгай зөвшөөрлийн өргөдөлд хавсаргах баримт бичгүүдийг бүрдүүлсэн бүрдлийн тухайд эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно: 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад кадастрын хэлтсийн системд ашигт малтмалын хайгуулын ХВ-0179ХХ дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссаныг бүртгэсэн. Гэтэл шүүхээс тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.3. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0003 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
- Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар байна.
- “ЦАНМ” гадаадын 100% хөрөнгө оруулалттай ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдийн 360 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Б, С сумын нутаг дахь С нэртэй газар орших 11437.10 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, хайгуулын тусгай зөвшөөрлийг “ЦБГ” ХХК-иас шилжүүлснийг бүртгэж, 08 дугаар сарын 29-ний өдөр XV-0179ХХ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.
- Хавтаст хэрэгт авагдсан XV-0179ХХ дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “ХБ” ХХК-ийн тодорхойлолтоос үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр 82,919,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн, байгаль орчны менежементийн төлөвлөгөөг сум орон нутгаар хуулийн хугацаанд батлуулсан, 2024 оны ажлын төлөвлөгөөг цахимаар илгээж баталгаажуулсан зэргээс үзвэл цаашид тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших сонирхолтой байгаа хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь нотлогдож байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим /Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно./-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хамгаалагдах учиртай.
- Хууль зүйн үндэслэлийн тухайд:
-
- Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.
-
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хуульд заасан баримтуудын хамт, хугацаа сунгуулах өргөдлөө гаргах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд өргөдөл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
-
- Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал W овогтой CH /ВЧ/-аас өөр этгээд өргөдөлд гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг ашиглан өргөдөл гаргах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
-
- Мөн тэрээр Камбож улсад байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хумхаа өвчний халдвар авч тус улсад тусгаарлагдан хөл хорионд орсон, үргэлжлүүлэн 2024 оны 06 дугаар сарын 23-ны хүртэл хугацаанд БНХАУ-д эмчлүүлсэн байх бөгөөд XV-0179ХХ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах эцсийн хугацаа болох 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хугацаатай давхцаж байгаа болох нь хэрэгт авагдсан SY клиник эмнэлгийн онош, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээний дүн, эмчилгээний эмийн жор, эрүүл мэндийн тодорхойлолтын баримтуудаар тогтоогдож байна.
-
- Түүнчлэн дээрх эмчилгээний улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсад зорчих В2 ангиллын визийн хугацаа дууссан болох нь 2024 оны 06 дугаар сарын 13, 07 дугаар сарын 04-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт www.ifs.mn системээр цахим виз мэдүүлж, түүнд виз олгогдсоноор 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад орж ирсэн болох нь тогтоогдож байна.
-
- Эдгээр нөхцөл байдлууд нь хууль тогтоомжид заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байх бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаант байдал арилсны дараа 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн эрхийг хугацааг сунгуулахаар гаргасан нэхэмжлэгч хуулийн этгээдийн өргөдлийг хариуцагч нягтлан хяналгүй, өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасныг зөрчжээ.
-
- Нөгөөтээгүүр, “ЦАНМ” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал W овогтой CH /ВЧ/ урьдчилан мэдэх боломжгүй зайлшгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас компанийг төлөөлж хүсэлт гаргах итгэмжлэл олгоогүй, олгох боломжгүй байсан, мөн хуулийн этгээдийн тамга, тэмдгийг өөр этгээд ашиглах боломжгүй тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хяналгүй, татгалзсан хариуцагчийн үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
-
- Энэ талаар анхан шатны шүүх “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг шууд хүлээн авахаас татгалзах, эсхүл шийдвэрлэхгүй байх эрхийг захиргааны байгууллага албан тушаалтанд олгоогүй, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл шаардлагад нийцсэн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдож байгаа эсэхийг хянан үзэж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан нэхэмжлэгч талын өргөдлийг хүлээн авч, холбогдох баримтуудыг хянан шийдвэр гаргах эрх үүргийг хэрэгжүүлэх ёстой тул өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байна.” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
-
- Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/37ХХ дугаар албан бичгийг болон 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр XV-0179ХХ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцжээ.
-
- Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА