Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,   

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Б.Сайнгэрэл,

шүүгдэгч Б.Цогтсайхан, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цогтсайханд холбогдох 201625012824 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй. “Улаанбаатар хэвлэл” ХХК-д харуул ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар гудамжны 243 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕН79110710, хэрэг хариуцах чадвартай, Буянт овогт Бямбацогтын Цогтсайхан.  

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

  Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Сайнгэрэлийг мөнгө дутуу өглөө хэмээн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар саын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 23 дугаар гудамжны 2731 тоотод эхнэр Б.Сайнгэрэлтэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Цогтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”... гэв.

 

Хохирогч Б.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр өргөдөл өгсөн. Би урьд нь 3 хүүхдээ бодоод хэл ам хийхгүйгээр салъя гээд гомдолгүй гээд хүсэлтээ өгсөн. 2016 оны 7 дугаар сарын      15-ны өдөр Б.Цогтсайхан ирээд миний баруун бөөр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь цагдаад өргөдөл өгөөд эмнэлэгт үзүүлсэн. Б.Цогтсайхан бид хоёр дундаасаа 5 настай, 3 настай, 1 настай 3 хүүхэдтэй. Б.Цогтсайхан би танай хоёр хүүхдийг чинь тэжээж байна гэж уурлаад хардаад байдаг. Би бага насны 3 хүүхэдтэй тул ажил хийхгүй, гэртээ байдаг. Үүнээс болж их маргаантай байдаг. Б.Цогтсайхан дандаа миний нүд рүү цохидог. Хөхрөлт няцралттай байхад Д.Гэсэрмаатай хэд хэдэн удаа таарсан. Шинэ жил, цагаан сарын баяраар зодуулсан байсан. Би гомдолтой байна. Өвөл 3 хүүхдэдээ хувцас авах хэрэгтэй байгаа” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/, хохирогч Б.Сайнгэрэлийн мэдүүлэг /хх-16-18/, гэрч Б.Баяраагийн мэдүүлэг /хх-19/, гэрч Д.Гэсэрмаагийн мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг /хх-21-22/, гэрч Д.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-23-24/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №10230 дугаартай дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Б.Цогтсайханы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-30-32, 35, 58-59/, шүүгдэгч Б.Цогтсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, шүүгдэгч Б.Цогтсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-41-42/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Сайнгэрэлийг мөнгө дутуу өглөө хэмээн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар саын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 23 дугаар гудамжны 2731 тоотод эхнэр Б.Сайнгэрэлтэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Б.Цогтсайхан, Б.Сайнгэрэл хоёулаа ааш араншин муутай өөрсдийнхөөрөө байдаг. Жаахан юмаа хэрүүл болгодог, бие биенийхээ өөг хардаг хүмүүс…Б.Сайнгэрэлийн бие нь хөх эрээн болчихсон явж байдаг…хоёулаа л зодолддог. Б.Цогтсайхан Б.Сайнгэрэлийг жирэмсэн байхад нь хардаад зодсон байсан. Хэн хэнийг нь өмөөрөх, магтах зүйл байхгүй” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Гэсэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Б.Цогтсайхан ширүүн зантай, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Б.Сайнгэрэлийг 2016 оны  8 дугаар сард зодоод баруун мөрөн дээр нь хөхөрсөн байсан. Мөн 2015 оны шинэ жилээр зодуулсан гээд нүд нь хөхөрсөн явж байсан.” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын       22-ны өдрийн №10230 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Сайнгэрэлийн биед бүсэлхий зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-26/ гэх дүгнэлт,

шүүгдэгч Б.Цогтсайханы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-30-32, 35, 58-59/,

шүүгдэгч Б.Цогтсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/,

“Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-41-42/,

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-51/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цогтсайханы гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр эхнэр Б.Сайнгэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын №797 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хугацаа өнгөрөөгүй...” байхад дахин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Цогтсайханыг хувийн таарамжгүй харьцааны улмаас давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Цогтсайханыг гэмт хэрэг давтан үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Цогтсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буянт овогт Бямбацогтын Цогтсайханыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Цогтсайханд 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Цогтсайханд оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлбөр төлбөргүй, Б.Цогтсайхан нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Цогтсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.        

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цогтсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                                 ШҮҮГЧ