Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ц-т холбогдох эрүүгийн 2230003840004 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ......1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Р-ийн Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Р.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дүгээр баг ........... тоотод хохирогч Б.Э-г зодож түүний биед тархи доргилт, нүдний алимны доргилт, дух болон баруун сарвууны 1 дүгээр хурууны хумсны хууларсан шарх, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалга, хоёр гарын сарвуу, баруун чих, хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, гэмтлийн гаралтай баруун нүдний торлогийн цус хуралт, баруун нүдний хараа 0.4 бууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө машиндаа нэг шил архи уусан. Тэгээд машинаа барих чадваргүй байсан тул үлдээгээд найзынхаа гэр лүү явсан. Б.Э-г зодож гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 03 дугаар сарын 15-нд ажилдаа орно. Тэгээд 03 дугаар сарын сүүлээр үлдэгдэл хохирлыг төлнө” гэв.    

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022  оны  11  дүгээр  сарын  27-ны  өдөр  Сүхбаатар  аймгийн Түвшинширээ суманд ирээд үеэл дүү Д.А-нд амьдарч байсан. Манай нөхөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн үед унтах гээд орондоо хэвтэж байхад гэрийн зүүн талаас өшиглөх чимээ гарахад Д.А гэрээсээ гарах гэхээр нь “чи гарч хэрэггүй, согтуу хүн байна” гэж хэлэхэд “Р.Ц байна, учрыг нь олоод явуулъя” гэж хэлсэн. Тухайн үед би унтаагүй байсан. Тэр хоёр үүдний амбаарт бие биеэ эсэргүүцсэн бололтой түжигнэж байгаад хаалгаар орж ирсэн. Тэгээд Р.Ц Д.А-г зүүн ор луу түлхээд куртикээ тайлахад нь Д.А хүн байгаа гэж хэлсэн. /Дараа нь би дүүдээ “Э байгаа гэж хэлэхгүй яав даа. Хүн байгаа гэж хэлэхээр хардаад, ийм асуудал гаргасан байх” гэж хэлсэн/. Тэгсэн Р.Ц “тэрийг чинь ална” гээд төмөр бариад цохисон. Эмэгтэй хүн байсан гэж мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Хөмсөг сэт цохисон учраас маш их цус гарсан. Тухайн үед би манарсан байсан. Гарын хуруунууд төмөрт цохигдож цоорсон. Р.Ц нь сүүлдээ миний хоолойг 3 удаа боосон. Эхний удаа боохдоо маш хүчтэй боосон. Тэр үед би энэ хүнд ингээд боолгоод үхэх юм байна гэж бодсон. Гурав дахь удаагаа бооход нь би гарыг нь хазаад надаас хөндийрөхөөр нь гэрээс гарч зугтаасан. Тэгээд үеэл дүү нар луугаа ороод “намайг хүн зодчихлоо цагдаа, эмч дуудаарай” гэж хэлсэн. Өмнө нь Д.А ямар айдастай байсныг мэдэхгүй. Д.А, Р.Ц нарыг холбоотой байдаг гэдгийг мэдэж байсан боловч үйлдэл дээрээ надад баригдаж ийм асуудал болно гэж бодоогүй. Д.А нь Р.Ц-аас айгаад цэцэрлэгийн тэнд очиж нуугдсан байсан. Д.А, Р.Ц нарын эр, эмийн асуудалд хөндлөнгөөс оролцъё гэж бодохгүй байна. Хохирсондоо гомдолтой байна. Р.Ц нь над руу нэг ч удаа залгаагүй. Сэтгэл санаа гүн хямралтай байсан учраас дуудлагад хариу өгөх боломж байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 10, мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмч нарын зөвлөснөөр Улаанбаатар хот руу MRI зураг авхуулахаар явсан. Миний хувьд 40 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн” гэв. 

Эрүүгийн 2230003840004 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Р.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тухайн үед би хотоос идэш хийнэ гээд Түвшинширээ суманд ирээд хоёр хонож байсан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед гудамжинд найзынхаа машинд 0.75 граммын “Экс” архийг ганцаараа уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд архиа ууж дуусгаад, машинаа үлдээгээд өөрийн найз Чулуунборынд очиж хоноё гээд явган явсан. Тэр үед харанхуй шөнө байсан болохоор нохой дайрч магадгүй гээд машинд нь байсан данхраадны ишийг аваад бууснаа санаж байна. Архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор салхинд гараад бүр согтсон байсан. Гэнэт сэрээд харахад Э-гийн дүү А-гийн гэрт ирсэн Э намайг “Ц найзаа болиоч ээ”  гээд над руу орилж байсан. Тухайн үед би барьж байсан данхраадны ишээрээ Э-г цохиж байсан.” гэх /хх 88-90 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Э-гийн “2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө би өөрийн  үеэл дүү болох Д.А-ийнд хоносон. Шөнө унтаж байхад 23 цаг 30 минутын орчимд гэрийн зүүн талаас гэнэт хүчтэй цохисон. Тэр үед А сэрээд “нөгөө Ц чинь ирсэн байна, би гараад явуулаад ирье” гэхээр нь би А-д хандан “Чи гарч яах гэж байгаа юм” гэж хэлэхэд “гарахгүй бол хаалга эвдээд ороод ирнэ” гэж хэлээд гэрээс гараад үүдний амбаарын цоожийг тавьж өгсөн. Тэгээд тэр хоёр үүдний амбаарт түжигнэж байгаад гэрийн хаалгаар ар араасаа орж ирсэн. Гэрт орж ирээд Ц өөрийнхөө куртикийг тайлаад Алимааг зүүн талын ор луу түлхсэн. Тэгтэл А “гэрт хүн унтаж байгаа шүү дээ” гэж хэлэхэд Ц “тэгвэл тэр хүнийг чинь би ална” гэж хэлээд над руу ирээд гартаа барьж байсан төмрөөрөө миний толгой руу цохисон. Тэгээд үргэлжлүүлээд миний толгой, хоёр гар, ар нуруу руу төмрөөрөө олон удаа цохисон. Тэгж зодож байхдаа миний хоолойг гурван удаа боомилсон. Эхний боолт нь их чанга, амьсгаа авч чадахгүй болтол боосон. Тухайн үед би ингээд үхэх нь гэж бодсон. Дараагийн хоёр боолтод би өөрийн нөмөрч унтаж байсан хөнжлөө хоолойдоо тулгаад хүний гар орохооргүй болгож хамгаалсан. Намайг сүүлийн боомилох гэж оролдох үед нь би Ц-ын гарыг нь  хазахад надаас холдоод гэрийн зүүн ор луу явсан. Тэр үед би гэрээс дотуур хувцастайгаа гарч зугтаасан. Гэрээс гараад хажуу талын байшин руу буюу үеэл дүү Д.А-ийн гэрт орсон. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг ирж миний биед үзлэг хийсэн.” гэх / хх 21-22 дугаар хуудас/,
  • Гэрч Д.А-ийн “2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд намайг гэртээ унтаж байхад манай байшингийн урд талын цонхыг хүн тогшихоор нь сэрээд цонх руугаа очиход манай төрсөн эгч Д.А “цагдаа дуудаарай Энхээг хүн алах гэж байна” гэж хэлээд өөрөө зугтаагаад явсан юм. Тэгээд би өөрийнхөө том хүү А.Ц-ийг сэрээгээд “гаръя гэрийн гадаа сүйд болж байх шиг байна” гэж хэлээд гэрийнхээ хаалгыг нээтэл гаднаас манай үеэл эгч Б.Э дотуур хувцастайгаа, нүүр нь тэр чигтээ цус болсон, баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай орж ирээд “амь авраарай цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлээд өөрөө шалан дээр унаад өгсөн. Тэгээд би цагдаа, эмнэлэг рүү утсаар ярьж дуудлага өгсөн юм.” гэх  /хх 29-30 дугаар хуудас/,
  • Гэрч Д.А-гийн “2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө намайг гэртээ унтаж байхад манай гэрийн зүүн талаас чанга цохихоор нь би сэрсэн. Тэгээд би Ц-ыг байна гэж бодоод гэрийнхээ үүдний амбаарын хаалганы цоожийг тавихад Ц орж ирсэн. Би Ц-т хандан “Манай гэрт хүн унтаж байна, чи яах гээд байгаа юм” гэж хэлэхэд “чи худал хэлж байна. Би орж харна” гээд гэр лүү орсон. Тэгэхээр нь би гэрийнхээ гэрлийг асаагаад харуулсан. Тэгтэл Ц өөрийн өмсөж явсан куртикээ тайлаад баруун орон дээр унтаж байсан манай үеэл эгч Э-г шууд очоод гартаа барж явсан богинохон төмрөөрөө толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би Цогтбаатарыг салгах гээд дийлээгүй. Тэгтэл Цогтбаатар Энхтуяа эгчийн хоолойг нь боохоор нь алах гэж байна гэж бодоод би гэрээс гараад өөрийн төрсөн дүү А-ийн байшингийн цонхыг тогшоод Аюушид “цагдаа дуудаарай” гэж хэлээд Ц-аас зугтаасан. Тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь би А-ийн байшин руу нь орсон. Намайг А-ийнд ороход Э эгчийн нүүр нь тэр чигтээ цус болсон, баруун нүд нь хөхөрч хавдсан, мөн баруун хөмсөг нь язарсан цус гарсан байдалтай байж байсан. Б.Э эгчийн нөхөр нь Улаанбаатар хотод эмчилгээнд яваад Э эгч манай гэрт надтай цуг хориод хоног хамт амьдарч байгаа юм.” гэх / хх 33-34 дүгээр хуудас/,
  • Гэрч А.Ц-ийн “Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд гэртээ унтах гээд орондоо хэвтэж байхад манай байшингийн урд талын цонхыг манай ээжийн төрсөн эгч болох ******* эгч хүчтэй балбаад “авраарай хүн аллаа” гэж бархирсан. Тэгэхээр нь би сандраад орноосоо босоод хувцсаа өмсөөд дуусаж байхад гаднаас Б.Э эгч шалдан, дотуур хувцастайгаа нүүр нь тэр чигтээ цусаар будагдсан, мөн баруун нүд нь хөхөрч хавдсан, хоёр гар нь хавдсан байдалтай орж ирээд “намайг авраарай цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлээд шууд шалан дээр унаад өгсөн. Тэгээд би гэрээс гарах гэтэл манай ээж намайг гаргаагүй. Удалгүй эмнэлэг ирээд Энхтуяа эгчийн биед үзлэг хийсэн. Дараа нь цагдаа ирсэн. Би тухайн үедээ манай сумын гаралтай одоо Улаанбаатар хотод амьдардаг Р.Ц гэх хүн Б.Э эгчийг зодсон гэдгийг мэдэж байсан. Учир нь манай ээжийн төрсөн эгч болох Д.А эгч Р.Ц гэх хүнтэй эр, эмийн холбоотой гэдгийг нь би гадарлаж байсан.” гэх  / хх 41-42 дугаар хуудас/,
  • Шинжээч эмч А.Б-ийн “2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ын гаргасан 592 дугаартай дүгнэлт болон миний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэмэлт шинжилгээнүүдэд тусгагдсан гэмтлүүд нь нийлээд ч хүндэвтэр болон хүнд гэмтлийн зэрэгт хамаарах боломжгүй юм. Учир нь анх 592 тоот дүгнэлт бол шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг үндэслэн гаргасан. Харин нэмэлт шинжилгээгээр тусгагдсан баруун нүдний торлогийн цус хуралт, баруун нүдний хараа 0,4 бууралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах гэмтэл юм.” гэх / хх 134-135 дугаар хуудас/ мэдүүлэг,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-8 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 9-12 дугаар хуудас/,
  • Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг / хх 15-17 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Э-гийн өвчний түүхийн маягт / хх 49-67 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 592 дугаартай “1. Б.Э-гийн биед тархи доргилт, нүдний алимын доргилт, дух болон баруун сарвууны 1 дүгээр хурууны хумсны хууларсан шарх, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалга, хоёр гарын сарвуу, баруун чих, хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 68-70 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Э-гийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “дахин шинжээч томилуулах тухай” хүсэлт / хх 106-107 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Э-гийн эмчилгээ хийлгэсэн өвчний түүх, рентген зураг / хх 112-127 дугаар хуудас/,

  •  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 592 дугаартай “1. Б.Э-гийн биед гэмтлийн гаралтай баруун нүдний торлогийн цус хуралт, баруун нүдний хараа 0,4 бууралт бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 10 хувиар алдагдуулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх 592 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт / хх 129-130 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Р.Ц-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / хх 91-92 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Р.Ц-т холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 93-95 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Р.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх 97-99 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Э-гийн эмчилгээ хийлгэхэд хэрэглэсэн эм, эд зүйлсийн төлбөрийн баримт / хх 138-144 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Э-гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, өвчний түүхийн хуудас / хх 149-161 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /хх 162 дугаар хуудас/

          Шүүгдэгч Р.Ц нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дүгээр баг .......... тоотод хохирогч Б.Э-г зодож түүний биед тархи доргилт, нүдний алимны доргилт, дух болон баруун сарвууны 1 дүгээр хурууны хумсны хууларсан шарх, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалга, хоёр гарын сарвуу, баруун чих, хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, гэмтлийн гаралтай баруун нүдний торлогийн цус хуралт, баруун нүдний хараа 0.4 бууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Э, гэрч Д.А, Д.А, А.Ц, шинжээч эмч А.Б нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Б.Э-гийн өвчний түүхийн маягт,  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 592 дугаартай шинжээчийн дүгнэлт,  хохирогч Б.Эгийн эмчилгээ хийлгэсэн өвчний түүх, рентген зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Р.Ц согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-г шалтгаангүйгээр данхраадны төмөр ишээр цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Р.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн  эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь  гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Р.Ц-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Р.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1. Шүүгдэгч Р.Ц-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Р.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Р.Ц нь хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол төлбөр нөхөн төлөөгүй нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж гэмшихгүй байгааг харуулж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээрээ улаан будган толботой,  34.5 см урттай, 2 см тойрог хэмжээтэй хар өнгийн төмөр труба буюу данхраадны ишийг устгах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно.” гэх дүгнэлтийг гаргав.

 

2.2. Шүүгдэгч Р.Ц-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан түүнд 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          3.Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалд 2,811,700 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1,200,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 1,611,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Э нь шүүх хуралдаанд хохирол, хор уршигтай холбоотой  20,000,000 төгрөгийг Р.Ц-аас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч нотлох баримтаа  шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй  гэж үзлээ.

3.2. Хохирогч Б.Э нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 1,380,900 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,380,900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар:

4.1. Шүүгдэгч Р.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “улаан будган толботой,  34.5 см урттай, 2 см тойрог хэмжээтэй хар өнгийн төмөр труба буюу данхраадны иш”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Р-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Ц-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Р.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын эмчилгээний зардал 2,811,700 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 1,200,000  төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-аас 1,380,900 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1,611,700 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дүгээр багт оршин суух Г овогт Б-ын Э-д олгосугай.

8. Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан будган толботой,  34.5 см урттай, 2 см тойрог хэмжээтэй хар өнгийн төмөр труба буюу данхраадны ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАННАВЧ