| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-ад холбогдох эрүүгийн 2230003020312 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар баг “....” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт А-ы М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.М нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дүгээр баг, “Д....” гэх газарт ......улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг жолоодон явахдаа өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр тавьж, байгаль экологид 64,638,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ногоо түүхээ явж байхад машины яндангаас оч үсрээд утаа гарч байсан.” гэв.
Эрүүгийн 2230003020312 дугаартай хэргээс:
- Иргэний нэхэмжлэгч Ц.С-ын “Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дүгээр баг “.....” гэх газарт хээрийн түймэр гарсантай холбоотой Эрдэнэцагаан сумын засаг даргын захирамжаар мөрдөн байцаалтын 2230003020312 дугаартай хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Хээрийн түймэр гарсан газар нь миний хариуцсан нутаг дэвсгэр. Хээрийн түймрээс болж учирсан хохирлыг уг хүнээр гаргуулж авмаар байна. Өөр надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэх / хх 24-25 дугаар хуудас/,
- Гэрч А.Д-ийн “Би тэр өдөр өөрийн малаа намаржуулах газар үзээд явж байхад манай эхнэр залгаад хадлангийн баруун урд талд түймэр гарлаа гэсэн. Тэгээд би яваад очтол манай хадлангийн хүмүүс машинтайгаа түймэр лүү явсан байсан. Тэгээд би түймэрт явсан хүмүүсийн араас явж байхад баруун хойшоо чигтээ нэг цагаан өнгийн “Toyota Prius-20” маркийн машин явж байсан. Тэгээд өөрийн хадлангийн хүмүүс дээр очоод юун машин явж байгаа талаар асуухад ......гэсэн улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн саарал өнгийн машинтай махлаг шар залуу тамхиа татаж чадахгүй салгалаад, хувцас нь тортог хөө болсон сандраад сүлжээтэй газарт очиж Онцгой дуудахаар явж байна гэж хэлж байсан.” гэх / хх 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Т.Н-ын “бид хадлангийн баруун урагш замгүй явж байхад бүдэг зам таарсан. Тэр замаар утаа гарч байгаа зүг явж байтал өөдөөс саарал өнгийн “Toyota Prius-20” машин ирсэн. Уг машиныг гэрлээрээ дохиж зогсоогоод хаанаас ирж байгаа талаар асуугаад “түймэр хаанаас гарсан бэ” гэхэд “мэдэхгүй, нэлээн хол юм шиг байна, би өвөлжөөгөө үзээд явж байна. Сүлжээ орвол Онцгой байдал руу яръя” гэж байсан. Тэгэхээр нь утасныхаа сүлжээг үзэхэд утас сүлжээтэй байсан. Тэгсэн уг хүн дээгүүрээ шалдан цонхоо онгойлгож надтай ярьсан бөгөөд тамхи асааж байгаа нь сандарсан гар нь чичирч байсан. Мөн цээж хэсэг нь хар шороо, хөө мэт зүйл болсон байсан.Тэгээд бид нар энэ хүн сэжигтэй байна гээд ирсэн замаар нь явахад түймэр анх гарсан газрын салхин дээгүүр явж байсан бөгөөд хөдлөхдөө шороо малтаад яарч хөдөлсөн байсан. Тэгэхээр нь уг түймрийг сараал өнгийн “Toyota Prius-20”-той залуу тавьсан байна гэж бодсон.” гэх / хх 32-33 дугаар хуудас/,
- Гэрч Л.С-ийн “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын төвд ажил дээрээ байж байхад Засаг дарга утсаар яриад “...” гэх газар хээрийн түймэр гарсан байна хүмүүс аваад яв гэсэн. Тэгээд би түлш тосоо аваад Засаг даргын орлогч Амарбаясгалангаар ахлуулаад 5 хүн аваад явсан. Бид нар сумаас гараад “....” гэх газарт очиход түймэр бараг унтарч байсан бөгөөд тухайн үед нутгийн иргэд унтрааж байхад бороо ороод уг түймэр унтарсан гэж байсан. Уг газарт өргөн нь 4 км, урт нь 7 км газар шатсан байсан. Тэндээсээ бид нар 19 цагийн үед “...” гэх газар гарсан түймэр лүү очиход уг түймэр бас унтарч байсан.” гэх / хх 36-37 дугаар хуудас/,
- Гэрч Б.М-ын “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэцагаан сумын төвд байсан. Тэгтэл хөдөөнөөс манай дүү утсаар яриад манай өвөлжөөний араас хээрийн түймэр гарлаа гэж хэлсэн. Тэгээд би сумын Онцгой руу утсаар хэлээд мотоциклтойгоо явсан. Би сумаас гараад 1 цаг хүрэхгүй хугацаанд очсон. Намайг гэртээ очиход манай дүү түймэр унтраахаар явсан байсан. Араас нь би мотоциклтой явсан. Энэ үеэр надтай ямар нэгэн машинтай болон мотоциклтой хүн таараагүй. Харин очоод түймэр унтрааж байхад ногоо түүдэг хөндийгөөс нэг машины мөр гараад түймэр анх гарсан хажуу талын замаар ороод явсан байсан. Өөр ямар нэгэн машины мөр харагдаагүй” гэх / хх 39-40 дүгээр хуудас/,
- Гэрч Г.С-ын “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай хадлангаас баруун урд зүгт утаа гараад эхэлсэн. Тэгээд би хадлангийн ажилчдын хамт уг утаа гарч байгаа зүг машинтай явсан. Бид нарыг хадлангаас баруун зүгт явж байхад бүдэг замаар өөдөөс “Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай саарал өнгийн машин ирсэн. Тэгээд бид нар уг машиныг зогсоогоод “энэ түймэр хаанаас гарсан бэ” гэж асуухад “манай өвөлжөө шатаж байгаа юм уу гэж харсан чинь хол байна бид нар сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд уг машинтай хүнийг явахаар нь ирсэн замаар нь ороод утаа гарч байгаа зүг явахад анх уг хүнтэй уулзаж зогссоноос 3-4 км газар яваад түймэр дээр ирсэн. Түймрийг бид нартай таарсан тэр машинтай хүн тавьсан байх гэж бодож байна. Учир нь тэр хүн бид нартай таараад тамхи асаагаад татаж байхдаа гар нь чичирсэн, сандралтай байсан. Мөн дээгүүрээ хувцасгүй нүцгэн бие нь хөө тортог болсон байсан. Тэгэхээр уг машинтай хүн тэр түймрийг тавьсан байх гэж бид нар хоорондоо яриад явж байсан. Яг хэдэн км газар шатсан талаар би мэдэхгүй байна. Дээрх гарсан түймрээс болж мал амьтан болон айл шатсан зүйл байхгүй” гэх / хх 43-44 дүгээр хуудас/,
- Гэрч М.Ц-ийн “2022 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр тус сумын ... дүгээр багийн нутагт “...” гэх газар найзуудын хамт хадлан хадахаар ирээд байсан. Тэгтэл тэр өдөр манайхаас баруун урд зүгт түймрийн утаа гараад эхлэхээр нь хадлангийнхаа машинтай кабиндаа дөрвүүлээ явсан. Бид нарыг уг түймэр лүү явж байхад манайхаас баруун урд зүгт бүдэг замаар “Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай саарал өнгийн машин ирэхээр нь бид нар өөдөөс нь амдаж зогсоогоод түймэр хаана гарч байгаа талаар асуухад “би мэдэхгүй, манай өвөлжөө шатаж байгаа юм уу гээд очсон чинь биш байна” гэсэн. Тэгэхээр нь бид нар “хаана гарч байгаа түймэр вэ” гэж асуухад “нэлээн хол байна” гэж хэлсэн. Тэгтэл уг машины жолооч тамхи асаагаад татах үед гар нь салгалаад чичрээд байсан. Мөн дээгүүрээ хувцас байхгүй шалдан байсан. Бие нь нэлээд хөө тортог болсон байсан. Тэгэхээр нь бид нар уг хүнээс салж яваад ирсэн замаар нь явахад уг хүнтэй уулзсан газраас 3-4 км газар яваад түймэр дээр ирсэн. Бид нартай таарсан тэр жолооч тавьсан байх гэж бид нар ярьж байсан. Учир нь тэр хүн дээгүүрээ хөө тортог болсон, сандарсан байдалтай байгааг нь харахад уг хүн тавьсан байж магадгүй гэж бодож байна. Уг түймрээс болж мал амьтан болон айл шатсан зүйл байхгүй” гэх / хх 48-48 дугаар хуудас/,
- Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт / хх 72-81 дүгээр хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн ““Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний зах зээлийн үнэлгээ 16,158,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 87-99 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч А.М нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, “........” гэх газарт ......улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг жолоодон явахдаа өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр тавьж байгаль экологид 64,638,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ц.С, гэрч А.Д, Т.На, Л.С, Б.М, Г.С, М.Ц, Ч.Э нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /баримт, бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, “ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Ой хээрийн түймэр тавих гэдэгт: гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан идэвхтэй үйлдлийн улмаас байгаль орчин, байгаль хамгаалах журам, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, амьд явах эрх, өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан гэж: ил задгай гал түлэх, гүйцэд унтраагаагүй үнс, нурам асгах, тамхиа унтраалгүй хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглах зэрэг иргэдийн хайхрамжгүй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч А.М-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь оч баригчгүйн улмаас гал алдаж, ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч А.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хор хохирол учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч оч баригчгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч А.М-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.1.1 Шүүхээс шүүгдэгч А.М-ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1.2. Шүүгдэгч А.М-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрийн үйлдэлд чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт А.М-ын эзэмшлийн ......улсын дугаартай “Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хохирол нөхөн төлүүлэхээр улсын орлого болгох саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно.” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “А.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шатахууны зардалд 597,750 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү. А.М-ын хувьд байгаль, экологид учирсан 64,000,000 төгрөг байгаа. Ажил хийж уг мөнгийг төлөхгүй бол өөр төлөх бололцоо харагдахгүй байна” гэх саналыг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.
2.1.3 Шүүгдэгч А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан “хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
3.2. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 64,638,000 төгрөгийн хохирол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 597,750 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд гал түймрийг унтраахад гарсан шууд бус зардлыг нөхөн төлсөн бөгөөд байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөлийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 64,638,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
3.3. Шүүгдэгч А.М-ын эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг мэргэжлийн үнэлгээний байгууллага 16,158,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч А.М-ын эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт А-ы М-ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахыг шүүгдэгч А.М-ад мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.М-ад таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 64,638,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан шууд бус хохирол 597,750 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.М-ын эзэмшлийн 16,158,000 төгрөгийн үнэлгээтэй “Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М-ын эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс 16,158,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ