Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000050 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи ууж согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоот хашааны гадна талд иргэн нүүр хэсэгт 2 удаа цохиж түүний биед 11, 21 дүгээр шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр болж гэртээ найзуудтайгаа ууж байтал гаднаас манай эгч цус нөж болсон байдалтай орж ирсэн. Би тэгэхээр нь “та яасан юм” гэхэд хүргэн ах эгчийн нүүрэн тус газарт нь цохиод хамраас нь цус гаргасан гэсэн. Манайх хүргэн ахынх хоёр нэг хашаанд зэргэлдээ амьдардаг. Би гэрээсээ гараад хүргэн ахын гэрт орох үед таксины жолоочийн эхнэр шкафны дэргэд зогсож байсан. Таксины жолооч эхнэрээ явъя гэж хэлэх үед нь харсан ба цус гарсан зүйл байгаагүй. Манай нөхөр тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Нөхөр маань таксины жолоочийг гэрт орж ирэхээс гарах хүртэл миний хажууд байсан. Таксины жолоочийн эхнэр мөрдөн шалгах ажиллагааны үед хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн гэсэн байсан. Тийм зүйл огт болоогүй. Ямар шалтгааны улмаас тийм мэдүүлэг өгсөн болохыг мэдэхгүй байна...” гэв. 

Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн очсон айлын хаягийг нь санахгүй байна, ямар ч байсан 9 дүгээр гудамжинд нэг айлын гадаа буусан. Тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёулаа гэр рүү орсон. Орохдоо эмэгтэй нь мөнгө аваад ирье гэж хэлсэн. Гэртээ ороод нэлээн удсан. Ороод хоорондоо муудалцаад байсан. Энэ хооронд би машиныхаа гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь ард хөлийн чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд харсан чинь танихгүй эмэгтэй шууд үгийн зөрүүгүй гараараа миний толгой хэсэгт нэг удаа, уруул хэсэгт нэг удаа цохисон. Уруул руу цохисон чинь хоёр үүдэн шүд маань унаад маш их цус гарсан. Тухайн эмэгтэй намайг цохьчихоод буцаад гэр рүүгээ ороод миний хүргэж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй муудалцаад байсан. Би тухайн согтуу хүмүүстэй юу ярих вэ, аягүй бол дахиад зодуулна гэж бодоод яваад өгсөн. Маргааш нь нөгөө айлдаа очиход шар царайтай эмэгтэй тэр хашаанд байсан ба би тухайн эмэгтэйг шууд таньсан. Сар шинэ болох гэж байна, шүдээ хийлгэчихвэл боллоо, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-13, 16-17/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрийн гадаа ирээд хамраас цус гараад байсан болохоор бушуухан машинаас буугаад төрсөн дүү *******ийн гэр рүү орсон. Дүүгээсээ таксины мөнгө асуусан чинь “та яачихсан юм хэн зодсон юм” гэхээр нь “Азжаргал” гэсэн чинь манай дүү “ямар зэвүүн гар вэ, би очиж алнаа” гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Ингээд би дүү *******ийн араас 5-10 минутын дараа гарсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр бид хоёр тухайн эмэгтэйг суулгаад замаараа 2 эрэгтэй хүн нэмж суулгаад явсан. Тэд нар замдаа хоорондоо маргалдаад байсан. Айлын гадаа очоод гэр рүүгээ орчихоод гарч ирэхгүй байхаар нь би таксины мөнгөө авах гээд араас нь гэр рүү нь ороход тухайн айлын нөхөр нь байх бид нартай ирсэн залуу болон нэлээн хэдэн хүмүүс байсан. Миний араас шар царайтай эмэгтэй орж ирээд хүргэн ах нь гэх залууг зодож цохиод байсан. Би гарах гээд хаалга онгойлготол манай нөхөр амнаас нь цус гарчихсан, амныхаа доор гараа барьчихсан байж байсан. Би гайхаад “чи чинь яачихваа” гэтэл “тэр шар охин намайг тамхи татаад зогсож байтал ирээд шууд цохьчихлоо” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 28-29, 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 тоот дүгнэлтэд:

1. Т.ын биед 11, 21-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

3. 4. Дээрх 11, 21-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 37-38/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...маргааш өглөө нь 11-12 цагийн үед таксины жолооч ах эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд “ахын дүү чи намайг цохьчихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яанаа би таныг цохьчихсон юм уу, та эмнэлэгт үзүүлчих, би шүд хийлгэж өгье” гэж хэлсэн. Мөн манай гэрийн гадаа шүдээ унагаасан гэсэн тул шүдийг нь мөн ямар нэгэн цус дуссан зүйл хайгаад олоогүй. Тэр ах ярихдаа миний шүд бүр хөдөлчихөөд байхаар нь би гараараа татаад авсан гэж ярьсан. Би бодохдоо өөрөө гэмтээчихээд намайг тэр хавиар ахтайгаа маргалдаад байсан болохоор энэ хүүхнээр төлүүлье гээд ингэж байна гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 47-48/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/

*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56, 58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод байрлах хашаанд хохирогч Т.ын нүүр хэсэгт хоёр удаа цохиж, түүний биед 11, 21 дүгээр шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Т.ын “...би машиныхаа гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь ард хөлийн чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд харсан чинь танихгүй эмэгтэй шууд үгийн зөрүүгүй гараараа миний толгой хэсэгт нэг удаа, уруул хэсэгт нэг удаа цохисон. Уруул руу цохисон чинь хоёр үүдэн шүд маань унаад маш их цус гарсан. Тухайн эмэгтэй намайг цохьчихоод буцаад гэр рүүгээ ороод миний хүргэж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй муудалцаад байсан. Би тухайн согтуу хүмүүстэй юу ярих вэ, аягүй бол дахиад зодуулна гэж бодоод яваад өгсөн. Маргааш нь нөгөө айлдаа очиход шар царайтай эмэгтэй тэр хашаанд байсан ба би тухайн эмэгтэйг шууд таньсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч гийн “...би таксины мөнгөө авах гээд араас нь гэр рүү нь ороход тухайн айлын нөхөр нь байх бид нартай ирсэн залуу болон нэлээн хэдэн хүмүүс байсан. Миний араас шар царайтай эмэгтэй орж ирээд хүргэн ах нь гэх залууг зодож цохиод байсан. Би гарах гээд хаалга онгойлготол манай нөхөр амнаас нь цус гарчихсан, амныхаа доор гараа барьчихсан байж байсан. Би гайхаад “чи чинь яачихваа” гэтэл “тэр шар охин намайг тамхи татаад зогсож байтал ирээд шууд цохьчихлоо” гэж хэлсэн...” гэх, гэрч ийн “...гэрийн гадаа ирээд хамраас цус гараад байсан болохоор бушуухан машинаас буугаад төрсөн дүү *******ийн гэр рүү орсон. Дүүгээсээ таксины мөнгө асуусан чинь “та яачихсан юм хэн зодсон юм” гэхээр нь “Азжаргал” гэсэн чинь манай дүү “ямар зэвүүн гар вэ, би очиж алнаа” гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Ингээд би дүү *******ийн араас 5-10 минутын дараа гарсан...” гэх мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан “...таньж олуулах ажиллагаанд зориулж *******ийн гэрэл зургийг 1 дугаараар ...тэмдэглэв. Хохирогч Т. ...”би түүний царайны төрх, хамар, царайгаар нь түүнийг танилаа, намайг зодсон хүн 1 дугаартай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй хэмээн гэмт хэргийг үйлдээгүй талаар мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд болох хохирогч Т., гэрч , нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 тоот “...Т.ын биед 11, 21-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх 11, 21-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т. нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА