Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

  

 

 

 

 

2023         03           06                                        2023/ШЦТ/229

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан эрүүгийн 2209014222055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Могол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2001 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хархорин дахь Сум дундын шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, Т.Г /регистрийн дугаар  ..../,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Т.Гнь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр .... тоотод оршин суудаг иргэн М.Ч байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.210.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.Г нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр .... тоотод оршин суудаг иргэн М.Ч байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.210.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Гийн хохирогч .... эзэмшлийн 1.210.200 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар авсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлсэн: “...Би урьд нь Ч ахын багажийг хэрэглэдэг байсан. Хэрэг гарахаас 3 хоногийн өмнө манай эхнэр нас барсан байсан учир урд орой нь Ч ах бид 2 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгэхэд Ч ах хөдөө явах гэж байгаагаа хэлэхэд нь “би таны багажыг хэрэглэнэ шүү” гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь ахыг хөдөө явахад нь гаргаж өгчихөөд гэртээ хариад ажилаа хийх гээд гэрт нь орж багажыг нь авсан...” гэв.

шүүгдэгч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 8-39 тоотод байх гэртээ байж байгаад 16 цагийн орчим манай урд талын хашаанд байх танил Ч гээд хүний гэр рүү ороод барилгын багаж хэрэгсэл авах гэж байсан юм тэгсэн чинь тэдний гэрт хүн байхгүй байсан тэгээд цонх хагархай гялгар уут наачихсан гэхдээ тэр нь уранхай байсан тэгээд би тэр цонхоор нь ороод орных нь доор байсан цохилтой улаан өнгөтэй дрил тэгээд бас улаан өнгөтэй пилта зүсэгч, тэгээд ширээн дээр байсан хар өнгөтэй утсаар ярьдаг бугуйн цаг, тэгээд нэг жижиг саарал өнгөтэй цүнх байсныг аваад буцаад цонхоор гарсан. Тэгээд би өөрийн гэртээ тухайн эд зүйлсийг оруулж тавьчхаад байж байхад маргааш орой нь намайг гэртээ байж байхад тухайн Чын охин гээд Мөнхзул манай гэрт 23 цагийн үед орж ирээд манай Гсүрэн ах манай гэрт хулгай ороод доор гэрт байсан тасдагч, дрилл цаг байхгүй байна гэхээр нь би авсан гээд тухайн эд зүйлсийг өгсөн тэгээд цүнхийг нь би 7 буудалд байдаг дэлгүүрт 1 шил 0,75 литртэй хараа нэртэй архиар тавьчихсан байсан юм тэгээд дараа нь очоод хартал нөгөө дэлгүүрийн худалдагч нэг охин ирээд аваад явсан гээд байсан. Би эзэнгүй байсныг нь мэдэж байсан тухайн өдрийн өглөө нь би Ч ахыг автобусны буудал хүргэж өгсөн юм тэгээд Ч ах би хөдөө явлаа гэж ярьж байсан. Би тухайн хүний гэрээс барилгын багаж авах гэж байгаад согтуу байсан болохоор би цаг болон цүнхийг нь авмаар санагдаад авчихсан юм...” гэх мэдүүлэг /xx-ийн 6-7/,

 

хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 5 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад .... тоотод байрлах өвөө Чын гэрт ирээд хаалгыг нь онгойлгоод ороход гэр доторх эд зүйл эмх замбараатай байсан. Тэгээд би өөрийн хэрэглэдэг ай ватч эс и загварын цагаа хэрэглэх гээл айсан чинь олдохгүй байсан. Тэгэхээр нь би өвөө рүү залгаж асуухад ногоон өнгийн шүүгээн дээр байгаа гэж хэлэхээр нь хайгаад олохгүй байна гэсэн чинь гэрт хулгай орсон юм биш үү өөр алдагдсан зүйл байна уу гэхээр нь шалгаж үзэхэд өвөөгийн хэрэглэдэг барилгын тасдагч хөрөө, цахилгаан хөрөө хоёр байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай өвөөтэй нийлээд байдаг Г гээд өвгөн байж магадгүй. Яагаад сэжиглэж байгаа вэ гэхээр манай нохой хүн рүү их дайрдаг бид нар өөрсдөө хазуулчих гээд байдаг. Харин тэр Г гээд хүн болон өвөө хоёр луу дайраад байдаггүй, гэхдээ Г гээд хүний эхнэр нь саяхан нас барсан ажил явдалтай байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

гэрч М.Чмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймаг Өндөр улаан сум руу өглөөний 07 цагийн орчим явсан бөгөөд хөдөө очоод байж байтал тэр өдийнхөө орой зээ Б.Мөнхзул маань над руу залгаад манай байшинд хулгай орсон байна гэж ярьсан юм. Би охинтойгоо утсаар ярихад байшинд байсан цахилгаан хөрөө, таслагч, охины маань бугуйн цаг, цүнх зэрэг алдсан байна гэж ярьж байсан юм. Гэтэл охин маань манай арын хашаанд амьдардаг Гсүрэнтэй маргааш нь уулзах гээд ороход тэдний гэрт нь манай байшингаас алдагдсан цахилгаан хөрөө, таслагч болон миний зээ охины бугуйн цаг зэрэг байх байхаар нь охин маань тэднийгээ буцааж авсан байна лээ. Манай байшинд Гсүрэн гэгч этгээд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг маань хулгайлсан гэж үзэж байна. Гсүрэн өмнө нь манай гэрт орж гарч л байдаг байсан юм. Тэр өмнө нь миний багажтыг авч ашиглаж байсан тохиолдол бол байсан. Гэхдээ тухайн үед надаас огт тийм зүйл асуугаагүй бөгөөд намайг өглөө хөдөө явах гэж байхад намайг автобусны буудал хүргэж өгчхөөд буцаж очиж манай байшингаас миний багаж, охины маань эд зүйлсийг хүртэл хулгайлсан байна лээ багаж хэрэгсэл хулгайд алдсан боловч буцааж олж авсан тул нэхэмжлэх зүйл алга. Тухайн хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Т.Гийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр .... тоотод оршин суудаг иргэн М.Ч байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.210.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Т.Г дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Т.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Т.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.Гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.М-д 1.210.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Г оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР