| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0224/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/230 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/230
2023 03 06 2023/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан эрүүгийн 2209008200247 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .... тоотод оршин суух,
2019 оны 3 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2020 оны 12 дугаар сарын 18-нд 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Х.Ж /регистрийн дугаар ..../,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Х.Жнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Э нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн дээд 1, 2-р шүд, баруун доод 1-р шүд унасан баруун дээд 2-р шүд суларсан гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Х.Ж үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Жнь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбайн 5-41 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Энүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн дээд 1, 2-р шүд, баруун доод 1-р шүд унасан баруун дээд 2-р шүд суларсан гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Х.Жнь хохирогч С.Ээрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр архи хохирогчтой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би ажилдаа 2 хоног дараалан гарсан тул нойр, хоолгүй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд хурдан согтсон. Согтуудаа тийм зүйл хийсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.
шүүгдэгч Х.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө ажлын ах болох Энхтүвшингийн гэрт буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 5-41 тоот нийтийн байранд очоод бид хоёр хоёр шил архи хувааж уугаад бид хоёр Энхтүвшинтэй маргалдаад улмаар түүний нүүр рүү 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд гараад явсан юм...” гэх мэдүүлэг /xx-ийн 4/,
хохирогч С.Эмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчим манай гэрт ажлын газрын Х.Жнь ирсэн. Би гэртээ ганцаараа байсан Х.Жирэхдээ 2 шил архи авчраад бид хоёр хувааж ууж байхад Х.Жнь гэнэт миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд миний доод талын үүдэн 2 шүд, дээд талын үүдэн 1 шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №4391 тоот актын “…С.Эзүүн дээд 1, 2-р шүд, баруун доод 1-р шүд унасан, баруун дээд 2-р шүд суларсан нь тогтоогдлоо... ...Дээрх шүднүүд хэзээ, унасан, суларсныг болон гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...“ гэх дүгнэлт /хх-н 34-35/,
Шинжээч эмч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хэдийгээр прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацаа, үйлдэгдсэн газрыг тодорхой бичиж ирүүлээгүй хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдааны үед шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн газар болон цаг тогтоосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Жнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Энүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн дээд 1, 2-р шүд, баруун доод 1-р шүд унасан баруун дээд 2-р шүд суларсан гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Х.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зааснаар 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Х.Жөмнө нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2020/ХМШЗ/254 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагджээ.
Шүүгдэгч Х.Жнь дээрх хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодсон байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатайгаар гэмт үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Ж Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ял болох 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож буюу 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх 01 жил 08 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтов.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж өмнөх шийтгэл тогтоолоор буюу Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож буюу 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх 01 жил 08 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж оногдуулсан 01 жил 08 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР