Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/243

 

 

 

 

     2023          03          07                                        2023/ШЦТ/243

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Ц.Төгөлдөр,

          шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан эрүүгийн 2209000001822 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, М.Т, /регистрийн дугаар /, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “....” ХХК-д программист ажилтай байсан, сагсан бөмбөгийн .... багт тоглогч, ам бүл 1, .... сумын 1 дүгээр баг, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ....тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

М.Т нь “....” ХХК-д программистаар ажиллаж байхдаа өөрт нь хариуцуулж өгсөн “ASUS I7 8TH GEN” загварын зөөврийн компьютерыг 2022 оны 9 дүгээр сард завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-ий оффисын байрнаас “Dell Vostro” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Dell Inspiron 5625” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Lenovo V15” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Dell Latitude зөөврийн компьютер 1 ширхэг, Dell Inspiron 14 зөөврийн компьютер 1 ширхэг, Dell I5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 10.802.630 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос М.Тийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Т нь “....” ХХК-д программистаар ажиллаж байхдаа өөрт нь хариуцуулж өгсөн “ASUS I7 8TH GEN” загварын зөөврийн компьютерыг 2022 оны 9 дүгээр сард завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-ий оффисын байрнаас “Dell Vostro” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Dell Inspiron 5625” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Lenovo V15” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Dell Latitude зөөврийн компьютер 1 ширхэг, Dell Inspiron 14 зөөврийн компьютер 1 ширхэг, Dell I5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 10.802.630 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “....” ХХК-ий оффисын байрнаас 2022 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө  00 цагийн орчимд ажилчдын хэрэглэж байсан 4 ширхэг зөөврийн компьютерыг авсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд очиж 2 ширхэг зөөврийн компьютер авсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хэрэглэж байсан 2 ширхэг зөөврийн компьютерыг авч сансарт байрлах UB гэх нэртэй ломбардад барьцаанд тавьсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил цуглах үед 2 зөөврийн компьютерыг ажил дээр авчирч тавьсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 61-62/,

 

хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-ий ажлын байранд хуралтай байж байхад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө зарим ажилчид зөөврийн компьютер байхгүй байна. Хэн авсан бэ гэж манай дотоод сүлжээгээр асуусан. Тухайн үед удирдлагын хорооны хурал болж байсан ба хурал дээр технологийн менежер Ц нь ажилтан Т нь зөөврийн компьютерыг авч явж ломбардад тавьсан гэж хэлсэн. Тэгээд зөөврийн компьютерын нийт тоог гаргахад 8 компьютер авч явснаас 2 компьютерыг ажил цуглахаас өмнө Т нь авчирч тавьсныг манай ажилтан Ө, У нар харсан байна. Тэгээд байгууллагын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед Т нь ганцаараа ажлаа хийж байгаад дуусаад гарахдаа байгууллагын даатгалын өрөөнөөс зөөврийн компьютерыг цүнхэнд хийж авч гарч байгаа нь харагдаж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай байгууллагаас нийт 8 зөөврийн компьютер алга болсноос 2 компьютерыг ажил дээр буцааж авчирсан. Үүнээс үлдэгдэл 6 компьютерыг ломбардад буюу барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байснаас 5 компьютерыг хураан авч хүлээн авсан. Одоо нэг компьютер барьцаалан зээлдүүлэх газарт байгаа. Мөн ажилтан Т нь өөрийн хариуцаж байсан Asus загварын зөөврийн компьютерыг 2022 оны 09 дүгээр сард барьцаанд тавьж алдсан байна. М.Тг ажилд анх орох үед Аsus брендийн зөөврийн компьютерыг хүлээлгэн өгч эд зүйл хариуцуулах гэрээгээр Т нь тус компьютерыг хадгалан хамгаалах үүрэгтэй байсан.... М.Тгийн авч явсан хоёр зөөврийн компьютерыг буцааж авчирч байхыг манай ажилтан Б.Өлзиймаа, М.Ураншагай нар харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

иргэний нэхэмжлэгч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Арвин лан” гэх нэртэй барьцаан зээл өгдөг буюу ломбард ажиллуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 01 цаг 16 минутын үед Т гэх хүн 2 ширхэг Dell 11-р үе, Dell райзен 5 загварын хоёр ширхэг зөөврийн компьютерыг 1,800,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шөнө 01 цаг 29 минутын орчимд Леново 11-р үе, Dell 11-р үеийн хоёр ширхэг зөөврийн компьютерын хамт 1.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манайд нийт 3,600,000 төгрөгийн хохирол учирсан. Би Т гэх хүнийг танихгүй. Т нь ганцаараа ирсэн. Би хулгай эд зүйлс гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/,

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-36/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Т нь “....” ХХК-д программистаар ажиллаж байхдаа өөрт нь хариуцуулж өгсөн “ASUS I7 8TH GEN” загварын зөөврийн компьютерыг 2022 оны 9 дүгээр сард завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-ий оффисын байрнаас “Dell Vostro” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Dell Inspiron 5625” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Lenovo V15” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Dell Latitude зөөврийн компьютер 1 ширхэг, Dell Inspiron 14 зөөврийн компьютер 1 ширхэг, Dell I5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 10.802.630 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тий цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 224 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар М.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тий цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 224 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

7.Шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гарах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР