Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2330000000035 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-ийн Б,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг ........ тоот гудамжинд хохирогч Г.А-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний хамар, уруул хэсэгт толгойгоороо мөргөж,  эрүүл мэндэд нь дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.   

Эрүүгийн 2330000000035 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “С намайг “машины дугуй хагалсан байна, гуйлгачин чинь” гээд доромжлоод байхаар нь би бууж очоод “чи намайг гуйлгачин гэлээ” гээд С-ыг заамдсан. Тэгсэн А ах бид хоёрын дундуур ороод салгах гэхээр нь би С-ыг тавиад А ахыг заамдсан. А ах миний нүүр хэсэгт цохихоор нь би түүний нүүр хэсэгт нь 2 удаа мөргөсөн. Тэгтэл А-ий уруулаас цус гараад “чи миний нэг шүдийг унагалаа” гээд надад унагасан шүдээ харуулж байсан.” гэх / хх 39-40 дүгээр хуудас/,

- Хохирогч Г.А-гийн “2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө түргэний жолоочоор гарч байсан юм. Тэгтэл өдөр 15 цагийн үед манай ажлын ХАБ-ын ажилтан С ирээд “миний машиныг Б унаад явчихсан байна сая өөртэй нь ярьсан гэрийнхээ гадаа байна гэнээ хоёулаа гялс яваад миний машиныг аваад ирье” гэсэн. Тэгээд бид хоёр Б-ийн гэр болох ..... тоот хашааны гадаа ирэхэд Б С-ын машин дотор ганцаараа согтуу сууж байсан. С-ын машиных нь урд дугуй хагарсан байсан. С уурлаад “чи дугуй хар л даа, үхсэнээ хийж машин авч явсан юм гөлөг чинь” гэсэн чинь машин дотроос “чи намайг гөлөг гэлээ” гэж уурлаад бууж ирээд С-тай барьцалдаж авсан. С-ын нүүр хэсэгт нь гараараа цохиод цамцных нь захаар боогоод татаад мөргөх гээд байхаар нь би салгах гээд голоор нь ороод Б-ийн цээжнээс цааш нь түлхээд салгах гэсэн чинь “та муу хоёр намайг нийлж зодох гэж ирсэн юм уу” гээд С-ыг тавиад намайг заамдсан. Би мөргөх гэж байна гэж бодоод гараараа цээж рүү нь тултал миний гарыг хажуу тийш нь цохиод татаж ирээд хамар дээр мөргөсөн. Тэгэхээр нь би гарынхаа ар хэсгээр нүүр лүү нь нэг удаа цохисон чинь намайг дахиж заамдаж аваад гараараа татаад уруул хэсэгт мөргөөд миний нэг шүдийг унагасан. Миний хамар болон уруулаас цус гарсан болохоор би цусаа арчаад тэр хавиар унасан шүдээ хайж байгаад газраас олсон. Тэгээд байж байхад Б-ийн эхнэр нь нэг залуутай хамт ирсэн. Тэгэхээр нь би Б-ийн эхнэрт “танай нөхөр намайг 2 удаа мөргөөд миний шүдийг унагалаа шүү” гэж хэлээд шүдээ харуулсан.” гэх / хх 4-6 дугаар хуудас/,

- Гэрч Т.Х-ын “2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед над руу манай дүү Б-ийн хадам аав нь яриад “Б хашааныхаа гадаа хүнтэй зодолдоод байна гэнээ чи очоод харчих” гэхээр нь би Б-ийн гэрийн гадаа нь очиход хашааных нь гадаа 2 машин зогсож байсан. Тэгээд би буугаад очиход зодоон болсон шинжтэй Б болон танихгүй залуу хоёрын нүүр ам нь цус болсон байдалтай байсан. Мөн манай холын хамаатан С цуг байсан. Тэр гурваас юу болсон талаар асуухад тэр нэг танихгүй залуу нь “Б миний шүдийг хугалсан” гээд халааснаасаа шүд гаргаж харуулсан. Б согтуу юм дугарахгүй байсан болохоор би юм яриагүй машиндаа суугаад буцаад явсан.” гэх / хх 8-9 дүгээр хуудас),  

- Гэрч Б.С-ын  “... намайг араас зуурч авахаар нь би “чи яах гээд байгаа юм” гээд байж байтал Б дахиж ирээд заамдаж аваад мөргөх гээд байсан. Би гараараа тулаад байж байхад намайг хавирч унагасан. Тэгээд  намайг босоход дахиж зууралдсан. Тэгсэн А бид хоёрыг салгах гээд Б-ийг барихад Б А зууралдсан. Би хурдхан дугуйгаа сольж тавьчхаад явъя гэж бодоод дугуйгаа гаргаж байтал Амартүвшин амаа дараад Бат-Эрдэнэ мөргөчихлөө гээд байсан... Амартүвшин 1 шүдээ барьчихсан, 1 шүд хөдөлгөөнтэй болчихлоо гэж харуулж байсан.” гэх /15-16 дугаар хуудас/ мэдүүлэг,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай “1. Г.А-ий биед дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 19-20 дугаар хуудас/,

- Хохирогч Г.А-д үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №1197” / хх 21 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Э.Б-д үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №1199” / хх 26 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай “1. Э.Б-ийн биед зовхинд цус хуралт, салстад цус харвалт, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт  / хх 27-28 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Э.Б-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / хх 41-42 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/64 дугаартай “ам бүл, оршин суух хаяг”-ийн тодорхойлолт / хх 47 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Б-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа / хх 48-49 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26/34 тоот албан бичиг, эмчилгээний төлбөрийн лавлагаа / хх 50-51 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Б-ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 62 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх 57-61 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Б нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .......... тоот гудамжинд хохирогч Г.А-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний хамар, уруул хэсэгт толгойгоороо мөргөж,  эрүүл мэндэд нь дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.А, гэрч Т.Х, Б.С нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт,  хохирогч Г.А-д үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №1197” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.А-тэй таарамжгүй харилцаа үүсгэж, түүний нүүр лүү гараараа цохиж, биед дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийн эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Э.Б-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.1 Шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            2.1.2 Шүүгдэгч Э.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Э.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.

2.1.3 Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг түүний хувиараа хөдөлмөр эрхлэхээ илэрхийлсэн, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэсэн болно.

Хохирогч Г.А нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй  гэж үзлээ.

3.2. Хохирогч Г.А нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 241,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 241,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

4.Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Б-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-эс 241,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба хохирогч Г.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ