Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1094

 

  МАГАДЛАЛ

2019.10. 31                                                            №                                                             Төсөл

 

 

Г.У-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.У-д холбогдох эрүүгийн 18090336110347 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..................................., ........ оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... аймгийн .................. суманд төрсөн, ................ настай, ..................., боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............., эцэг, ах, дүү нарын хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ................... дүгээр гудамж .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

Г.У нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 05 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Долоон буудлын урд гүүрний замд 81-74 УНУ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно:, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” ... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч ..............ын жолоодож явсан ................... улсын дугаартай Hyundai Avante маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч ................-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Hyundai Avante XD” маркийн 87-50 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 75.000 /нийт 120.000/ төгрөгийн хохирол, Toyota Prius-20 маркийн ........... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 6.735.000 /нийт 7.955.000/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 05 цагийн үед ............... УНУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч ................н зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.У-ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.У-д оногдуулсан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх  ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон /480:8=60/ 60 хоногийн хугацаагаар хорих ялыг 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.У-ын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, тус хэрэгт авагдсан .... УНУ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн 01761757 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч .............-д буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Уаас 4.651.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ..............д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр анхнаасаа маргаагүй, үйлдсэн хэргээ үнэн шударгаар мэдүүлж, хохирогч нараас удаа дараа уучлалт гуйж, хохирогч нар гомдол саналгүй гэсэн болно. Мөн иргэний нэхэмжлэгч ...................-д учруулсан хохиролд өөрийн ахын “Toyota Pruis-20” маркийн тээврийн хэрэгслийг өгсөн. Шүүхэд үлдэгдэл хохирол болох 4.651.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Ахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй. Цагдан хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлголоо. Миний хувийн байдлыг анхаарч үзнэ үү. Миний бие багаасаа харж хандах хүнгүй, гэмт хэрэгт холбогдохгүй, хэрэг хийхгүй гэж бодож явдаг байсан. Энэ хэрэгт өөрийн буруугаас болж холбогдсон. Иймд надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гээд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамаарна. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Шүүгдэгч Г.У нь гомдолдоо “хохирлоо төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгч Г.У-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Шүүгдэгч Г.У нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд цагдан хоригдсон. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ухаарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ эргэлтээр очих бүрт хэлдэг. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.У-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.У нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны 05 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын урд гүүрний замд 81-74 УНУ улсын дугаартай “Toyota Prius” маркийн автомашиныг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно: гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.7-ийн а/-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалтыг тус тус зөрчиж, .................ын жолоодон явсан 87-50 УНП улсын дугаартай Hyundai Avante маркийн автомашиныг мөргөж, зорчигч ..................ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Hyundai Avante маркийн 87-50 УНП улсын дугаартай автомашинд 75.000 төгрөгийн шууд хохирол, Toyota Prius-20 маркийн 81-74 УНУ улсын дугаартай автомашинд 6.735.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны 05 цагийн үед 81-74 УНУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч ..................гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Яллагдагч Г.У-ын “... 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ машин угааж байтал Одгэрэл манай ажил дээр ирсэн. Такси бариад Одгэрэл ирэхдээ “миний сууж явсан жолоочийн хажууд нэг согтуу хүн байна” гэж хэлээд ирсэн. Тэгээд Одгэрэлийг Чингэлтэй рүү гэр рүү нь хүргэж өгөхөөр явж байгаад 7-н буудлын урд гүүрний замд боржуур мөргөж зам тээврийн осол гаргасан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” /1хх 90-91/,

хохирогч .................ийн “...тэгээд буцаад угаалгын газар дээр очоод угаалгах гэж байсан машиныг Улсмандах унаад бид 2 хамт суугаад гарсан. Чингэлтэй явах замдаа гүүний боржуур мөргөж зам тээврийн осолд орсон” /1хх 22/,

хохирогч ...............ын “... 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэйгээс урагшаа явж байтал урсгал сөрж орон миний машины жолоочийн хойд талын керло руу мөргөж, нөгөө жолооч цаашаа гүүр мөргөж онхолдсон” /1хх 28/,

Иргэний хариуцагч ..................н “...Toyota Prius-20 маркийн 81-74 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өглөө үүрээр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас “таны машин онхолдсон байна” гэж хэлж зам тээврийн ослын талаар сонссон” /1хх 47/ гэсэн мэдүүлгүүд болон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8792 дугаартай “.....................ийн биед дээд уруулын шарх, тархи доргилт, ууц нуруунд цус хуралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл, баруун тавхайн ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 64/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн “...Hyundai Avante XD маркийн 87-50 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 75.000 /нийт 120.000/ төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 67/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн “...Тoyota Prius-20 маркийн 81-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 6.735.000 /нийт 7.955.000/ төгрөгийн хохирол учирсан...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 69-70/,

зам тээврийн осол болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-14/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 15/,

Г.У жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /1хх 92/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.У-ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Уад оногдуулсан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх  ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон /480:8=60/ 60 хоногийн хугацаагаар хорих ялыг 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

          Шүүгдэгч Г.У-аас “...Надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

          Учир нь, анхан шатны шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.У-ад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулахад хүнд ял биш байна.

          Харин давж заалдах шатны шүүхээр хэргийг хянах явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ талаар нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.У-ад холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас шүүгдэгч Г.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсгийг шийтгэх тогтоолын 4 дэх заалтын хамт тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ