Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0698

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0698

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Д.Э

Нэхэмжлэгч: Н.Г

Нэхэмжлэгч:Д.О

Нэхэмжлэгч: Г.У

Нэхэмжлэгч: Д.Н

Нэхэмжлэгч:С.А

Нэхэмжлэгч: Ж.О

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гуравдагч этгээд: “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын А-339 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар дугаар А/309 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 тоот дугаартай “Э” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралтын хамт илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргагч бидний амьдран суугаа газрын газар зүйн нэршил, газар зүйн байршил, газрын хэмжээтэй, солбилцол цэг нь “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтын тэмдэглэгээ нь тохирохгүй байгаа. Тодруулбал “Э” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Н*******анд 1,4 га газар ашиглах эрхтэй. Бидний оршин суугаа газар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* 18 дугаар гудамж, 9 дүгээр хэсгийн задгайд хамаарах 1,3 га газарт хамаардаг бөгөөд хоёр өөр газар зүйн байршилтай, хоёр өөр хэмжээстэй газар байтал “Э” ХХК нь тус газрыг манай компанийн газар гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч бид “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Учир нь “Э” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж хуулийн этгээдийн эрхтэй болсон байдаг.

Энэ нь компани Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуульд компани улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн чадамжтай болж, эрх үүрэг эдлэх боломжтой болох зарчимтай зөрчилдөж байгаа, мөн уг гэрчилгээ нь хоёр тусдаа талбайд хамаарах газар нэг гэрчилгээ гаргасан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “... нэгж талбар бүр нь эрхийн гэрчилгээтэй” нөхцөлийг зөрчсөн байна. Иргэд бид өөрсдийн кадастрын солбилцолын цэг, “Э” ХХК-ийн кадастрын солбилцолын цэг нь А*******анд байрлаж байгааг Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 3 удаа нотлон гарган өгсөн байдаг. Иргэд төр захиргааны байгууллагад удаа дараалан хандаж байсан. 2016 оны 6 дугаар сард тус компанитай давхцалтай болохоо мэдсэн.

Нэхэмжлэгч нараас 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О*******д хандан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо А*******анд газар ашиглах эрх хүсч өргөдөл гаргасан бөгөөд тухайн асуудлаар удаа дараалан хүсч хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна.

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/339 дугаар тушаалаар олгосон 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 тоот дугаартай “Э” ХХК-ний тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ Хан-Уул дүүрэг БХУДЦГазрын Н*******анд 1,4 га газар “Газар ашиглах” эрхтэй гэж гэрчилгээнд бичигдсэн боловч тус гэрчилгээний хавсралт дахь координат цэг солбицол нь А*******анд хамаарах газрын солбицол цэг координаттай бөгөөд нэхэмжлэгч нарын газар ашиглах эрх хүссэн өргөдлийн газрын солбицол цэг координаттай давхцаж буй нь илт хууль бус болох үндэслэлтэй байгаа бөгөөд 2018 оны 12 сард нэхэмжлэгч нар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг хариуцагчаар татан тус компанийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч талаас тус шүүхэд өгсөн хариу тайлбартай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Э” ХХК-ний 2014/59 тоот тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамж гарсан байдаг боловч тус компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0570 дугаар шийдвэрээр газар ашиглах эрхээ сэргээлгэн мөн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/309 дугаар тушаалаар Н*******анд газар ашиглах эрхээ сэргээлгэсэн гэж үздэг. Учир нь 2017 оны 12 сард “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Д.Э миний биеийг татаж тус шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан болно.

Мөн 2019 оны 9 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаагийн “Э” ХХК-ний тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2014/59 тоот гэрчилгээ болон хавсралтыг шинжээч томилон шинжээчийн дүгнэлт гаргуулах бидний хүсэлтийг захирамжлан гаргасан шүүх хуралдаан дээр тус компанийн эрх сэргээгдсэн гэдгийг мэдсэн. Өмнө нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нар нь газар ашиглах хүсэлтээ гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хуулийн хугацаанд хариуг өгөөгүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10/4628 тоот албан бичигт “Э” ХХК-д олгосон газрын эрхийг сэргээж шийдвэрлэсэн.

Иймд газар ашиглах эрхийг давхардуулан олгох боломжгүй хариуг өгсөн. Энэхүү хариуг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай гомдлоо гаргахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/5938 тоот албан бичгээр хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байдаггүй гэсэн хариуг өгсөнтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн A/595 тоот тушаалаар байгуулсан ажлын хэсгийг өөрчлөн, дахин хуралдуулж “Э” ХХК-тай холбогдолтой газрын маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд үүний хариуг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8966 тоот албан бичигтээ дээрх ажлын хэсгийг өөрчлөн, дахин хуралдуулах шаардлагагүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд хариуцагчаар оролцож байгаа тул шүүхээр эцэслэн шийдвэрлүүл гэсэн утга бүхий хариуг өгсөн байдаг. 2017 оны 10, 11 дүгээр сард Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Э” ХХК-ийн  газар ашиглах эрхийн гэрчилгээнд тусгагдсан координат цэгүүдийг судалж үзээд А*******анд байрлаж байна гэсэн тодорхойлолтыг өгсөн. Мөн бидний зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандахад та бүхний өргөдлийг өмнө нь 2017 онд хүлээн аваад 2017 оны 01/247, 1/1859, 3/2253 тоот албан бичгүүдээр тус тус хариу өгсөн байна. Мөн захиргааны хэргийн шүүхээс тодруулга авч байсан. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу та бүхэнд хариу өгсөн учир хариу өгөх боломжгүй гэж мэдэгдсэн. “Э” ХХК-ийн хүчин төгөлдөр гэж үзээд байгаа газар ашиглах эрх зүйн баримт бичиг нь иргэд бидний хүсээд байгаа газартай давхцаж байгаа тул илт хууль бус юм. Иймд илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий актыг Байгаль орчин, ногоон хөгжлийн Яамны сайдын 2014 оны А-399 дүгээр тушаал гэж бичсэн нь техникийн алдаа болж. Бид Байгаль орчин, ногоон хөгжлийн Яамны сайдын 2014 оны А-339 дүгээр тушаалыг илт хууль бус хэмээн маргаж байна.

...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар иргэд тухайн хүсэлтийг гаргасан. Тус хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ гаргадаг. Нэр бүхий 9 иргэний хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээ авсан. Захиргааны ерөнхий хууль, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Захиргааны акт гаргахгүй байгаа үйл ажиллагаагаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас та бүхний хүсэлтэд дурдсан газар нь “Э” ХХК-ийн газар ашиглах эрхтэй давхцаж байна гэсэн асуудлыг тавьдаг. “Э” ХХК нь 2014 онд газар ашиглах эрх авсан байдаг. Нөхцөл байдлыг судалж үзэхэд “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд Н*******анд гэж заасан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана” гэсэн байгаа. Н*******анд 1.4 га газрыг авсан байна гэж үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээний салшгүй нэг хэсэг болох хавсралтад заасан координатын цэг нь нэхэмжлэл гаргагч иргэдийн өргөдөл гаргасан талбайтай давхацдаг. “Э” ХХК-д газар ашиглах эрх олгосон захиргааны акт илт хууль болох ямар үндэслэл байгааг дурдъя. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтуудад нийцэж байна. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны актад Н******* гэж заасан боловч хавсралтад А*******ан дахь газрын байршлын координатын цэгийг бичсэн байгаа. Тэгэхээр уг акт нь хэрэгжих боломжгүй, утга агуулгын илэрхий алдаатай, тухайн асуудлаар төрийн захиргааны байгууллага өөрөө төөрөлдсөн нөхцөл байдалтай байгаа. Өөрөөр газрын кадастрын зургийг баримтлаад Н*******анд газар олгосон гэж тайлбарладаг. Н*******анд олгосон талбай юм уу гээд үзэхэд ийм газар байхгүй зөрүүтэй байдаг. Тэгэхээр утга агуулгын хувьд илэрхий алдаатай, захиргааны акт төөрөгдөл үүсгэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэг нь газар зүйн байршил нь Н******* гэсэн байхад кадастрын зураг нь А*******анд байрлах газрыг зааж байгаа. Иргэдээс хүсэлтийг хүлээн авахад энэ газарт иргэдэд газрыг олгох боломжгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Илт хууль бус захиргааны актаас болж газар ашиглах хүсэлтээ шийдвэрлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон өргөдөл гомдлоо хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байгаа. Эрх нь зөрчигдөж байгаа учраас актын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя. Мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон хавсралтыг хүчингүй болгож өгнө үү.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.6-д “Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна”, 16.7-д “Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна”, 16.8-д “Газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл Н*******анд байрлах газартаа л кадастрын зурагтай байх ёстой. Түүнээс тухайн газар нь өөр газрын байршилд кадастрын зурагтай байгааг хүчинтэй гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна. Нэгж талбар бүр нь кадастрын зурагтай байна гэж заасан. Тэгэхээр Н******* гэсэн газартаа л нэгж талбарын дугаарууд нь байх ёстой. Гэтэл тухайн захиргааны актын хавсралт болж байгаа, амьдрал дээр бодитоор нь хэрэгжүүлэх үндэслэл болсон газрын кадастрын зураглал нь А*******анд байрлах газрыг зааж байгаа. Газрын кадастрын эрх бүхий байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017, 2021 онуудад холбогдох мэдээллийг өгсөн. Иргэн Д.Э болон нэр бүхий 9 иргэний газар ашиглах эрх хүссэн өргөдөлд дурдсан газар нь газар зүйн байршлын хувьд хаана хамаарч байгаа тодруулах үүднээс тус байгууллагад хүсэлт өгсөн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1646 дугаар албан бичгээр өмнө нь 2017 онд хэд хэдэн удаа хариуг өгсөн, захиргааны хэргийн шүүхээс 2020 онд тодруулга авсан гэж мэдэгдсэн. Өмнөх албан бичгүүдийг судлаад үзэхэд “...Д.Э таны өргөдөлд хавсаргасан зурган мэдээллүүдийн координатыг боловсруулан газрын кадастрын мэдээллийн сан болон 1х100.000 масштабтай байрлал зүйн зурагтай харьцуулан үзэхэд А*******анд байрлаж байна” гэсэн хариуг өгсөн. Энэ нөхцөл байдал тогтоогдсон.

Хариуцагч “...“Э” ХХК-ийн газар эзэмших эрх ямар нэгэн байдлаар илт хууль бус захиргааны актад хамаарахгүй. Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нар зөрчсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа маргаан бүхий тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсэг нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Э” ХХК-ийн 0.75 га газар ашиглах эрхийг цуцалсан” гэсэн хариуг өгдөг. Өөрөөр хэлбэл таны маргаж буй газрын зарим хэсэг нь цуцлагдсан, хүчингүй болсон та маргах эрхгүй гэж ярьдаг. “Э” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалд холбогдуулан маргаж шүүхээс тухайн актыг хүчингүй болгосон байгаа. Үүнээс харвал тухайн захиргааны акт нь бодитоор хэрэгжих үндэслэл байхгүй болсон.

Захиргааны акт нэг мөр ойлгогдож байх ёстой. Өөрөөр хэлбэл аль газарт, ямар байршилд, ямар хэмжээтэй олгосон тодорхой байх шаардлагатай. Энэ нөхцөл байдлыг хангахгүй байгаа учраас маргаан бүхий актын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгч нар тухайн газрыг өөрийн ашиглалтад авахаар өргөдөл, хүсэлт гаргасан. Түүнийг шийдвэрлэхэд энэхүү захиргааны актууд  нь саад бэрхшээл болж байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж байгаа. Хэрэв захиргааны актыг хүчингүй болговол нэхэмжлэгч нар өргөдөл, хүсэлтээ шийдвэрлүүлэх үндэслэл бүрдэнэ. Хариуцагч байгууллага газар давхацсан учраас өргөдөл хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгөх эрхгүй. Шүүхэд ханд, хэрэв хүчингүй болговол танай газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэх ёстой. Энэ байдлаар шийдвэрлэсэн жишиг байгаа. Зарим иргэд энэ байдлаар шийдвэрлүүлээд газар ашиглах эрхээ авчихсан. 2012, 2014 онд нэхэмжлэгч иргэд холбогдох байгууллагад хандаад өргөдөл хүсэлтээ өгөөд бүртгүүлэх явцад 2014 онд маргаан бүхий акт гарсан байсан. Уг актыг сүүлд 2017 онд мэдээд захиргааны байгууллагад өөрт нь хандсан. Илт хууль бус актын хүрээнд шүүхээс хянаж үзээд илт хууль бус нь тогтоогдохгүй байна гэсэн шийдвэрийг албан ёсоор гаргаагүй. Иймд нэхэмжлэгч нар уг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Нэхэмжлэгч Д.Э нар тус яаманд хандаж газар ашиглах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Газар ашиглах тухай хүсэлт гаргах гэж заасан ба 35 дугаар зүйлийн 35.1-д “ ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум , дүүргийн Засаг даргад гаргана... " гэж хуульчилсан байдаг тул шууд сайдад хүсэлт гаргах боломжгүй болно.

"Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалаар “Э” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газар, Н*******анд аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны A/339 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаатай анх олгосон ба "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ний A/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар "Э"-ийн 0,75 га газрыг цуцалж тус газрыг мөн тушаалын 2 дугаар хавсралтаар "Б" ХХК-нд 0,75 га газрыг олгосон байна. Дээрх Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ний A/288 дугаар тушаалыг эс зөвшөөрч "Э” ХХК нь шүүхэд хандан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 128/ШШ2018/0570 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ний А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдох хэсэг, мөн тушаалын хоёрдугаар хавсралтын 13 дахь хэсгийн гуравдагч этгээд "Б" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байх тул “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай " Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн А/309 дугаар тушаалаар "Э” ХХК-ний газрыг сэргээсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дүгээр зүйлд “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” Мөн хуулийн 33 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” гэж, 33.1 дүгээр зүйлд “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж хуульчилсан байдаг тул "Э” ХХК нь хууль ёсны ашиглах эрхтэй гэж үзэж байна.

Иргэн Д.Э нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 11-нд гаргасан нэхэмжлэлдээ бидний амьдарч суугаа газартай “Э" ХХК-ний газар давхцалтай гэж маргаж байдаг гэтэл шүүхийн газрын үзлэгээр очиход “Э” ХХК-ний хашаа байдаг иргэдийн оршин суугаа гэх байшин, гэр гэх ямар нэгэн амьдарч байсан гэх нотолгоо байхгүй байдаг.

Дээрх иргэд нь дээрх маргаан дээр газар ашиглах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй ба хууль ёсны ашиглах эрхтэй "Э” ХХК–ний эрхэнд халдаж байгаа иргэд болно.

"Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалаар “Э” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газар, Н*******анд аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га анх олгосон газрын зарим хэсэг нь А******* гэж тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааны дагуу алдааг засаж координатыг Арцатын гэж залруулах боломжтой гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “ ...Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна... ” гэж 52.5.1-д " ...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн... " гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Э” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалаар Н*******анд 1.4 га газрыг олгосон. Үүний дараа 0.75 га газрыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар цуцалсан. Үүнийг “Э” ХХК нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад 2018 оны 0570 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 309 дүгээр тушаалаар “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүнээс өмнөх буюу 2018 оны хариуцагчийн хариу тайлбарыг яриад байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж тодорхой заасан. Үүний дагуу “Э” ХХК нь 2014 онд хүсэлтээ гаргаад газрыг зориулалтын дагуу авсан. Мөн дээрх хуулийн 36 дугаар зүйлд зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглуулна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч маань энэ газарт он удаан жил амьдарсан гэж яриад байгаа. 1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглуулахаар заасан. Уг хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байгаа. Мөн он удаан жил амьдарсан нь нотлогдохгүй байгаа. Газрын үзлэгээр тухайн газарт он удаан жил амьдарч байгаа гэсэн нотлох баримт авагдаагүй. Иргэдэд газар олгосон гэж ярьж байна. 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.О******* ажиллаж байх үед бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцалгүй он удаан жил амьдарсан иргэдэд газар ашиглах эрхийг олгосон. Газар ашиглах эрхийг олгохдоо ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн. Нэхэмжлэгч Д.Э хүсэлт гаргасан газар “Э” ХХК-ийн 2014 оны шийдвэртэй газартай давхцалтай байсан тул олгогдох боломжгүй байсан. Нэхэмжлэгч хүсэлтээ удаа дараа өгч байсан, хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан гэдэг. Анхны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ өгч байсан гэж ярьж байсан. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д зааснаар тус яаманд хүсэлтээ өгөх боломжгүй. Хамгаалалтын захиргаа буюу сум дүүргийн Засаг даргад өргөдөл өгнө. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн зүйлд Хамгаалалтын захиргаа, Засаг даргын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэр гаргахаар тодорхой зохицуулсан. Иймд учраас манай яаманд хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаад тус захиргааны саналыг үндэслэн шийдвэр гардаг байгаа. Нэхэмжлэгч удаа дараа хүсэлт гаргаж байсан гэж байгаа боловч хэзээ, хэдэн онд гаргаснаа хэлсэнгүй. Нэхэмжлэгчийн тайлбараас хүсэлт гаргаж байгаагүй нь нотлогдож байна. Хэрэв хүсэлт гаргаж байсан бол хуульд заасан хугацаанд хариу өгөх ёстой. Хариу өгөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрх нь тухайн үед байсан.

Газрын координаттай холбоотой тайлбар өгч байна. “Э” ХХК нь хүсэлтээ гаргаад кадастрын зургаа хийлгэсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баримтад А******* гэж байгаа. Хил заагийн асуудлаар ажлын хэсэг гарч ажиллаад явж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр “Э” ХХК-ийн газрын тушаал болон гэрчилгээнд өөрчлөлт оруулж А******* болгох бүрэн боломжтой. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны актын илэрхий алдааг засаж болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дээрх координатын цэг нь Н******* гэж явж байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн “Э” ХХК-д газар олгосон. Санал дээрх анхны координат нь Н******* гэсэн байдлаар манайд ирсэн. Тэгэхээр яамны кадастрын зураг дээр Н******* гэж гарч байгаа. Ажлын хэсэг хил заагийг нь тогтоогоод А******* гэдгийг тогтоовол гэрчилгээнд А******* гэж оруулах бүрэн боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол *******д хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Манай компанид Байгаль орчин, ногоон хөгжлийн Яамны сайдын 2014 оны А-339 тоот тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Богдхан уулын Дархан цаазат газар, Н*******анд, аялал жуулчлалын зориулалтаар 1,4 га газрыг хууль ёсны дагуу олгож, 2014/59 тоот газар ашиглалтын гэрчилгээг авсан.

Бид 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар очиход Д.Э гэх эмэгтэй дур мэдэн манай газар дээр барьсан хашааг нурааж, олон тооны гэр барьж байсан. Бид хууль ёсны дагуу шаардлага тавьсан боловч үл тоон газрыг чөлөөлж өгөөгүй. Манай компани холбогдох захиргааны бүх байгууллагуудад хандсан боловч газраа чөлөөлүүлж авч чадаагүй.

Иймээс манай компани 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн анхан шатны шүүгчийн захирамж гарч тухайн газар дээр "Шинэ кадастр” ХХК-ийг шинжээч компаниар томилсон боловч дээрх компани шинжээчээр ажиллахаас татгалзсан байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар манай компанийн газрыг хэсэгчлэн ямар ч үндэслэлгүйгээр цуцалж, өөр аж ахуйн нэгжид олгосон байсан. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын талаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус Яамны сайдын хууль бус үйлдлийг тогтоож, манай компанид газрыг буцааж олгохоор шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээчийн дүгнэлт гартал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр хугацаанд түдгэлзүүлсэн байгаа. Дээрх шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн газрын албыг шинжээчээр томилсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр манай компанийн эзэмшлийн газар тодорхой болох байх. Манай компани нь газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор төлж үүргээ биелүүлж байгаа ба албан ёсоор үйл ажиллагаагаа газар дээрээ эхлүүлэх гэсэн боловч иргэн Д.Э гаргаж буй хууль бус үйлдлээс болж манай компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй 3 жил гаруй хугацаанд хохирч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э анх тус шүүхэд хандан “Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаал дахь “Э” ХХК-ийн Н*******анд байрлах 1.4 га газар ашиглах 2014/59 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрчилгээг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын А/339 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар дугаар А/309 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 тоот дугаартай “Э” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралтын хамт илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчдийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий газарт болон хариуцагчийн архив бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”  бүрэн эрхтэй, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” хэмээн тус тус заасан бөгөөд

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд захиргааны акт илт хууль байхаар,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,  3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа утга агуулгын хувьд илэрхий алдаа бүхий, түүнийг бодит нөхцөлд биелүүлэх ямар ч боломжгүй байх зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан нь нэхэмжлэгчийн хууль ёсны субьектив эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр А/339 дугаар тушаалаар “Э” ХХК-нд  Хан-Уул дүүрэг БХУДЦГазрын Н*******анд 1,4 га газар ашиглах эрх олгосон хэдий ч газар ашиглах эрхийн гэрчилгээ дэх координат цэг солбицол нь бидний 2012 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хандан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо А*******анд газар ашиглах эрх хүсч гаргасан өргөдлийн солбицол цэг координаттай давхцаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай, “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2017 оны А/288 тоот тушаалаар “Э” ХХК-ний тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгосон ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 570 дугаар шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/309 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн ашиглах эрхээ сэргээлгэсэн нь илт хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар, “Э” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Богдхан уулын дархан цаазат газрын Н*******анд аялал жуулчлалын цогцолбор зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасныг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 285 дугаар албан бичгээр Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “төслийг дэмжиж байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр” уламжилсан дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 6/5418 дугаар албан бичгээр “Э” ХХК-нд ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүргүүлж улмаар Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалаар “Э” ХХК-нд Хан-Уул дүүрэг, хандан Богдхан уулын дархан цаазат газрын Н*******анд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг таван жилийн хугацаагаар олгон, 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 2014/59 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг олгон, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/59 дугаар гэрээг байгуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 285 дугаар албан бичиг, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны 2014 оны 6/5418 дугаар албан бичиг, Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаал, 2014 оны 2014/59 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2014 оны 2014/59 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар,

Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/339 дугаар тушаалаар “Э” ХХК-нд  аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон Богдхан уулын дархан цаазат газрын Н*******ны гэх 1.4 га газар нь нэхэмжлэгч нарын 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Г” ХХК-иар кадастрын зураг хийлгэн,  Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдад хандан газар ашиглах эрх хүссэн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцат 18 дугаар гудамж 9 дүгээр хэсгийн задгай гэх хаяг бүхий газартай бүхэлдээ давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01/247, 1/1859, 3/2253 болон 2021 оны 2/1646 дугаар албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын  Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн кадастрын мэдээллийн санд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл холбогдох бусад баримтаар,

Тухайн маргаан бүхий 1.4 га газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын  Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн кадастрын мэдээллийн санд Н******* гэсэн байдлаар тусгагдсан хийгээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01/247, 1/1859, 3/2253 1/2477 болон 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” 3/1735 дугаар албан бичиг болон 6 дугаар сарын 15-ны өдрийн “Тайлбарт тодотгол хийсэн тухай” 3/1819 дүгээр албан бичгүүдээр “... яамнаас олгосон маргаан бүхий газрууд нь газар зүйн байршлын хувьд Арцатын болон Н*******анд биш эдгээр хоёр амны хойд талд “Дэнж” дээр байрлаж байгаа болохыг тодорхойлж”, “кадастрын мэдээллийн санд “Э” ХХК-ийн байршлын гудамжны нэрийг “Нүхтийн зам” хэмээн нэрлэж байгаа болох” нь тус тус тогтоогдож байна.

Энэхүү үйл баримттай холбогдуулан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах бүрэн эрх бүхий этгээд болох хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд өөрийн яамны тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлан 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дугаар тушаалаар “Э” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын  Н*******анд 1,4 га газар ашиглах эрхийг олгож, 2014/59 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосныг Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.1 болон 47.1.7-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” хийгээд “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны акт хэмээн үзэх боломжгүй байна.

            4. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн удаах шаардлагын үндэслэлээ “...илт хууль бус захирамжийн агуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/309 дугаар тушаалаар дахин сэргээсэн нь илт хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” хэмээн хуульчилсан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэн бүхэн заавал биелүүлэх үүрэгтэй.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Э” ХХК-ын Богдхан уулын дархан цаазат газрын  Н*******анд байрлах, газар ашиглах эрх бүхий 1.4 га талбайн 0.75 га талбайг “газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан”, “үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хэсэгчлэн дуусгавар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан газар ашиглах гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

            Улмаар эл захиргааны актыг эс зөвшөөрч “Э” ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр  “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Н*******анд, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан 1.4 га газраас 0.75 га газрыг хэсэгчлэн цуцалсан нь хууль бус болохыг тогтоон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаас “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”...гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4 дэх хэсгийн нэхэмжлэгч “Э” ХХК-нд холбогдох ...хэсгийг тус тус хүчингүй”  болгож шийдвэрлэсэн.

            Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/309 дүгээр тушаалыг гарган ”... Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Н*******ны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож байсан “Э” ХХК-ны 1.4 га газрын газар ашиглах эрхийг сэргээж” шийдвэрлэсэн болох нь  хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/288 дугаар тушаал,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/309 дүгээр тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 570 дугаар шийдвэр болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, “Э” ХХК-ын Богдхан уулын дархан цаазат газрын Н*******анд байрлах, газар ашиглах эрх бүхий 1.4 га талбайн 0.75 га талбайн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/288 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 570 дугаар шийдвэрийг биелүүлж хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/309 дүгээр тушаалаар гуравдагч этгээд “Э” ХХК-ны газар ашиглах эрхийг сэргээснийг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж боломжгүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байх тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хүрээнд, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад мараан бүхий акт Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалыг А/399 хэмээн техникийн шинжтэй алдаа гарган нэхэмжлэлд бичсэн болохоо илэрхийлсэн болохыг тэмдэглэж байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  36 дугаар зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Э нарын иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын А-339 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар дугаар А/309 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 тоот дугаартай “Э” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралтын хамт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М