Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 48

 

Д.Эр-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар магадлалтай 201712000051 дугаар эрүүгийн хэргийг Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Батсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ял шийтгүүлж байгаагүй Д.Эр- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт ял шийтгүүлж, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 425 дугаар ангид ял эдэлж байна.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эр-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодолын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Батсүрэнгийн бичсэн дүгнэлтдээ: “Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 24 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Эр-ийг “2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2200 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын төвд байрлах “Буян-Арвижих” дэлгүүрийн гадна хохирогч Ө.На-ын цээжин тус газар хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Д.Эр-ийн өмгөөлөгч Д.Цоодолын давж заалдах гомдлоор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хоригдол Д.Эр-ийн гомдлоор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэн, хянан шалгах ажиллагаа явуулахад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь гэмт этгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгохоор хуульчлаагүй байхад хоригдол Д.Эр-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэмт хэрэгтэй дүйцүүлэн ялыг хүндрүүлэн үзэж хууль буцаан хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хоригдол Д.Эр-ийн эрх ноцтой зөрчигдсөн байна гэсэн дүгнэлт хийж байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт хорих ялын хэмжээ нь таваас дээш долоон жил хүртэл, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ 8 жил хорих ял оногдуулахаар заасан бөгөөд хорих ялын доод хэмжээ хасагдсан байх тул хоригдол Д.Эр-ийн үйлдсэн гэмт хэрэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Мөн Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хэлэлцэхдээ хоригдол Д.Эр-ийн хорих ял эдлэх дэглэмийг шинэ хуульд нийцүүлэн шийдвэрлэлгүй шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 62 дугаартай албан бичгээр “Д.Эр-т оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн /энгийн/ дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан байна” гэж Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэснийг зөрчсөн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд заагдсан, мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоод байна. Давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгож заасантай дүйцүүлэн буруу дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шинэ болон хуучин Эрүүгийн хуульд энгийн дэглэм гэж байхгүй. Давж заалдах шатны шүүх дэглэмийг зааж өгөх ёстой байтал энгийн дэглэмд ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь алдаатай байна. Магадлалыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Батсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Д.Эр-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Эр-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Д.Эр-ийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн”  гэж эрх зүйн байдлыг нь хүндрүүлэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэсэн хүндрүүлэх шинж байгаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хүндрүүлэх шинжээр зүйлчлэх ёсгүй бөгөөд хууль хэрэглээний алдаа гэж үзнэ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Д.Эр-т холбогдох хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжид тусгайлан заагаагүй, харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хүндрүүлэх шинжид шинээр тооцсон шинжийг зааж хууль буцаан хэрэглэхээс татгалзаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн оногдуулсан хорих ялыг эдлүүлбэл зохих хорих байгууллагын нөхцөлийг шинэ хуульд нийцүүлэн шийдвэрлэлгүй орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН