Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0686

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0686

Улаанбаатар хот

 

 

Иргэн Д.Өнөрболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Өнөрболдын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр

Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолын тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоосон 3 дахь заалтыг хүчингүй болгож, Рашаант сумын нэгдүгээр багт 3 мандат, хоёрдугаар багт 4 мандат, гуравдугаар багт 3 мандат, дөрөвдүгээр багт 6 мандат, 5 дугаар багт 5 мандат байхаар тойрог тус бүрт ногдох мандатын тоог тогтоохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Өнөрболдод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2-д зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийн үйл явдалд бодит эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, хуулийн 10.3-д “Сумын Хурлын Төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно”, 10.3.2-д “Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21” гэж хууль тогтоогч императив хэлбэрээр шууд зааж өгөхдөө тухайн сумын нийт хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тухайн сумын нийт төлөөлөгчдийн тоог тогтоохоор зохицуулсан зохицуулалт юм. харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний тэргүүлэгчид суманд ногдох 21 төлөөлөгчийг хаана яаж хуваарилах, сонгуулийн тойрог тус бүрт мандатын тоог тогтоох зэрэг асуудлыг дээрх хуулиар зохицуулаагүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн /Сонгуулийн тухай хуулийн 152.1-д заасан эрхэд/ бүрэн эрхэд халдаж, шүүх маргааны зүйлээс хэт хальж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дотоод асуудалд халдаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

     Сонгуулийн тойрог тус бүрт мандатын тоог хуваарилах эрхийг нарийвчлан зохицуулсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасны дагуу санал авах өдрөөс 45 хоногийн өмнө сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг.

     Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д тойрог байгуулахдаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу баг тус бүрийг сонгуулийн тойрог болгож улмаар тойрогт ногдох мандатын тоог тогтоосон байдаг.

     Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрт олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.2-д “Нэгэнт байгуулсан тойргийг тухайн ээлжит сонгуулийн дөрвөн жилд өөрчлөхийг хориглоно” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно” гэж хууль тогтоогч зохицуулсан нь сонгуулийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй нөгөө талаар 22 дугаар зүйлийн 22.11, 152 дугаар зүйлийн 152.1-д заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд олгосон бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн байтал хууль зөрчиж шүүх шийдвэр гаргаж байгаа нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах боломж бололцоогоор бүрэн хангасан болно.

  1. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Шүүхэд нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т заасныг үндэслэн шаардлагаа зөвхөн хүн амын тоог харгалзан мандатын тоог тогтоох ёстой гэж маргасан гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага маргааны хууль зүйн үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг /хэрэглэх ёсгүй хуулийг/ нэг мөр хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал: 10 дугаар зүйлийн 10.3-д “Сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно” гэж заасныг үндэслэсэн хэрнээ энэхүү зохицуулалт нь 1-д “хүн амын байршил” 2-д “Засаг захиргааны нэгжийн бүтэц” буюу газар нутаг, багийг харгалзан тогтоохоор зохицуулсан хоёр нөхцлийг адил тэгш хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нь тодорхой байна.

  1. Шүүх нэхэмжлэгчийн субъектив эрхийг хөндөөгүй боловч түүний хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийн чухам ямар ашиг сонирхлыг хөндсөн талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
  2. Шүүх иргэдийн сонгох сонгогдох эрх зөрчигдөөгүй тухай дүгнэлт хийсэн боловч Үндсэн хуулийн агуулга зарчим, мөн сонгуулийн хуулийн зарчим зөрчигдөж тэгш бус тооны сонгогчдоос төлөөлөгчид сонгогдож байгаа нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ тухайн маргаантай харилцааг нөрийвчлан зохицуулсан зохицуулалт байхгүй бол Үндсэн хуулийн агуулга зарчимд нийцүүлэн шийдвэрлэх, тухайн хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж асуудлыг шийдвэрлэх эрх зүйн эрэмбэ дараалалтай системчлэгдсэн байдаг.

Энэхүү хууль зүйн фактад дүгнэлт хийхэд түүнийг шууд зохицуулсан эрх бүхий этгээдэд эрх олгосон Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д хэм хэмжээ байгаад зогсохгүй дээрх зохицуулалтыг хэрэглээд гаргасан шийлдвэрийг өөрчилж болохгүй талаар императив хэлбэрээр 22 дугаар зүйлийн 22.11, 152 дугаар зүйлийн 152.1-д заасан хэм хэмжээг шууд зөрчиж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан гэж дүгнэх хангалттай үндэслэл бүрдсэн байна.

  1. Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн, сум дүүргийн сонгуулийн эрх зүйн суурь харилцааг нэгтгэн зохицуулсан байдаг үүнээс үзэхэд сонгуулийн тойрог хуваарилах, мандатын тоог тогтоохдоо гурван үндсэн нөхцлийг харгалзан тогтоосоор ирсэн. Нэгдүгээрт: “Хүн ам”, хоёрдугаарт: “газар нутаг”, гуравдугаарт: “Засаг захиргааны нэгж” эдгээр нөхцлийн адил тэнцүүг харгалзан үзэж тойрог мандатын тоог тогтоож 2016 оны Улсын Их Хурлын сонгууль явагдсан мөн адил орон нутгийн сонгууль явагдах ёстой, дээрх шалгуур үзүүлэлтийг үндэслэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тойрог мандатыг хуваарилсан, хуваарилсан тойрог мандатыг өөрчлөхийг мөн хуулиар хориглосон, нөгөө талаар иргэн бүр сонгуульд оролцох, сонгууль хүртээмжтэй ирц өндөртэй, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад өөрсдийгөө төлөөлөх боломжийг иргэн бүрт хүргэх нь сонгуульд туслах дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар мандатын тоог тогтоовол нэгдүгээр багт 3, хоёрдугаар багт 4, гуравдугаар багт 3, дөрөвдүгээр багт 6, тавдугаар багт 5 мандат хуваарилах байтал Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 25 дугаар тогтоолоор мандат хуваахдаа улс төрийн өнцгөөс харж хууль бусаар мандатын тоог хуваасан...” гэж, хариуцагчаас “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт нь Улсын Их Хурлаас бүтэц, хүн ам, газар нутгийн байршлыг харгалзан тогтоосон зохицуулалт бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэрхэн мандат хуваарилахыг энэхүү зохицуулалтаар зохицуулаагүй, гагцхүү Сонгуулийн тухай хуулиар тусгайлан олгосон бүрэн эрх юм ... Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд мандатын тоог хуваарилсан, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно...” гэж тус тус маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д “аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан ... байгуулна”, 152 дугаар зүйлийн 152.1-д “Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ, 152.1.2-т “тойргийн байршил /план зураг болон бичгэн мэдээллээр/, дугаар гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар орон нутгийн хурлын сонгуулийн тойрог байгуулахдаа сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоог тус тус харгалзаж үзэх ёстой талаар заасан байх боловч нэгэнт байгуулагдсан тойргуудад хурлын төлөөлөгчдийн тоог хуваарилах буюу тойрогт ногдох мандатын тоог тогтооход ямар нэгэн нөхцөл байдал, хүчин зүйлсийг тухайлан харгалзаж үзэх талаар хариуцагчид үүрэг болгосон зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй мандатын тоог тогтоохдоо хүн ам, сонгогчдын тоо, газар нутгийн хэмжээг заавал харгалзан үзэх ёстой гэсэн үндэслэл нь хуулийн зохицуулалтад үндэслэгдээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь зөвхөн засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан үзэж, харин хүн амын нягтрал байршлыг харгалзаагүй байх ба хуулинд заагаагүй багийн төвийн алслалт, газар нутгийн хэмжээ зэрэг үзүүлэлтийг харгалзаж мандатын тоог тогтоосон нь хууль бус гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус сумын тойрогт ногдох мандатын тоог тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын     17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог 21 байхаар, тус сумын 1 дүгээр багт 5, 2 дугаар багт 5, 3 дугаар багт 3, 4 дүгээр багт 4, 5 дугаар багт 4 мандатын тоог тус тус тогтоожээ.

Хариуцагч нь хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сумын төвөөс алслагдсан байдал зэргийг харгалзан Рашаант сумын багуудад ногдох мандатын тоог хуваарилсан гэж тайлбарлахын зэрэгцээ баг тус бүрийн өрхийн судалгаа, хүн амын судалгаа зэрэг холбогдох судалгаа, материалуудыг хариу тайлбарын хамт хавсаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Өнөрболдоос ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно гэж заасны дагуу хүн амын тооноос хамааран багт ногдох мандатын тоог тогтоох ёстой гэж үзэн хамгийн их хүн амтай баг болох дөрөвдүгээрт багт 6 мандат, тавдугаарт багт 5 мандат, хоёрдугаарт багт 4 мандат, нэгдүгээр багт 3 мандат, гуравдугаар багт 3 мандат ногдох учиртай... гэж маргасан байна. Гэтэл хуулийн дээрх зохицуулалт нь зөвхөн сумын хүн амын тоо, нягтаршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тухайн сумын Хурлын төлөөлөгчдийн тоо-г тогтооход харгалзахаар байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны акт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан эсэх, захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа хуулиар зааж тогтоосон нөхцөл шаардлагыг харгалзан үзсэн эсэхийг хянаж, дүгнэлт өгөх үүрэгтэй.

Харин энэ тохиолдолд Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор сонгуулийн тойрогт мандат хуваарилсан нь хариуцагчид Сонгуулийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байхаас гадна мандатыг тогтоохдоо сонгогчдын тоог заавал харгалзах ёстой гэсэн зохицуулалт байхгүй тул шүүхээс захиргааны энэхүү шийдвэрийг хуульд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3-д заасныг баримтлан иргэн Д.Өнөрболдын Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэн гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ