Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210

 

С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар нарыг оролцуулан хийж, С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0217 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/284 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0217 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг Ахлагчийн сургуулийн жижүүрийн офицерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.193.975 төгрөгийг Хууль сахиулахын их сургуулиас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг Хууль сахиулахын их сургуулийн захиралд тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ болсон нөхцөл байдлуудыг буруу тайлбарлаж магадлал гаргасныг эсэргүүцэж байна.

Нэг. Хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлын талаар:

  1. Шүүхийн магадлалд “тушаал өгсөн Н.Цэдэвсүрэнгээс бодит нөхцөл байдлыг тодруулах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, хариуцагчийн тайлбараар хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэж дүгнэжээ. Их сургуулийн зүгээс хийсэн албаны шалгалтын явцад цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэн тайлбар өгсөн бөгөөд гэрэлт самбарыг асаах үүрэг өгөөгүй гэдгээ тодорхой ярьж илэрхийлсэн байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэнд харамсаж байна.
  2. “Туяа оройн тоо” арга хэмжээ эхлэхийн өмнө 17 цаг 30 минутын орчимд намайг цахилгаанчин Г.Шинэбаярт арга хэмжээ явуулж байхад чинь тог тасарвал яах вэ, хамаг юм чинь шатвал яах вэ гэж С.Бат-Эрдэнэ ярьж явсныг шүүхээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК руу урьдчилж арга хэмжээний талаар анхааруулж хэлэх үүрэгтэй байдаг...” гэсэн нэхэмжлэгчийн баримтгүй тайлбараар шууд үнэлсэн нь өрөөсгөл юм. Албаны шалгалтын материалд хамаг юм чинь шатчихвал яах вэ гэж ярьж явсан нь Г.Шинэбаярын тайлбар, Х.Наранбаатарын илтгэх хуудсаар тогтоогддог.
  3. “Миний бие тухайн үед ерөнхий цахилгааны инженерийн ажлаа өгөөд 5-6 хонож байсан. Намайг ажиллаж байхад уг АП-100 маркийн автомат Хууль сахиулахын их сургууль гэсэн бичигтэй холбоотой байсан ба тухайн үед тус автоматаас салгасан байсныг миний бие мэдээгүй. Намайг инженерээр ажиллаж байхад уг автоматаар “Хууль сахиулахын их сургууль” гэсэн бичгийг асаадаг байсныг сургуулийн ерөнхий жижүүрүүд бүгд мэднэ...” гэх боловч их сургуулийн хэмжээнд тухайн үед АП-100 маркийн пускателийг солиогүй, ерөнхий зохицуулагч нараас тайлбар, гэрчийн мэдүүлэг авахуулах эрх, үнэн байдлыг тогтоолгох эрх нээлттэй байсан.
  4. “Хууль сахиулахын их сургуулийн зүгээс өөрсдийн хууль бус тушаал шийдвэрийг хамгаалахын тулд бодит байдлыг мэдэж байсан одоо ажиллаж байгаа албан хаагч, ажилтнуудад хууль бусаар нөлөөлж, гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг хууль бусаар бүрдүүлэн өгч байгааг шүүх огт тогтоолгүй, хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэсэн нь үндэслэлгүй, харин анхан шатны шүүх хуралдаанд дуудагдсан гэрчүүд бол хариуцагчийн зүгээс биш нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж дуудсан гэрчүүд байсан. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг Хууль сахиулахын их сургуулиас бүрэн гаргуулж аваагүй гэх боловч анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд авч холбогдол бүхий баримт материал, гэрчийн мэдүүлэг авах хүмүүсийг дуудаж ирүүлэн хуульд заасан үүргээ биелүүлэн ажилласан байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.

Хоёр. Хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн талаар:

  1. “...Их сургуулийн дотооддоо хийсэн хяналт шалгалтын үеэр өгсөн Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэнгийн тайлбараар нэхэмжлэгчийн “удирдах албан тушаалтны өгсөн үүргийн дагуу “Хууль сахиулахын их сургууль” гэрэлт самбарыг асаах зорилгоор төхөөрөмжийг асаах үүргийг сантехникийн слесарь Г.Алтансүхэд өгсөн” гэсэн нь нотлогдож байх тул С.Бат-Эрдэнийг санаатайгаар сургуулийн үйл ажиллагааг тасалдуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, “сургуулийн үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор бус, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа санамсаргүйгээр цахилгааныг тасалсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэн тайлбар өгсөн бөгөөд гэрэлт самбарыг асаах үүрэг өгөөгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байхад “гэрэлт самбарыг асаах үүрэг өгсөн” мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна.
  2. “Зөрчил нь дотоод хяналт шалгалтын явцад тогтоогдсон” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийг санаатайгаар сургуулийн үйл ажиллагааг тасалдуулсан гэх байдал нотлогдохгүй байхаас гадна хариуцагч байгууллагаас сахилгын зөрчлийг шалгах явцдаа уг байдлыг хангалттай тогтоож чадаагүй байна...” гэж шүүхээс үзсэнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд албаны шалгалтыг зохих журмын дагуу явуулсан “гаргасан зөрчлийг хангалттай тогтооно” гэсэн агуулгад чухам юу багтаж байгаа зэргийг тайлбарлаагүйгээр нэг талд ашигтай, үндэслэлгүйгээр шууд дүгнэж үзсэнд гомдолтой байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн анхан ба давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д энэ гомдлын хянан шийдвэрлэх байгууллагыг зааж өгөхдөө “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэсэн байна.

Энэ нь нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн зүгээс Их сургуулийн захирлын 2016 оны Б/284 дүгээр тушаалд урьдчилан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргах эрхтэй болох нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд гомдол гаргах хугацааг зааж өгсөн ба 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Төрийн албан тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо Төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн материалаас үзвэл 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрт нь мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан захиргааны актад гомдлоо 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу 3 сар 8 хоногийн дараа гаргасан гомдлыг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг тодруулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Төрийн албаны зөвлөл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гомдол хянан шийдвэрлэсэн эсэх талаар хариу ирүүлэхийг хүссэн хүсэлт гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариу өгсөн гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах хугацааг холбогдох хуулиудад тодорхой зааж өгсөн байхад Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолж хууль зөрчиж байгаад харамсаж байна. Иймд, иргэн С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцсэн байна.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хууль сахиулахын их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.37-д заасныг баримтлан, их сургуулийн Ахлагчийн сургуулийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Бат-Эрдэнийг “Их сургуулийн 2016 оны “Туяа оройн тоо” нэгдсэн арга хэмжээний үеэр цахилгааны АП-100 амперын автоматыг буулгаж, их сургуулийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулж, төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь сантехникийн слесарь Г.Алтансүхэд заавар өгч АП-100 амперын автоматыг дээш сөхсөний улмаас гэрэл унтарсан нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон боловч хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байх, түүнчлэн гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг хуульчилжээ.

Түүнчлэн Хууль сахиулахын их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.37-д сургуулийн албан хаагч, ажилтанд түүний гаргасан зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулахаар мөн заасан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, тус сургуулийн Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэнгийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тайлбарт “...цагдаагийн ахлах дэслэгч С.Бат-Эрдэнэтай сургуулийн жагсаалын талбайд тааралдаад хичээлийн 1 дүгээр байрны нүүрэнд байрлах “ХСИХ” гэсэн самбарын гэрлийг яагаад асаахгүй байгаа талаар асуусан, ...тухайн үед ёслолын арга хэмжээ эхлэх гээд сургуулийн орчим хангалттай гэрэлтүүлэггүй байсан тул төлөвлөгөөний дагуу анхаарал тавьж байсан” гэснээс үзэхэд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд үүрэг даалгавар өгсөн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “пускател 2-3 секундын хугацаанд унтраад ассан ч түүнээс тэжээл авч жагсаалын талбайг гэрэлтүүлдэг өндөр хүчдэлийн хоёр том прожектор асаагүй. Тэдгээрийг халсан үед нь салгахаар тэжээлийг залгасан ч хөрөх хүртлээ асдаггүй учир зохиогдсон арга хэмжээ харанхуйд болж өнгөрсөн” гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Туяа оройн тоо” нэгдсэн арга хэмжээ тасалдаагүй, зохион байгуулагдаж явагдсан байна.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь сантехникийн слесарь Г.Алтансүхэд заавар өгч АП-100 амперын автоматыг дээш сөхсөний улмаас “Туяа оройн тоо” арга хэмжээний үеэр гэрэл унтарсан байх боловч үүнээс үндэслэж  түүнийг сургуулийн үйл ажиллагааг санаатай тасалдуулсан, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Ийнхүү хариуцагч байгууллага нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2013 оны А/15 дугаар тушаалаар батлагдсан “Албаны шалгалт хийх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчилд хамаарах баримт материалыг хангалттай цуглуулж, шалтгаан нөхцлийг тодруулаагүй, мөн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх сэдэлт, санаа зорилго болон учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй атлаа гэрч Г.Шинэбаяр, Г.Алтансүх нарын мэдүүлэг, илтгэх хуудас зэргийг үндэслэн шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан хүн пускателийн тэнд явж байсан нь санамсаргүй явдал биш гэж нэхэмжлэгчийг буруутган, сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудад нийцээгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн “...захиргааны актыг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрт нь мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байхад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу 3 сар 8 хоногийн дараа гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн, мөн шүүх Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хууль зөрчиж байна” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/284 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн сайдад өргөдөл гаргасан ба хариуг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр авчээ.

Түүнээс хойш сарын дотор буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1189 тоот албан бичгээр шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу мэдэгдсэний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь маргаан бүхий актыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хандсан байх тул түүнийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэсгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0217 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.БАТСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА