Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/270

 

 

 

 

 

 

    2023          03          16                                      2023/ШЦТ/270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Г.А,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан эрүүгийн 2209004861587 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, А.А/регистрийн дугаар /, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүгийн хамт ... оршин суух хаягтай боловч ... тоотод түр оршин суудаг,

урьд 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Сум дундын 5 дугаар шүүхийн 41 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 302 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялыг Өршөөлд хамруулан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тэгшитгэлээр суллагдсан,

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 649 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          А.Ань Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “С.К” ХХК-ны барилгын талбайд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны хохирогч Г.Ат “гар утсаа өгч бай павжи тоглож байгаад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Самсунг С21 загварын гар утсыг залилан авч 2.419.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос А.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч А.А сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Ань Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “С.К” ХХК-ны барилгын талбайд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны хохирогч Г.Ат “гар утсаа өгч бай павжи тоглож байгаад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Самсунг С21 загварын гар утсыг залилан авч 2.419.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.А хохирогч Г.Аын 2.419.100 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилан авсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Амэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй, гэм буруу дээрээ маргахгүй...” гэв.

шүүгдэгч А.Амөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би хамт ажилдаг байхдаа үерхэж байсан Ачитнуур гэх хүний Самсунг С21 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж хэлээд аваад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байрлах ломбарданд 1 сая төгрөгөөр тавьчихсан юм би одоо нэрийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 82/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлсэн: “...Шүүгдэгч надтай хамт ажиллаж байх үедээ миний гар утсыг авч явсан. Урьд нь миний утсыг аваад буцаагаад өгч байсан учир би утсаа түүнд өгсөн. Гэтэл дахиж миний утсыг авахдаа буцааж өгөөгүй явсан...” гэв.

 

хохирогч Г.А нь  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би А.Агэх залуутай танилцаад 5-6 сар болж байна. Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхоны хажуу талд байрлах С.Кы баригдаж байгаа барилга дээр 2021 оны 12 дугаар сараас эхлэн хамт барилгын дотор заслын ажил хийж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цайны цаг болоод хамт өдрийн хоолондоо орж байтал гар утсаа өгөөч гэхээр чиний гар утсаар павжи тоглоё гэхээр нь би гар утсаа түүнд өгсөн. Дээрээс нь бас өдрийн цайны цаг болсон байсан болохоор би хэсэг хугацаанд хэдэн минут унтаад сэртэл А.А байхгүй байсан. Тэгэхээр нь хамт ажилладаг хүмүүсээсээ асуутал хоолны материал авна гээд явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь гар утас руу нь залгатал огт утас нь холбогдохгүй, заримдаа дуудаад авахгүй байсан. Тэгээд сүүлдээ арга бараад 27-ны өдөр түүний фейсбүүк хаяг руу нь чат бичихэд надад чиний гар утас байна, 14 хоногийн дараа ав гэсэн. Тэгэхээр нь би цагдаад гомдол өглөө гэхэд тэгээ тэг өг гэж хэлсэн учраас цагдаад гомдол гаргаж байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

 

-Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-н 19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Ань Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “С.К” ХХК-ны барилгын талбайд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны хохирогч Г.Ат “гар утсаа өгч бай павжи тоглож байгаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Самсунг С21” загварын гар утсыг залилан авч 2.419.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор А.А 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ань тус эрүүгийн хэрэгт нийт 17 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 255.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 745.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч А.А 745.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч А.Ань уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Үүнээс гадна шүүгдэгч А.Аөмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 649 дугаар шийтгэх тогтоолоор 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжээр торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Шүүх шүүгдэгч А.А холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч А.Ань завсарлага авсан хугацаанд хохирогчид учруулсан хохирол болох 2.419.100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.А 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 649 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А цагдан хоригдсон 17 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 255.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 745.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ань энэ тогтоолоор оногдуулсан 745 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 745.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР