| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0078/э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Энхбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч *******
Иргэний хариуцагч ******* /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121003000349 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн 9 дүгээр хороо, ******* хайрхны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт ******* /РД: /.
Шүүгдэгч Ц. нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орой Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, гэх газарт “ ” маркийн улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодож яваад зам дээр ослын зогсолт хийхдээ захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-т “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам дээр зогссоны улмаас улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед болсон асуудалд ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. Би өөрөө осол гарах үед машин дээр байгаагүй. Албан ёсны жолооч нь ч биш. Машин аваад ирээч гэж хэлэхээр нь Дорноговь аймгаас тээвэрт явсан эвдрэл гэмтэлтэй машинд 25 тонн цемент ачиж 10 дугаар сарын цасан шуургатай үед мотор нь эвдэрсэн машин авч ирсэн. Би хүнд машин механизмын оператор мэргэжилтэй учир машиныг засаж янзлаад унадаг. ...Дорноговь аймгаас Дорнод аймгийн суманд ирэх хүртлээ 10 гаран хоног явсан. ...ын пост өнгөрөөд нойр хүрээд байсан учир тэндээ хоносон. Өглөө нь машинаа асаагаад хоньтой хөшөө рүү өгсөж явахад араа салаад машин явах боломжгүй болсон. Би аль болох замаа чөлөөлж зогсоод маслоны саван дээр чулуу, хантаазаа осол гарахаас сэргийлж хүмүүст анхааруулж тавьсан. ...Бүтэн өдөр, бүтэн шөнө болоход өчнөөн олон машин явж л байсан. Харагдахгүй биш харагдаж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн машиныг анх нарыг явуулж, худалдаж авч байсан. надад Дорноговь аймгаас Дорнод аймаг руу машин татах асуудлыг хэлсэн. Хараа хяналтгүй машин байж байснаас Дорнод аймаг руу татсан нь дээр байсан. тухайн үед фейсбүүкээр надаас ажил байна уу гэж асуусан. Би д “ ажилгүй, нутаг руугаа бас явах сонирхолтой байна. Чи яриад үз” гэж хэлж , нарыг холбож өгсөн. Би тухайн машинд цемент ачиж явсныг сүүлд мэдсэн. Улаанбаатар хотоос надад сэлбэг захиж, машиныг засаж байсан. Урьд нь тухайн машиныг ын танил тал жолоодож, тээвэрт явдаг байсан. Осол гарсан талаар сүүлд мэдэхэд намайг иргэний хариуцагчаар татсан байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Замын хөдөлгөөний зохих заалтуудыг шүүгдэгч зөрчөөгүй байсан бол гэх хүн өдийд 57 настай, ахуй амьдралаа эрхлээд явах боломжтой байсан. Захиргааны хэм хэмжээгээр тогтоосон актыг зөрчсөний улмаас осол гарч миний аавын амь нас хохирсонд гомдолтой байна. өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэрийнхэнтэй албан ёсоор уулзаагүй. Тухайн үед эвдэрсэн тээврийн хэрэгслийн үнийг нэхэхгүй. Гэхдээ энэ бол прокурор хянавал зохих ажиллагааны нэг. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу оршуулгын зардалд 12,141,184 төгрөг, хууль зүйн тусламж авч өмгөөлөгчид 2,500,000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжилнэ. Мөн хүний амь насыг өмнө нь үнэлэх боломж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх шинжилгээний тухай хууль гарсан. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг хэрэглэж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Энэ үндэслэлийн дагуу амь насны хохирлыг нэхэмжилж байна. Үүнийг дараах байдлаар тооцоолсон. Статистикийн газраас гаргасан судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсын эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.5 гэж тогтоосон. Талийгаач осолд орох үедээ 56 настай байсан бөгөөд дундаж наслалтын зөрүү нь 11.5 жил байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэн тогтоосноор 550,000 төгрөгийг 11.5 жилд үржихэд 31,625,000 төгрөгийг амь насны хохиролд нэхэмжилнэ. Нийт 46,266,184 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч шүүх хуралдааны өмнө 4,000,000 төгрөгийг төлсөн тул 42,266,184 төгрөгийг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байсан чинь аавын төрсөн дүү утсаар яриад “аав нь зам тээврийн осолд ороод нас барсан байна” гэхээр нь би сум руу ирэхэд зам дээр өөрийн машинтайгаа том оврын ачааны машины араас мөргөөд нас барсан байсан. Аав зам тээврийн осолд орохоор нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг ахиж ашиглахгүй гээд шатаасан...” гэжээ. /1-р хх-ийн 24-26, 29/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамт ажилладаг дүү утсаар яриад “би хотоос В3 маркийн машинтай явж байсан чинь сумын төвөөс аймаг руу дөнгөж гараад явж байтал машины кроп эвдрээд машин зогсчихлоо, та ажлын Викап машиныг унаад хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгаас сум руу гараад 22 цагийн орчим гийн эвдэрсэн машин дээр ирсэн. Намайг ирэхэд машиныхаа кропыг сугалсан байсан ба миний унаж ирсэн машинд кропоо ачаад “та машин хараад үлдчих, би аймаг руу явж янзлуулаад ирье” гэхээр нь зөвшөөрч үлдээд машиндаа ганцаараа унтсан. Ингээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим би машинаас буугаад гадаа хүндээр бие засч байсан чинь ертөнцийн зүгээр баруун талаас бүдэг гэрэлтэй машин их хурдтай ирж байхаар нь гүйгээд гараараа даллахад харалгүй тоормос дуугарах чимээ сонсогдож байгаад ачааны машины араас мөргөсөн...” гэжээ. /1-р хх-ийн 40-41/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг ажиллаж байх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төвд ажилтай байгаад сум руугаа явахад сумын 1 дүгээр баг гэх газарт аймгийн төвөөс 118 км зайд улсын дугаартай шаланз маркийн тээврийн хэрэгслийн араас улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарч улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нас барсан байхаар нь би хэргийн газрыг хамгаалалтад авч жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж ажилласан. Намайг хэргийн газар очиход ямар нэгэн ослын гурвалжин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд огт байгаагүй. Би гэгээтэй үед хэргийн газар очсон учраас ойр орчмоор нь харахад гурвалжин огт харагдахгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 36-37/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймагт ажилтай явж байгаад буцаад сум руугаа явж байтал 19 цагийн үед хоньтой хөшөөний орчим улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн араас улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж жолооч нь нас барсан байхаар нь хэргийн газрыг хамгаалалтад авч жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Ямар нэгэн ослын гурвалжин байрлуулаагүй байсан. Би ойр орчмоор нь үзэхэд гурвалжин байрлуулаагүй. Мөн газарт ослын гурвалжны эвдэрч бутарсан хэсэг огт байгаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 53-54/
Иргэний хариуцагч Б. мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...би зөвшөөрөөд тэй утсаар холбогдоод Дорноговь аймагт нүүрс тээвэрлэж байсан машинаа ковидын улмаас зогссон байсан тул 40 тонн цемент ачуулаад аймаг руу авчруулахаар болсон. Ингээд замдаа Хэнтий аймагт машин эвдрээд явахгүй байна гэхээр нь би дөнгөж мотор худалдаж аваад тавьсан тул мотор авсан хүнээ очоод үзээд өгөөч гэхэд зөвшөөрөөд машиныг Хэнтий аймагт очиж үзээд яндан хаагчтайгаа олон км хүчилж явсан байна. Тэрнээс биш мотор зүгээр байна гээд жижиг засвар хийгээд буцаад хөдөлсөн. Нэлээн хэдэн цагийн дараа “т ирээд байна, унтаад маргааш хөдөлье” гэхээр нь зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө шиг санагдаж байна, яриад аас дөнгөж гараад явж байсан чинь араандаа орохоо больчихлоо гэхээр нь би таньдаг машин засдаг хүмүүсийг үзээд ир гээд явуулахад “кроп ямар ч нэмэргүй болсон байна, шинэ кроп тавихаас өөр аргагүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос кроп захиад байтал /орой нь шиг санагдаж байна/ орой нь машины араас жижиг тэрэг мөргөөд жолооч нь нас барсан байна гэж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 61-62/
Иргэний хариуцагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх хүнийг 2011 оноос хойш таньдаг болсон. Бид хоёр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу өвс тээвэрлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын орчимд улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг дундаасаа мөнгө гаргаж байгаад худалдан авч байсан. Тээврийн хэрэгслийг авах санаачлагыг анх гаргаж байсан ба би тухайн үед үзэж хараагүй, өөрөөсөө 27 орчим сая төгрөг гаргаж байсан. Энэ тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш өвс тээвэрлэлт хийгээгүй учраас Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “” ХХК-ийн цементийн үйлдвэрийн нүүрсний тээвэрт хэсэг явуулсан. Ингээд явж байхдаа зам тээврийн осолд орж эвдрэл гэмтэл учирч бид нар Улаанбаатар хотоос сэлбэгийг нь явуулж засаж сэлбээд тэндээ байхад нь Дорнод аймаг руу татаж авахаар болсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны хавьцаа Дорноговь аймгаас Дорнод аймаг руу нэг жолооч барьж явах үедээ машины яндан хаагчийг нээхгүй явсны улмаас замдаа мотор нь халаад зогсох үед энэ осол гарсан гэж сонссон. Намайг той дээрх тээврийн хэрэгслийг худалдан авах үед улсын дугаартай байсан, одоо ямар дугаартай болсон талаар мэдэхгүй, миний нэр дээр бүртгэлгүй, дугаар сольсон гэдгийг сая мэдэж байна...” гэжээ. /1-р хх-ийн 230/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 123 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын ясны зүүн урд чамархайн урд хэсгээс чулуулаг ясны дээд хэсгээр турк эмээлийн дунд хэсэг баруун чулуулаг ясны дээд хэсэг рүү үргэлжилж баруун чамархайд хүрч төгссөн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дээд хэсэг, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, өвчүү, баруун талын 2-5-р хавирга, зүүн талын 2-7-р хавирганы хугарал, доод эрүү ясны хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, дээд үүдэн шүднүүдийн булгарал, дээд, доод уруулын язарсан шарх, эрүү, дээд уруулын баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гавлын ясны зүүн урд чамархайн урд хэсгээс чулуулаг ясны дээд хэсгээр турк эмээлийн дунд хэсэг баруун чулуулаг ясны дээд хэсэг рүү үргэлжилж баруун чамархайд хүрч төгссөн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дээд хэсэг, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлүүд нь 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, доод эрүү ясны хугарал, дээд үүдэн шүднүүдийн булгарал, өвчүү, баруун талын 2-5-р хавирга, зүүн талын 2-7-р хавирганы хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, эрүү, дээд уруулын баруун дээд хэсгийн зулгаралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021.10.05-ны өдөр дээрх гэмтлүүд нь үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1,3 промилли спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /1-р хх-ийн 64-67/
Техникийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/24 тоот “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, 9.5-р заалт буюу “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Равдангийн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 болон 9.5-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р. нь мөн дүрмийн 3.7”а”-р заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 85-86/
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/53 тоот “... Nord Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Равдангийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Nord Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн боловч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй байна. Түүнд дээрх арга хэмжээг авах боломж цаг хугацааны хувьд байсан гэж үзэж байна. Nord Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ослын дохионы гэрэл асаагаагүй, ослын тэмдэг байршуулаагүй нь Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй явдал гэж үзэж байна. Суурин газрын гаднах замд ослын зогсолтын тэмдгийг 30 метрээс багагүй зайд байрлуулна гэдэг нь тухайн замд /суурингийн гаднах замд хөдөлгөөний дээд хурд 80 км/цаг хүртэл хурдтай явах боломжтой гэж үзэж/ тохирсон зайд байрлуулах нь зүйтэй гэсэн шинжлэх ухааны туршилтан дээр үндэслэсэн тооцоолол юм. Өөрөөр хэлбэл 80 км/цаг буюу түүнээс бага хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч уг тэмдгийг хөдөлгөөний явцад хараад тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох үйлдэл хийх бүрэн боломжийг түүнд олгодог...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96-99/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... сумаас гараад хоньтой хөшөө өгсөж байхад машин араагүй болоод хөдөлж чадахгүй болсон. Ингээд би аль болох замаа чадах хэмжээгээр чөлөөлөөд сүүлдээ аргагүйн эрхэнд зогсоход машины арын тэнхлэг 1,5 метр хөвөө хэсэг рүү орж чадаагүй үлдэж зогссон. Машинаас буугаад кроп эвдэрснийг мэдээд машиныг бүрэн зогсоогоод 20 литрийн маслоны савыг машины ард 50 метр орчим зайд байрлуулаад дээр нь ослын гурвалжин тавиад чулуугаар салхинд хийсгэхээс хамгаалж бэхжүүлсэн. ...Кропоо ачаад аймагт ирсэн боловч засварлах боломжгүй гээд хот руу захиад ирэхийг нь хүлээгээд аймагт ирээд нэг хоноод өдөр нь өнгөрөөд байхад буюу машин т эвдрээд зогссоноос хойш 36 цагийн дараа 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим машин дээр байсан хүн над руу залгаад машины араас хүн мөргөчихлөө хүрээд ир гээд ... очиход улсын дугаартай тээврийн хэрэгсэл маркийн машины араас мөргөж жолооч нь нас барсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 151-152/
*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1-р хх-ийн 01-04/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 11-15, 16, 17/
Зам тээврийн осолд холбогдсон улсын дугаартай, Toyota Prius маркийн, улсын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-19/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 73-74/
Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/
Төлбөрийн нэхэмжлэх /1-р хх-ийн 89/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/
Гэрч С.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 239-240/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 243-244/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 247-248/
Гэрч мэдүүлэг /2-р хх-ийн 01-02/
Гэрч мэдүүлэг /2-р хх-ийн 10-11/
Гэрч мэдүүлэг /2-р хх-ийн 14-15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181 тоот “ цогцосноос авсан цусанд 1,3 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 68-69/
Шинжээч Б.Галсанжамцын мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/
Гэрч , нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 235-236/
Иргэний хариуцагч Б.ын мэдүүлэг /1-р хх-ийн 185-186/
Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 106/
Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан улсын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 107/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 109-130/
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 158, 159/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 161/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргасан “хохирол төлбөрт 4,000,000 төгрөгийг *******эд шилжүүлсэн тухай” банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Боржигин овогт ******* нь улсын дугаартай, Beiben North Benz маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт зам дээр ослын зогсолт хийж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-т “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байсан чинь аавын төрсөн дүү утсаар яриад “аав нь зам тээврийн осолд ороод нас барсан байна” гэхээр нь би сум руу ирэхэд аав зам дээр өөрийн машинтайгаа том оврын ачааны машины араас мөргөөд нас барсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...намайг ирэхэд машиныхаа кропыг сугалсан байсан ба миний унаж ирсэн машинд кропоо ачаад “та машин хараад үлдчих, би аймаг руу явж янзлуулаад ирье” гэхээр нь зөвшөөрч үлдээд машиндаа ганцаараа унтсан. Ингээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим би машинаас буугаад гадаа хүндээр бие засч байсан чинь ертөнцийн зүгээр баруун талаар бүдэг гэрэлтэй машин их хурдтай ирж байхаар нь гүйгээд гараараа даллахад харалгүй тоормос дуугарах чимээ сонсогдож байгаад ачааны машины араас мөргөсөн...” гэх, гэрч ийн “... сумын 1 дүгээр баг гэх газарт аймгийн төвөөс 118 км зайд улсын дугаартай шаланз маркийн тээврийн хэрэгслийн араас улсын дугаартай, Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарч улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нас барсан байхаар нь би хэргийн газрыг хамгаалалтад авч жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж ажилласан. Намайг хэргийн газар очиход ямар нэгэн ослын гурвалжин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд огт байгаагүй. Би гэгээтэй үед хэргийн газар очсон учраас ойр орчмоор нь харахад гурвалжин огт харагдахгүй байсан...” гэх, гэрч ын “...ямар нэгэн ослын гурвалжин байрлуулаагүй байсан. Би ойр орчмоор нь үзэхэд гурвалжин байгаагүй. Мөн газарт ослын гурвалжны эвдэрч бутарсан хэсэг огт байгаагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 123 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/24 тоот дүгнэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/53 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч Б.Галсанжамцын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч С.Мягмарсүрэн, А.Өлзийхутаг, Р.Бямбаа, Б.Бүжин, Б.Болорцэцэг, С.Халиунаа, Д.Дэлгэрцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Зам гэдэг бол тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан нийтийн хэрэгцээний зурвас газар байхаас гадна замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй шуурхай зорчих, аюул осолтой байдал бий болгохгүйн тулд замын тэмдэг, тэмдэглэлийг шаардлагатай тохиолдол, газар болгонд байрлуулж хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Гэтэл шүүгдэгч ******* нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ эвдрэл гэмтлийн улмаас зам дээр зогсоож ослын зогсолт хийхдээ зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах, мөн ослын зогсолтын тэмдгийг байрлуулах жолоочийн үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн замаар зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч амь нас хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн “...9 метр 30 см хөвөө хэсэг нь 1 метр 50 см-тэй эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байв. Уг замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэсэн зам /урсгал/ дээр толгой хэсгээ зүүн зүгт харуулсан V3 маркийн том оврын ачааны чиргүүлтэй автомашин зогссон байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч А.Өлзийхутаг, Р.Бямбаа, Б.Бүжин, Б.Болорцэцэг нарын “...тухайн осол болсон газар ослын гурвалжин тэмдэг байгаагүй талаар...” өгсөн мэдүүлэг, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/53 тоот “...Nord Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн боловч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй байна. Түүнд дээрх арга хэмжээг авах боломж цаг хугацааны хувьд байсан гэж үзэж байна. Nord Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ослын дохионы гэрэл асаагаагүй, ослын тэмдэг байршуулаагүй нь Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй явдал гэж үзэж байна...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч Б.Галсанжамцын өгсөн “...кроп эвдэрсэн автомашиныг хөдөлгөх бүрэн боломжтой. Учир нь кроп нь мотороос дугуй руу хүч дамжуулах үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн дугуйны хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй. ...тээврийн хэрэгслийг замаас хэрхэн чөлөөлөх нь жолоочийн өөрийнх нь авах арга хэмжээ...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулахаар хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Д.Энхбаяр нь шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж 3 жил 6 сар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохиролд 4,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт 4,000,000 төгрөгийг төлсөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жил зургаан сараар тогтоож, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Энэ гэмт хэргийн улмаас амь нас хохирсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн 2121003000349 дугаартай хэрэгт прокурорын тогтоолоор Б., ******* нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч *******гийн жолоодож явсан улсын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан лавлагаагаар “Өршөөлтийн ариун” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч тухайн тээврийн хэрэгслийг Б., ******* нар хамтран худалдан авч, тэдгээрийн эзэмшилд байдаг болох нь “Өршөөлтийн ариун” ХХК-ийн захирал гэрчээр өгсөн “... улсын дугаартай, V3 маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанид ямар нэг хамаагүй. ын эзэмшлийнх бөгөөд нь машинаа нүүрс тээвэрт явуулахын тулд манай компанийн нэр дээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Б.ын “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь байгаа юм. 2021 оны 04 дүгээр сард Баянжаргалын ийн хамт тус бүр 50, 50 хувийг гаргаж худалдаж авч байсан...” гэх, *******ийн “... гэх хүнийг 2011 оноос хойш таньдаг болсон. Бид хоёр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу өвс тээвэрлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын орчимд улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг дундаасаа мөнгө гаргаж худалдан авч байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогддог тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч *******гийн бусдад учруулсан гэмт хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг Б., ******* нарт үүсч байгаа юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байхаас гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд тухайн тээврийн хэрэгсэл хориглосон газарт зайлшгүй зогсолт хийх болсон үндэслэл нь тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан мөн жолооч нь зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх, ослын зогсолтын тэмдгийг байрлуулах үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлын 50 хувийг шүүгдэгч *******гээс, үлдсэн 50 хувийн хохирлыг иргэний хариуцагч Б., ******* нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 12,141,184 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 2,500,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 31,625,000 төгрөг нийт 46,266,184 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж, шүүгдэгч ******* нь түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 4,000,000 төгрөгийг төлжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь амь хохирогчийн оршуулгын зардалд 12,141,184 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт /1-р хх-ийн 108-130/-аар нотлогдон тогтоогдож байх тул оршуулгын зардлын 50 хувийг шүүгдэгч *******гээс, үлдсэн 50 хувийг иргэний хариуцагч Б., ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин өмгөөлөгчийн хөлсөнд 2,500,000 төгрөгийг төлсөн талаарх холбогдох баримт байхгүй, мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаар сэтгэцийн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон байх шаардлагатай учраас энэхүү шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр 31,625,000 төгрөг нийт 34,125,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, Б., ******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б., ******* нараас оршуулгын зардалд 12,141,184 төгрөгийг гаргуулахдаа шүүгдэгч *******д оногдох хэсгээс түүний хохирол төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийг хасч тооцоод Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******гээс 2,070,592 төгрөгийг, иргэний хариуцагч Б.оос 3,035,296 төгрөгийг, иргэний хариуцагч *******өөс 3,035,296 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******эд олгохоор тогтоож шийдвэрлэв.
Иргэний хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдааныг товлосон цагт явуулах, шүүх хуралдаан хойшлуулах явдал олон дахин давтагдахгүй байх, хэргийг хуулиар тогтоосон хугацааны дотор шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг аль болох богино хугацааны дотор сэргээх, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бусад оролцогчдын санал хүсэлт, ашиг сонирхлыг харгалзан үзэх зэрэг хуулиар тогтоогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтуудад нийцүүлэн түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дорнод аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн зардалд 800,000 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дуусмагц тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар оршуулгын зардалд шүүгдэгч *******гээс 2,070,592 /хоёр сая далан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг, иргэний хариуцагч Б.оос 3,035,296 /гурван сая гучин таван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг, иргэний хариуцагч *******өөс 3,035,296 /гурван сая гучин таван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын ........ дүгээр баг, ......... тоотод оршин суух, Иөншөөбү овогт ийн /РД: /-д олгохоор тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр 31,625,000 төгрөг нийт 34,125,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, Б., ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА