| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0088/э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000076 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эх, дүү, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хуасай овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” зочид буудлын тоот өрөөнөөс иргэн эзэмшлийн “ ” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 4,274,910 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цагийн орчим өөрийн найз Баярсайханы хамт ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны найман нэрийн дэлгүүрээс 1 шил Эдэн архи, 1 ширхэг кола, тамхи худалдан авч буудалд 2 ортой өрөө аваад өрөөндөө орох гэж явахад үүдэнд зүс таних эмэгтэй таарч хамт уух талаар ярилцаад бид хоёрыг дагаж өрөөнд ороод юм ярьж байхдаа тухайн эмэгтэй өөрийн найзаа дуудаж авчирсан. Тэгээд дэлгүүрээс авчирсан архийг ууж байгаад би өөрийн эзэмшлийн Samsung маркийн гар утсаа ширээн дээр тавиад 00-ийн өрөө рүү ороод гарч ирэхэд гар утас минь байхгүй зүс таних эмэгтэйн дуудаж авчирсан найз нь гараад явчихсан байсан. …Би хулгайд алдагдсан гэх маркийн гар утсаа бүрэн хүлээж авсан бөгөөд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, тиймээс надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-11/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* сумын 6 дугаар баг, Сүхжингийн байрны ойр орчимд хүнтэй цуг машинтай нь явж байхад зүс таних ******* гэх хүүхэн над руу залгаад “Та таксинд явж байна уу” гэхээр нь “Яагаа вэ, унаа хэрэгтэй бол хүний унаатай явж байна” гэж хэлэхэд “******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг буудлын үүдэнд хүрээд ир” гэж хэлэхээр нь 01 цагийн орчимд яваад очиход ганцаараа байсан бөгөөд надаас “дүү нь гар утсаа ломбарданд тавих гэсэн юм, онгорхой газар байна уу, маргааш авах юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “одоо онгорхой газар хаана байх вэ дээ” гэхэд “Та тэгвэл 50,000 төгрөгөөр авчих, би танаас маргааш авъя” гэж хэлсэн. Зүс таньдаг хааяа намайг таксинд явж байхад явдаг байсан болохоор мэдэх учир янз бүрийн юм саналгүй 50,000 төгрөг бэлнээр өгөөд тухайн гар утсыг нь авчихсан юм. ******* тухайн газраа үлдсэн. Маргааш өглөө нь над руу цагдаагаас залгаад тухайн гар утсыг байгаа эсэхийг асуухаар нь байгаа гэдгээ хэлэхэд хүний хулгайд алдсан гар утас болохыг хэлсэн. Би цагдаа руу ирж байсан чинь утасны эзэн нь над руу залгаад бид хоёр цагдаа дээр тухайн гар утсыг нь хүлээлгэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...19 цаг өнгөрөөгөөд тухайн хоёр залуугийн өрөөнд нь орсон. Тэгсэн тэр хоёр намайг “таньдаг нэг найзыгаа хань болгоод дуудчих” гэхээр нь би “тэгье” гээд найз ******* рүү чатаар холбогдож байгаад дуудсан. ******* 21 цаг өнгөрөөгөөд орж ирсэн ба бид дөрөв том савтай 2 пиво, 1 шил архи ууж байгаад би “ингэж байгаад хоёулаа явъя, би доошоо буучихаад ирье” гэж хэлээд буусан. Удалгүй 5 орчим минутын дараа орж ирэхэд хамт байсан гэх залуу “би 00 орох хооронд танай найз чинь миний 5 сая төгрөгийн гар утсыг аваад гарчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь *******гийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Сүүлд нь цагдаагийн гар утсаар залгаж байгаад *******г авчраад уулзахад “би гар утсыг нь хүнд зарчихсан, өглөө аваад өгье” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 16-17/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...намайг очиход танихгүй хоёр залуугийн хамт найзууд нь гээд байсан бөгөөд архи ууж байсан. Бид хэд хамт сууж байгаад уурлаад доошоо буусан. Тэгэхэд утасны эзэн 00 орсон бөгөөд гар утсаа ширээн дээр орхичихсон байсан. Тэр хооронд нь би уг гар утсыг авч гараад “” буудал ороод хүний утсаар танил гэх хүн рүү яриад дуудсан. Ирэхээр нь уг гар утсыг ломбардад тавих гэсэн юм гэж хэлээд 50,000 төгрөг бэлнээр аваад миний гар утас маргааш авъя гэж хэлээд өгсөн...” гэжээ. /хх-ийн 31-32/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ДЦ-23-49 тоот дүгнэлт /хх-ийн 21-24/
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 32/
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нийгмийн ажилтны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 33/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/
Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 41/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хуасай овогт ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” зочид буудлын тоот өрөөнөөс хохирогч эзэмшлийн Samsung загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,274,910 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...утасны эзэн 00 орсон бөгөөд гар утсаа ширээн дээр орхичихсон байсан. Тэр хооронд нь би уг гар утсыг авч гараад “” буудал орж хүний утсаар танил гэх хүн рүү яриад дуудсан. Ирэхээр нь уг гар утсыг ломбардад тавих гэсэн юм гэж хэлээд 50,000 төгрөг бэлнээр аваад “миний гар утас маргааш авъя” гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...дэлгүүрээс авчирсан архийг ууж байгаад би өөрийн эзэмшлийн Samsung маркийн гар утсаа ширээн дээр тавиад 00-ийн өрөө рүү ороод гарч ирэхэд гар утас минь байхгүй, зүс таних эмэгтэйн дуудаж авчирсан найз нь гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ын “...01 цагийн орчимд яваад очиход ганцаараа байсан бөгөөд надаас “дүү нь гар утсаа ломбарданд тавих гэсэн юм, онгорхой газар байна уу, маргааш авах юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “одоо онгорхой газар хаана байх вэ дээ” гэхэд “Та тэгвэл 50,000 төгрөгөөр авчих, би танаас маргааш авъя” гэж хэлсэн. Зүс таньдаг хааяа намайг таксинд явж байхад дууддаг байсан болохоор мэдэх учир янз бүрийн юм саналгүй 50,000 төгрөг бэлнээр өгөөд тухайн гар утсыг нь авчихсан юм. ******* тухайн газраа үлдсэн. Маргааш өглөө нь над руу цагдаагаас залгаад тухайн гар утсыг байгаа эсэхийг асуухаар нь байгаа гэдгээ хэлэхэд хүний хулгайд алдсан гар утас болохыг хэлсэн. Би цагдаа руу ирж байсан чинь утасны эзэн нь над руу залгаад бид хоёр цагдаа дээр тухайн гар утсыг нь хүлээлгэж өгсөн...” гэх, гэрч Э.ийн “...би “ингэж байгаад хоёулаа явъя, би доошоо буучихаад ирье” гэж хэлээд буусан. Удалгүй 5 орчим минутын дараа орж ирэхэд хамт байсан гэх залуу “би 00 орох хооронд танай найз чинь миний 5 сая төгрөгийн гар утсыг аваад гарчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь *******гийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Сүүлд нь цагдаагийн гар утсаар залгаж байгаад *******г авчраад уулзахад “би гар утсыг нь хүнд зарчихсан, өглөө аваад өгье” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ДЦ-23-49 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд *******д оршин суух газар, өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөнд 4,274,910 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ДЦ-23-49 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь хулгайд алдсан Samsung маркийн гар утсаа буцаан авч, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуасай овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА