Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0199

 

Ю.К , Н.О нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ю.К , Н.О нар;

Нэхэмжлэгч: Ю.К , Н.О

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ю.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/30Х дугаар захирамжийн М.Ж-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/43Х дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/1029 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Ч,

Гуравдагч этгээд Ю.А ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0318/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.К, Н.О нь Баянзүрх Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/30Х дугаар захирамжийн М.Ж-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/43Х дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1029 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О, Ю.К нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ю.К , Н.О нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. Ю.К , Н.О нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/1029 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэр нь бичгээр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр албажиж гарсныг шүүхээс нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрийг гардаж авсан болно. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийг 47 дугаар зүйлийн 47.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

Гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч нарын зүгээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/30Х дугаар захирамжийн М.Ж-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/43Х дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган, “... хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны актуудыг гаргасан, маргаан бүхий захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий 182 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн,... анхнаасаа М.Ж, Ю.А  нар уг газрыг эзэмших ёсгүй байсан...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б гаргасан, үүрэг гүйцэтгэгчид газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг холбогдох хуулиараа олгоогүй...” гэсэн үндэслэлээр маргасан.

 

3.2. НЭГ. Шүүх шийдвэрийнхээ 4.6-д “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай” тогтоол батлагдан гарахаас өмнө маргаан бүхий 182 м.кв газрыг иргэн М.Ж 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүсэлтээ өөрийн оршин суух хорооны Засаг даргаар уламжлуулан ...баримтыг бүрдүүлэн гаргасан... Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх хүсэлтийг хүлээн авч хянан үзээд ... эрх хэмжээнийхээ хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжийг гаргасан, уг захирамж хууль зүйн үндэслэл бүхий эрхийн акт мөн.”, 4.7-д “Нэгэнт хотын суурьшлын бүсийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдөхөөс өмнө олгогдсон газраа шилжүүлэхээр дүүргийн Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн...”, 4.10-д “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжүүд тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжуудаар иргэн М.Ж, Ю.А нарт эзэмшүүлсэн маргаан бүхий 182 м.кв газар нь анхнаасаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2.3.1-ийн 20 дахь хэсэгт инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар, Амгалан орчимд 2.1 км газар цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн газарт хамаардаг.

 

3.2.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан. Үүнээс үзэхэд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамж гарахаас өмнө буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор маргаан бүхий 182 м.кв газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн болох нь эргэлзээгүйгээр шууд тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд А/30Х дугаар захирамж гарахаас өмнө сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар юм.

 

3.2.2. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоосны дотор Баянзүрх дүүргийн 1Х дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 164 га газар багтсан. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2014/04-018 дугаартай Баянзүрх дүүргийн 1Х дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг баталж, уг ажлын даалгаврын эдэлбэр газрын байршилд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 1Х дугаар хороо, Ж-46Ха тоот хаягт бүртгэлтэй 182 м.кв орсон. Түүнчлэн, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/32 дугаартай албан бичгээр “... Баянзүрх дүүрэг, 1Х дугаар хороо, Ж-2, 46Ха тоот буюу иргэн М.Ж-ын эзэмшиж байгаа кадастрын 186483109183ХХ нэгж талбарын дугаартай газрын хойд хэсэгт манай байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүргэгдсэн цэвэр, бохир усны ф200 шугам хоолой байна. Тус шугам хоолойны ажлыг 2014 онд бохир усны ф200 шугам, 2015 онд цэвэр усны ф200 шугам хоолойг барьж ашиглалтад оруулсан” гэсэн байдаг.

 

3.2.3. Эдгээр баримтуудаас үзэхэд, маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар байх тул Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчиж, өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, М.Ж, Ю.А нарт газар эзэмшүүлсэн нь хэрэг авагдсан баримтуудаар шууд тогтоогдож байх тул дээрх захирамжууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “...өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх илт хууль бус байх шинжийг бүрэн агуулж байна.

 

3.3. ХОЁР. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 4.4-д “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжаар М.Ж-т газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжаар М.Ж-аас Ю.А-д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх цаг хугацаанд хамаарах үед нэхэмжлэгч Ю.К, Н.О нар тухайн эзэмшихийг хүсэж буй газрыг эзэмших талаар ямарваа нэг хүсэлт гаргаж байгаагүй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн агуулгаар дүгнэлт хийжээ.

 

3.3.1. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж байгаа болон захиргааны хэргийн шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар нэхэмжлэл, нэхэмжлэлийн бүрдүүлбэр болон тодруулсан шаардлагадаа маш тодорхой дурдаж, шүүх хуралдаанд тайлбар хийн мэтгэлцсэн. Мөн анх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаж буй газар нь нийт 882 м.кв байсныг 700 болон 182 болгон салгаж 700 м.кв газрыг өмчлөхөөр, 182 м.кв газрыг эзэмшихээр Ю.А  нь захирамж гаргуулан авсан байдаг. Улмаар 700 м.кв газартай холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж наалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалаар “...нэхэмжлэгч нарын тухайд өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчлөхөөр хуульд зааснаар зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаагүй, эдгээр асуудлуудыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж байгаагүй тул газар эзэмших, өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй гэж үзнэ... нэхэмжлэгч нарын ямар нэгэн зөрчигдсөн гэх хууль ёсоор хамгаалагдах эрх, ашиг сонирхол байхгүй байна.” гэж дүгнэн “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

3.3.2. Уг магадлалд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор маргаан бүхий захирамжуудаар газрыг Ю.А д өмчлүүлсэн нь уг хашаанд амьдарч, бодитоор эзэмшиж, ашиглаж байсан гэр бүлийн гишүүд болох нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ талаарх ...гомдол үндэслэлтэй.... маргаан бүхий ... захирамжийн Ю.А-д холбогдох хэсгүүд нь нэхэмжлэгч нарт хамааралгүй буюу нэхэмжлэгч Ю.К ... нарын шүүхэд маргах эрхийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй, “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн байгууллагад нийцэхгүй дүгнэлт хийжээ” гэсэн дүгнэлтийг хийн өөрчлөлт оруулсан. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

 

3.4. ГУРАВ. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “Энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг хуульчилсан.

 

3.4.1. Гэтэл маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б гэдэг хүн гаргасан байдаг. Засаг дарга гэдэг бол улсын төрийн албан тушаал бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдож, дээд шатны Засаг дарга бүрэн эрхийг нь баталгаажуулж, тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Иймд үүрэг гүйцэтгэгч Т.Б нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны актыг гаргажээ. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт огт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч болох Н.О, Ю.К нар нь эхнэр нөхөр бөгөөд гэр бүлийн хамт Баянзүрх дүүрэг, 1Х дугаар хороо, Ж-ы 23 дугаар гудамжны 2-46Х болон 46Ха тоотод одоог хүртэл дангаар амьдардаг. Харин гуравдагч этгээд Ю.А тухайн хашаанд амьдардаггүй. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн А/30Х дугаар захирамжаар “олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмшихийг хүсэж хүсэлт ирүүлсэн” гэсэн үндэслэлээр М.Ж-т /нэг хүнд маргаан бүхий 182 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай дангаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Улмаар дээрх газрыг мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжаар М.Ж-аас Ю.А-д шилжүүлсэн.

 

3.4.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий хашаанд хэн тогтвор суурьшилтай амьдарч байгааг нягтлан шалгаж тогтоолгүй, 2014 онд М.Ж нь тус газарт ганцаараа амьдарч байгаагүй, үр хүүхэд, ач, зээ нартайгаа амьдарч байхад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэг хүнд дангаар эзэмшүүлсэн. Маргаан бүхий газарт хамт амьдарч байсан иргэд газар эзэмших эрхээсээ татгалзсан эсэхийг тодруулах боломжтой байхад энэ ажиллагааг хийлгүй бодит үнэн байдалд нийцээгүй баримтыг үндэслэж захирамж гаргасан.

Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ихээр зөрчигдөж байгаа бөгөөд маргаан бүхий газрыг анхнаасаа М.Ж, Ю.А нар эзэмших ёсгүй байсан. Гэтэл хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийн улмаас бид олон жил гэр бүлийн хамт тогтвор суурьшилтай амьдарч эзэмшиж, ашиглаж ирсэн газраа эзэмших боломжгүй болж, алдахад хүрч эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдөж, зөрчигдсөн. Хэрвээ шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох юм бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар өөрийн олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй газрыг эзэмших тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад гаргах эрх үүсч, гаргасан хүсэлтийг маань эрх бүхий этгээд мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх асуудлыг хянан шийдвэрлэн улмаар шийдвэр гаргаж, гэрээ байгуулан гэрчилгээгээ авах боломжтой болж, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх юм.

3.4.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/1029 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжийн М.Ж-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхив.

 

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжаар олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн хавсралтад дурдсан 317 иргэн газар эзэмших эрхийг баталгаажуулсны дотор 129 дугаарт М овогтой Ж /2021.03.08-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч Ю.К болон гуравдагч этгээд Ю.А нарын төрсөн эх/ Баянзүрх дүүргийн 1Х дугаар хороо, Ж 23-46Ха тоот 181 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар түүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн отгон хүү Ю-ийн А-д 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.7, 21.5, 21.5.4, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасантай тус тус нийцсэн байна. Уг актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.1. Тодруулбал, талуудын маргаж буй байршилд анх нийт 882 м.кв байсныг 700 м.кв газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдтэй үйл баримт тогтоогдож байна.

 

Харин үлдэх газар болох 182 м.кв газрын тухайд:

 

2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр Ю.К, Н.О нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжийн М.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 545 дугаар магадлалаар “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны ...А/43Х дугаар захирамж, М.Ж-т газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ...А/30Х дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч Ю.К, Н.О нарт нь тухайн газарт газар эзэмших хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж байсан эсэх талаар баримт авагдаагүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

2.3. Ингэснээр шүүх нотлох зарчмын хүрээнд энэ талаарх лавлагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсаны дагуу тус албанаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/2009 дугаар албан бичгээр “...иргэн Н.О, Ю.К  нарын нэр дээр газар эзэмших тухай гаргасан өргөдөл Газрын кадастрын мэдээллийн системд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бүртгэлгүй байна” /4хх-ийн 145/ гэсэн лавлагаа, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

2.4. Харин анх М.Ж нь Баянзүрх дүүргийн 1Х дугаар хороо, Ж 23-46Ха тоот хаягт байршилтай 182 м.кв газрыг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр /4хх-ийн 178/-ын “...Баянзүрх дүүргийн 1Х-р хороо Ж-ы 23-46Ха тоотод 48 жил амьдарсан билээ. Миний бие 181.7 м2 талбай бүхий ... газрын зөвшөөрөл олгож өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж, Баянзүрх дүүргийн Засаг даргад 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжийн хавсралтаар 181 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, үүний дараа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М.Ж-аас өөрийн отгон хүү болох Ю.А  (гуравдагч этгээд)-д өөрийн эзэмшлийн 182 м.кв газрыг өвлүүлэн өгөх тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаснаар мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

 

2.5. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М.Ж-аас Ю.А д газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн гэрээ, 04 дүгээр сарын 15-ны өдрийн өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын карт, М.Ж-аас Ю.А д газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт, мөн өдрийн Ю.А  нарын газар эзэмших, ашиглах тухай хүсэлт, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт зэрэг баримтуудаар маргаан бүхий 182 м.кв газрын эзэмших эрхийг анх М.Ж-т олгохоор шийдвэрлэсэн болон газар эзэмших эрхийг М.Ж-аас гуравдагч этгээд Ю.А-д шилжүүлж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

 

2.6. Энэ талаар анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч Ю.К, Н.О нар тухайн эзэмшихийг хүсэж буй газрыг эзэмших талаар ямарваа нэг хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон ...хариуцагчаас нэхэмжлэгч Ю.К, Н.О нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан, уг эрхтэй холбоотой хуулийг илтэд буруу хэрэглэсэн зөрчсөн зүйлгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

2.7. Иймд нэхэмжлэгч нарын “...иргэн М.Ж, Ю.А нарт эзэмшүүлсэн 182 м.кв газар нь анхнаасаа нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2.3.1-ийн 20 дахь хэсэгт инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 1Х дугаар, А орчимд 2.1 км газар цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн газарт хамаардаг. ...цаг хугацааны хувьд А/30Х дугаар захирамж гарахаас өмнө сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар...” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.8. Нөгөөтээгүүр, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 13/52 дугаар тогтоол, мөн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай” 19/23 дугаар тогтоолууд нь батлагдан гарахаас өмнө цаг хугацааны хувьд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна.”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасны дагуу маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/30Х дугаар захирамжаар иргэн М.Ж-т төдийгүй нийт 317 иргэнд газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр нь төрөөс газрын талаар баримтлах газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцжээ.

 

2.9. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-т “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын /үүрэг гүйцэтгэгч Т.Б/ 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43Х дугаар захирамжаар газар эзэмшигч иргэдээс одоо эзэмшиж буй газраа нэр шилжүүлэхээр 291 иргэдийн гаргасан хүсэлтийг үндэслэж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 

2.10. Дээрхээс үзэхэд, иргэн М.Ж-т болон гуравдагч этгээд Ю.А-д маргаан бүхий газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/30Х, 2020 оны А/43Х дугаар захирамжууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчөөгүй байх тул уг актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.11. Иймд нэхэмжлэгч Ю.К, Н.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/1029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

             ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ   

             ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА