Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,         

улсын яллагч О.Багшбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тамираа,

шүүгдэгч М.Бат-Орших, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бат-Оршиход холбогдох 201625012506 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а байр 35 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 1а байрны 1 тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Айр экспресс” билетийн кассын төвд тиз борлуулагчаар ажиллаж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ89121136, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Бат-Орших.

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Бат-Орших нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группийн “Хан Мон Лоу” ХХК-ийн 10 ажилтны Солонгос явах онгоцны билет гаргаж өгнө гэж хуурамж онгоцны билет бичиж, албан тушаалын байдлаа ашиглан, итгэл эвдэх аргаар 9.800.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Бат-Орших шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хувийн хэрэгцээнд мөнгөний шаардлага гарч “Хан Мон Лоу” ХХК-тай холбогдож 9.8 сая төгрөгийг авч хувьдаа завшиж хэрэглэсэн. Би энэ хэргийг ажлаа хийж байх хугацаандаа үйлдсэн. Өөр зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тамираа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Манай хууль зүйн “Хан Мон Лоу” ХХК 2016 он гарсны дараа удирдлагуудын зүгээс Солонгос Улс дахь салбар, Монгол Улс дахь салбар хоорондоо харилцаад Монгол улс дахь салбарын 10 ажилтангаа Солонгос улс дахь салбар хууль зүйн товчоондоо айлчлал хийх, Солонгос Улсын Дээд шүүхтэй танилцах 10 хоногийн хөтөлбөр гаргаж 10 ажилтан Солонгос улс руу явуулах хугацаа нь наадмын үеэр таарсан. Наадмын үеэр билет олдохгүй, эсвэл үнэтэй гэсэн шалтгаанаар хэцүү байдаг учраас 2016 оны 5 дугаар сард билетээ захиалахаар болсон. Би өмнө нь хувийн хэрэгцээндээ М.Бат-Оршихоос 2 удаа билет авч байсан. Тухайн үед М.Бат-Оршихоос билетны үнэ асуухад нэг хүн 980.000 төгрөг болно гэсэн. Тэгээд манай нэг ажилтан амаржиж нялх хүүхэдтэй учраас явах эсэх нь тодорхойгүй байж байгаад явна гээд 10 ажилтан явахаар болсон. Би 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хувийн шалтгаанаар М.Бат-Оршиход билет захиална гэж хэлээд ээлжийн амралтаа аваад Солонгос улс руу явсан. М.Бат-Оршиход манай байгууллага мөнгөө бэлдчихсэн, өнөөдөр орой явчих учраас маргааш мөнгөө аваад билетээ өгөөрэй гээд байгууллагатайгаа холбож өгөөд үлдээгээд явсан. Тэгсэн М.Бат-Орших 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай компани дээр ирж мөнгийг авсан байсан. Би 1 сарын дараа буюу 6 дугаар сарын 5, 6-ны үед Солонгос улсаас буцаж ирсэн. М.Бат-Орших нэг хүн нь мөнгөө өгөөгүй, мөнгөө өгөх боломжтой байна уу гээд фэйсбүүкийн чатаар бичсэн. Өмнөх мөнгөө авсан гэх баримт манай компанид өгөөгүй байсан учраас санхүүгээс асуухад М.Бат-Орших мөнгөө оффис дээрээ аваачиж өгөөд санхүүгээс баримт өгсөн тохиолдолд өгдөг гэсэн мөртлөө өгөөгүй гэсэн. Тэгээд би М.Бат-Оршихоос асуухад үлдсэн мөнгөө аваад нэг мөр баримтаа өгнө гэсэн. Тэгээд би байгууллагынхаа дансыг өгчих гэхэд манай байгууллага 3 хоногийн хугацаатай дансанд шинэчлэл хийгдэж байгаа учраас хаагдсан миний хувийн данс руу шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би гайхаад байгууллагаасаа асууж ярилцаад үлдсэн мөнгөө бэлнээр өгсөн. МИАТ руу залгахад билетийн дугаар байх ёстой гэсэн. Солонгос дахь компаниас дахин мөнгө явуулж өсөлттэй үнээр дахин билет авч явсан. Тэгээд өдийг хүрсэн гэв”.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-9-49/, “Хан Мон Лоу” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч томилсон тухай албан бичиг /хх-68/, гэрч С.Шижиртуяагийн мэдүүлэг /хх-73/, гэрч С.Шүрэн-Эрдэнийн мэдүүлэг /хх-74/, гэрч М.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-75-76/, гэрч Э.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-77-79/, гэрч Ч.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-84-86/, гэрч Г.Жавзандулмын өгсөн мэдүүлэг /хх-87-88/, гэрч Ж.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-91-92/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5154 дугаартай дүгнэлт /94-95/, шүүгдэгч М.Бат-Оршихийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-113-114/, “Хан Мон Лоу” ХХК-ийн мэдэгдэл /хх-115/, “Айр Экспресс” ХХК-ийн М.Бат-Оршихийг ажилд томилох тухай захирлын тушаал /хх-126/, “Айр Экспресс” ХХК-ийн М.Бат-Оршихийг ажлаас чөлөөлсөн тухай захирлын тушаал /хх-127/, шүүгдэгч М.Бат-Оршихийн иргэний үмэнлэхний лавлагаа /хх-131/,  шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-134/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-136/, М.Бат-Оршихийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-137-138/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх-141-142/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-175-177/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Бат-Орших нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группийн “Хан Мон Лоу” ХХК-ийн 10 ажилтны Солонгос явах онгоцны билет гаргаж өгнө гэж хуурамж онгоцны билет бичиж, албан тушаалын байдлаа ашиглан, итгэл эвдэх аргаар 9.800.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь:  

 

Гэрч М.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай компани нийт 10 ажилтны хамт БНСУ дахь таван компаниас баталсан бизнес аялалын хөтөлбөрийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сөүл яваад 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр буцаж ирэхээр энэ оны эхнээс төлөвлөсөн. Бид энэхүү аялалаар явахын тулд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу явахаас 2 сарын өмнө "Air expert” билетийн кассын төвд хандан 10 хүний нислэгийн суудал бичүүлсэн. "Air expert” билетийн кассын төвд ажилладаг Мөнгөнцэцэгийн Бат-Оршихтой холбогдсон бөгөөд бидэнд 9 хүний нислэгийн билет бичиж хэвлэн, манай ажлын байранд авч ирээд 8 хүний төлбөрийг нь бэлнээр тоолж өгсөн. Бид баримт шаардахад мөнгийг чинь өгч байж баримт хэвлэгддэг тул очоод эргүүлээд явуулъя гэсэн. Ингээд  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 хүний онгоцны билетийн мөнгийг ирж аваад сүүлд нь ирсэний дараа миний онгоцны билетийн мөнгийг авсан. Тэгээд манай компаниас онгоцны билетийн мөнгө гэж нийтдээ 9.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Анх бид Мөнхцэцэгийн Бат- Оршиход билет захиалахдаа 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр яваад 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирэхээр бичүүлээд билетээ авсан байсан. Удалгүй 3 хоногийн дараа шаардсан боловч Мөнгөнцэцэгийн Бат-Орших нь надад ”Наад билетийг чинь солиулах ямар ч шаардлагагүй. Энэ программ дээр тэмдэглэгээ хийчихсэн болохоор асуудалгүй, билетээ бариад нисэх дээр очиход л бүх зүйл хэвийн явагдана” гэж тайлбарлаж байсан. Тэр үед болох юм бол яахав гэж бодоод өнгөрөөсөн. Харин бид юу ч гэсэн нэг шалгуулчихъя гэж шийдээд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр МИАТ-ийн лавлахаас шалгуултал тухайн өдрийн нислэгийн зорчигчдын нэрсийн дунд манай ажилтнуудын нэг нь ч байхгүй тухай хэлсэн. Гайхаад “Air expert” билетийн кассын төвд хандан шалгуултал Мөнгөнцэцэгийн Бат-Орших нь ажлаас халагдсан. Та нарын нэрс зөвхөн захиалгын жагсаалтанд байна. Хурдан төлбөрөө төлж авахгүй бол суудал цуцлагдана гэсэн хариу авсан. Ингээд тэр даруй Мөнгөнцэцэгийн Бат-Оршихыг дуудан ирүүлж учир байдлыг лавлатал билетийг чинь одоо манай нягтлан танай и-мейл хаягаар явуулж байгаа. Түр хүлээж байгаарай хэмээн ажил дээр ирээд 2 цаг гаруй суусан. Мөн өөрийгөө ажлаас гараагүй байгаа. Өнөөдөр гэхэд л миний нийгмийн даатгал бодогдоод цалин хүртэл орж байгаа мэтээр худал яриад байсан тул үнэнийг шалгааж эхэлсэн. Харин удтал шалгаасны эцэст биднээс авсан мөнгөө хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч, биднийг хохиролгүй болгоно гэдгээ амласан. Гэхдээ Мөнхцэцэгийн Бат-Орших нь одоо боллоо, одоо мөнгөө шилжүүлж байна. Билетийг чинь авч байна гэх мэтчилэн цаг хугацаа үрэх зорилготой байнга худал хэлж, хууран мэхэлж байгаа тул бид хууль хяналтын байгууллагад хандан шийдүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна... ” /хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Дагины мөрдөн байцаалтад өгсөн ”...Манай байгууллагаас нэр бүхий хэдэн хүн аялалын шугамаар бүх зардлыг нь даагаад БНСАУ руу явуулахаар болоод намайг жирэмсний амралттай байхад миний нэр дээр Монголоос Солонгос Солонгосоос Монгол руу нисэх онгоцны тийз захиалсан байсан ямар байгуулагад билет захиалга өгснийг миний зүгээс мэдэхгүй байна. Байгууллагаас нэгдсэн журмаар даасан миний зүгээс ямар нэг төлбөр мөнгө төлөөгүй “Хан Мон  Лоу” ХХК-ийн 10 жилийн ой болоод Солонгос явах болсон...” /хх-80-81/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ”...2016 оны 5 дугаар сарын дунд үед манай захирал М.Уянга надад хандаж компанийн ажилчдын аялалын тийзний мөнгийг М.Бат-Орших гэж залуу ирнэ. Тэр залуу ирэхээр нь эхний ээлжинд 8 хүний онгоцны билетний мөнгө 7.840.000 төгрөгийг 1 хүний билетийн мөнгийг 980.000 төгрөгөөр өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө өөрийнхөө нэрийг хэлээгүй нэг өндөр залуу танай захирал таньтай уулзаад 8 хүний онгоцны билетийн захиалгын мөнгө авчих гэсэн гэж хэлэхээр нь би ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр тоолоод өгч явуулсан. Түүнээс хойш хэд хоносныг нь сайн мэдэхгүй байна нөгөө залуу орж ирээд нэмээд хоёр хүний билет захиалсан мөнгийг нь авчих гэж хэлсэн гэж хэлэхэд нь өмнө нь тэр залууд онгоцны тийз захиална гээд 10 хүний захиалгын хуудсыг үлдээгээд явахад нь мөнгөө бэлнээр авсан баримт авч ирж өгөөрэй гэж хэлж байсан болохоор захиалсан билет захиалсан мөнгө авчих гэж хэлсэн юм байна гэж бодоод 2 хүний билет захиалгын мөнгийг авчих гэж хэлсэн гээд 1.960.000 төгрөгийг өгч явуулсан. Тэрнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн нөгөө залуу мөнгө бэлнээр авч явсан авч ирж өгөхгүй байхаар нь О.Тамираа гэх орчуулагчаар дамжуулан хэлүүлсэн чинь нөгөө залуу нягтлан завгүй байгаа нягтландаа хэлээд удахгүй аваачиж  өгнө гээд хэлдэг байсан. Тэрнээс хойш О.Тамираа болон манай захирал М.Уянга нар бид нарын захиалсан билет захиалганд ороогүй байна нөгөө хүн чинь хуурч залилсан байна гэж хэлэхэд нь залилуулсан гэдгээ мэдсэн...” /хх-84-86/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Жавзандуламын мөрдөн байцаалтад өгсөн :”....Манай компаниас ажилчдаа авч явахаар болоод билетийн захиалга хийгдсэн. Ямар ч байсан компанийн зүгээс 10 ажилтан Солонгос улс руу 10 хоног аялалаар авч яваад ирсэн” /хх-87-88/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж. Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад  өгсөн :”....”Хан Мон Лоу” ХХК-ний ажилчид манай билетийн кассанд Солонгос явах 2 талын билетийг захиалсан гэж нэг өдөр асуухаар нь манайд тийм захиалга ирээгүй болохоор нь би салбарын захиралтайгаа холбоо барьж асуулгасан. Тэрнээс албан ёсоор надад мөнгө тушааж билет захиалаагүй. Манайх тусдаа захиалгын кассын ажилчинтай. Захиалга ирэхээр нь мөнгийг нь авдаггүй....” /хх-91-92/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5154 тоот дүгнэлтэд:

1.Шинжилж буй зүүн буланд “1”, түүний ард “хуурамч” гэх хар өнгийн будагчтай бичигт хэрэгслээр бичсэн “МИАТ” ХХК-ны онгоцны билет гэх баримтыг А-4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн баримт нь харьцуулах загвараар ирүүлсэн жинхэнэ гэх билеттэй ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

2.Зөрүүтэй шинж тэмдгүүдийн дүгнэлтийн шинжилгээ хэсгээс харна уу.

3. Шинжилж буй баримтыг хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хар цагаан хэвлэгчээр хэвлэсэн шинжээрээ зөрүүтэй байна. \хх-94-95\ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд М.Бат-Орших нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группийн “Хан Мон Лоу” ХХК-ийн 10 ажилтны Солонгос явах онгоцны билет гаргаж өгнө гэж хуурамж онгоцны билет бичиж, албан тушаалын байдлаа ашиглан, итгэл эвдэх аргаар 9.800.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч М.Бат-Орших нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Бат-Оршихоос хохирогч байгууллагад 9.800.000 төгрөг өгсөн болох нь хавтаст хэргийн 227 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч байгууллага “Хан Мон Лоу” билетын зөрүү 4.860.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Бат-Орших нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн фэйсбүүкээр холбогдож байсан гэх 10 хуудас баримт, 10 хүний 10 ширхэг хуурамч билет зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Бат-Оршихийг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч М.Бат-Оршихийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Оршиход оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Бат-Орших нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 9.800.000 төгрөгийг өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн фэйсбүүкээр холбогдож байсан гэх 10 хуудас баримт, 10 хүний 10 ширхэг хуурамч билет зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

            6. Хохирогч байгууллага нь өөрт учирсан 4.860.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухайн хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Оршиход оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бат-Оршиход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.   

    

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бат-Оршиход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                                ШҮҮГЧ