Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нана боржигон овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2321000000093 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн оператор мэргэжилтэй, “******* *******” ХХК-д насосчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар шийтгэснийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нана боржигон овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд хохирогч шатаар зөрөх үедээ мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь усны саваар цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нөхөр , түүний найз болон миний найз бид дөрөв уулзалдаад хамт юм ярьж суухаар болж ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд 19 цагийн орчимд орж 2 давхарт нэг өрөө аваад тэр өрөөндөө хүн тус бүр 2 шил пиво ууж байхдаа бааранд орохоор болж 22 цагийн орчимд гарч ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлээд баар хаах үед гарч буцаад зочид буудалд ирээд шатаар дээш гарч байхад өөдөөс их л ууртай залуу зөрөхдөө “зай тавиарай новшнуудаа” гэж хэлээд зөрөөд бууж байхдаа намайг мөрлөсөн бөгөөд миний хувьд тэр залууд хандан “Чи яагаад намайг мөрлөж байгаа юм бэ” гэж хэлээд бага зэрэг маргалдсан. Энэ үед  намайг “дуугүй байгаарай гичий минь” гэж хэлэхээр нь би мөн өөдөөс нь хэдэн үг хэлэхэд миний нуруу орчимд цохихоор нь би тэр залууг алгадсан бөгөөд тэр залуугийн хувьд надад алгадуулаад шууд миний нүүрэн тус газарт маш хүчтэй цохисон...” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найз , эхнэр Б., түүний найз нарын хамтаар ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд 19 цагийн орчимд орж 2 давхарт нэг өрөө аваад тэр өрөөндөө хүн тус бүр пиво, харин бид хоёрын хувьд авсан архинаасаа 2-3 хундагыг уугаад юм ярьж сууж байхдаа бааранд орохоор болж бид дөрөв 22 цагийн орчимд ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлээд баар хаах үед гарч буцаад зочид буудалд ирээд шатаар гарч байхад дээрээс гартаа том тортой юм барьсан нэлээд ууртай залуу ганцаараа бууж байхдаа “зай тавиарай новшнуудаа” гэж хэлэхээр нь би хамгийн урд явж байсан учраас зам тавьж хажуугаараа өнгөрөөсөн. Ямар ч байсан хамгийн сүүлд миний эхнэр маргаж муудах чимээ гарсан. Ингээд миний хувьд буцаад доош буугаад эхнэр дээрээ ирэхэд баруун хөмсөг орчмоос нь их хэмжээний цус гарч мөн тэр даруй нүд нь хавдчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн 125 тоот дүгнэлтэд:

1. Б.ийн биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...миний хувьд ганцаараа өрөөнөөс архи, ундаагаа авах гэж ороод тухайн эд зүйлээ уутанд хийж гартаа бариад баруун гартаа 500 граммын хуванцар савтай цэвэр ус бариад буцаад шатаар бууж байхдаа шатан дээр 4-5 эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй таарсан. Зөрж байхдаа бие биеэ шүргэж улмаар хамгийн сүүлд шатаар дээш гарч явсан хохирогч тэй би маргаж муудалцсан бөгөөд тэр үед намайг бага зэрэг маргалдаад шатаар доош буух гэж байхад араас миний өгзөг орчимд хөлөөрөө өшиглөхөөр нь би эргэж хараад “Яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд маш ууртайгаар үгийн зөрүүгүй миний зүүн хацар руу алгадсан. Энэ үед би уурандаа баруун гартаа барьж явсан хуванцар савтай цэвэр усаараа түүнийг нэг удаа цохиход түүнтэй хамт явсан 2-3 залуу ирээд намайг хананд шахаад яг ямар нь гэдгийг хэлж мэдэхгүй байна ямар ч байсан цохихоор нь би гараараа нүүрээ хамгаалахдаа гартаа барьж явсан ууттай архи, ундаа зэргийг унагааж хагалсан. Тэр үед гаднаас Энхжин ах орж ирээд салгаад намайг аваад гарч байхад хохирогч ийн баруун хөмсөг орчмоос нь цус гараад түүнийгээ гараараа дараад үлдсэн...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Б.ийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Нана боржигон овогт ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд хохирогч шатаар зөрөх үедээ мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь усны саваар цохиж, түүний биед биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би уурандаа баруун гартаа барьж явсан хуванцар савтай цэвэр усаараа түүнийг нэг удаа цохиход түүнтэй хамт явсан 2-3 залуу ирээд намайг хананд шахаад /яг ямар нь гэдгийг хэлж мэдэхгүй байна/ цохихоор нь би гараараа нүүрээ хамгаалахдаа гартаа барьж явсан ууттай архи, ундаа зэргийг унагааж хагалсан. Тэр үед гаднаас Энхжин ах орж ирээд салгаад намайг аваад гарч байхад хохирогч ийн баруун хөмсөг орчмоос нь цус гараад түүнийгээ гараараа дараад үлдсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.ийн “...зочид буудалд ирээд шатаар дээш гарч байхад өөдөөс их л ууртай залуу зөрөхдөө “зай тавиарай новшнуудаа” гэж хэлээд бууж байхдаа намайг мөрлөсөн бөгөөд миний хувьд тэр залууд хандан “Чи яагаад намайг мөрлөж байгаа юм бэ” гэж хэлээд бага зэрэг маргалдсан. Энэ үед намайг “дуугүй байгаарай гичий минь” гэж хэлэхээр нь би мөн өөдөөс нь хэдэн үг хэлэхэд миний нуруу орчимд цохихоор нь би тэр залууг алгадсан бөгөөд тэр залуугийн хувьд надад алгадуулаад шууд миний нүүрэн тус газарт маш хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Н.ийн “...зочид буудалд ирээд шатаар гарч байхад дээрээс гартаа том тортой юм барьсан нэлээд ууртай залуу ганцаараа бууж байхдаа “зай тавиарай новшнуудаа” гэж хэлэхээр нь би хамгийн урд явж байсан учраас зам тавьж хажуугаараа өнгөрөөсөн. Ямар ч байсан хамгийн сүүлд миний эхнэр маргаж муудах чимээ гарсан. Ингээд миний хувьд буцаад доош буугаад эхнэр дээрээ ирэхэд баруун хөмсөг орчмоос нь их хэмжээний цус гарч мөн тэр даруй нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн 125 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн 125 тоот “...Б.ийн биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нана боржигон овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА