| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/51 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2023/0046/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2318000000023 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,*******,******* мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Комфорт” зочид буудлын 1 давхрын бие засах өрөөнд******* гээгдүүлсэн Samsung Galaxy Z fold 3 5G маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 4.300.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийнхөө буруугаа ойлгоод хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Эрүүгийн 2318000000023 дугаартай хэргээс:
Хохирогч******* өгсөн: “...“Комфорт” нэртэй зочид буудлын 1 давхарт байрлах ресторанд найзынхаа төрсөн өдөрт уригдаж очсон. Тэгээд тэндээ байж байгаад орой 12 цагийн үед тараад явах гээд өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд би хамгийн сүүлд өөрийн гар утсаа тухайн рестораны хажуу талд байрлах эмэгтэй хүний бие засах газрын өрөөнд байрлах ариун цэврийн цаасны тогтоогч дээр тавьж байснаа санаад тухайн бие засах газрын өрөө рүү явж ороход миний гар утас байхгүй байсан. Миний гээгдүүлсэн гар утас “Samsung Galaxy Z fold 3 5G” маркийн 256 GB багтаамжтай саарал өнгийн дэлгэгддэг, саарал өнгийн кэйстэй гар утас байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч******* өгсөн: “...Манай 11 дүгээр ширээн дээр үйлчлүүлж байсан хүмүүс 00 цагийн үед гарах гэтэл тэр хүмүүсийн дунд сууж байсан нэг эмэгтэйн гар утас нь алга болчихлоо гээд хайж байгаад тухайн эмэгтэй бие засах газар луу гар утастайгаа ороод тухайн газраа гар утсаа үлдээсэн гэж хэлж байсан. Тухайн өдөр намайг ажилтай байх хугацаанд манай ресторанаар үйлчлүүлж байсан хүмүүсээс гар утас олсон талаараа надад мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч өгсөн: “...тухайн ресторан руу эхлээд 4 найзын хамт орсон. Манай нэг найз удалгүй явчихсан. Тэгээд, Ээгий, Эрка бид 4 үлдээд 1 цаг гаруй байж байгаад явсан. Надад гар утас олсон гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч өгсөн: “...ширээн дээр сууж очоод нэлээн сууж байгаад гэнэт утас байхгүй байгааг мэдээд “би 00 орохдоо цаасны тавиур дээр утсаа тавьсан, тэнд үлдээчихлээ” гэж хэлээд очоод үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд рестораны ресепшинд хэлэхэд “өнөөдөр камер шүүх боломжгүй, маргааш шүүдэг хүн нь ирнэ” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 33/,
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
“Samsung Galaxy Z Fold3” маркийн 256 GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 4300000 төгрөг байна. /хх 37/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 57-61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Комфорт” зочид буудлын 1 давхрын бие засах өрөөнд******* гээгдүүлсэн Samsung Galaxy Z fold 3 5G маркийн гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг өмчлөгчид эргүүлэн өгөх санаа зорилгогүйгээр өөрийн эзэмшилд авч завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 4300000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болох нь “...саарал өнгөтэй ямар нэг эвдрэл гэмтэл болон хагарсан зүйл байхгүй, Samsung Galaxy Z Fold3 5G маркийн гар утас 1 ширхгийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгөв” /хх 10/ гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан, шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул прокурорын ялын саналыг хүлээн авч шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ