Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2023/0047/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2318000000040 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,******* тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,*******  /Регистрийн дугаар******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 02 цагийн орчим******* улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Марка” дэлгүүрийн хажууд буухдаа хохирогч******* “Huawei Nova 9" маркийн гар утсыг “ээжтэйгээ яриад өгье” хэмээн хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гар утсыг нь бүрэн, бүтэн байдлаар нь буцаагаад өгсөн. Хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 2318000000040 дугаартай хэргээс:

 

Хохирогч******* өгсөн: “...Буян захын таксины буудал дээр 2 хүн зогсож байсан. Тэгээд би та 2 хаашаа явах вэ хүргээд өгье гэж хэлээд аваад явсан. Тухайн хүн Бурхант гэх газар руу явна гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байхад тухайн хүн миний гар утсаар ээжтэйгээ ярина гэж байсан. Тухайн хүн надаас миний гар утсыг авахдаа кодыг нь ч асуугаагүй. /хх 09/,

“...Тухайн хүн улаан өнгийн куртиктэй, хар өнгийн гар цүнх барьсан. Хэл муутай хүн байх шиг байсан. Би Бурхант дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд миний гар утсыг авсан хүн харагдаж байсан. Тэгээд тэр дэлгүүрийн хүн нь таньж байсан. Удалгүй тухайн хүний ээж нь ороод ирэхэд дэлгүүрийн худалдагч танай охиныг хайж байна гэхэд би 2 сим картыг нь авсан байгаа. Утсыг нь зах руу өгөөд явуулсан гэж хэлсэн. Тэгээд зах дээр очоод тухайн эмэгтэйн аав гэх нэг хүнээс өөрийн гар утсаа авсан чинь миний гар утасны кодыг нь тайлуулсан байсан. Тэгээд би яагаад хүний гар утасны кодыг гаргаж байгаа юм бэ гэхэд надад ямар хамаатай юм бэ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч өгсөн “...Тухайн шөнө манай охин******* халамцуу гэрт ирсэн. Тэгээд өглөө манай охин “би гар утас олсон, та энэ гар утасны кодыг нь гаргаад өг хэлсэн” Тэгээд би ажилдаа ороод 30000 төгрөг өгөөд утасны кодыг тайлуулсан.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

Гэрч өгсөн: “...Манай эхнэр намайг шинэ дарханы Батилоноос ирж авсан. Бид хоёр харьж явах замдаа 2 хүн суулгасан. Тухайн 2 хүн нэгнийгээ таньдаггүй юм шиг байсан. Тухайн 2 хүнийг аваад явж байхад нэг эмэгтэй нь буусан. Үлдсэн эмэгтэйг нь хүргэж өгөх үед нь би унтчихсан байсан. Тэгтэл гэнэт манай эхнэр “хүүе ээ миний гар утсыг нөгөө эмэгтэй аваад буучихсан байна шүү дээ” гэж хэлсэн. Би сэрээд эхнэртээ хандаж “чи яагаад хүнд утсаа өгдөг юм бэ” гэсэн чинь "ээжтэйгээ яриад өгнө" гэж хэлчхээд миний утсыг аваад явчихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

            “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

            “...Huawei nova 9” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 900000 төгрөг байна.” /хх 36/,

 

Шүүгдэгч*******гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх 60-65/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 68-70/, шүүгдэгч*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон тухай Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 84/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ***** нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 02 цагийн орчим******* улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж яваад буухдаа тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан  ********** “Huawei Nova 9" маркийн гар утсыг “ээжтэйгээ яриад өгье” хэмээн хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч*******гийн үйлдэл нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч******* нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хохирогч******* “...миний утсыг авсан эмэгтэйн аав гэх хүнээс ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураасгүй байдалтайгаар хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх 14/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт  хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан,  улсын яллагчийн оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул шүүгдэгч*******д холбогдох Эрүүгийн 2318000000040 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд  шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

4.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Даваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ