Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 08 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00141                                                     Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                                               гэх газар  оршин суух, РД:ЗД регистрийн дугаартай, Х овогт Ч овогт Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн                                             гэх газар оршин суух, РД:КЮ регистрийн дугаартай, Боржигон  овогт Шгийн Ад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ш.А, нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ч овогтой С би 2001 онд Ш овогтой Атай гэр бүл болж 2005 онд А.Оийг  төрүүлсэн.  2010 онд Атай дахин амьдрах боломжгүй болсон, охин маань одоо надтай амьдарч байгаа. Бид хоёр 9 жил хамт амьдарсан. Харин албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Биднийг тусдаа амьдарснаас хойш 9 жилийн хугацаанд  охин маань миний асран хамгаалалтад  байсан. Тийм учраас охин Оийн төрсөн эцэг болох Ш.А аас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин О маань анги дэвшиж 8-р ангид орсон. Би нас ахиж байгаа болохоор ажил хийгээд, давхар орлого олоод хүүхдээ тэжээх боломж бага болсон. Ааваас нь дэмжлэг хүсэж байна. Хүүхдээ тэжээх үүрэгтэй болохоор хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлт тавьсан. Бид хоёр салаад 9 жил болж байна. Тэрнээс өмнө хүүхдийн тэтгэлэг нэхэж байгаагүй. Өөрөө ажил хийж байсан. Одоо чадвар багатай болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ш.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ш овогтой А би Сгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой эрхэлсэн ажил төрөлгүй ч хүүхдийнхээ нэрэн дээр данс нээлгэж яаж ийж байгаад тэтгэвэр төлнөө. Уг нь би охиндоо хэдэн мал өгч бас боломжоороо тав арван төгрөг өгч байсан юм шүү  гэжээ.

Хариуцагч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тогтсон ажилгүй, цөөхөн малтай байгаа. Бид хоёр суугаад 2009 онд сүрхий зуд болсон. Тэгэхэд малаа барсан. Би буцаад Өмнөговиос манай аав, ээж, ах, эгч, дүү нар хэдэн мал Дэлгэрхангай суманд авч ирж өгчихөөд явсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдрагчаар амьдарч байсан. Бид салъя гэж хоорондоо яриад салсан. Би хэдэн мал өгөх нь өгч байсан. Сүүлийн 3, 4 жил боломжоороо юм өгч байсан. Үнэнийг хэлэхэд амьдралын боломж муу. Тэрнээс хойш дахиж зуд болоогүй. Тэр малыг сайхан маллаад өсгөх боломж байсан. Би одоо цөөхөн хэдэн малтай алийг нь гэж өгөх үү. Энэ жил цас их ороод хэдэн малаа үрсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг тогтоолгоё гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ч.С нь Ш.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ш.А нарын дундаас 2005 онд охин  А.О  төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, охин А.Оийн /РД:ЗД05251903/ регистртэй 0091516 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ш.Агаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.Оийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 52473 төгрөгийг   улсын орлогод үлдээж, хариуцагчаас 52473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар  Агийн О  /РД: ЗД05251903/-ийг    16 нас /суралцаж байгаа бол  18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигон  овогт Шгийн Агаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52473 /тавин хоёр мянга дөрвөн зуун далан гурван / төгрөгийг   улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Агаас  52473 /тавин хоёр мянга дөрвөн зуун далан гурван / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б