Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0238

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0238

Улаанбаатар хот

 

“МТ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О;

 

Гомдол гаргагч: “МТ” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнга аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагч Ш.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 159/2024/0070/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “МТ” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А-т холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А-ын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 00490ХХ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.8 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “МТ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо:

 

3.1. Байгаль орчны улсын байцаагч Ш.А-ын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ногдуулсан 00490ХХ дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзсэн тухайд:

3.1.1. “МТ” ХХК нь Сэлэнгэ аймгийн С сумын Х-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах”-ын төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2021 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 19.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нехен сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, гэж заасны дагуу “ИЭЭЭ” ХХК-иар боловсруулуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж, улмаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 19.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасны дагуу 2021-2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн дээрх байгууллагуудаар боловсруулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байсан. /Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 2021-2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавтаст хэрэгт авагдсан болно./

3.1.2. Гэвч шийдвэрийн 9 дэх тал ҮНДЭСЛЭХ хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр байгаль орчны тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэж тус тус зааснаас үзвэл аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг үндэслэн боловсруулж батлуулахаар байна” гэсэн нь манай компани нь дээрх Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг огт батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан мэтээр дүгнэж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.

3.2. Хууль бус орлогыг хэрхэн тодорхойлсон эсэх;

3.2.1. 00490ХХ дугаартай шийтгэлийн хуудас 6 дахь хэсэгт: “МТ” ХХК-ийн хууль бусаар олсон орлого 875,966,160 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ орлогыг бодит бусаар тодорхойлсон. “МТ” ХХК-ийн агуулахад хадгалуулж буй “МТ Б” ХХК-ийн шатахууны орлого зарлагын мэдээг “МТ Б” ХХК-ийн нярав Д.П гэх хүнээс албан бусаар авч /”МТ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд/, зах зээлийн үнэ ханш АИ92 146728*2500 төгрөг, ДТ 146728*3470 төгрөгөөр тооцсон байх бөгөөд дээрх шатахуун нь аль компанийн өмч болох зах зээлийн үнэ ханшийг хэрхэн тогтоосон зэрэг нь тодорхойгүй энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна хариуцагч шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж чадаагүй тул өөрийн нөхцөл байдалдаа тулгуурлан тодорхойлсон гэж дурдсан нь Захиргааны ерөнхий хууль /4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчмыг ноцтой зөрчсөн, мөн хяналт шалгалтыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор бус Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж хийсэн нь харагдаж байна.

3.2.2. Иймд дээр дурдсан үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 159/ШШ2025/0025 тоот шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

   2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ш.А 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 24310006ХХ дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00490ХХ дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа “...Холбогдогч “МТ” ХХК /агуулах/ нь тухайн жилийн менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, ЗТХ-ийн 7.1.1-г зөрчсөн болох нь ....нотлогдож байна...” гэсэн үндэслэлээр “...Б.О.М.Т батлуулаагүй, ЗТХ-н 7.1-1-г зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох, 3000 нэгж” гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн Шударга ёсны зарчмыг зохицуулсан 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн заалтыг зөрчсөн, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг шүүх анхаарч үзэлгүй гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.1. Шийтгэл хүлээлгэх үндэслэл нь Зөрчлийн тухай хууль, материаллаг хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчих буюу зөрчил гарсан байх явдал юм.

3. Хууль хэрэглээний талаар;

3.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст баримталсан холбогдох хуулийн заалт, түүнийг тайлбарласан үндэслэл нь зөрүүтэй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

  3.2. Тодруулбал, хариуцагчаас зөрчилд холбогдогчийг “тухайн жилийн менежментийн төлөвлөгөө батлуулаагүй” гэх зөрчил үйлдсэн гэж үзсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн зохицуулалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

4. Дээрх хуульд заасан “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр” гэсэн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

4.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.7-д заасны дагуу 2021 онд “ИЭЭЭ” ХХК-иар боловсруулж Сэлэнгэ аймгийн С сумын Х-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “МТ” ХХК-ийн “Газрын тосны бүтээгдэхүүний агуулах”-ийн төслийн 2021-2025 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгэж, уг тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Г.Э, шүүмжийг мөн яамны шинжээч Д.Т нар хянасан байх бөгөөд ерөнхий шинжээч Д.Б ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хянаж, үнэлгээний тайланг дэмжиж буй талаар орон нутгийн удирдлага болох Сэлэнгэ аймгийн С сумын Б Х-р багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 04 дугаар тогтоолыг хүргүүлжээ.

5. Мөн дээрх хуульд заасан “...эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол” гэсэн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

5.1. Зөрчилд холбогдогч “МТ” ХХК нь Сэлэнгэ аймаг, С сум, Х-р багт агуулах байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх 014 дугаартай “Бүртгэлийн гэрчилгээ”-г Ашигт малтмал, газрын тосны газраас авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.4-т “...бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх” гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байна.

5.2. Үүнээс үзэхэд, зөрчилд холбогдогч “МТ” ХХК нь Зөрчлийн тухай хуульд зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, зохих байгууллагын шийдвэр гаргуулж үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй.

6. Шийтгэлийн хуудаст дурдсан “...тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй” гэх зөрчлийн талаар;

6.1. Гомдол гаргагч хуулийн этгээд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.” гэсэн заалт,

“МТ” ХХК-ийн “Газрын тосны бүтээгдэхүүний агуулах”-ийн төслийн 2021-2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчны төлөвлөгөөг хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Г.Э-өөр хянуулсан “2021-2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний 1.2-т “БОМТ-ний гол зарчим. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү 5 жилийн БОМТ-нд тулгуурласан тухайн жил бүрийн БОМТ-ийг жил бүр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг тайлагнан ажиллана” гэсний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулж, хэрэгжилтийн тайланг гаргах үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

6.2. Гомдол гаргагч хуулийн этгээд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.” гэсэн заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй ...” гэсэн зөрчил гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

6.3. Хэрэв хариуцагчаас зөрчилд холбогдогч хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хэд хэдэн зөрчил үйлдсэн гэж үзсэн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 3.1-д заасан “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэсэн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж заасан байх ба эрх бүхий этгээд албан тушаалтан нь зөрчлийн хэргийг зүйлчлэн, шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйл. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих” гэсэн 1-4 заалтын зохицуулалтаас 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзэж, харин мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

8. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчилд оногдуулах “...хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах...” гэх албадлагын арга хэмжээг тухайлан заасан байх бөгөөд уг зохицуулалт болох “албадлагын арга хэмжээг” хариуцагч буруу хэрэглэжээ.

8.1. Хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “...зөрчилд шийтгэл оногдуулж, 6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасны дагуу хураан авсан:.. А/ Зөрчил үйлдэж олсон ....-ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 болон .... журмын дагуу... З.Т.Х-ийн 7.1.1-д заасны дагуу хууль бус орлого 875 966 100 төгрөгийг хурааж улсын орлогод  болгосугай” гэж шийдвэрлэхдээ хууль бус гэж үзсэн орлогын хэмжээг хэрхэн яаж тогтоож, нотолсон нь тодорхойгүй, зөвхөн “МТ” ХХК-ийн Сэлэнгэ салбараас улсын байцаагчид хүргүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 212 тал/-т тулгуурлан хууль бус орлогыг тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй.

8.2. Дээрх тогтоогдсон байдлаар зөрчилд холбогдогч нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа энэ тохиолдолд хууль бусаар олсон орлогыг хурааж авах үндэслэлгүй болно.

8.3. Учир нь зөрчлийн хэргийн баримтуудаас үзвэл, эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хэд хэдэн шинжээч томилж, мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга “НГВ” ХХК, “МА” ХХК, “ПОА” ХХК-иудад шинжээчээр хамтран ажиллахаар санал хүргүүлсэн байх боловч шинжээчийн дүгнэлт гараагүй атал “МТ” ХХК-ийн Сэлэнгэ салбарын агуулахад хадгалагдаж буй /АИ-92 бензин, ДТ дизелийн түлш/ шатахууны орлого болон үлдэгдлийн тооцоолсон албан бичгийг үндэслэн гомдол гаргагчийг зөрчил үйлдэж хууль бусаар олсон орлого гэж 875 966 100 төгрөгийг хурааж улсын орлого болгосон нь Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл. “Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх”, 1-д “Зөрчил үйлдсэн ...хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон ...орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гээд Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ...ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно” гэж заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Хураан авсан мөнгөн орлогыг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

9. Түүнчлэн хариуцагч нь зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмыг зөрчиж, зөрчлийн талаар нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14, 4.15, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчжээ.

10. Иймд дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан нөхцөл байдал үүссэн тул “МТ” ХХК-ийн холбогдох зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг болон хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гартал маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00490ХХ   дугаар шийтгэлийг хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 159/ШШ2025/0025 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А-ын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00490ХХ дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, Тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “3” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ

                       ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА