Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,       

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Сумъяажав, түүний өмгөөлөгч Х.Санжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сумъяажавт холбогдох 201625013225  дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймаг Хэрлэн сум 7 дугаар баг 51 дүгээр байр 16 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЯ93011134, хэрэг хариуцах чадвартай, Түмчүүд овогт Батболдын Сумъяажав,

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Б.Сумъяажав нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энд Дабль Ви” зочид буудлын зогсоол дээр байсан иргэн Ч.Баясгалангийн эзэмшлийн 51-89 УБХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины салхины шилийг хагалж, копут, хаалгыг хонхойлгон, хаалга, хойд гуферийг зурж сэвтүүлсэн, баруун урд хаалганы борооны хаалтыг хагалж гэмтээн нийт 425.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Сумъяажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8, 11/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-10/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, хохирогч Ч.Баясгаланг байцаасан тэмдэглэл /хх-15-16/, гэрч Н.Одсүрэн, Н.Отгонжаргал, Д.Дэлгэрмөрөн, С.Уранчимэг, Ж.Мягмардорж, Ц.Цэндэм нарыг байцаасан тэмдэглэл /хх-17-26/, Б.Сумъяажавыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-32-36/, “Лэндс” ХХК-ийн автомашины эвдрэл, хохилын үнэлгээний тайлан /хх-38-40/, шүүгдэгч Б.Сумъяажавын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-44/, хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-48-49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-50/, хохирогч Ч.Баясгалангийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичсэн тайлбар /хх-57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Сумъяажав нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энд Дабль Ви” зочид буудлын зогсоол дээр байсан иргэн Ч.Баясгалангийн эзэмшлийн 51-89 УБХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины салхины шилийг хагалж, копут, хаалгыг хонхойлгон, хаалга, хойд гуферийг зурж сэвтүүлсэн, баруун урд хаалганы борооны хаалтыг хагалж гэмтээн нийт 425.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:  

 

Хохирогч Ч.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн эзэмшлийн 51-89 УБХ дугаартай тоёота приус-20 маркын машинаа “Бөхийн өргөө”-ний замын хойд талд байдаг “Энд дабль Ви” зочид буудлын хойд талын зогсоол дээр буюу ажлынхаа үүдэнд тавьсан юм. Тэгээд орой 23 цаг 50 минутын үед машинаа гарч хархад нэг согтуу танихгүй залуу өмдний тэлээгээрээ миний машины салхины шил рүү цохичихсон зогсож байсан. Би “болиоч” гээд түлхсэн чинь тольноос зуураад тавихгүй “чамд ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжлоод тольноос тавихгүй зуурчихаад “би даараад байна, ормоор байна” гээд байсан. Тэгээд би тавихгүй болохоор нь орхичихоод ажлынхаа 2 эгчийг дуудах гээд орсон. Дуудчихаад гараад ирсэн чинь нөгөө залуу эсрэг талын зочид буудал руу яваад орчихсон байсан. Тэгээд тэндээс гараад ирэхээр нь барьж аваад цагдаа дуудсан. Тэр залуу нэлээн согтуу байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “….2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 19 цаг өнгөрч байхад “Бөхийн өргөө”-ний замын хойд талд байдаг “360” гэдэг караокед найз Ганзориг, Б.Сумъяажав бид 3 орж дуулаад 1 шил 75-ын улаанбаатар архи авч уусан. Дараа нь дахиад 1 шил 75-ын экс архи авч уусан...” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”… 2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой, цагийг нь санахгүй байна. “Нью Ворлд” зочид буудалд ажлаа хийж байтал манай нягтлан бодогч Ч.Баясгалан, бармен Ган-Эрдэнэ нар гаднаас орж ирэхдээ буудлын үүдэнд нэг хүн согтуу хэвтэж байна гэхээр нь буудлын үйлчлэгч Урнааг дагуулаад буудлын гаднах хаалган дээр очсон чинь үүдэнд нэг согтуу залуу юугаа ч мэдэхгүй хэвтэж байсан. Тэр согтуу залууг Ган-Эрдэнэ босгоод сэрээх гэж нэлээн татаж чангаасан боловч юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь тэр залууг “Баялаг” бууз цайны газрын хойд хаалганы хажууд суулгаад орхисон. Ч.Баясгалангийн машин нь “Баялаг” буузын үүдэнд хойд хаалганы хажууд нь байсан. Тэгээд бид 4 буцаад буудал руу орохдоо Ч.Баясгалан “машин харж байгаарай” гээд үйлчлэгч Урнаа эгчид хэлсэн. Нэлээн хэсэг хугацааны дараа Ч.Баясгалан хүрч ирээд “Мөрөн эгчээ нөгөө согтуу залуу чинь машинтай зууралдаад номер зулгаагаад машин аймар хонхойлгоод хаясан зогсож байна, Би арай чамай гэж холдуулж  саллаа” гэхээр нь хамт гарья гээд үйлчлэгч Урнаа эгчийг дагуулаад гарсан чинь нөгөө согтуу залуу машины хойд номерыг нь үрчийлгэж тахийлгаад, машиныг нь тойроод харсан чинь жолоочийн талын хаалганы дээд талыг хонхойлгосон, салхины шилийг нь хагалчихсан, хаалганы дээд талын хүрээг цуулж хагалчихсан, өөрөө байхгүй байхаар нь “тэр залуу хайччихав” гэсэн чинь Ч.Баясгалан “хойд буудал руу сая орчихлоо” гэхээр нь буудал руу очих гээд явж байтал нөгөө согтуу залуу урдаас гараад ирэхээр нь гарнаас нь бариад “чи яахаараа хүний машиныг эвдээд хаячихваа, чамайг цагдаад дуудаж өглөө” гэсэн чинь “тэг тэг” гээд өөр юу ч яриагүй. Тэр залууг буудал руу оруулаад үүдэнд суулгасан. Гадуур хувцас, тэлээгээ Ч.Баясгалангийн машиныг тойруулаад газар хаясан байсан. Тэгээд утсаар дуудлага өгөөд тэр залууг цагдаад өгч явуулсан...” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “….2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой “Нью Ворлд” зочид буудалд ажил дээрээ байхад манай буудлын ресевшн “Үүдэнд хүн хаалга дараад хэвтсэн байна гэнээ“ гэхээр нь хамт гараад босгож сэрээх гэсэн чинь ерөөсөө сэрэхгүй байсан. Тэгээд бармен залууг дуудаад нөгөө согтуу залууг босгох гэсэн боловч босохгүй байсан. Тэгэхээр нь хаалганаасаа холдуулаад хананы тэнд суулгасан. Тэгэхэд жоохон юм яриад хэлээд байсан. Бид нар тэр согтуу залууг сэргээд босоод явчих байх гэж хоорондоо яриад тэнд орхисон юм. Би цэвэрлэгээгээ хийж байгаад үүдний цонхоор харсан чинь нөгөө залуу босоод зогсчихсон цамцаа оролдоод зогсож байхаар нь цамцаа өмсөөд босоод явах гэж байна гэж би бодоод ажлаа хийсэн. Цэвэрлэгээ хийгээд байж байтал манай нягтлан охин “машин цохиод, номер чангаагаад мурийлгасан байна ш дээ” гэхээр нь ресевшн, нягтлан бид 3 хамт гарч машиныг хархад машиных нь энэ тэнд хонхойлгосон байсан чинь нягтлан утасныхаа гэрлээр машинаа тойруулж харсан чинь машиных нь урд талын шил хагарсан байсан…тэлээний төмрөөр цохисон байх гэж бодож байна...” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Нью Ворлд” зочид буудлын ард машин цонх хагалаад хонхойлгочихлоо гэсэн дуудлагын дагуу очиж дуудлага өгсөн. Машины эзэн гэх эмэгтэй тэнд байсан согтуу эрэгтэй хүнийг заагаад энэ хүн миний машины шилийг хагалаад хонхойлгож зурсан гээд машинаа заасан. Тоёота приус маркын машин байсан ба урд талын салхины шил нь хэсэг газартаа цуурч хагарсан, энэ тэнд нь хонхойж зурагдсан байдалтай байсан. Машин эвдсэн гэх залуугаас асуухад “би мэдэхгүй, санахгүй байна” гэсэн. Тэгээд уг согтуу залууг авч явж цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн...” /хх-25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Цэндэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Сумъяажав архи тамхи хэрэглэдэггүй, маргаан зодоон гаргаад байдаггүй, гитар бариад дуулах сонирхолтой. Зан аашын хувьд дуугуй, дөлгөөхөн, хүний үгээр илүү дутуу ааш зангүй залуу…” /хх-26/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ч.Баясгаланг байцаасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээс харахад шүүгдэгч Б.Сумъяажавын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Баясгаланд учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 57 дугаар талд авагдсан түүний тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Сумъяажавын дээрх үйлдэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Сумъяажавт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сумъяажав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метрийн урттай хар өнгийн тэлээний сур 1 ширхэг, тэлээний арлын салсан металл хэсэг 3 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Сумъяажавт буцаан олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Түмчүүд овогт Батболдын Сумъяажавыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Сумъяажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сумъяажавт оногдуулсан 2 /хоёр/ жирийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сумъяажав нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метрийн урттай хар өнгийн тэлээний сур 1 ширхэг, тэлээний арлын салсан металл хэсэг 3 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Сумъяажавт буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сумъяажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сумъяажавт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ