Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1096

 

 

 

 

 

 

 

   2019        10              31                                          2019/ДШМ/1096

 

                                            

           Л.Ц, Л.Э нарт холбогдох

                                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч, хохирогч Л.Цгийн өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч, хохирогч Л.Эийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ганзоригийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Ц, Л.Э нарт холбогдох эрүүгийн 1908007150188 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .............. овгийн .............., ......... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кино монтажчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ................дүүргийн 10 дугаар хороо, ............ ...... дугаар гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../,

2. ............... овгийн ......................., 1959 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ......... дүүргийн .......... дугаар хороо, ...............дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./,

Л.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр .................... дүүргийн 10 дугаар хороо, ............... 13 дугаар гудамжны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр ..............тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн чихний омогны дээд хэсэгт нь хутгаар хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Л.Этэй “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдан хутга буюу зэвсэг хэрэглэн түүний нуруу болон хөлөн тус газруудад нь хутгалж эрүүл мэндэд нь “...баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх...” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Л.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Л.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөл, толгой, нуруу, нүүрэн тус газруудад нь цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, Л.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Cонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзэж, дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

1. 3 дугаар хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан дуудлагын лавлагаанд /жагсаалтын 23-т бичигдсэн/ “2019-02-07, 00:50:26” гэсэн огноотойгоор 88308740 дугаарын утаснаас Батбаяр гэж хүний өгсөн “хажуу айлын эрэгтэй хүн нас барчихлаа, “цагдаа дуудаад өг” гээд байна” гэх мэдээлэл өгсөн талаар дурьджээ. Тиймээс гэмт хэрэг гарсан байдлыг сайтар шалгаж тогтоох шаардлагатай байх тул тухайн мэдээлэл өгсөн гэх хүнийг олж тогтоох болон мэдээлэлтэй холбоотой бусад байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч нарын хувийн байдлыг сайтар шалгаж тогтоох шаардлагатай байна. Тухайлбал шүүгдэгч нарын хувьд цагдаагийн АСАП сангийн мэдээллийг хэрэгт хавсаргах, түүнчлэн Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоовол зохино.

3. Шүүгдэгч, хохирогч нарын хэргийн үйл баримтын талаарх мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай.  Шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан өөр гэмт хэргийн, тухайлбал худал мэдүүлэх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар шалгаж тодруулах ажиллагаа хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна гэж үзлээ.

Хохирогч Л.Эийн 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн “... .............. ах над руу агсраад ална шүү гэж байгаад төмпөнтэй маханд байсан хар том хутгыг аваад намайг хутгална гээд байсан. Дайрах үед ............... очоод хутгыг нь булааж авсан. Цэцэгмаа эгч мах идэж байсан жижиг хар хутгыг аваад дайрах маягтай болохоор нь би гарах гээд босоход ар талаас зүүн дал руу хутгалсан. Зүүн гуяны ташаанд 1 хутгалсан. ... Буцаад ороход ........... ах хаалга руу хараад хэвтчихсэн, шалаар нь цус болчихсон, ................. эгч гал тогооны өрөөнд тэргэнцэртэйгээ явж байсан... Намайг буцаад ороход Гантулга байгаагүй. Би бодохдоо Гантулга цохичхоод гарсан юм байна гэж бодсон. ... Архи уугаад ............ ах, ............... 2 зодолдсон гэж яригддаг байсан. Цэцэгмаа эгч Гантөмөр 2 байнга зодолддог...” гэх мэдүүлэг /1хх-121-125/,

мөн 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн “...Тавагтай мах шидсэн чинь ............эгч нөхрийгөө өмөөрөөд намайг хутгалсан...” гэх мэдүүлэг /1хх-130-131/,

мөн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “... ............... эгч газар байсан хутгыг аваад миний баруун дал руу нэг удаа цохих шиг болохоор нь би түүнийг түлхээд гараад явсан. ................. 13 цагийн үед харилаа гээд явсан. ...пийшингийн дэргэд очоод хэвтэх гээд өвдгөөрөө тулсан чинь өвдгөнд хатуу юм тулахаар нь гайхаад харсан чинь мах идэж байсан жижиг хар хутга хивсэн дор байсан. Би тэгэхээр нь энэ хутгаар намайг хутгалаад нуучихсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх-130-131/,

хохирогч Л.Цгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “... .............. миний хоолойг боож ухаан алдуулсан. Намайг сэрэхэд .............. том өрөөний зүүн талын цонхны доод талын сандал дээр сууж байсан. Шаазан аяга аваад миний нүүр лүү шидэж гэмтэл учруулсан. Эрдэнэчимэг намайг зодсон...” гэх мэдүүлэг /1хх-135-136/,

сэжигтэн Л.Цгийн 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн: “...Яриад сууж байгаад л би тасарчихсан байсан. Сэрээд харахад .............. том өрөөнд байдаг зүүн талын буйдан дээр суучихсан согтуу байдалтай байсан. ............... газарт хэвтэж байсан. ...Эрдэнэчимэг намайг зодоод байхаар нь хутгыг аваад баруун гартаа бариад хоёр тийшээ савалж хөдөлгөсөн. Тэгэхэд хутгалчихсан юм шиг байна. ............ над руу чиглээд хурдан хурдан алхаад намайг боох гэж байгаа бололтой ирсэн. Намайг боосон. Тэр үед миний баруун гарт хар иштэй хутга байсан. Айлгах санаатай хутгатай гараараа өөдөөс нь далайгаад баруун дээрээс зүүн доош чиглэлтэй савсан. Эрдэнэчимэг намайг зодож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /2хх-142-143/,

яллагдагч Л.Цгийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн “...Тэр гурав хоорондоо хэрэлдсэн. ...Гантулга, Ганаа ах 2 зодолдоод байсан гэж .................. хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-153-154/,

яллагдагч Л.Эийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн “... Гантөмөр ах Цэцэгмаа эгчийн нүүр лүү гэнэт цохиод үсдээд авахаар нь би хөлөөрөө Гантөмөр ахыг тийрсэн. ...Намайг гарахад талийгаач нуруу руу түлхэх шиг болсон. хашаанд нь явж байхад дал халуу оргиод байсан. ...Гэмтэл дээр очиход Цэцэгмаа эгчийн нүүр хавдсан байхаар нь би Гантөмөр ах зодчихсон байна гэж бодсон. Би гар хүрээгүй. ... Цагдаа нар эгч чинь тэгсэн гэхээр нь би Цэцэгмаа намайг хутгалчихсан гэж хэлчихсэн...” гэх мэдүүлэг /3хх-167-168/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэнийг сайтар шалгаж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай.

4. Амь хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсан, хэрхэн яаж учруулсныг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тус тус нарийвчлан шалгаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-33/-ээр дээж авсан, улмаар шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1109 “...Ягаан цэцэгтэй цагаан өнгийн хөнжилнөөс авсан дээж, зуухны булан дээрээс авсан цус мэт зүйл, зуухан дээр байх улаан өнгийн зүйлээс авсан дээж, шалан дээр дуссан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл зэрэгт илэрсэн цус нь С.Гантөмөрийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Үүдний шкафны буланд байх цус мэт зүйл, гал тогооны өрөөний хойд хана дээрээс бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн дээж зэрэгт илэрсэн цус нь Л.Эийн гэх ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-216-218/,

Шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 908 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хар савхин малгайнд гарсан 7х4мм, хар цамцанд гарсан 3.5 см, дээлэнд гарсан 2.9 см, 1.4 см хэмжээтэй уранхай хурц ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна” гэх дүгнэлт /2хх-75-78/ зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, түүнчлэн эргэлзээгүй тогтоох асуудал зөрчигдсөн байна.  Иймд дээрх байдлуудыг мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийсний үр дүнд зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай, түүнчлэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн:

Яллагдагч Л.Ц, Л.Э нарт холбогдох эрүүгийн 1908007150188 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зарлагдаж, хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор А.Ганзориг тухайн өдөр өвчний учир түр чөлөөтэй байсны улмаас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1/2957 дугаартай албан бичгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн. Шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхдээ хяналтын прокурорыг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт заасан прокурорын бүрэн эрхийг, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурорын хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, мөн хуулийн 34:12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...улсын яллагч...шүүх хуралдаанд оролцох боломжгүй...тухайн шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ...улсын яллагч... шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна...” гэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хэргийг прокурорт буцаах тухай шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүд нь дараах байдлаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1 дэх заалтын тухайд:

Хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл авагдсан байх ба уг тэмдэглэлд “...тусгай дугаарын 3401 /ГГСҮТ-ийн/ утаснаас 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 22 цаг 50 минутад “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай дүү Эрдэнэчимэгийг үл таних 2 хүн хутгалсан” гэсэн утга бүхий дуудлага мэдээллийг хүлээн авсан талаар тусгагдсан байна. /хх-12/,

Мөн гэрч Н.Барбаатар /СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, жижүүрийн мөрдөгч/ нар нь “2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 22 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ... Баянхошууны шинэ эцэс дээр нэг эмэгтэй хүн хутгалуулж, дээрэмдүүлсэн байна...” гэсэн утга бүхий дуудлага мэдээллийг цагдаагийн хэлтэст ирүүлсэн талаар мэдүүлжээ.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “... мэдээллийг 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 22 цаг 50 минутад 3401 тусгай дугаарын утаснаас гаргасан...” талаар тэмдэглэсэн байна.

2019 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 00:50:26-д 88308740 дугаарын утаснаас өгсөн дуудлага нь ГССҮТөвөөс 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 22 цаг 50 минутад өгсөн дуудлагаас хойш буюу гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа эхэлсэн байхад бүртгэгдсэн байх тул тухайн дуудлагыг өгсөн Батбаяр гэх хүнийг олж тогтоох онцын шаардлагагүй бөгөөд хэрэгт нотолгооны чухал ач холбогдолгүй юм.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Ц, Л.Э нарын хувийн байдлыг бүрэн шалгаж тогтоосон, урьд нь хэрэгт холбогдож байсан эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүхээс “Цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээлэл нь шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл болно” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь заалтын тухайд: Мөрдөн байцаалтад хохирогч Л.Э нь хохирогчоор 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн шөнийн 04 цаг 00 минутад мэдүүлэг өгсөн байх ба уг мэдүүлэг нь эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлын улмаас буруу зөрүү ярьсан талаараа 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 13 цаг 27 минутад өгсөн мэдүүлэгтээ тайлбарлаж мэдүүлсэн байна. Мөн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө 2 дахь мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв ярьсан талаар мэдүүлдэг. Хохирогч Л.Э нь эхний удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлын улмаас буруу зөрүү ярьсан” болох нь түүний өгсөн 2, 3 дахь удаагийн хэргийн бодит үнэнийг өгүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон болно. Харин хохирогч Л.Ц нь мөрдөн байцаалтад нийт 3 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар огт зөрүүгүй мэдүүлдэг атлаа шүүхээс “зөрүүтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Шүүхээс шүүгдэгч Л.Ц, Л.Э нарын мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг зөрчиж байна. 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дэх заалтын тухайд: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар талийгаач С.Гантөмөрийн биед шүүгдэгч Л.Ц халдаж амь насыг нь хохироосон болох нь нотлогдон тогтоогддог бөгөөд шүүгдэгч Л.Цгаас өөр хүн тухайн талийгаач ............. биед халдсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүнийг алсан тохиолдолд хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж алах гэж тусгайлан зүйлчлэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс шүүгдэгч Л.Цг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, талийгаачид учирсан хөнгөн хохирлыг хэн учруулсан болохыг дахин шалгах талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүхийн тогтоолын 5 дахь заалтын тухайд: Шүүхийн тогтоолын энэ заалт нь хэрэгт ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Л.Цгийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Шүүхийн тогтоолд дурдсан 5 үндэслэлийг шалгах ёстой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Л.Эийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг бүрэн шалгасан гэж үзэж байна. Л.Э нь 60 настай, одоо цагдан хоригдож байгаа. Анхан шатны шүүхэд бүртгүүлэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Л.Э нь өмнө 2-3 удаа харвасан. Хэл ярианы чадваргүй хүн байгаа. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 4 удаа хэвтсэн. Одоо эрүүл мэндийн байдал нь тааруухан байгаа. Тодорхойлолт гаргаж өгөөч гэсэн боловч эмч нь байхгүй гээд тодорхойлолт өгөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Л.Ц, Л.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаартай шүүхийн тогтоол үндэслэл муутай гарчээ. Учир нь,

Шүүхийн шийдвэрт дурьдсанаар “цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн Батбаяр гэх иргэнийг олж тогтоон мэдээлэлтэй холбоотой бусад байдлыг шалгаж тогтоох” талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнийг гэрчээр асууж тодруулснаар хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх зохих ажиллагаа эхэлснээс хойшхи дуудлагын талаар шалгах нь үр дүнгүй юм гэж үзлээ.

Түүнчлэн “шүүгдэгч нарын АСАП сангийн мэдээллийг хэрэгт хавсаргаж, тэдний хувийн байдлыг тогтоох” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос энэ баримтыг шүүхэд шинээр гаргаж өгөх замаар хэлэлцүүлэх боломжтой гэж тайлбарласан ба шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шаардлагатай гэж үзсэн гэрчүүд болон оршин сууж байгаа газрын хорооны ажилтны мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх тул эдгээр баримтуудад үнэлэлт өгч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүх дүгнэлт өгөх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээнийг үндэслэн тогтоох боломжтой атал “шүүгдэгч нарын өөр хоорондын мэдүүлгийн зарим зөрүүг гаргах нь зүйтэй” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж, зохих хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Харин, өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй шүүгдэгч нараас үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардаж, дахин мэдүүлэг авч, өөрсдөөр нь гэмт хэргийн үйл баримтыг тодруулах нь хууль бус болно. 

“Амь хохирогчийн биед учирсан хөнгөн хохирлыг хэн учруулсныг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох” талаар анхан шатны шүүхийн заалт мөн ойлгомжгүй байна. “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн алсан тохиолдолд хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж алах гэж тусгайлан зүйлчлэх хуулийн зохицуулалт байхгүй...” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд, “шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эцэслэн хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор А.Ганзоригийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Э, Л.Ц нарт холбогдох хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хөнгөн гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Л.Эт анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг давж заалдах шатны шүүхээс өөрчилж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ц, Л.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Л.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ