| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******т холбогдох эрүүгийн 2215002630021 дугаартай, 163/2023/0052/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******ы Б*******, Булган аймгийн Хангал суманд 1990 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын ******* багийн 6 дугаар микрийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* уяач, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, урьд
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 252 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 настай Ж.аар ******* унуулах үедээ Үндэсний морин уралдааны ******* уяач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартыг, Булган аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаартай захирамжийн 1 дэх заалтад заасан аймгийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосугай гэснийг тус тус зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002630021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь Үндэсний морин уралдааны ******* унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтоосон MNS6264:2018 стандарт, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон Булган аймгийн Засаг даргын захирамжийг тус тус зөрчиж, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 настай Ж.д хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гутал зэргийг өмсүүлэлгүйгээр морины уяа сойлгын ажлыг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хийлгэх явцад мориноосоо унаж эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний доод ба гадна хананы хугарал, нүүрний доод ба гадна хананы хугарал, нүүрний зүүн хэсэг цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү*******ы өгсөн: Тухайн үед дүүгийндээ хүүгээ орхиод нөхрийн хамт Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан юм. Дүүгийн хүүхэд ******* унахаар явахад нь миний хүү сонирхоод дагаад хамт явсан байсан. Тэгсэн 3 хоног бидний зөвшөөрөлгүйгээр ******* унуулсан байсан. Тэгээд хотоос ирэхэд 2 хоногийн өмнө *******ноос унасан гээд нүүр нь хаван хавдартай болсон байсан. Ингээд эмнэлэгт үзүүлж, Б*******тай уулзсан. Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсон. Б******* 2 жоохон хүүхдээ хардаг гээд байсан тул цуг явъя гэхээр нь би за чи 2 жоохон хүүхэдтэй юм чинь яваад яах юм бэ? эмчилгээний зардлыг л төлчихөөрэй гэсэн. Хотоос ирчихээд Б*******т хийгдсэн эмчилгээний талаар хэлж, эмчилгээний төлбөрийг авах гэтэл намайг өрөө авах гэж байгаа юм шиг харьцаж, одоохондоо мөнгө алга, боломжгүй байна гэх мэт худал хэлээд алга болсон. Хүүг минь мориноос унасан даруй эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлээгүй, дүүгийнд аваачаад орхисон байсан. Би өөрөө ирж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хүү маань болсон явдлаас хойш сургуульдаа явахгүй байж байгаад сая энэ намраас л хичээлдээ явж байгаа. Эмчилгээний төлбөрийг төлөхгүй удахгүй өгнө, боломжгүй гэж явсаар өгөхгүй байсан тул би сүүлд цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан. Хүүг минь насанд хүрэхээр нь хамрын ясны хугаралыг янзлах мэс засалд орох шаардлагатай гэсэн байгаа. Иргэний нэхэмжлэлийн дагуу хохирол төлбөрийг гаргуулна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Насанд хүрээгүй хохирогч Ж.ы өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн ******* сумын Шанд багт байдаг ээж Ү*******ы төрсөн дүү Мөнхзул эгчийн гэрт очсон. Тэгээд би Мөнхзул эгчийн гэрт байж байхад Б******* гэх ах гэрт орж ирээд Мөнхзул эгчийн хүү болох Дэмбэрэлсамбууг ******* унуулахаар авч явах гэхэд Дэмбэрэлсамбуу намайг хамт явчихаад ирье гэсэн. Тэгээд би хамт явсан. 04 дүгээр сарын 15-ны өдөр дахиад нөгөө Б******* гэдэг ах Дэмбэрэлсамбуу бид 2-ыг авч яваад хурдан морины уяан дээрээ ирсэн. Б******* гэх ах намайг энэ ******* номхон чи энэ морийг уначих гэсэн. Тэгээд би хээр зүсмийн *******, Дэмбэрэлсамбуу бас нэг ******* унаад дахиад 2 хүүхэд хурдан ******* унасан. Бид дөрөв ******* үсэргэхээр *******доо унаад Бугат сумын ******* бариа гэх газраас цаашаа явж байгаад буцаж ирээд уралдаж байхад миний тохсон байсан шонхор эмээлний буруу талын дөрөөний сур тасарсан. Тэгээд би тухайн мориноос газар унасан. Тэгээд Б******* ах намайг машинтайгаа ирж аваад морины гэрт очсон. Тэгээд би орой болтол Б******* гэдэг ахын гэрт унтаж байгаад Мөнхзул эгчийн гэрт ирсэн. Тэгээд ээж Ү******* маргааш орой нь Улаанбаатар хотоос ирээд намайг эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаартай: Ж.ы биед зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний доод ба гадна хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн үедээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Дээрхи гэмтлүүд нь тухайн үедээ шинэ гэмтлүүд байсан ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн талын хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний доод ба гадна хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
3. Булган аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаартай: Аймгийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосугай... гэх захирамж /хавтаст хэргийн 36 дахь тал/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү*******ы өгсөн: Миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байх миний хүү манай төрсөн дүү Мөнхзулын гэрт хүүхэд тэдний хүү Дэмбэрэлсамбуутай хамт тоглож байсан юм. Тэгсэн Орхон аймгийн Б******* гэх уяач залуу Дэмбэрэлсамбуугаар морио унуулахдаа миний хүү ыг хамт авч яваад хамгаалах хувцас хэрэглэлгүй морины сунгаанд ******* унуулсан байсан. Миний хүү ******* унаж явахдаа мориноос унаж толгойдоо гэмтэл авсан. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүүгээ мориноос унасан гэдгийг мэдээд очиж аваад эмнэлэгт хүргээд эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед бол миний хүүг мориноос унагаасан уяач Б******* гэх залуу надад цагдаад битгий мэдэгдээрэй би хохирол гомдлыг чинь барагдуулна гэж хэлэхээр нь би хүүгээ аваад өөрийн зардлаар эмчилгээ хийлгэсэн. Тэгсэн Б******* гэх залуу ор сураггүй алга болсон учраас би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Бугат сумын цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
5. Яллагдагч Б.Б*******ын өгсөн: Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би өөрийн ******* унадаг хүүхэд болох Дэмбээг гэрээс нь очиж авсан ба тухайн үед Дэмбээтэй хамт 1 хүүхэд цуг гарч ирээд явсан. ...Тэгээд Орхон аймгийн нутагт байрлах өөрийн морины зүчээн дээр очоод Дэмбээ өөрийнхөө морийг Дэмбээтэй хамт явсан хүүхэд халтар өнгийн шүдлэн үрээ унаад Булган аймгийн Бугат сумын нутаг руу буюу ******* бариа руу очиж явах замд ы шонхор эмээлний дөрөөний сур тасарч хажуу тийшээ унасан. Тэгээд Орхон аймаг руу орж ыг Дэмбээгийн гэрт аваачиж өгсөн. Тухайн үед эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч ы биеийн байдал нь мэдэгдэхгүй гайгүй байсан. Энэ явдлаас 2 хоногийн дараа ы ээж гэх хүн над руу утсаар залгаад би очиж ы толгойн зургийг эмнэлэгт авахуулсан гэх /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Ж.ы мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаартай захирамж, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 настай Ж.ыг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр ******* унуулах үедээ Үндэсний морин уралдааны ******* уяач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартыг, Булган аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаартай захирамжийн 1 дэх заалтад заасан аймгийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосугай гэснийг тус тус зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж. мориноос унаж зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний доод ба гадна хананы хугарал, нүүрний доод ба гадна хананы хугарал, нүүрний зүүн хэсэг цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б******* нь аймгийн алдарт уяач цолтой бөгөөд хурдан морины уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг өмсөж хэрэглэнэ гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд хамгаалалтын хувцас хэрэглэл зүүхгүй байх нь уралдаанч хүүхдэд гэмтэл учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой атал үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас насанд хүрээгүй хохирогч мориноос унаж биед нь хүндэвтэр гэмтэл учирсан нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Б*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах байр сууринаас тус тус оролцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, бооцоот уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон Засаг даргын захирамжийг мөн Үндэсний морин уралдааны ******* уяач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартыг ******* уяач хүний хувьд биелүүлэх үүрэг бүхий этгээд бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, хүүхдэд хамгаалах хэрэгсэл өмсүүлээгүй, Засаг даргын захирамжийг зөрчиж хурдан морины үсэргээ, сунгаа хийсэн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх хор уршигт хүргэсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар насанд хүрээгүй хохирогч Ж., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү******* нараас мөрдөн шалгах ажиллагаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1.632.000 төгрөг, бензин шатахууны зардал 517.804 төгрөг, нийт 2.149.804 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлага гаргаж нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлжээ.
Шүүх нотлох баримтын шаардлага, хэргийн үйл баримтын холбоо хамаарлыг нягтлан шалгаад “Эм би жи мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1.632.000 төгрөг, Булган аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгсөн, иргэний нэхэмжлэлийн баримтыг хэрэгт хавсаргахаар өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул энэ өдрийн НИК ХХК-ний 62.997 төгрөг, 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19.807 төгрөгийн бензиний баримт буюу нийт 1.714.804 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 385.000 төгрөгийн, 23-ны өдрийн 50.000 төгрөгийн нийт 435.000 төгрөгийн НИК, ПЕТРОСТАР ХХК-ний бензиний E-баримт нь Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсэн гэх нотлох баримтгүй байх боловч шүүгдэгч нь дээрх 435.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчийн насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгт дээрх безиний төлбөрийн 285.196 төгрөгийг оруулан тооцож шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч Ж.ы зүүн талын хоншоор ясны хугаралыг насанд хүрэхээр нь мэс заслын аргаар эмчилнэ гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхээ илэрхийлсэн, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчид учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоосон тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх нь дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэргийн 76-82 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа, мэдээлэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Хангал суманд 1990 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын ******* багийн 6 дугаар микрийн ******* тоотод эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* уяач, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөнг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч Б.Б*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Б******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б*******ы Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б******* нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү*******д 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлсөнийг дурдаж, түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ