| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Га,
иргэний нэхэмжлэгч Ч.Э,
иргэний нэхэмжлэгч Д.Д,
шүүгдэгч А.М******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М*******т холбогдох эрүүгийн 2315000000030 дугаартай, 163/2023/0047/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн М*******, Хөвсгөл аймгийн ******* суманд 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, Хөвсгөл аймаг, ******* сум, 12 дугаар байр 15-25 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М******* 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Булган аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд буюу “Х*******т” гэх газарт ******* улсын дугаартай “T*******” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлийг зөрчиж, эсрэг урсгалд зорчиж байсан ******* улсын дугаартай “T*******” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Э.Гын биед хүн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000030 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Булган аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд буюу “Х*******т” гэх газарт ******* улсын дугаартай “T*******” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлийг зөрчиж, эсрэг урсгалд зорчиж байсан ******* улсын дугаартай “T*******” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Э.Гын биед хүн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
4. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Х*******т гэх газар байв. 24-08 УНБ улсын дугаартай “T*******” загварын тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай “T*******” загварын тээврийн хэрэгсэл байв.Үзлэгийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 40 минутад эхлүүлэв. ...эвдэрч хэмхэрсэн буюу гадна талаар хөрвөөж эргэсэн байдалтай хэлбэр дүрсээ алдсан байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-13 дахь тал/,
5. Гэрч Л.Бын өгсөн “...Би Хөвсгөл аймгаас Орхон аймаг чиглэлд өөрийн эхнэр Э, бэр эгч Оюунбилэг, хүү нь болох Загдсүрэн, найз Чулуунням гэх хүмүүсийн хамтаар явсан. Тэгээд би жолоо барьж явсан бөгөөд Булган аймгийн Бугат сумын Х*******т гэх газарт асфальтан замаар оройн 20 цагийн орчимд явж байх үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл миний зорчих хэсэг рүү орж ирээд хоёр тийшээгээ залаад яваад байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлтэй ойртоод ирэхээр нь би гэрэл ээ анивчуулж дохио өгсөн. Тэгээд би бүр болохгүй болохоор нь тоормос оо гишгээд жолооны хүрдийг зүүн дартал нөгөө эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл надтай адилхан жолооны хүрдийг баруун дарж өөд өөдөөсөө мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
6. Гэрч М.Сийн өгсөн: “...М******* нь манай нөхөр байгаа юм. Харин Га нь болохоор манай төрсөн ах байгаа юм... Уг ослоос хойш Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад одоо Хөвсгөл аймгийн эмнэлэг рүү шилжиж байна. Манай ахын биеийн байдал эхлээд эхлээд их тааруу амь настай холбоотой байж байгаад одоо хагалгаа хийж эмчилгээ хийлгэсний үр дүнд ухаан орчихсон байгаа. Одоо ч гэсэн хэвтрийн дэглэмтэй байгаа. Гэхдээ ухаан санаа бүрэн орж тогтворжоогүй болсон явдлын талаар ярьж хэлж чадахгүй буюу ярьж хэлсэн зүйлээ эргэж санахгүй, мөн зарим нэг зүйлээ дахин дахин яриад одоогоор бол үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
7. Гэрч М.Зийн өгсөн: “...Би машины арын суудлын зүүн захад нь сууж явсан бөгөөд орой харанхуй болчихсон байхад өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл замаа хөрөөдөөд буюу манай зорчих эгнээнд болон өөрийн зорчих эгнээнд орж гараад яваад байсан. Тэгтэл жолооч Б нь гэрэл ээ шилжүүлж тоормоз гишгэсэн боловч нөгөө машин өөдөөс ирж мөргөлдсөн. Осол болсны дараа машинаас бууж харахад эсрэг урсгалаас ирж мөргөсөн тээврийн хэрэгсэлд хоёр залуу сууж явсан бөгөөд нэг залуугийн биеийн байдал их муу байдалтай түргэн тусламж ирээд аваад явсан... Эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл урсгал сөрөөс замаас урагш гарах нь уу гэтэл эргээд өөрийнхөө эгнээ рүү хөндлөн ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
8. Гэрч М.Зийн өгсөн: “...Би машины арын суудлын зүүн захад нь сууж явсан бөгөөд орой харанхуй болчихсон байхад өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл замаа хөрөөдөөд буюу манай зорчих эгнээнд болон өөрийн зорчих эгнээнд орж гараад яваад байсан. Тэгтэл жолооч Б нь гэрэл ээ шилжүүлж тоормоз гишгэсэн боловч нөгөө машин өөдөөс ирж мөргөлдсөн. Осол болсны дараа машинаас бууж харахад эсрэг урсгалаас ирж мөргөсөн тээврийн хэрэгсэлд хоёр залуу сууж явсан бөгөөд нэг залуугийн биеийн байдал их муу байдалтай түргэн тусламж ирээд аваад явсан... Эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл урсгал сөрөөс замаас урагш гарах нь уу гэтэл эргээд өөрийнхөө эгнээ рүү хөндлөн ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
9.Гэрч О.Чулууннямын өгсөн: “...Би Хөвсгөл аймагт буяны ажил явдалд оролцчихоод 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг руу гэр рүүгээ явах гээд өөрийн найз Бын хамт машинтай нь явсан. Тухайн үед би урд талын зорчигчийн суудал дээр сууж явсан. Тэгээд орой харанхуй болчихсон байх үед буюу 20 цаг 20 минутын орчим эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийн гэрлийг харахад урсгал сөрчихсөн буюу манай зорчих хэсэг дээр явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн гэрэл намайг гялбуулахаар нь наадах чинь гэж хэлж байтал тас, нис гээд хоорондоо мөргөлдсөн. Уг осол болсны дараа машинаас буухад эсрэг урсгалаас ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл нь суудлын тээврийн хэрэгсэл байсан бөгөөд 2 залуу сууж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
10.Иргэний нэхэмжлэгч Ч.Эийн өгсөн: “...Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрэхэд өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл зам дээр сүлжээд буюу өөрийнхөө эгнээ болон манай эгнээ рүү орж гараад яваад байсан. Тухайн үед би зүүрмэглээд байгаам биш үү гэрлээ дохиоч гэхэд жолооч Б дохиж сигналдаж байна гэж хэлсэн. Тэгээд өөдөөсөө мөргөлдөх шиг болсон тухайн үед тар няр гээд дуу чимээ гараад сэрсэн арын суудал дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд машинаас буугаад харахад саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
11.Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1418 дугаартай “...Э.Гын биед зүүн чамархай суурь ясны их далавч руу үргэлжилсэн хөхлөг сэртэнлүү үргэлжилсэн хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын доод ханын хугарал, зүүн хацарны ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний гадна хана, доод ханын хугарал, хамар ясны хугарал, дух зүүн тал бөмбөлгийн суурь болон духны урд дэлбэн, зүүн чамархай, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, субарахноидал зайд цус харвалт, хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
12. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №15 дугаартай “...Ч.Эийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
13. Иргэний нэхэмжлэгч Д.Ды өгсөн: “...Миний ******* улсын дугаартай Ланд крузер загварын тээврийн хэрэгслийг манай хуурай ах Б нь 2022 оны 12 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг руу буяны ажилд унаж хэрэглэх гээд авч явсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу осол болсны маргааш өдөр нь зам тээврийн осол болсон талаар мэдсэн. Надад Б ах хэлэхдээ эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихлөө гэхдээ эсрэг урсгалаас ирж мөргөсөн машины буруу байх гэж хэлсэн... Миний хувьд тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл болон үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 715.000 төгрөг. Орхон аймаг дотор оношлогоонд оруулах гэж ачааны машинаар зөөвөрлөхөд 120.000 төгрөг, оношилгооны хөлс 350.000 төгрөг, Булган аймгаас Орхон аймаг руу тээвэрлэхэд 225.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч А.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Булган аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд буюу “Х*******т” гэх газарт ******* улсын дугаартай “T*******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйл “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх хориглосон заалтыг зөрчиж эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан ******* улсын дугаартай “T*******” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Э.Гын биед хүн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Мөрдөгчийн 21 дугаартай магадлагаагаар шүүгдэгч А.М*******ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг магадлагаа нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглалтай агуулгын хувьд тохирсон байна.
Шүүгдэгч А.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас шинжээчийн №1418 дугаартай “...Э.Гын биед зүүн чамархай суурь ясны их далавч руу үргэлжилсэн хөхлөг сэртэнлүү үргэлжилсэн хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын доод ханын хугарал, зүүн хацарны ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний гадна хана, доод ханын хугарал, хамар ясны хугарал, дух зүүн тал бөмбөлгийн суурь болон духны урд дэлбэн, зүүн чамархай, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, субарахноидал зайд цус харвалт, хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, гэх дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
А.М*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан,
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,мэдүүлгийн агуулга зөрүүгүй,хохирогч,иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.М******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Э.Гын биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхжаргал нь хохирол төлбөр, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний нэхэмжлэгч Ч.Э нь хохирол төлбөрт 551.500 /таван зуун тавин нэгэн мянга таван зуун/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Д нь 16.510.000 /арван зургаан сая таван зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан бөгөөд шүүгдэгч А.М******* нь шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Д.Дд 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх хохиролоо 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотроо төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч А.М*******аас 15.061.500 төгрөгийг гаргуулж,иргэний нэхэмжлэгч Ч.Эт 551.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дд 14.510.100 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.М******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 114-127 дугаар талд авагдсан Хөвсгөл аймгийн ******* сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.М******* нь Хөвсгөл аймаг, ******* сум, 12 дугаар байр 15-25 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.М*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, 2 жил 8 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч А.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.М*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.М*******т 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.М*******т сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А.М******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М*******аас хохирол төлбөрт 551.500 /таван зуун тавин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Олонхууд овогт Чулуубаатарын Э /РД:ХЙ75021701/-т, иргэний нэхэмжлэгч Шуудай овогт Даваацэрэнгийн Д /РД:ИЦ77072513/-д 14.510.000 /арван дөрвөн сая таван зуун арван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ