| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч *******ж нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******жид холбогдох эрүүгийн 2315000000019 дугаартай, 163/2023/0044/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Дэмчигдорж, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, Хийморь хороолол, 2-202 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******ж нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.П*******г зохисгүй үг хэллэгээр доромжилж, түүний толгой, нуруу, нүүр, хэвлий гуя хэсэг рүү өшиглөх, сандлаар цохих зэргээр зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000019 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч *******ж нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.П*******г зохисгүй үг хэллэгээр доромжилж, түүний “толгой, нуруу, нүүр, хэвлий гуя хэсэг рүү өшиглөх, сандлаар цохих” зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогч Г.П*******гийн биед “дагзны хуйх, баруун дунд чөмөгний их эргүүлгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл буюу “хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******жийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.П*******гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 22 цаг өнгөрч байхад манай нөхөр *******ж сумын төвөөс гэртээ ирээд 2 шил Хараа нэртэй 0,5 гр архийг ганцаараа уусан.Тэгээд согтчихоод намайг элдэв янзын муу муухай үгээр хэлсэн. Банзал, янхан, чамаас залхаж байна, сална, өөрийн 3 хүүхдээ хүртэл өөр хүний хүүхдүүд гэж элдэв үгээр доромжлоод намайг зодсон. Миний биеийн толгой, чих, нуруу, хамар, хэвлийн рүү өшиглөж, баруун гуя руу сандлаар цохисон. Тэгээд 4 настай охин хүүдийг авч шидэх гээд байсан. Тэхээр нь би боль гээд болиулсан. Тэгснээ намайг үхэж далд ор гэж багалзуурдсан. Би гэрээс гарах гэтэл гэрээс гаргахгүй зодож нүдээд ална шудна гээд байсан. Тухайн үед гутлын түрүүндээ хутга хийсэн байсан болохоор айгаад өмнөөс нь дугараагүй юм. Тэгээд үүр цайж байхад унтаад өгсөн. Тэгээд босоод ирэхээр нь чи яахаараа намайг ингэж зодож нүдэж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь яасан ч яадгийн гэж хэлээд хүнээр сумын төвөөр хүргүүлээд Улаанбаатар хот руу явсан. Тухайн хүргэж өгсөн хүнийг нь би танихгүй хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,
3. Гэрч Ё.*******ийн өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө гэртээ унтах гээд байж байтал миний бага охин Г.П******* өөрийнхөө 99623117 дугаарын гар утаснаас над руу залгаад Дэмчигдорж согтуу ирчихээд намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгээд яах вэ? гэсэн чинь Дэмчигдорж намайг ална гээд байна гэсэн. Тэгээд би гайгүй байх гэж бодоод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дэмчигдорж гэх манай хүргэн хот явлаа гээд манайхаар ороод гарсан. Дэмчигдоржийг манайд орж ирэхэд нь олон жил ханилчхаад нэгнийгээ зодоод байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь Дэмчигдорж яадаг юм цагдаадаа хэл гэж хэлчхээд гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.*******гийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №653 дугаартай “... Г.Пагмасүрэнгийн биед дагзны хуйх, баруун дунд чөмөгний их эргүүлгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ .Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******жийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...“...Ганцаараа согтоод эхнэр Г.Пагмасүрэнг зодсон байсан. Тэгээд өглөө сэрсэн чинь эхнэр Г.Пагмасүрэн чи намайг сандлаар зодсон гэж хэлэхээр нь үгүй байлгүйдээ гэж хэлсэн.Тэгээд хувцсаа өмсөөд Улаанбаатар явлаа гэж эхнэртээ хэлээд хаяа айлын Баярбат гэх хүнээр хүргүүлээд сумын төвөөс Улаанбаатар хот орох унаанд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.П*******, гэрч Ё.Цэдмид нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.*******гийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №653 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн *******жийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч *******ж нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.П*******г шалтгаангүйгээр зохисгүй үг хэллэгээр доромжилж маргалдсан байна.
*******ж нь маргалдах явцдаа хохирогч Г.П*******гийн “толгой, нуруу, нүүр, хэвлий гуя хэсэг рүү өшиглөх, сандлаар цохих” зэргээр зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “дагзны хуйх, баруун дунд чөмөгний их эргүүлгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж хохирогч мэдүүлсэнийг давхар гэрч Ё.******* гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.*******гийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №653 дугаартай “... Г.Пагмасүрэнгийн биед дагзны хуйх, баруун дунд чөмөгний их эргүүлгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ .Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч *******жийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих хөлөөр өшиглөх, “толгой, нуруу, нүүр, хэвлий гуя хэсэг рүү өшиглөх, сандлаар цохих” зэрэг үйлдлийн улмаас хохирогч Г.П*******гийн биед “дагзны хуйх, баруун дунд чөмөгний их эргүүлгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учрах боломжтой байна, шүүгдэгч *******жийн үйлдлийн улмаас хохирогч Г.П*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаан холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
*******жийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн *******ж нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч *******ж нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.П*******гийн бие, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******жийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.П******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******жийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *******жийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, уг ялыг Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 4 сарын хугацаанд гарахыг хязгаарлах саналыг,
Шүүгдэгч *******ж: Тусгайлан гарах саналгүй гэх байрь суурийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх улсын яллагчийн санал оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, уг ялыг Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 51-65 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗШ/417 дугаартай шийтгэвэр зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *******ж нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, Хийморь хороолол, 2-202 тоотод амьдардаг, малчин зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оршин суугаа газар болох Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч *******ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Дэмчигдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******жийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******жийг оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч *******ж нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******ж нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ