Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

 

  2019           10             31                                            2019/ДШМ/1097

 

                                          

                                                                         Д.М, Г.Б

  нарт холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнх-Од,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгч Д.М,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр,

орчуулагч Г.Болормаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1360 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.М, Г.Б нарт холбогдох эрүүгийн 1802005150277 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1...................... Улсын иргэн Д.М, 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Австри Улсын Салцбург хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, Турк Улсын “Сайде-Зорлу” лицей сургуульд суралцаж байгаад гарсан, дунд боловсролтой гэх, мэргэжилгүй, хувиараа цахим арилжаа эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт ........... дүүргийн ............. дугаар хороо, ...............хотхоны ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ................. дугаарын гадаад паспорттой, /РД:.................../;

2. .......... овгийн ...................., 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, манекурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт ........... дүүргийн ......... дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн ..............дугаар хороо, ................ хотхоны ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../.

Д.М, Г.Б нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисын түүхий эд болох “Каннабис” гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.М, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М, Г.Б нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мад 6 сарын хугацаагаар хорих ялаар, Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч Д.М, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мын цагдан хоригдсон нийт 237 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 237 хоногийг түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас суллаж, Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сиди-г хадгалахаар, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №35 гэж дугаарлан хураан авсан 40х40 см хэмжээтэй хатуу цаас, 50 см өргөнтэй, 50 см урттай, 150 см орчим өндөртэй “Каннабис” гэх нэршилтэй ургамлыг ургах орчныг бүрдүүлсэн, дотор хэсгийг нь мөнгөлөг өнгийн цаасаар бүрсэн гар аргаар хийсэн лаборатори мэт зүйл, №8 гэж дугаарласан хайрцагны хамт 301,5 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, №12 гэж дугаарласан “Daewoong” гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн тагтай агаар чийгшүүлэгч, №18 гэж дугаарласан уутны хамт 0,6 грамм хатсан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарлан хураан авсан “Хүлэгт хөрс” гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн ууттай зүйл, №3 гэж дугаарлан авсан BASE-A, SWEET STICKY, TREE TRUNK, GOLDEN TREE, BASE-B, CALMAG IRON гэсэн бичиглэл бүхий 6 ширхэг дотроо шингэнтэй савнууд, №4 гэж дугаарлан хураан авсан “Хатан туул” гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо тал хүрэн өнгийн шингэнтэй усны сав, №1 гэж дугаарласан резинэн бээлий, №2 гэж дугаарласан 5мл-1 ширхэг, 3мл-1 ширхэг тарианы шприц, базсан цагаан өнгийн нимгэн цаас мэт зүйл, улаан өнгийн 10 ширхэг, шар өнгийн 10 ширхэг, ногоон өнгийн 10 ширхэг дотроо шингэнтэй ургамлын бордоо, МАХ-100 грамм гэсэн бичиглэл бүхий гар жин, TDS-3/temp гэсэн бичиглэл бүхий усны бохирдол хэмжигч 2 ширхэг багаж, №13 гэж дугаарлан хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийг уутны хамт 1,4 грамм,№81 гэж дугаарлан хураан авсан дотроо хүрэн өнгийн шингэнтэй доод хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон хуванцар сав, шар өнгийн скочоор ороосон байдалтай, ургамлын үр мэт зүйл 9 ширхэг, №8 гэж дугаарласан ваартай ургамал мэт зүйлээс авсан дээж уутны хамт 2,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэх байтал түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 237 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, шүүх хуралдааны танхимаас суллах шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд “...Би бага насны хүүхэдтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Би хэнд ч хор хөнөөл учруулах бодолгүй байсан. Хуулийг зөрчсөндөө маш их харамсаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б, Д.М нарын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа, давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2 удаа орж байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1360 дугаар шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Прокуророос давж заалдах шатны шүүх тэнсэн харгалзах ял, мөн албадлагын арга хэмжээ авах боломжтой гэдэг санал дээр маргахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Г.Байгалийн хувьд “дахин гэмт хэрэг үйлдвэл хариуцлага хүлээлгэнэ” гэдгийг өөрчилж магадлалд тусгах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.М, Г.Б нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалсан” гэсэн Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт холбогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 237 хоногийг нь ял эдэлсэнд тооцон суллаж,  шүүгдэгч Г.Бд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.М, Г.Б нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Мад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан байхад түүнд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгээд цагдан хоригдсон хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан ял эдэлсэнд тооцож, суллахдаа албадлагын арга хэмжээг хэрхэхийг заагаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба энэ алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэргийг урьд нь шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 577 дугаартай магадлалаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад энэ удаа дахин “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” ноцтой алдаа гаргасныг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1360 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

 

    ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ