Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/шш2021/0688

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Н

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Нийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг гаргуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Ншүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ншүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Н миний бие Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар цагдаагийн хошууч Х.Н намайг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.6, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.2.2, 2.3.2, 2.4.1, 2.4.13 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалаас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн сарын 20-ны өдрөөс тус газарт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр томилон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Уг тушаалыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны ѳдрийн 2051 тоот мэдэгдэх хуудсаар мөн өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01/1622 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандахыг зөвлөе гэсэн хариу ирүүлсэн тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Х.Н би, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчээр ажиллаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 2007 оноос хойш 14 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл нэр бүхий албан хаагчдын зохион байгуулалттай үйл ажиллагааны золиос болж өнөөдөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээгээд байна. Сахилгын шийтгэл оногдуулсан зөрчлийн тухайд,

2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэгдсэн иргэн Т******* овогтой Ен гомдол: Иргэн Т.Е нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэгдсэн бөгөөд Эрүүлжүүлэх, саатуулах байрны даргын зүгээс ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Е өөрийн хувийн сонирхлоор уг гомдлыг гаргуулсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Етай холбоотой миний шалган шийдвэрлэж байсан хэргийн зарим төрлийн ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг a/a A******* нь иргэн Ед задруулсны улмаас үүнийг хяналт шалгалтын прокурор сонсоод эсрэгээр нь ашиглаж иргэн Т.Егаар гомдол гаргуулан өөрөө хяналт шалгалт хийж шаардлага бичсэн, мөн Цагдаагийн газрын нэр бүхий 2 албан хаагчийг миний эсрэг худал мэдүүлэг өгүүлж, нь албаны хяналт шалгалтыг бүрэн явуулалгүйгээр зөвхөн надад хариуцлага тооцох зорилго агуулсан болох нь илтэд ажиглагддаг. Прокурорын шаардлагатай холбоотой намайг гүтгэж 6 сарын дараа иргэнээр зориуд зохион байгуулалттайгаар гомдол гаргуулан, түүнийгээ өөрөө шалган ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн.

2021 оны 02 дугаар сарын 16-ны өглөөний 04:20 цагт өөрийгөө боомилж амиа хорлохыг завдсан гэх Өлгий сумын 6 дугаар багийн иргэн И.Дасуудал:

Тухайн өдөр дуудлага мэдээллийг цагдаагийн албан хаагч хүлээн авч, цагдаа Ж.Д, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч н.Н******* нар тухайн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Тухайн өдөр жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан Х.Н би болон жижүүрийн цагдаа а/а Б.Абид хоёрт хүлээлгэн өгсний дагуу миний бие эмчийн үзлэг хийж дараа нь хариуцсан ажил үүргийнхээ дагуу а/а Б.Абиед нь байгаа зүйлд үзлэгхийж эрүүлжүүлэхийн өрөөнд оруулахгүйгээр сандал дээр суулган харгалзах шийдвэр гаргасан. Учир нь, иргэн Д тухайн үед сэтгэл санаа маш тогтворгүй бaйcaн тyл бид хамт харж хянаж байгаад өглөөний 06.00 цагийн үед би теле хяналтын камераас иргэн Д-ийн гутлын үдээсийг а/а Б.Ааваагүйг хэлж авахыг үүрэг болсон. Түүний дараа би ажлын өрөөндөө орж түрхэн хугацаанд ажил гүйцэтгээд иргэн Д хүний цэвэрлэсэн байранд шүлсээ хаяснаас маргаан үүсэж а/а Б.Абид тэднийг салган иргэн Д-г эрүүлжүүлэхийн камерт оруулсан. Хэсэг хугацааны дараа дараагийн ээлж ажил хүлээн авсан тул а/а Б.Абид хоёр ажлаас буугаад явсан ба үүнээс хэсэг хугацааны дараа иргэн Д өөрийгөө боомилсон. Мөн түүний байрлаж байсан орны доороос архины шил олдсон зэрэг асуудал гарсан тул албаны шалгалтыг явуулсан. Гэхдээ албаны шалгалтын үеэр албан хаагч нарын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, хуулиар олгогдсон хэм хэмжээ түүнийг хэрэгжүүлэх, гүйцэтгэсэн байдал зэргийг шударгаар тогтоогоогүй Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн ногдуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч Х.Н миний буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байгаа болохыг шударгаар, үнэн зөв тогтоолгүй, зөвхөн буруутгах, яллах бодлого барьж асуудалд хандсанд гомдол байна. Х.Н миний ажлын байрны тодорхойлолтод заасан хуваарьт үүрэг, Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 8.2, ЦБҮАЖКод 629.7.4-т заасан үндэслэлүүдийг харгалзаагүй байдал зэргээс үүдэн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Н даргын энэ удаагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь түүний 3 дахь удаагийн үндэслэлгүйгээр хариуцлага хүлээлгэхээр оролдож буй үйлдэл бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/******* дугаар тушаал нь тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрхийг зөрчсөн, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуулыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Цагдаагийн ерөнхийн газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Нийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг гаргуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Эгэдэг хүнийг албаны эрх мэдлээ ашиглан 24 цаг эрүүлжүүлэхэд хорьсон талаар хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогддоггүй. И.Дауылбай мэдүүлгээр өглөөний 10 цагийн орчимд иргэн Х.Нээс цагдаагийн 102 утсанд агсам тавиад байна гэх дуудлага ирсэн. 8 дугаар сарын 21-ны өдрийн согтуурлын зэрэг шалгахад хэвийн бус байна гэж гарч ирсэн тул Т.Эгэх иргэнийг албадан эрүүлжүүлсэн. 8 дугаар сарын 22-ны өдөр Т.Эхолбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “би архи ууж Х.Н гэдэг цагдаагийн албан хаагчид агсам тавьсан байсан гэдгээ хэлдэг. Гэтэл хариуцагч нар прокурорын шаардлага гэх зүйл хэлж байна. Прокурорын шаардлага нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар зөвлөмжийн шинж, агуулгатай зүйл. Цагдаагийн албан хаагчийн код журам сахилгын шийтгэл оногдуулахад албан хаагчийн тодорхойлолтод заасан 914 код журмын 3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулдаг. Цагдаагийн албан хаагч нийтлэг үүргийнхээ хүрээнд эрүүлжүүлэх байрны өдөр тутмын ажиллагааны талаар анхаарах ёстой боловч тухайн өдрийн өмнө Х.Н 24 цагаар хонож ажилчихаад гэртээ харьж амарсан. Сахилгын шийтгэл оногдуулах журмын 914 дүгээр зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл сануулах болон шат дараалалтай зөрчил оногдуулах ёстой. Зөвлөлийн хурал дээр н.О гэдэг хүн Х.Нийн шийтгэлийг хүндрүүлээд явуулсан нь маш буруу. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Ашүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн хошууч Х.Н нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 цаг 30 минут орчим цагдаагийн газрын жижүүрийн утсанд ирсэн дуудлагын дагуу иргэн И.Ань согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулж, амиа хорлох гээд байна гэсэн дуудлагын дагуу эрүүлжүүлэх саатуулах байранд ирснийг хүлээж авсан. Ийнхүү "Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл" хөтөлсөн боловч уг этгээдийн биед нарийн үзлэг хийлгүй, гадна харагдах байдлыг бичээд амиа хорлож болзошгүй үндэслэлээр камерт хийлгүй жижүүрийн үүдний коридорт суулгаж байгаад үүрээр 06 цагийн үед эрүүлжүүлэхийн камерт оруулахдаа мөн хувцас, эд зүйлд үзлэг хийлгуй шууд гутал, хувцастай нь оруулсан байна. Тус газрын ёс журмын эргүүл өглөө 08 цаг 30 минутад эрүүлжүүлэх байраар ороход И.Ань өрөөндөө гутлын үдээсээ холбож модон наарны хажуугаас хөндлөн төмрөөс өөрийнхөө хоолойг боомилсон байдалтай байсныг илрүүлж, таслан зогсоосон ба түүний хажууд 250 граммын "Хараа" архины хоосон шил байсныг хураан авсан. Тэрээр албан үүрэгтээ хайнга хандсанаар эрүүлжүүлэх байранд байгаа иргэн гутлыг үдээс, өмдний бэлхүүсний уяагаар өөрийгөө боомилж, амиа егүүтгэх, хоосон шилээр зүсэж гэмтээх нөхцөл байдлыг үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Ег цагдаагийн алба хаагчийн заналхийлсэн гэх хууль журамд заагаагүй үндэслэлээр эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгасан, хэл амаар доромжилсон бөгөөд энэ талаар прокурорын байгууллагаас шалгалт явуулж хариуцлага тооцуулахаар шаардлага ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хууль бус үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 629.6.2-ын “д”, 629.7.8, 629.10.2 дахь заалтууд, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 2, 2.3 дугаар зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 1, 13 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн тул байгууллагын зүгээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд цагдаагийн хошууч Х.Нийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын шаардлага ирсэн байна. Цагдаагийн байгууллага эрх хэмжээний асуудал бол биш. Харин прокурорын байгууллага өөрсдөө хүмүүсээ шалгаад асуудаг асуудал байгаа. Эрүүлжүүлэх байранд хүн нас барсан, нас бараагүй гэх зүйл яригдахгүй. Харин албан тушаалдаа хайнга хандсан гэх үүднээс эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байх ёстой. Бид нарын хэлж байгаа нь шалтгаан нөхцөлд анхнаасаа үдээс, архины шилийг авчихгүй яасан юм бэ. Тухайн хүн хэдэн цагт өөрийгөө боомилсон гэдэг нь хамаагүй. Харин анхнаасаа камер луу оруулахдаа тухайн эд зүйлийг авах ёстой байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Х.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд хандаж “Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...би зөрчил гаргаагүй, тухайн асуудалд миний буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байгаа болохыг шударга үнэн зөв тогтоолгүй, зөвхөн буруутгах, яллах бодлого барьсанд гомдолтой байна...” гэж тодорхойлсныг хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Маргаан бүхий захиргааны акт болох, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/******* дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4,  Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг заасныг тус тус үндэслэн Х.Нийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.6, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.2.2, 2.3.2, 2.4.1, 2.4.13 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн ажлаас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 4 дугаар сарын 20-ны өдрөөс мөн газарт Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж” шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.3-т “албан тушаал бууруулах” гэж, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.” Гэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж тус тус заажээ.

“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.”, 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэж заасан.

Түүнчлэн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.13-т “иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.3-т “албан тушаал бууруулах” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” тус тус заасан байна.

Дээрхи хуулиуд болон ёс зүйн дүрмийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Х.Н нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга бөгөөд эмчийн албан тушаалыг хашиж буй офицер болохын хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан эрүүлжүүлэх, саатуулах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар өдөр тутмын хяналт тавьж...эрүүлжүүлэх саатуулах байрны үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм журам зааврын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий субьект мөн байна.

Нэхэмжлэгч Х.Н нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүлжүүлэх саатуулах байранд Жижүүрийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Б.Аын хамт үүрэг гүйцэтгэх явцдаа зөрчил гаргасан болох нь дараахь байдлаар тогтоогдож байх тул түүнд “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв. Үүнд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн явуулсан албаны шалгалтын 20210370000004 дугаар материалаас үзвэл нэхэмжлэгч Х.Н нь Жижүүрийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Б.Аын хамт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүлжүүлэх, саатуулах байранд томилгоот үүрэг гүйцэтгэж байхдаа 04 цаг 30 минутад “...гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрийгөө боомилж амь насаа хохироохыг оролдсон” гэх үндэслэлээр хүргэгдэн ирсэн, иргэн И.Аийг /Д гэж бичихийг андуурсан, бичиглэлийн алдаа байх магадлалтай/ “Эрүүлжүүлэгдсэн этгээдийн бүртгэл”-д бүртгэн уг этгээдийн бие болон хувцасны гадна харагдах байдалд үндэслэн тэмдэглэл хөтөлж түүний цусны даралтыг шалган үүдний коридорт байлгаж байгаад 06 цагийн үед эрүүлжүүлэх өрөө /камер/-нд оруулахдаа гутлын үдээсийг нь хурааж авалгүй оруулснаас уг иргэн гутлын үдээсэндээ боомилж амиа хорлох үйлдэл гаргаж байсныг яг тухайн цаг үед нь Ёс журмын эргүүлээр ажиллаж байсан Шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Х.Етаарч үйлдлийг таслан зогсоосон үйл баримт тогтоогдов.

Түүнчлэн Х.Нийн гаргасан гэх зөрчилд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас албаны шалгалт явуулан “... Х.Нийн гаргасан зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар, анх буюу давтан үйлдсэн байдал, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, зөрчил гаргагчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, ажлын үр дүн, удирдлагаас мэргэжил, арга зүйгээр хангасан байдал зэргийг харгалзан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дэх хэсэгт зааснаар “Албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах саналыг Цагдаагийн газрын дарга, Цагдаагчийн хурандаа Б.Нт хүргүүлсэн боловч,

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар “...Х.Нийн гаргасан зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлэх”-ээр шийдвэрлэн, мөн өдөр сонсох ажиллагаа явуулсан,

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын зөвлөлийн хурлаар “...Х.Нд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3-т зааснаар “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах саналтай материалыг Цагдаагийн ерөнхий газдрын дэд даргад танилцуулж шийдвэрлүүлэхийг Дүн шинжилгээ хяналт шалгалтын хэлтэст даалгаж” шийдвэрлэснээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, маргаан бүхий захиргаанй акт болох 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/******* дугаар тушаал гаргасан нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “...уг зөрчлийг би гаргаагүй, би эмчийнхээ хувьд үзлэгээ хийсэн, харин Эрүүлжүүлэхийн цагдаа гутлын үдээсийг хурааж авах ёстой байсан, би 8 цаг 30 минутад жижүүрээс буусан тул намайг жижүүрээс бууснаас хойш амиа хорлох үйлдэл гаргасанд би буруугүй...” гэж маргасан.

Дээр дурдсан албаны шалгалтын материалаас үзэхэд нэхэмжлэгч нь “...амиа хорлох үйлдэл хийсэн” гэсэн үндэслэлээр саатуулагдахаар ирсэн И.Аийг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулахдаа түүний биед нь үзлэг хийж эрүүл мэндийн талаар тэмдэглэл хөтөлсөн боловч бие, хувцсанд нь бүрэн үзлэг хийгээгүй, гутлын үдээсийг нь хурааж аваагүйгээс иргэн И.Ань саатуулах өрөөнд орсны дараа гутлын үдээсээ холбож боомилох оролдлого хийснээс гадна 250 граммын “Хараа” нэртэй архины шил түүний хажууд байсан нь тус тус тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгч Х.Н “тухайн этгээдээс амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйлийг түр хурааж авах” үүргээ биелүүлээгүй “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга бөгөөд тухайн өдөр өөрөө албан үүргээ тус байранд гүйцэтгэж байсны хувьд  иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, өдөр тутмын хяналт тавих, эрүүлжүүлэх байранд тавих хяналт шалгалтыг сайжруулах чиг үүргийг хангаж ажиллах ёстой, нөгөө талаар бусад алба хаагчид зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд мөн хяналт тавих чиг үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээр дурдсан тайлбар хууль зүйн үндэслэлгүй, албаны шалгалтыг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна

Мөн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Т.Бийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот “Прокурорын шаардлага”-аар нэхэмжлэгч Х.Нийг “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Ег “Цагдаагийн алба хаагчийг заналхийлсэн” гэх үндэслэлээр хууль журамд заагаагүй байхад үндэслэлгүйгээр эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгасан, ...зан харьцааны дутагдал гаргасан, ...нотлох баримтыг хуурамчаар цуглуулсан, ...Цагдаагийн алба хаагчийг заналхийлсэн талаар дуудлага өгч Т.Ег эрүүлжүүлэх байранд 24 цаг хонуулсан мөртлөө энэ талаар гомдол гаргаж шалгуулаагүй зэргээр Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн прокурорын байгууллагаас албаны шалгалт явуулж, хариуцлага тооцуулах”-аар  ирүүлснийг нэг үндэслэл болгосон.

Уг 02 тоот “Прокурорын шаардлага”-д “...Х.Н нь...Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 13 дах хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, ...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтууд, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5.3-ийг...тус тус зөрчсөн байна, иймд дээр дурдсан хууль журмыг зөрчсөн зөрчлүүдийг арилгах, хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн цагдаагийн алба хаагчид...хариуцлага тооцож, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирол болох 4150 төгрөг буюу эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгахад гарсан зардлыг Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.4 дэх хэсэгт заасныг үндэслэн х/ч Х.Нээр нөхөн төлүүлэхээр Прокурорын шаардлага хүргүүлэв” гэжээ.

Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаас үзвэл “Прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тохиолдолд “Прокурорын шаардлага” бичих”-ээр заасан ба тухайн “Прокурорын шаардлага”-ын талаар нэхэмжлэгч өмнө нь мэдээгүй байсан гэж тайлбар гаргасныг хариуцагч няцааж, нотлох баримт ирүүлээгүй болно.

Түүнчлэн дээр дурдсан “Прокурорын шаардлага” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тухайн зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор гаргасан тусдаа шийдвэр бөгөөд энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгч Х.Н дээд шатны албан тушаалтанд хандаж гомдол гаргаж маргаагүй, нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах...ажиллагаа” энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заасан тул уг “Прокурорын шаардлага”-ын талаар Захиргааны хэргийн шүүх энэ шийдвэрээр дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй.

Гэхдээ энэ шүүхийн шийдвэр нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот “Прокурорын шаардлага”-д холбогдуулж гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй бөгөөд тухайн “Прокурорын шаардлага”-ын талаар хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа энэ шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахад тус тус саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Нийн гаргасан зөрчлийн шинж байдлыг үндэслэн “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байгаагийн дээр сонгох боломжийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Нээс гаргасан “Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Нийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг гаргуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН