| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 116/2024/0045/З |
| Дугаар | 221/МА2025/0213 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0213
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2025/0213 | Улаанбаатар хот |
Дорнод аймгийн Хэрлэн сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц,
Э.А, О.А, Д.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нар;
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нар
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0Х тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалт, Хурлын даргыг сонгох тухай 01/0ХХ дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.Ц, Э.А, О.А, Д.Б,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 116/2024/0045/3
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 116/ШШ2025/0003 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ("ИТХ)-ын төлөөлөгч М.Ц, Э. А, О. А, Д. Б нарын гаргасан
3.1.1. Уг хэрэгт гаргасан анхны шаардлагаар Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын даргаар сонгогдсон этгээд болох тус ИТХ-ын төлөөлөгч Д.Т-ыг хурлын даргаар сонгосон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах эсэх асуудлыг хянан хэлэлцэхдээ тус тогтоолыг хүчингүй болгосноор Хурлын даргын албан тушаалд нэр дэвших, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээд болох иргэдийн төлөөлөгч Д.Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт "Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ", 17.5 дахь хэсэгт "Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ", 22.1 дэх хэсэгт "Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна" гэж заасныг зөрчсөн. Д.Т нь тус хэрэгт оролцохдоо зөвхөн хариуцагч нутгийн өөрөө удирдах байгууллагыг хуульд зааснаар төлөөлөх зохицуулалтын дагуу оролцсон бөгөөд түүнийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөгч гуравдагч этгээдээр оролцуулаагүй, эрх зүйн байдлын хувьд ялгаа заагийг тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимтай нийцээгүй гэж үзэж байна.
3.1.2. Нэхэмжлэгч нарын гаргасан ихэсгэж нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсгийн 1.2-т хүлээн авч шийдвэрлэсэн тухайгаа дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа, бүрдүүлбэртэй холбоотой шаардлагыг зөрчсөн байхад шүүх энэхүү зөрчлийг үл харгалзан тус шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх, талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Тодруулбал:
Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0Х дугаар тогтоолоор баталсан Хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын "нэг хүний нэр дэвшсэн бол илээр" гэсэн заалтыг хүчингүй болгуулах тухай ихэсгэсэн шаардлагад тусгагдсан хуралдааны дэгийг нэхэмжлэгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл /Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа/-ийн 14.4 дэх хэсэгт "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасны дагуу хэрэв тус хуралдааны дэгийг нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гэж үзэх тохиолдолд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны шаардлага үйлчилж байсан. Гэтэл уг хугацааг хэтрүүлж 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэхдээ, шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь мөрөнд, "нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэж дүгнэлт өгсөн байдаг.
Гэтэл дээрх хуулийн 14 дүгээр зүйл болон бусад аль ч хэсэгт "нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэсэн хуулийн зохицуулалтыг хариуцагч олж чадаагүй бөгөөд чухам энэ дүгнэлт нь дангаараа захиргааны эрх зүйн онол, туршлагын үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар дээрх ихэсгэсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.5-д "улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт"-ыг нэхэмжлэлд зайлшгүй тусгах бүрдүүлбэрээр зохицуулсан байхад шүүх мөн уг шаардлагыг зөрчиж бүрдүүлбэр хангаагүй шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.1.3. Ихэсгэсэн шаардлагад дурдсан хуралдааны дэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын тухай зохицуулалт болох "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэсэн шинжийг хангахгүй, гадагш чиглээгүй, тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 46.9 дэх хэсэгт "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална" гэж заасны дагуу хурлын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой баримт байхад захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон нь учир дутагдалтай шийдэл болсон гэж үзэж байна. Хуралдааны дэгийг өөрчлөн тогтоохтой холбоотой асуудал нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлэгдэх боломжтой, захиргааны актын шинжгүй байна.
3.1.4. Хэргийн үндсэн шийдэлтэй холбоотойгоор эс зөвшөөрч хариуцагч талаас маргаж буй удаах чухал үндэслэл нь, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдэг үндэслэл болно. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо, хуралдааны дэгээр нэг нэр дэвшигч нэр дэвших тохиолдолд илээр санал хураах зохицуулалтаар хуралдааны дэг батлагдсаны улмаас холбогдох хууль тогтоомжоор баталгаажуулсан нууцаар санал хураах хэлбэрээр явагдах зохицуулалттай хурлын даргыг сонгох ажиллагаанд өөрийн болон бусдыг нэр дэвшүүлэх эрх зөрчигдөж хязгаарлагдсан гэж тайлбарласан (өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлээгүй нь хуулийн зөрчилтэй хуралдааны дэг баталсантай холбоотой гэж тайлбарласан) бөгөөд энэхүү тайлбар, үндэслэл нь бүхэлдээ худал буюу бодит бус болохыг анхан шатны шүүх нягтлан дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөх байдлаар үнэн зөв гэж хүлээн авч хангасан гэж үзэж байна. Учир гэвэл, тус хуралдааны дэгийн 7.6 дахь хэсэгт "Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан намын бүлэг Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлнэ" гэж зааснаар нэхэмжлэгч тал буюу Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар нэр дэвшүүлэх ээлжид тэдгээрийн нууцаар санал хураалтад оролцох эрх буюу хуулийн 53.3 дахь хэсэгт заасан "Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулах" нөхцөл хангагдсан, эхэлж Ардчилсан намын бүлгээс Д.Т-ыг нэгэнт нэр дэвшүүлсэн, улмаар нэхэмжлэгч нар нэр дэвших эсхүл бусдыг нэр дэвшүүлэх тохиолдолд нууц санал хураалт явагдах нөхцөл хангагдсан, нууцаар санал хураалт явуулахтай холбоотой хууль зүйн баталгаа уг хэргийн хувьд нэхэмжлэгч нарын хувьд алдагдаагүй, зөрчигдсөн эрх ашиг тэдгээрт үүсээгүй байсан болох нь хэргийн нотлох баримтыг нягтлан судлахад, тодорхой болж байна. Харин үүнийг бодит бусаар тайлбарлаж шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг нэхэмжлэгч нар өгөөгүй болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан. Дэг баталсан тогтоол нь хурлын даргыг сонгох болон бусад хурлын дотоод үйл ажиллагааг зохицуулсан шийдвэр бөгөөд хурлын дотоод зохион байгуулалтын шинжтэй байх тул "гадагш чиглэсэн байх" захиргааны актын шинжийг агуулаагүй дотогш чиглэсэн шийдвэр байна. Хурлын дэг зөрчигдсөн нь хуралдааны явцад гаргасан шийдвэрүүд болон хурлын даргыг сонгох үйл явцад бодитой нөлөөлсөн эсэхийг тодорхойлох нь чухал юм. Хэрэв хурлын дэгийн зөрчил нь хуралдааны үр дүнд шууд нөлөөлөөгүй бол гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
4.1.1. Нэхэмжлэгч нарын зүгээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн дэгийг баталсан гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргаад байгаа юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль нь 2020 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан байдаг. Гэтэл МАН-аас 2020 он, 2022 онуудад хоёр ч удаа хурлын дэгийг баталсан. Үүн дээр өөрчлөлт хийгдээгүй. Нэг хүн нэр дэвшихэд ил ч бай далд ч бай ямар ч өөрчлөлт орохгүй. Олонх нь дэмжсэн учраас Д.Т нь хурлын даргаар сонгогдсон болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн харагдаж байна. Мөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль дэг батлах, хуралдааны даргыг томилох талаар нарийн хуульчилж өгсөн. Энэ хуулийн заалтыг баримталж дэгийг баталсан. Энэ дэг нь дотогш чиглэсэн шинжтэй байна.
4.1.2. Нэхэмжлэгч нар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр бидний эрхийг зөрчсөн гэдэг агуулгатай нэхэмжлэлийг гаргаад байна. Гэтэл тухайн хуралдаан дээр өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрх нээлттэй хэвээр байсан. Энэ эрхээ эдгээр төлөөлөгч нар болоод бусад төлөөлөгч нар эдэлсэн бол нууц санал хураалт руу шилжих бүрэн боломжтой байсан. Тухайн үед өөрсдөө эрхээ эдлээгүй байж дэгээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тогтоолын үйлчлэлээр сонгох болон сонгогдох эрхэд халдсан зүйл огт харагдахгүй байна. Хэрэв тухайн хуралдааны дэг шийдвэр нь тэдгээрийн эрхэд шууд халдаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх бүрэн боломжтой юм.
4.1.3. Хувийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Дэг нь нийтлэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой маргаан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт "...захиргааны акт... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхой байх ёстой атал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Ер нь нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн зүйл болоогүй. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байна гэж харж байна. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0Х тоот тогтоолын Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0ХХ дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0Х тоот тогтоолын Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн ...7.5 дахь заалтын “ Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн... 53.3-д заасан “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн,
харин хариуцагчаас “...Дэг батлах гэдэг нь гадагш чиглэсэн захиргааны актын шинжийг агуулаагүй...тухайн хуралдаан дээр өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй хэвээр байсан. Энэ эрхээ эдгээр төлөөлөгч нар эдэлсэн бол нууц санал хураалт руу шилжих бүрэн боломжтой байсан. Тухайн үед өөрсдөө эрхээ эдлээгүй байж дэгээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр товлогдож, хуралдаанд Ардчилсан намын 16 төлөөлөгч, Монгол Ардын намын 12 төлөөлөгч, Бие даагч 1 төлөөлөгч ирснээр нийт 29 төлөөлөгч оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн ба тус хуралдаанаар;
3.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
3.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг батлах тухай
3.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай
3.4. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцжээ.
4. Дээрх анхдугаар хуралдаанаар сумын хэмжээнд санал хураалтаар олонхийн санал авсан нэр бүхий 29 нэр дэвшигчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоны дараагаар хуралдааны дэгийг батлах хэлэлцүүлгийн шатанд МАН-аас нэр дэвшиж хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч О.А, М.Ц, Г.Н нараас Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 7 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 7.5-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн эсэх талаар санал хураалгахад 12 төлөөлөгч дэмжсэн ч хурлын төлөөлөгчдийн олонхын буюу 17 төлөөлөгчийн саналаар дэмжигдээгүй учир “Хуралдааны дэг батлах тухай” 01/0Х дугаар тогтоол батлагдсан нь хуралдааны дэгийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй. /1хх-ийн 23 дахь тал/
4.1. Хэдийгээр “...илээр” гэсэн дэгийн заалт нь хуульд нийцээгүй байх боловч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0Х тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалтыг хурлаараа хэлэлцүүлж, олонхийн саналаар баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална.” гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан байх бөгөөд энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;”, 12.1.8-д “асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах.” гэж заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчөөгүй байна.
4.2. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.”, 46.9-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална.”, 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж тус тус зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд олонхоороо хуралдаж, хамтын шийдвэр /тогтоол/ гаргадаг.
4.3. Түүнчлэн хуралдааны дэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулдгаас үзвэл, дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталсан Хурлын тогтоол нь тухайн хурлын дотоод зохион байгуулалтын шинжтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
4.4. Иймд дээрх маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нарын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
5. Хуралдааны дэгийг олонхийн саналаар баталсан тогтоол нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул уг баталсан дэгийн дагуу ил санал хураалтаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралд нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус Хурлын даргаар Д-ийн Т-ыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/0ХХ дүгээр тогтоолоор сонгосон шийдвэрийг мөн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзнэ.
5.1. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл болон хэргийн оролцогчдын тайлбаруудаар хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нар болох Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т заасан тухайн Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхийг эдлээгүй болох нь нотлогдож байна. Энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй.
5.2. Дээрхээс үзэхэд, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоолууд нь тухайн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр тул энэхүү тогтоолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдах тул энэ талаар “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д заасан ... заалтыг үндэслэн илээр санал хураалт явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь заалтыг илт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болох нэхэмжлэгч нар нь маргаан бүхий асуудлаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 10 дугаар зүйлд заасны дагуу хурлын хуралдаанд саналаа оруулах, хэлэлцүүлэх эрхтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА