Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.Батчулуунд холбогдох 201625012859 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХАКМС” ХХК-д нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 32 дугаар гудамж 64а тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЭ79082012, хэрэг хариуцах чадвартай, Их тугтан овогт Даваамялаагийн Батчулуун.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллагдагчаар татах тогтоолд/

  Шүүгдэгч Д.Батчулуун нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай хотхоны гадна иргэн Ж.Бат-Эрдэнэтэй маргалдан зодолдож улмаар түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..“Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн”...гэв.

 

Хохирогч Ж.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“Байрны гадаа найзтайгаа сууж байтал шүүгдэгч ах гарч ирээд “хоёр хулгайч бацаан хүрээд ир” гээд байсан. Тэгээд шүүгдэгч хүрч ирээд намайг цохихоор нь би зөрүүлж цохисон. Тэгээд шүүгдэгч салаад зугтаасан машины дугаараар нь шүүгдэгчийг олж цагдаад мэдэгдсэн”...гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Уранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №9935 дугаартай дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Д.Батчулууны сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20-22, 46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, хохирогч Ж.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-30-32/, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-36-37, 49/, шүүгдэгч Д.Батчулууны цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-50/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Батчулуун нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай хотхоны гадна иргэн Ж.Бат-Эрдэнэтэй маргалдан зодолдож улмаар түүний биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Гэрч Д.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн ах Д.Батчулуун гаднаас бага зэрэг халамцуу орж ирээд байж байгаад би хүргэж өгөхөөр гэрээс гараад байрны гадна байсан өөрийн эзэмшлийн “07-90 УНС” улсын дугаартай Т.Кроун машин дээрээ ирэхэд машины арын гурвалжин шил хагарчихсан байхаар нь манай ах машины шил хэн хагалсан бэ гэж орилоод тэр хавиар сэжигтэй хүмүүийг хайгаад явсан. Тэгтэл машины ард байсан 2 халамцуу залуу манай ахыг “чи юу гэд орилоод байгаа юм бэ” гэхэд манай ах “та 2 машины шил хагалсан байна” гэхэд нүдний шилтэй залуу нь манай ахын нүүрэн тус газар нь цохиод унагаасан. Тэгтэл хамт явж байсан залуу нь ирээд тэр 2 манай ахыг өшиглөсөн. Манай ах босч ирээд нүдний шилтэй залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон…нүдний шилтэй залуугийн шил нь хагарч нүднийх нь доод талд бага зэрэг шалбарсан байсан” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын        21-ний өдрийн №9935 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Бат-Эрдэнийн биед баруун нүдний ухархайн доод, дотор хана, хамар ясны хугарал, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний алмины салсад цус хуралт, баруун нүдний зовхинд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон 1-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-14/,

-шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/,

-хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-36-37, 49/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Батчулууныг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Батчулууныг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Хохирогч Ж.Бат-Эрдэнэ эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд хавтаст хэрэгт 154.600 төгрөгийн баримт өгсөн байх тул 154.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бат-Эрдэнэд олгох, бусад нь нотлох баримтаар шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их тугтан овогт Даваамялаагийн Батчулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар   Д.Батчлуунд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Батчулуун нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Батчулуун нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Батчулуунаас эмчилгээний зардалд 154.600 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бат-Эрдэнэд олгож, бусад нь нотлох баримтаар шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ