Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Д******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д*******д холбогдох эрүүгийн 2215001880048 дугаартай, 163/2023/0055/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы Д*******, ******* хотод 1996 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 6 дугаар багийн Нарангийн 10-01 тоотод оршин суух бүртгэлтэй, Өрмийн туслах ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр металл хаалга хийж өгнө гэж Б.*******ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001880048 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь фейсбүүк зар дээр металл хаалга хийнэ гэсэн зар байршуулж, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т металл хаалга хийж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа мөнгө гэж 1,600,000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр металл хаалга хийнэ гэсэн фэйсбүүк зарын дагуу металл хаалга хийлгэхээр *******, утасны дугаартай хүнтэй утсаар холбогдож ******* хот, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБДС ТӨХК-ийн төв оффис дээр очиж уулзсан. Тэгээд тэр хүн надтай уулзаж надаас хаалганы хэмжээ аваад явсан ба би тэр хаалганы хэмжээ авсан хүний өгсөн Хаан банкны ******* дугаарын дансанд 1.600.000 төгрөг шилжүүлж бусдад залилуулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

2. Гэрч Б.*******ын өгсөн: Би тухайн үед Булган аймагт байсан. Манай эхнэр Б.******* нь ******* хотоос хаалга захиалахаар явсан. Улмаар хаалганы захиалга өгчихлөө мөнгийг нь шилжүүл гэхээр нь би 1.600.000 төгрөгийг Өвөлжөөн булаг ХХК-ийн данснаас Д******* гэх залуугийн данс руу шилжүүлсэн. Улмаар манай эхнэр захиалганд заасан хугацааны дагуу хаалгаа нэхтэл одоохон, одоо аваад очлоо гэх мэтийн үг хэлээд манай эхнэрт хаалгыг нь өгөөгүй байсан. Тухайн залууг хаалга хийх худлаа боллоо, мөнгөө эргүүлж авъя гэх саналыг гаргаад мөнгөө нэхэхэд одоо өгнө, удахгүй өгнө гэсээр байгаад ойролцоогоор 1 сар болсон бөгөөд түүнээс хойш утас нь холбогдохгүй болж улмаар хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул эхнэр бид хоёр ярилцаж байгаад цагдаад өгөхөөр болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

3. Яллагдагч Б.Д*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Би уг тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө ******* хотод төмөр хаалга зардаг байсан. Мөн манайх листэн төмрөөр иргэдийн захиалгаар хаалга хийж өгдөг байсан юм. ...Тэгээд удалгүй над руу эмэгтэй хүн утсаар залгаад сая хэмжүүлсэн хаалгыг захиалах гэсэн юм гэхээр нь би тухайн хоёр хаалга нийлээд 2.600.000 төгрөг болж байна. Урьдчилгаанд 1.600.000 төгрөгийг авах хэрэгтэй байна гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны дансыг өгөхөд урьдчилгаа болох 1.600.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-42 дахь тал/,

4. *******ы Д*******ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Д*******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Б.Д******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, гэрч Б.******* нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.Д*******ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Д******* нь фейсбүүк зар дээр металл хаалга хийнэ гэсэн зар байршуулж, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т металл хаалга хийж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа мөнгө гэж 1,600,000 төгрөгийг өөртөө шилжүүлж авч залилсан гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийсэн байна.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Шүүгдэгчийн нэг удаагийн үйлдэл нь металл хаалга хийнэ гэх зарыг цахим орчинд тавьснаар хохирогчид хуурамч итгэл төрүүлж, ажлын хөлсний урьдчилгаанд 1.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлсэн авч хуурсан, захиалсан хаалгыг хийгээгүй, хийх нөхцлийг бүрдүүлээгүй байж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчид одоохон, удахгүй хаалга бэлэн болно гэх зэргээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг мөнгөө буцааж авъя гэхэд өгөлгүй байсаар утсаа хааж алга болсон нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Д******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д*******ын хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Д*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Өвөлжөөн булаг ХХК-нд 1.600.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Д******* нь 1.600.000 төгрөгийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т буцаан өгсөн /хавтаст хэргийн 76 дахь/ болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Өвөлжөөн булаг ХХК-ний захирал Б.******* нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.*******ийн нөхөр бөгөөд тус компанийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай албан бичгээр Б.*******ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор албан бичгийг Цагдаагийн газарт ирүүлж, мөрдөгчийн тогтоолоор Б.*******ийг Өвөлжөөн булаг ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Д*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Д*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 44-60 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн болон гэмт хэргийн талаарх лавлагаа мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Д*******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол мэдээлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш эрэн сурвалжилж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олж ирүүлсэн, ******* хотод 1996 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 6 дугаар багийн Нарангийн 10-01 тоотод амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Б.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Д******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ