| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******т холбогдох эрүүгийн 2215000000310 дугаартай, 163/2023/0040/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Б*******, Завхан аймгийн ******* суманд 1977 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны 16А байрны 69 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 46 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт ******* улсын дугаартай Prado-150 загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын улаан номонд орсон Тул загас 5 ширхэг буюу түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000310 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн бэр дүү Б.ийн ******* улсын дугаартай Prado-150 загварын тээврийн хэрэгслийг идшиндээ явахад том машин хэрэгтэй байна гэж гуйж авч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт найз Б., П.Б******* нарын хамт өвлийн идшээ хийхээр очсон. Идэш авах айлаа олоогүйгээс Хутаг-Өндөр сумын төвөөс цааш хээр газарт тээврийн хэрэгсэлдээ 2 хонож, авч очсон 7-8 шил архиа хувааж ууцгаасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хутаг-Өндөр сумаас Хөвсгөл явах засмал зам дагуу аарц, ааруул зарж зогсож байсан гэх мотоциклтой залуугаас Б.Б******* нь цагаан идээ загас, зэрлэг гахайн мах худалдан авч, ******* улсын дугаартай Prado-150 загварын тээврийн хэрэгслийн багажинд хийж, тэр өдөртөө П.Б******* нь тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймгийн чиглэлд хөдөлж Булган аймгийн замын хяналтын постыг наагуур нь тойрч Булган аймгийн Бугат сумын нутгаас Орхон аймаг орох гэж яваад аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нар шалгалт хийх явцад Монгол улсын Улаан номон орсонд ховор амьтан болох Тул загас 5 ширхэг, зэрлэг гахайн хаа, гуя тээвэрлэж явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Би тэр үед согтуу байсан. Эрдэнэтээс гараад архи ууж эхэлсэн. Миний машиныг П.Б******* барьж явсан. Архи дарс уучихсан байхдаа буруу зүйл худалдаж авсандаа их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Иргэний нэхэмжлэгч Ж.Амартүвшингийн өгсөн: Б.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас Монгол Улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол улсын Улаан номонд орсон Тул загас 5 ширхэг, мөн зэрлэг гахайн махыг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч тээвэрлэсэн хэрэгт байгаль экологид учруулсан хохирол 3.510.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
2. Иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 07, 08-ны үед ах Б.Б******* манайд ирээд хөдөө идшиндээ явах гэсэн юм машинаа өгөөч гэж гуйхаар нь өгч явуулахад ганц хоёр хоногийн дараа цагдаад саатуулагдсан гэж хэлсэн. Үүний дараа надаас цагдаа ирж гэрчээр мэдүүлэг аваад явсан юм. Ингээд надад мөнгөний бололцоо гарсан учир Авто прайм ХХК-ний Орхон аймаг дахь салбарт очиж тээврийн хэрэгслээ өөрийн эзэмшилд авсан. Энэ хэргийг шийдвэрлэхийг хүлээхээр ломбардны хүү өндөр учир илүү хүү төлж байхаар гэж бодоод авсан юм. Одоо надад гомдол байхгүй. Нэхэмжпэх зүйл гэвэл тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
3. Гэрч Б.ын өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой Б.Б*******тай ******* сумын 4-р микрод явж байгаад таарахад Б******* надад хандан чи маргааш өглөө завтай байна уу би идшиндээ явах гэж байна хамт яваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Б.Б*******, П.Б******* нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас айлаас идэшний үхэр авахаар Б.Б*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Прадо-150 загварын тээврийн хэрэгсэлтэй 7-8 шил архи аваад замдаа архи уугаад тухайн өдрийн орой Хутаг-Өндөр сум орж очих айлаа олоогүй. Тэгээд Хутаг-Өндөр сумын цаахан талд машин дотроо хоноод маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөн тухайн газартаа машин дотроо хөдөө хээр архиа үргэлжлүүлэн уугаад тэндээ хоноод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Хутаг-Өндөр сумын цаахан талд мотоциклтой залуу аарц, ааруул зараад зогсож байхад Б.Б******* бууж тухайн залуутай уулзаж цагаан идээ, загас, зэрлэг гахайн мах худалдан аваад тэр өдөртөө Орхон аймгийн чиглэлд хөдөлж Хутаг-Өндөр сумын Уньт багийн Сахарын рашаан дээр очиж аяга цай ууж, ууж явсан ундааны савандаа рашаан хийж аваад Булган аймгийн замын хяналтын постыг наагуур нь тойрч Булган аймгийн Бугат сумын нутгаас Орхон аймаг орох гэж яваад Бугат сумын Зосын даваан дээр цагдаад саатуулагдан шалгуулахад 5 ширхэг загас, зэрлэг гахайн мах гарч ирээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
4. Гэрч Б.ын өгсөн: ...Би Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг. Би “мал мах-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Бугат сумын нутаг дэвсгэрт постонд ажиллаж байсан. Ажиллах хугацаанд дээрх тээврийн хэрэгслийг саатуулсан. Тээврийн хэрэгсэл дотор загас барих хэрэгсэл байгаагүй. 1 ширхэг галт зэвсэг байсан. 5 ширхэг Тул загас, зэрлэг гахайн 2 ширхэг гуяыг бүгдийг нь шуудайнд хийсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
5. Гэрч П.Б*******ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б*******, Элдэв- Очир нарын хамт 43-83 ОРА улсын дугаартай Б*******ын машинтай Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу идэш хийх зорилгоор явсан юм. Тэгээд идэш хийх айлаа Б******* олохгүй байсан болохоор Хутаг-Өндөр сумаас цааш гарч хээр Аrkhi 1 нэртэй 0.75 литрийн 5-6 шил архи, нэг шил 0.75 граммын Соёмбо нэртэй архи уусан. Тэгээд би хэдэн өдөр согтуу байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Орхон аймаг руу явж байгаад Булган аймгийн Бугат сумын Зосын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, 5 ширхэг Тул загас машин дотроос гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
6. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн гаргасан: Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн 5 ширхэг загас нь Хулд овгийн Тул загас, хаа, гуя нь зэрлэг гахайн мах мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг загас, зэрлэг гахайн махыг хэзээ агнасныг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн материалаас амьтны эр, эмийг тогтоох боломжгүй. Тул загас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Монгол Улсын улаан номонд орсон. Зэрлэг гахай аймгийн хэмжээнд элбэг тархацтай амьтан. Тус загас нь манай аймгийн хувьд Сэлэнгэ, Орхон, Туул, Азарга, Эрэн, Тавт, Тарвагатай, Алтаат голуудаар тархацтай. 1 ширхэг Тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ 211.000 төгрөг, 5 ш Тул загас 1.055.000 төгрөг, үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу 2 дахин өсгөж тогтооно гэсний дагуу нөхөн төлбөр тооцоход 2.110.000 төгрөг болж байна. Харин зэрлэг гахайн мах 700.000-800.000 төгрөг, экологи эдийн засгийн хохирол нийтдээ 3.510.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112 дахь тал/,
7. Яллагдагч Б.Б*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Би яллагдагчаар татах прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн Тул загас, гахайн махыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс цааш Хөвсгөл аймгийн чиглэлд 5-6 км-ийн зайд хар зам дагуу цагаан идээ зарж байсан залуугаас худалдан авсан. Тээврийн хэрэгсэл нь манай бэр дүү ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. э нь Авто прайм ХХК-ийн Орхон аймгийн салбар Сайн ломбарданд тавьсан юм байна лээ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах, Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 15 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсэг 1 ш зэргийг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Б*******ыг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол улсын Улаан номонд орсон Тул загас 5 ширхгийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын байр суурьнаас оролцсон бөгөөд Улаан номонд орсон Тул загас 5 ширхэг, мөн зэрлэг гахайн хаа, гуяыг бусдаас худалдан авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, харин тээвэрлэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл хууль бус ан агнах гэмт хэргийн тээвэрлсэн гэх шинжийг үгүйсгэсэн байр сууринаас тус тус оролцсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Амартүвшин, иргэний нэхэмжлэгч Б.э, гэрч Б., Б., П.Б******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ болон нөхөн төлбөр тооцсон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах, Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 15 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсэг 1 ш зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт ******* улсын дугаартай Prado-150 загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын улаан номонд орсон Тул загас 5 ширхгийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б*******ын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.
Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Б*******ын тээвэрлэж явсан загас нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Монгол улсын Улаан номонд орсон Тул загас, харин зэрлэг гахай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдагдсанаар ховор болон нэн ховор амьтны жагсаалтад хамаарахгүй, Булган аймгийн хэмжээнд элбэг тархцтай амьтан болох нь тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн худалдан авч, тээвэрлэсэн зэрлэг гахайн мах нь Ховор амьтны жагсаалтад хамаарахгүй байгаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шинжгүй, харин Зөрчлийн тухай хуульд заасан Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байх боловч уг үйлдлийг эрүүгийн хэрэгт нь хамтад нь шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд нийцнэ гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай прокурор тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Монгол улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4 дэх заалтад “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад Тул загас /Hucho taimen/ багтаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* болон түүний өмгөөлөгч нар нь тухайн Тул загас, зэрлэг гахайн махыг худалдан авсан, тээврийн хэрэгслийг Б.Б******* жолоодоогүй тул Хууль бусаар ан агнах гэмт хэргийн тээвэрлэсэн гэх шинжийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийн өөрийн бэр дүү Б.ээс идшиндээ явах зорилгоор гуйж, өөрийн эзэмшилдээ түр хугацаагаар шилжүүлэн авсан бөгөөд Орхон аймгаас Булган аймгийн төв хүртэл тээврийн хэрэгслийг жолоодсон, хөдөө гарч яваа гэх шалтгаанаар 7-8 шил архи авч явж түүнээсээ ууж, тээврийн хэрэгслийн жолоог хамт явсан найз П.Б*******т шилжүүлсэн хэдий ч хууль ёсны өмчлөгчөөс тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б******* шилжүүлсэн авсан, ховор амьтныг мөн Б.Б******* өөрийн идэш авах байсан 1.000.000 төгрөгөөр худалдан авч гэр рүүгээ авч явсан буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс Орхон аймгийн ******* сумын чиглэлд тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр..., ... худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн..., ...түүхий эдийн цуглуулга хийсэн бол ... хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Шүүгдэгч Б.Б******* нь худалдаж авсан загасыг ховор амьтан болох Тул загас гэж мэдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг загас нь 72 см -ын урттайгаас 1 метр 6 см-ын урттай харагдах байдлаар овор хэмжээ том, Тул загасаас өөр төрлийн загас гэж андуурах боломжгүй гэж шүүх дүгнэсэн.
Мөн Булган аймгийн хэмжээнд дээрх загаснуудтай ижил урттай, овор хэмжээ том өөр төрлийн ямар загас байдаг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Шүүгдэгч Б.Б*******ын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтаны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх тос зэрэг эд эрхтнийг хуулийн нэр томъёоны тодорхойлолтод тусгасан байх тул улсын яллагчийн 253 дугаартай яллах дүгнэлтэд “...Тул загас 5 ширхэг буюу түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр...” гэж тодорхойлсон нь оновчгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид буюу амтны аймагт 5 ш Тул загас 1.055.000 төгрөг, зэрлэг гахай 700.000 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 112 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 5 ш Тул загас 2.110.000 төгрөг, зэрлэг гахай 1.400.000 төгрөг, нийт 3.510.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Шүүгдэгч Б.Б******* нь дээрх хохирол, нөхөн төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 3.000.000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлсөн, үлдэгдэл 510.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Б*******аас үлдэгдэл экологи эдийн засгийн хохирол 510.000 төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амтныг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.000.000 төгрөгөөр торгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийх болох нь тогтоогдсон тул эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэх,
харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нь гэм буруугийн талаар маргаагүй, прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцохдоо тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй буюу тухайн гэмт хэргийн тээвэрлэсэн гэх шинжийг хангаагүй, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг заавал хурааж улсын орлого болгох хууль зүйн зохицуулалт байхгүй тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тус тус санал дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Б.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Амьтны аймагт учруулсан ан амьтны экологи эдийн засгийн хохирлоос тодорхой хэмжээгээр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 135-144 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь Завхан аймгийн ******* суманд 1977 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ам бүл ганцаар Орхон аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны 16А байрны 69 тоотод суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, нэр дээр өмчлөлийн тээврийн хэрэгсэлгүй, харин нийтийн зориулалттай орон сууцны байр болон гэр бүлийн хэрэгцээний газартай, Тосон далай ХХК-ний захирал ажилтай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас Байгаль экологид буюу амьтны аймагт учруулсан ан амьтны экологи эдийн эдийн засгийн үнэлгээний үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 20 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.ийн эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 46, 27 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул ******* улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Борнууд овогт Батбаатарын э /РД: ГК91010806/-ийн эзэмшилд үлдээж, Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийн үнэ 51.459.340 төгрөгийг гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эд мөрийн баримтаар хураагдсан П.Б*******ын өмчлөлийн ФА069711 дугаарын гэрчилгээтэй, Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 15 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсгийг өмчлөгч, эзэмшигчид нь Булган аймгийн цагдаагийн газраар дамжуулан буцаан олгох, харин 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт тус тус хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амтныг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 20 /хорь/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******т сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б*******аас байгаль экологид учирсан хохирлын үлдэгдэл төлбөр 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
7. Шүүгдэгч Б.Б*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ФА069711 дугаарын галт зэвсгийн гэрчилгээ хураагдаж ирсэн, иргэний нэхэмжлэгч Б.э нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн ******* сумын 6-22-13 тоотод оршин суух бүртгэлтэй, Борнуур овогт Батбаатарын э /РД: ГК91010806/-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 51.459.340 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Б.Б*******аас албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 15 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсгийг Булган аймаг дахь Цагдаагийн газраар дамжуулан эзэмшигч Пүрэвийн Б******* /РД: ФЖ69090611/-т буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ