Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч П.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******эд холбогдох эрүүгийн 2215000000301 дугаартай, 163/2023/0054/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн ******* суманд 1967 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл нэг, 56 настай, эрэгтэй, урьд 7 удаагийн ял шийтгэлтай, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Энхсайханы гэрийн хашаанд Ч.*******ийн нүүр болон гар хэсэгт нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн болон хохирогчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000301 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Энхсайханы гэрийн хашаанд Ч.*******ийн нүүр болон гар хэсэгт нь хутгаар хутгалж биед нь уруул, хацар, зүүн сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1. Хохирогч Ч.*******ийн өгсөн: ...Архи ууж байхдаа бандгар гэж дууддаг *******, Гомбын эхнэр Цэцэгээтэй маргалдаад байсан. Цэцэгээ нь Энхсайханы гэрээс Саруул, Энхтайван, ******* бид 4-г зайлцгаа гээд хөөгөөд байсан. ******* Цэцэгээг чи яахаараа айлын гэрээс хөөдөг юм гээд маргалдаад байсан. Би *******, Цэцэгээ хоёрыг хоорондоо маргалдаад байхаар нь Энхсайханы гэрээс гараад явсан. Миний хойноос ******* гарч ирээд Энхсайханы гэрийн хашааны гадаа зүүн буланд гартаа хутга барьж ирээд шууд миний зүүн гарын хурууны хойд хэсгээр зүсээд авсан. Би *******ийг яаж байгаа юм бэ та гэхэд ахиад хутгаа шууд амруу хийгээд жавьж зүссэн. Энэ үед би амнаас цус гараад гараараа дараад доошоо суусан. Намайг газарт цусаа дараад хэсэг хугацаад сууж байхад Нармандах машинтайгаа ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очоод шархаа цэвэрлүүлээд мэс заслын 10-аад оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

2. Гэрч Н.*******ийн өгсөн: ...*******ийн биед хэн гэдэг хүн халдсаныг хараагүй. Би гэрлүүгээ харьчихаад Энхсайханы гэрлүү дахин очиход хашааны гадна талд зам дээр 2 эрэгтэй хүн сууж байсан. Хашааны хаалга онгойлгоод орох гэтэл ******* гартаа хутга барьчихсан гараад явсан. Тэгээд би айж сандраад Хишигжаргалд ******* гартаа хутга бариад гараад явчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3. Гэрч Д.*******ийн өгсөн: Би өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ******* сумын Эрүүл мэндийн төвийн хүлээн авахяаралтай тусламжийн өрөөнд Чойжамцын ******* нь хүнд хутгалуулсан гэсэн зовиуртай орж ирсэн. Ингээд *******ийн биед үзлэг хийж дээд уруулын гол хэсгээс зүсэгдсэн шархыг цэгцэлж мэс заслын 6 оёдол тавьсан, мөн зүүн гарын эрхий, дунд хурууны ар хэсэгт шархыг цэгцлээд мэс заслын 4 оёдол тавьж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Ч.******* нь эмнэлэг дээр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Нилээн согтолттой байсан. ******* сумын 2 дугаар багт оршин суудаг Бандгар гэж дууддаг *******эд хутгалуулсан гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 188 дугаартай: Ч.*******ийн биед уруул, хацар, зүүн сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5. Яллагдагч П.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байх Нармандахын гэрийг дулаалах гээд эсгий авах гээд Энхсайханы гэрт Саруул, Дашням, Нармандах бид нар очсон юм. Тэгээд Энхсайханы гэрт явж очсон чинь Энхсайхан эхнэртэйгээ мөн Цэцгээ тэр гурав архи ууж байсан. Тэгээд би тэр архинаас ууж байгаад бид дөрөв эсгийгээ авч яваад Нармандахын гэрийг дулаалж байхад Энхтайван *******ийн хамтаар ирсэн. Тэгээд Энхтайван *******ийн хамтаар нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архийг хувааж ууж байсан чинь ******* намайг за одоо хоёр дүүгээ урдаа хийчихлээ, одоо чи хэзээ хойноос нь явах вэ? гэхээр нь гэнэт уур хүрээд өөрийн болчимгүй зангаасаа болж хутгаар *******ийн хацар болон гарыг нь зүссэн юм. Тухайн үед би нилээн согтуу байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.*******, гэрч Н.*******, Д.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 188 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.*******ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,

 Шүүгдэгч П.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Энхсайханы гэрийн хашаанд Ч.*******ийн нүүр болон гар хэсэгт нь хутгаар хутгалж биед нь уруул, хацар, зүүн сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Хохирогч Ч.*******ийн “П.******* шууд ирээд миний зүүн гарын хурууны хойд хэсгээр зүссэн” гэж мэдүүлснийг гэрч Н.*******, Д.******* нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 188 дугаартай: Ч.*******ийн биед уруул, хацар, зүүн сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

П.*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн П.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч П.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус тус оролцож санал дүгнэлтээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэргийн 42-64 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг баримтуудаар шүүгдэгч П.******* нь Булган аймгийн ******* суманд 1967 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт ам бүл ганцаар амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.******* нь гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн шинжгүй, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэнэт үүссэн сэдэлт, санаагаар үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт П.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 29 хоногийн 1 /нэг/ хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 168 /нэг зуун жаран найман/ цагаар тогтоож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******эд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Булган аймгийн ******* сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 168 /нэг зуун жаран найм/ цагаар тогтоосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч П.*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ч.******* гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ