Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

2023          03           16                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн 2315000000040 дугаартай 163/2023/0053/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, *******ийн уул уурхайн ангийн 2 дугаар курсын оюутан боловч 1 жилийн чөлөө авсан гэх, ам бүл 6 аав, ээж дүүгийн хамт амьдардаг, Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн Баян-Уул гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 21 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнх-Эрдэнийн гуян тус газарт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000040 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Мөнх-Эрдэнийн гуян тус газарт хутгалж биед нь зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төрбөтын өгсөн: *******, Отгондорж, Балжинням, *******, нар 1 шил архи 4 пиво авчирж өгсөн. Би хоол хийж өгөөд авдарнаасаа 1 шил архи гаргаж өгсөн. Тэгээд би цааш санахгүй байна. Мөнх-Эрдэнийг хутгалснаа сумын төв орж яваад мэдсэн гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-11 дэх тал/,

3. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

4. Сэжигтэн Б.*******ын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

4. Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Баян гол гэх газарт *******ын гэрт *******, Мөнхтулга, *******, Балжинням, Олз, *******, Отгондорж нарын хамт архи ууж байгаад над руу архи уух уу гээд байхаар уухгүй гэж хэлээд машинд унтаж байгаад хоол болсон гэхээр нь дахин орсон. Тэгээд гэрт орж мах идээд сууж байтал дахин 2-3 удаа архи уу гэхээр нь би уухгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь ******* нь наадах чинь одоо архи уувал тасарна. Тэгвэл үлдээчих гээд байхаар нь би шууд машин руу гараад сууж байгаад буцаад гэр рүү ороход *******, *******той хэрэлдэж маргалдаад зодолдох гээд байж байтал Олз ах нөгөө хоёрыг салгасан. *******ыг Олз ах гэрээс авч гарсан чинь ...******* байшингийн цонхоор гарах гээд орилоод байхаар нь би та одоо болохгүй гэж хэлээд араас нь тэврээд авсан чинь миний зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь Мөнхтулгын машинд суучихсан сум руу явж байсан. Тэгээд дахин сэрэхэд сумын эмнэлэгт байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

5. Гэрч С.*******ийн өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Булган аймгийн могод сумын 4 дүгээр багийн Хар модны хошуу гэх газарт байрлах гэртээ ирээд яг амрах гээд байж байтал манай саахалт айлын *******ийн хүү болох Төрбөт нь намайг манайд хүрээд ирээч гэхээр нь яваад очсон. Тэгээд яваад очиход *******, *******, Отгондорж, Балжинням, *******, Мөнхтулга нар нь ирчихсэн 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уугаад дуусаж байсан. Тэгсэн чинь ******* надад авдарнаасаа 0.7 литрийн Eden нэртэй нэг шил архийг гаргаж өгсөн. ...*******, ******* хоёрыг хоорондоо битгий маргалдаад бай гээд хооронд нь гар бариулаад арай гэж жаахан тайвшруулаад байж байтал ******* нь зүгээр болохгүй агсраад байхаар нь *******ыг байшичгаас авч гараад тайвшруулаад зогсож байж байтал ******* нь байшингийн хаалгыг дарчихсан зогсож байсан ба тухайн үед ******* нь байшингаас гарна гээд түлхээд байх шиг байсан.Тэгээд байж байтал ******* нь зугтаарай гэхээр нь *******ыг авч зугтаагаад малын байрны араар ороод байж байтал Отгондорж, Балжинням хоёр ирээд аль нэг нь хэн хэлснийг санахгүй байна. ******* нь Мөнх-Эрдэнийг хутгалсан гэхээр нь одоо гялс төв яв гэж хэлсэн чинь ******* нь машинаа асаагаад уруудаж байтал машины гэрэлд ******* нь дагаад байж байгаа харагдсан. Тэгээд араар нь Мөнх-Эрдэнийг бусад нь аваад Хишиг-өндөр сумын төв рүү явсан. Тэгэхээр нь би *******тай уулзаад ярилцаж тайвшруулаад барьж явсан хутгийг нь аваад *******ын байшингийн урд талын баруун талын цонхны доод талын байшингийн хундааман дээр үлдээсэн. Яг ямар өнгөтэй хутга байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би *******ыг аваад уг хүмүүсийн араас Хишиг-өндөр сумын төв рүү орж ирээд эмнэлэг дээр ирсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

6. Гэрч Р.*******ийн өгсөн: ...******* нь *******ыг байшингаас авч гараад байж байтал ******* нь гэнэтхэн гал тогооны шүүгээнээс нэг хутга авахаар нь би байшингаас гараад *******ыг зугтаарай гэж хэлээд байшингийн хаалгыг нь гаднаас нь дараад байтал ******* нь хаалгыг юмаар хүчтэй 3-5 удаа цохиод мөрөөрөө мөн хаалгыг онгойлгох гэж түлхээд байхаар нь би хаалгыг нь нээхгүй байж байтал байшин дотор байсан Балжинням нь наадхаа гаргаад явуул хүн алах гэж байна гэхээр нь хаалгыг нь онгойлгоод би доошоогоо, *******, ******* хоёр нь газрын дээшээгээ зугтсан ба зугтаж байхдаа эргэж харахад ******* нь байшингийнхаа цонхоор гарч байгаа харагдсан. Тэгээд харж байтал ******* нь *******, ******* хоёрын араас гүйхээр нь би машинаа гялс асаагаад *******ын гэрийг тойрч байгаад арай гэж тэндээс *******, Отгондорж нарыг аваад сумын төв рүү явж байтал Мөнхтулгын машинд ******* нь суучихсан цус их алдаад байна гэсэн чинь замаас Отгондорж нь Мөнхтулгын машин руу суугаад хэсэг явж байгаад дахин миний машинд сууж Хишиг-Өндөр сумын төвд ирсэн юм. Тухайн үед Балжинням нь Мөнх-Эрдэнийг ******* гэрээс гарахдаа санамсаргүй хутгалсан гэж хэлсэн. Би хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

7. Гэрч Б.*******ын өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Баянгол гэх газарт байрлах манай найз болох *******ын гэрт Хишиг-Өндөр сумаас *******, *******, Отгондорж, Балжинням, *******, Мөнхтулга нар нь ирчихсэн 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уугаад дуусаж байхын алдад ******* ахыг ******* нь дуудаж ирсэн юм. Тэгээд ******* нь авдарнаасаа 0.7 литрийн Eden нэртэй нэг шил архийг ******* ахад гаргаж өгөхөөр нь уг архийг ууж байгаад *******ийг би ******* гээд хэлчихсэн чинь ******* нь чи *******ийг ах гэж хүндэлсэнгүй гээд надтай хэрэлдээд хэрүүл өдөөд байхаар нь би угаасаа ******* гэдэг юм гэж хэлээд маргалдаад байж байтал ******* ах намайг байшингаас аваад гараад тамхилаад зогсож байтал байшингаас Отгондорж гүйсээр гарч ирээд ******* нь Мөнх-Эрдэнийн гуя руу нь хутгалчихлаа зугтаарай гэхээр нь ******* ах намайг чирээд бид хоёр малын хашааны араар гүйж байтал ******* нь машинтай ирж авахаар нь буцаж *******ын гэрт очиж Мөнх-Эрдэнийг болон бусад хүмүүсийг аваад яаралтай Хишиг-Өндөр сумын төв рүү орж ирсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

8. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай: Б.Мөнх-Эрдэнийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

9. Яллагдагч Б.*******ын өгсөн: Би уг тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. Би урьд өмнө гэрчээр мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан учир одоо товч яръя. Тухайн үед оройн 22 цагийн орчимд манай гэрт *******, Отгондорж, Балжинням, *******, Мөнхтулга нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд яг хэрэг болох үед болохоор би юу болсныг санахгүй байна. Хамгийн сүүлд архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэчихээд унтаж амарсан шиг санагдаад байна. Тэгээд гэнэт ухаан ортол би машинд суучихсан Хишиг-Өндөр сумын төв рүү явж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хамт машинд явж байсан ******* надад хэлэхдээ чи Мөнх-Эрдэнийг хутгаар хатгачихлаа. ******* болохоор урд талын машинд Мөнхтулга, Балжинням нарын хамтаар явж байгаа. Харин үлдсэн хүмүүс арын машинд бөөндөө явж байгаа гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хутга 1 ширхэгийг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, гэрч С.*******, Р.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт болон хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Мөнх-Эрдэнийн гуян тус газарт хутгалж биед нь зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн “******* байшингийн цонхоор гарах гээд орилоод байхаар нь араас нь тэврээд авсан чинь миний зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан” гэж мэдүүлснийг гэрч Б.*******, С.*******, Р.******* нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Б.*******ын хутга мэс хэрэглэн хүний бие рүү хутгалсан гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Б.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус тус оролцож санал дүгнэлтээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрч 735,000 төгрөгийг хохирогч Б.*******д өгснөөр хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөнг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 61-66 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, *******ийн уул уурхайн ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6 аав, ээж дүүгийн хамт Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн Баян-Уул гэх газарт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ямар нэг өнгөгүй, төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ