Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 205

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Бадам овогт Г.Э  /РД:.............. /, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, 3 дугаар баг

Хариуцагч: Даш овогт Ч.Б  /РД:................/, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, 3 дугаар баг

Өвөлжөөнөөс албадан нүүлгэж чөлөөлүүлэх, 1 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э , хариуцагч Ч.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 4607001803 нэгж талбарын дугаартай, 3-р баг Эрдэнэтолгойн бууц, өвөлжөө нь Г.Э  миний эзэмшлийн газар. Уг газар дээр Ч.Б  нь 2010 оноос хойш  өвөлжилж байна. Бууцнаас нүүх өвөлжөөгөө чөлөөлүүлэх тухай хэлж, ярьж, гуйж байсан боловч одоо хүртэл нүүхгүй байгаа тул Эрдэнэтолгойн өвөлжөө бууцнаас  албадан нүүлгүүлж өгнө үү. Манай Эрдэнэтолгойн бууц өвөлжөөнд Ч.Б  өвөлждөг учраас 2017 онд манайх Дундговь  аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт М.Б  гуайн бууцанд 1.000.000 төгрөг, Т  гуайн бууцанд 500.000 төгрөгийг тус тус өгч нийт 1.500.000 төгрөг өгч өвөлжсөн тул уг мөнгийг Ч.Б гээс гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэ толгой”-н өвөлжөө бууцын бүх бичиг баримт миний нэр дээр гарсан байгаа. Тийм учраас энэ өвөлжөөнөөс албадан нүүлгэх эрх надад байгаа гэж бодож байна. Энэ хэрэг удааширч байгаа тул 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Өвөлжөөнөөс албадан нүүлгүүлэх шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ч.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Э гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Ч.Б  миний бие нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах Эрдэнэтолгойн бууцан дээр 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл өвөлжиж байгаа бөгөөд манай бууц хорооны газрын гэрчилгээ нь миний төрсөн эгч Хүүхэний нөхөр болох Ж ын нэр байдаг байсан юм. Анх намайг тус өвөлжөөний газар дээр буухад хороо бууцгүй хоосон хонд л байсан бөгөөд хөгшин би өөрийн хүч хөдөлмөрөөрөө хөр, чулуугаар хороо хийж амьдарч байгааг минь нутгийн ард түмэн бүгд мэднэ. Гэтэл гэнэт Г.Э  нь ямар шугамаар, яаж авсан нь тодорхойгүй тус өвөлжөө бууцны газрыг минь нэр дээрээ шилжүүлэн авч намайг албадан нүүлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оноос сумынхаа Засаг даргад өвөлжөө бууцныхаа газрыг нэр дээрээ шилжүүлэх тухай хүсэлтээ гаргахад “таньд өгнө” гэдэг байсан хир гэнэт Г.Э д өгөх захирамж 2017 оны 08 дугаар сарын 08-нд гаргасныг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа болно. Мөн миний би Г.Э гийн нүүж суусан мөнгийг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй тул 1 500 000 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Ч.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөлжөө бууцыг нь чөлөөлж өгч болно. Тэр бууц өвөлжөө бол миний төрсөн эгчийн өвөлжөө байгаа юм. Манай төрсөн эгч намайг тэр бууцыг ав гээд би 2009 онд тэр бууцан дээр буугаад өнөөг хүртэл амьдарч байгаа юм. Манай эгч намайг ав гэж хэлчихээд энэ хүнд зарсан юм байна лээ. Айл саахалт амьдарч байсан Г.Э г эгч дүү хоёрын хооронд орно гэж мэдээгүй. Манайхыг 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.О  гээд сумын Засаг дарга байсан хүн буулгаж өгч байсан. Манайх тэр бууцан дээр байсан хороог засаж сэлбээд, дээрээс нь машины дугуйнууд тавиад, хөрөөр 2 пүнз бариад одоог хүртэл эзэмшээд амьдарч байгаа. Би тэр өвөлжөөн дээр байсан хорооны мод чулууг засаж янзалсан, машины дугуйнууд нэмж тавьсан, хөрөөр хоёр пүнз барьсан. Энэ хийсэн ажил хөдөлмөрийн хөлсийг авмаар байна гэв.

Хариуцагч Ч.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Э  нь намайг 2009 оноос хойш мал маллан амьдарсан Эрдэнэтолгойн өвөлжөөний минь газраас албадан нүүлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан тул миний бие тус өвөлжөөнийхөө газар дээрээ өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан хороо бууцныхаа үнэ болох 3 000 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Б  нь Эрдэнэтолгой өвөлжөө бууцны эзэмшилд ямар ч хамааралгүй хүн. Д.Ж  /................./ нь Эрдэнэтолгой бууцыг Ханхонгор сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 42 тоот шийдвэрээр олгогдсон, өвөлжөөний зориулалттай газрыг эзэмшиж байсан. Миний бие нь Д.Ж тай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1-т заасныг үндэслэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлэн авсан тул одоо хууль ёсны эзэмшигч нь Г.Э  би мөн юмаа. Хороо бууцны үнэ болох 3 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн байна. Эрдэнэтолгой хороо бууцанд 2009 оноос өмнө Г.Д  гэдэг айл өвөлжиж байхдаа хорооны хундаамны чулууг нь гаргаж, мал хашахаар, дугуй хороо барьсан байдаг. Мөн Г.Э  би Д.Ж тай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийхэд уг өвөлжөө бууцны эзэмших эрх нь бусдад барьцаалаагүй, битүүмжлэгдээгүй, эрхийн талаар маргаангүй байсан. Иймээс Ч.Б  та хороо бууцны үнэ нэхэмжлэх эрхгүй юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 94.3 дахь хэсэгт шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Мөн хуулийн 94.4 дэх хэсэгт засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно гэж тус тус заасан. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ч.Б  нь 2009 оноос хойш “Эрдэнэ толгой”-н бууцан дээр өвөлжиж байсан талаар гэрч нар болон нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбартаа тодорхой дурдсан байдаг. Энэ хугацаанд тухайн хороо бууцыг өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан талаар мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Мөнхжаргал, Саранхүү нарын мэдүүлгээс харагддаг. Зөвхөн хонд байсан газар өөрийн хүч хөдөлмөрөөр хороо бууц бий болгож тухайн хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлсэн учраас энэ хороо бууцныхаа үнийг хариуцагч Г.Э гаас гаргуулах нь зүйтэй. Энэ хороо бууц нь нь 3 000 000 төгрөгийн үнэ бүхий гэж “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ гаргасан байгаа.  Нэгэнт газрыг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа учраас тухайн газар дээр барьж байгуулсан хороо бууцны үнэ болох 3 000 000 төгрөгийг Г.Э гаас гаргуулж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  хариуцагч Ч.Б д холбогдуулан өвөлжөөнөөс албадан нүүлгэж чөлөөлүүлэх, 1 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 3 дугаар баг Есөн эрдэнэтолгой хаягт байрлах өвөлжөөний 3600 м2 газрыг 15 жилийн хугацаатай тус сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаар захирамжаар Д.Ж  эзэмшиж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Г.Э д шилжүүлжээ.

Ийнхүү Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай захирамж, уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар Г.Э д 4607001803 нэгж талбарын дугаартай Эрдэнэтолгойн бууц 3600 м2 өвөлжөөний газрыг 2 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн байх ба мөн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/85 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилээр сунгажээ. Талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г.Э  нь “...Уг газар дээр хариуцагч Ч.Б  нь 2010 оноос хойш өвөлжиж байна. Иймд хариуцагчийг албадан нүүлгэж, бууц өвөлжөөг чөлөөлүүлье. Харин хариуцагчаас 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэж, хариуцагч Ч.Б  нь “...тус газар нь миний төрсөн эгчийн бууц өвөлжөө газар байсан ба би 2009 оноос хойш өвөлжиж байна. Өвөлжөө бууцыг нь чөлөөлж өгч болно” гэж шүүх хуралдаанд тус тус тайлбар гаргав.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2018 оны 09 дүгээр сарын 11-ний гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000670633 дугаар гэрчилгээгээр нэхэмжлэгч Г.Э  нь Эрдэнэтолгойн бууцад өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхтэй хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна. /хх-4/

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э  нь уг өвөлжөөний газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа хууль ёсны эзэмшигч буюу шударга эзэмшигч мөн байх тул хариуцагч Ч.Б гийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 3 дугаар баг Эрдэнэтолгойн бууц өвөлжөөний 3600 м2 газрыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Э  нь 2017 онд бусдын өвөлжөөнд өвөлжсөн төлбөр 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б д холбогдуулан гаргасан боловч шүүх хуралдаан дээр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч Ч.Б  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус газар нь миний төрсөн эгчийн бууц өвөлжөө газар байсан ба би 2009 оноос хойш өвөлжиж байна. Би тэр бууцан дээр байсан хороог засаж сэлбээд, дээрээс нь машины дугуйнууд тавиад, хөрөөр 2 пүнз барьсан учраас хөлс 3 000 000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч “...Ч.Б  нь шударга эзэмшигч тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6-д зааснаар шаардах эрхтэй...” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “...хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэх юм.

Хууль бус эзэмшигчийн сөрөг шаардлага буюу Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь заалтын шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөл нь хууль ёсны эзэмшигч нь хууль бус эзэмшлээс буцаан өгөхийг шаардах эрхийн дагуу шаардах хүртэл эзэмшигч нь өөрийгөө эзэмших эрхтэй гэдэгт итгэлтэй байх ба шударга эзэмшигч байх ёстой байдаг. Гэтэл хариуцагч Ч.Б  маргаж буй Эрдэнэтолгойн бууц өвөлжөөний газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйн дээр тэрээр эзэмшлээ хууль ёсны бус гэдгийг мэдсэн, тухайн газрыг эзэмших эрхгүй болохыг мэдэж байсан болох нь түүний тайлбараар тогтоогддог.

Иргэний хуулийн 90-95 дугаар зүйлд заасан шударга болон шударга бус эзэмшигчдийн ялгаа нь бодит байдал дээр эд юмсыг эзэмшиж буй эсэхтэй хамааралгүй бөгөөд харин тухайн эзэмшигч нь хууль ёсны эзэмшигч мөн эсэхтэй холбоотойгоор зохицуулагдсан байна.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар хариуцагч Ч.Б  нь тухайн маргаан бүхий газрын эзэмшлээ хууль бус болохыг мэдэж байсан тул хууль бус буюу шударга бус эзэмшигч байх тул шаардах эрхгүй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 3 дугаар баг Эрдэнэтолгойн бууц өвөлжөөний газраас хариуцагч Ч.Б г албадан нүүлгэж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2. Нэхэмжлэгч Г.Э  нь хариуцагч Ч.Б гээс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б гийн 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 050 төгрөг, хариуцагч Ч.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                          Б.ОТГОНСҮРЭН