Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/247

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Ариунзул

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******ад холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220503777014*******тай хэргийг 2023 оны ******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 28-нд Увс аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Улсын их хурлын тамгын газарт ******* ******* ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ******* сумын ******* баг, *******ы 4 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн хороо байрны 18 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:/, ******* овогт *******гийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оскар” нэртэй бааранд хохирогч г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтанд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг.

Гурав: Эрүүгийн 220503777014*******тай хавтаст хэргээс.

1. Камерын бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 11 дүгээр сарын 10-нд шөнийн 02 цаг 28 минут 13 секунд гэж зааж байх дүрс бичлэг дээр хэд хэдэн хүмүүс бүжгийн талбайд бүжиглэж байлаа. Бичлэгийн цагаар 19 дэх секундэд хохирогч нь хар өнгийн фудволктой бүжгийн талбай руу очиж байх ба түүний өөдөөс улаан хүрэн өнгийн цамцтай эрэгтэй хүн өөдөөс нь тосож аваад баруун гараараа нэг удаа гийн нүүр хэсэгт цохиж авах ба дахин зүүн гараар нэг удаа гийн нүүр хэсэг рүү цохиж авах үед хүмүүс дундуур нь орж салгаж хоёр тийш нь болгож бичлэг дуусаж байлаа. Дээрх дүрс бичлэг дээр хохирогч гийн нүүрэн тус газар цохиж авч байгаа хүн нь Л.******* байх бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд Л.******* нь улаан хүрэн өнгийн ноосон цамц, саарал өнгийн хослолтой байсан гэдэг нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй тохирч байлаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-11 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оскар” бааранд хамгаалагч хийгээд байж байтал шөнө 2 цагийн орчим бүжгийн талбайд махлаг улаан хүрэн ноосон цамцтай 30 гаран насны 40 орчим насны эрэгтэй үл таних хүнтэй маргаж байхаар нь очоод болиулаад тэр махлаг эрэгтэйн гарт нь байсан шилтэй пиво-ыг текэн дээр тавиад нөгөө эрэгтэй хүнд дээр очоод та битгий маргаан хийгээд бай гэтэл нөгөө ах шууд миний нүүр хэсэг рүү хоёр удаа цохиод авсан. Тэр үед нүд эмтрээд бас нэг үүдэн шүд хөдөлсөн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, намайг цохисон эрэгтэй хүн нэлээн согтуу байсан, шаардлага хүлээж авахгүй согтуурхаад хүмүүстэй маргалдаад байсан. Намайг цохисон эрэгтэй өмнө нь хэд хэдэн хүнтэй маргаан үүсгээд байсан. Намайг тухайн эрэгтэй хүнээс өөр хүн цохиогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15438 дугаартай “гийн биед дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл, дээд баруун 1-р шүдний эмтрэл, зүүн 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.11.10-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******ын яллагдагчаар өгсөн: “Тогтоолтой уншиж танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Би хохирогч гийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эрүүл мэндэд учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг хохирогч д өгч хохиролгүй болгосон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Л.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Л.*******ад холбогдох эрүүгийн 220503777014*******тай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оскар” нэртэй бааранд үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 02 цаг 28 минут 13 секундэд хохирогч гийн нүүрэн тус газар гараараа цохиж дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл, дээд баруун 1-р шүдний эмтрэл, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гийн хохирогчоор өгсөн: “...гэтэл нөгөө ах шууд миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Тэр үед нүд эмтрээд бас нэг үүдэн шүд хөдөлсөн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, намайг цохисон эрэгтэй хүн нэлээн согтуу байсан, шаардлага хүлээж авахгүй согтуурхаад хүмүүстэй маргалдаад байсан...Намайг тухайн эрэгтэй хүнээс өөр хүн цохиогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-11 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15438 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Л.*******ын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Би хохирогч гийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эрүүл мэндэд учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг хохирогч д өгч хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.******* нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.*******ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

Хэрэгт хохирогч гийн “...би эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг Л.*******аас авч хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй болсон. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 77 дахь тал) Иймд шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх төлбөргүйд  тооцов.

Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Л.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт Л.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ