Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0717/З |
Дугаар | 128/шш2021/0692 |
Огноо | 2021-10-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/шш2021/0692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох, дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн эрдсийн хуримтлал бүхий талбайг тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгохыг Монгол улсын Засгийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Дшүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “....Манай "М" ХХК нь А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хууль ёсоор эзэмшиж, 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд талбайдаа их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, ашиглаж ирсэн. Бид тусгай зөвшөөрлийн төлбөрөө жил бүр төлж хуульд заасан журмын дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж, улсын болон орон нутгийн төсөвт төлөх ёстой татвар, хураамжаа хугацаандаа нь төлж олон ажилчдыг авч ажиллуулж ирсэн бөгөөд дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Гэтэл 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар А, *******А, А дугаартай тусгай зөвшөөрлүүд бүгд цуцлагдаж, манай компанийн үйл ажиллагаа зогсон, эрх зөрчигдөн хохирч эхэлсэн. Манай компани 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газарт хандаж “*******А, А, А тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд хуулийн дагуу нөхөх олговор авах эрх үүссэн тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргаж хууль, журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан. Бид нөхөн олговроо авахаар 8-9 жил хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл бид нөхөх олговроо авч чадахгүй хохирсоор байна. Нэгэнт нөхөх олговор төлөгдөхгүй байгаа учраас бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах байх гэсэн хүлээлттэй байгаа учраас бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах байх гэсэн хүлээлттэй байсан. Ийнхүү бидний хууль ёсоор эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг төр хууль гаргах замаар мэдэлдээ буцаан авсан учраас тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын зардал, бусад хөрөнгө оруулалтын зардал буюу учирсан хохирлынхоо нөхөн олговрыг авахаар бид удаа хандсан боловч нөхөн олговрыг олголгүй өнөөдрийг хүрсэн. Хуулийн дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байсан манай компанийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, хохирсоор байна. Манай компанийн эзэмшиж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхий Х*******ын ордны алтны нөөцийг 70.7 кг-аар, *******А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхий Х*******ийн ордны алтны нөөцийг 36.3 кг аар тогтоогоод байсан. Мөн А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхий Т*******ын голын дээд хэсгийн алтны шороон ордны алтны боломжтой нөөцийг 192.1 кг-аар 2007.06.14 нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан ба энэхүү ордоос нийт 192.1 кг алт олборловол өнөөдрийн зах зээлийн ханшаар хамгийн багадаа 24,558,778,612 /хорин дөрвөн тэрбум таван зуун тавин найман сая долоон зуун далан найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийн орлого олох боломжтой байсан. Олборлолтын зардлаа хамгийн ихээр буюу 70 хувиар тооцож, олох ашгаа хамгийн багаар буюу 30 хувиар тооцвол өнөөдрийн зах зээлийн ханшаар хамгийн багадаа 7,367,634,000 /долоон тэрбум гурван зуун жаран долоон сая зургаан зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн ашиг олох боломжтой байсан ба ийм хэмжээний хөрөнгөөр бид бодитойгоор хохироод байна. Тиймээс өнөөдрийг хүртэл М ХХК-ийн *******А, А, А тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөх олговрыг олгохтой холбоотой эрх зүйн харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд тусган хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг тогтоосон. Мөн хуулийн дээрх заалтын тайлбарт "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно" гэж заасны дагуу манай компанид учирсан бодитойгоор 7,367,634,000 /долоон тэрбум гурван зуун жаран долоон сая зургаан зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учраад байхад өдийг хүртэл энэхүү нөхөх олговрыг олгохгүй, олгохтой холбоотой бодитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд хамаарч байна. Тиймээс "М" ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байна. Бид хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрийн мэдэлд буцаан өгсөн A, *******A, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг авахаар Монгол Улсын Засгийн газарт хүсэлтээ гаргасан. Гэвч Монгол Улсын Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй болно. М ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийн Хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн ******* дугаар тогтоолын хянах хэсгийн 25-д “Нэхэмжлэгчийн хувьд, дээр дурдсанаар хууль болон журамд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад нь хандаж, нөхөх олговор авах болон үйл ажиллагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байх тул холбогдох захиргааны байгууллагад хандаж, уг асуудлаа шийдвэрлүүлэхэд шүүхийн энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан болно. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгоход улсын төсөвт их хэмжээний зардал бий болохоор байгаа тул түүний оронд улсын эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн талбай олгох зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг 2014 онд нэмэлтээр оруулж, 2017 онд өөрчлөн найруулсан байна. Энэ нь хууль тогтоогчоос Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу нөхөх олговор авах хуулийн этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг сэргээх боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгож буй юм. Тиймээс М ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн “... эрдсийн хуримтлал бүхий талбай"-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс “М" ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, A дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох М ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, A дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн “ ...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна, нэхэмжлэгчийн тухайд холбогдох захиргааны байгууллагуудад хугацаанд нь хүсэлтээ гаргаж нөхөн олговор авах болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч захиргааны байгууллагууд хариу өгөөгүй, зохих журмын дагуу шийдвэрлээгүй. Улсын Дээд шүүхийн ******* дугаар тогтоолоор манай компанийг Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ тогтоол саад болохгүй гэж шийдвэрлэсний дагуу Засгийн газарт хандаж хүсэлтээ гаргасан боловч мөн шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эрдсийн хуримтлал бүхий талбайг тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “....Тус компани нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Х******* 2 нэртэй 46.74 гekтap талбайд 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсний дагуу 8889A дугаарт бүртгэн хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /Хуучин нэрээр/ 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1685 дугаар шийдвэрээр ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг олгожээ. Ашигт малтмалын MV-******* Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Х******* нэртэй 25 гектар талбайд 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсний дагуу А дугаарт бүртгэн хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /Хуучин нэрээр/ 2004 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг олгосон. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Т*******ын эх нэртэй 375 гектар талбайд 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсний дагуу *******А дугаарт бүртгэн хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /Хуучин нэрээр/ 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна. Дархан-уул аймгийн Хонгор сум нутаг Х*******-2 нэртэй 46.74 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус баталсан ойн сантай болон урсац бүрэлдэхүүнтэй бүхэлдээ, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Х******* нэртэй 25.05 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь урсац бүрэлдэх эх болон ойн сантай бүхэлдээ , усны сантай 13.18 гектараар хэсэгчлэн давхцалтай , харин Ерөө сумын нутаг Т*******ын эх нэртэй 376.08 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* зөвшөөрлийн талбай нь ойн сантай бүхэлдээ, усны сантай 109.81 гектар тоот тусгай талбайтай тус тус давхцал үүссэн байна.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно . Гэтэл "М" ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргана" гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хугацаа хоцроож ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-******* тоот тусгай зөвшөөрлүүд дээрээ нөхөх олговор авах тухай хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/09 дугаар албан бичгээр ирүүлсэн бөгөөд харин ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрөл дээрээ хууль, журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм. Нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1*******8 тоот албан бичигт “... хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй..." болохыг дурдсан байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана." гэж заасан хугацаанд "М" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-*******, MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 25 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Ашигт малтмалын ашиглалтын MV-******* тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус баталсан ойн сан болон урсац бүрэлдэх эхтэй бүхэлдээ, ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь урсац бүрэлдэх эх болон ойн сантай бүхэлдээ, усны сантай 13.18 гектараар хэсэгчлэн давхцалтай тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй юм. Харин ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сантай бүхэлдээ, усны сантай 109.81 гектар талбайтай давхцал үүссэн тул усан сантай давхцалтай хэсгээ хасуулж, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байвал Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.8-д заасны дагуу "Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна . " гэж заасны дагуу шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч "М” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан талаар уулын ажлын тайлан төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй байна. Мөн журмын 3.1-д " Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2-т заасны дагуу гэрээ байгуулна." гэж заасан тул тус компанид гэрээ байгуулах эрх үүсэхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 заалт нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт тул дээрх тусгай зөвшөөрлүүдэд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын А, *******A, A дугаартай тусгай зөвшөөрлүүдийг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай боловч тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй эрх зүйн харилцааг байгааг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газраас A, *******А, A дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбайг дүйцүүлэн олгуулахыг Засгийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөх олговор олгох асуудал нь тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан, эсхүл нөөцөд авсан тохиолдолд олгодог. Гэвч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газар ямарваа хэлбэрээр нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй байна Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ашигт малтмалын хайгуулын А, *******A, A дугаартай тусгай зөвшөөрөл нь холбогдох эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр цуцлагдсан байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө гаргасан тайлбаруудаа дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал У.Дшүүхэд хандаж “...М” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох, дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн эрдсийн хуримтлал бүхий талбайг тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгохыг Монгол улсын Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөх олговор авах хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй..., дээрх 3 тусгай зөвшөөрлийн тухайд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хүлээж авсан ордын нийт нөөцөөс олборлолтын зардлаа хамгийн ихээр буюу 70 хувиар тооцож олох байсан ашгаа хамгийн багаар буюу 30 хувиар тооцоход 7,367.634 000 төгрөгийн бодит хохирол учраад байна,... Засгийн газарт хандаж 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “эрдсийн хуримтлал бүхий талбай”-аас дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч мөн хариу өгөөгүй нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Нэг. “М” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “М” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* МҮ-******* МҮ-******* дугаар бүхий 3 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх ба эдгээр тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2012 оны 194 болон 2015 оны 289 дүгээр тогтоолд заасан ойн сан болон усны урсац бүрэлдэх эхтэй бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Түүнчлэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх ба холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг батлан гаргасан байна.
Нэхэмжлэгч нь уг журамд тусгайлан заасан хугацаанд багтааж 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөх олговор авах хүсэлтээ хариуцагч захиргааны байгууллагад хандаж гаргасан боловч өнөөдрийг хүртэл тухайн хүсэлтийг шийдвэрлэж ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь тогтоогдсон, энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор дүгнэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Тухайлбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолд “...нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар хууль болон журамд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад нь хандаж нөхөх олговор авах болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байх тул холбогдох захиргааны байгууллагад хандаж уг асуудлаа шийдвэрлүүлэх...”-ийг дурдсан, үүний дагуу нэхэмжлэгч компани 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандаж “...дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч мөн хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь тогтоогдов.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч компанийн хувьд нэгэнт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө ашиглах боломжгүй нөхцөл байдал өөрөөс нь үл хамаарч үүссэн, үүний улмаас нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж нөхөн олговор авах хүсэлтээ хууль болон журамд заасан хугацаанд хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн боловч хариуцагч захиргааны байгууллага уг хүсэлтүүдийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр бүртгэлтэй хэвээр байгаа нь тус тус тогтоогдож байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх 3 тусгай зөвшөөрлийн тухайд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хүлээж авсан ордын нийт нөөцөөс олборлолтын зардлаа хамгийн ихээр буюу 70 хувиар, олох байсан ашгаа хамгийн багаар буюу 30 хувиар тооцоход 7,367.634 000 төгрөгийн бодит хохирол учраад байгаа талаар дурдаж нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргасаар байхад хариуцагч захиргааны байгууллага уг хүсэлтийг нь шийдвэрлээгүй, ямар үндэслэлээр ийнхүү шийдвэрлэхгүй байгаа шалтгаанаа мэдэгдээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа гэж үзэхээр байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...нөхөн олговор авах хүсэлтээ хугацаа хэтрүүлж ирүүлсэн...” гэж тайлбарлан маргасан боловч энэ үйл баримтыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор нэгэнт дүгнэсэн тул анхан шатны шүүх дахин дүгнэх хууль зүйн боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, “М” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Хоёр. “Тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн эрдсийн хуримтлал бүхий талбайг тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгохыг Монгол улсын Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд хуулийн дээрх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газарт хандаж 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дугаар албан бичгээр “... их хэмжээний хохирол учирсан талаар дурдаж улмаар эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлж талбай авах” хүсэлт гаргасан боловч хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд уг зүйлийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүрэгтэй гэж заажээ.
Хуулийн, дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн үйлчлэлд багтсан гэх үндэслэлээр хураан авснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, нөгөө талаар уг хуулийн үйлчлэлд хамаарсан тохиолдолд түүнд нөхөх олговор олгохоор журамласан атлаа өнөөдрийг хүртэл олгоогүй, мөн нэхэмжлэгч компаниас гаргасан удаа дараагийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хариуцагч Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус гэж шүүх дүгнэв.
Иймд хариуцагч Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дугаар хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, “М” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан А, *******А, А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дугаар хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН