| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0799/З |
| Дугаар | 221/МА2025/0217 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0217
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2025/0217 | Улаанбаатар хот |
“ДТҮ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц;
Нэхэмжлэгч: “ДТҮ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Хариуцагч О.Ц, О.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0799/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ДТҮ” ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц нарт холбогдуулан “... улсын байцаагч ... нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/13-01/028-08 дугаар Шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлтийн 2-т дурдсан Шинжилгээний дүнгээр тус газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS5850:2019 стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, улсын ахлах байцаагч О.Ц нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:
3.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7 дугаар хуудсанд “...Хариуцагч нь дээрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон чиг үүрэг буюу эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/13-01/028-08 дугаар дүгнэлтийг гаргасан байна гэж шүүх үзлээ. Мөн маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/13-01/028-28 дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж заасныг зөрчин тус компанийн Улаанбаатар хот дахь Төмөр бэлтгэх төвд улсын байцаагч О.О, О.Ц нар нь шалгуулагч этгээдийн эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэлгүй, удирдамжийн нэг хувийг өгөлгүй шалгалтыг хийсэн нь ТХШТХ-ийн 5.7-д заасан “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн бөгөөд манай компанийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/988 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газарт хандан Нийслэлийн байгаль орчны газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07/1691 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01-05/1986 дугаартай албан бичиг, 13/10 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг хүлээн авсан болно.
3.2. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7 дугаар хуудсанд “...Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад шалгуулагч буюу “ДТҮ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулахгүйгээр хяналт, шалгалт хийж, шинжилгээний дээж авсан нь хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаа “шалгалтын удирдамжийг танилцуулж, хяналтын хуудасны хамт өгөлгүйгээр хяналт шалгалтыг эхлүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчиж хийсэн гэж үзэж байна” гэж үндэслэлүүд нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх төдийгүй нэхэмжлэгчийн маргаж байгаа эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэл болж чадахааргүй байна” гэж дүгнэжээ.
3.2.1. Гэрчээр оролцсон гэх О.Г нь хөрснөөс дээж авахад гэрчээр оролцоогүй холоос харж байсан гэж, Д.Э нь 2 байцаагч гэж хүн ирээд дээж аваад гарахдаа надаар гарын үсэг зуруулсан гэж бичгээр тайлбар гарган шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлээд байхад анхан шатны шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн улсын байцаагч О.Ц Лабораторид дээж өгсөн тэмдэглэл үйлдэхдээ Харуул Д.Э байлцсан гэж шүүхэд хуурамч баримт бүрдүүлж өгсөн. Гэрч О.Г шалгалтын удирдамжийг өгөөгүй гэдгийг шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгснийг үгүйсгэсэн дүгнэлт шүүх хийгээгүйг дурдах нь зүйтэй.
3.2.2. Энэхүү шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчиж хийсэн гэж үзэж байна. Учир нь шалгалт эхлэхээс 5 хоногийн өмнө буюу өмнө 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н-аас “Хамтран ажиллах тухай” 01/1822 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “...тус газрын ойр орчимд орчны бохирдол үүсэж, хотыг өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж байна” гэж урьдчилж дүгнэлт гаргасан байсан. Мөн шалгалтын үеэр манай компанийн төлөөлөлд “Засаг даргын захирамжаар явж байна” гэж амаар мэдэгдэн хяналт шалгалтыг хийж байгааг манай компанийн газар эзэмших эрхийг цуцлахын тулд урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.2.3. “ДТҮ” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “БХК” ХХК-тай “Гангийн үйлдвэр, ган урсгал амралтын газар, улаанбаатар төмөр бэлтгэх төвд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гүйцэтгэх” ДТҮ/ΧΑΧ/ΑΓΓ/202404ХХ дугаартай гэрээ байтуулж ажлын үр дүнг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А24/ХХ дугаартай албан бичгээр хүлээн авсан бөгөөд уг дүгнэлтэд “ДТҮ” ХХК-ийн Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 2Х-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр бэлтгэх зориулалттай газрын хөрсний мониторинг судалгаанд хүрз, метр, дээжийн үүт, дээжийн хутгуур, фото аппарат, GPS, 10 хувийн давсны хүчлийн уусмал зэрэг багаж хэрэгсэл ашиглан дээж авахдаа “шинжилгээний дээж авахад тавигдах ерөнхий шаардлагууд MNS3298:1990 стандартыг баримталсан бөгөөд итгэмжлэгдсэн лаборатори болох S ХХК-д шинжилгээ хийлгэн гарсан үр дүнд дүгнэлт хийж хүргүүлж байна...” Хүнд металлын шинжилгээний үр дүнгээс үзэхэд өнгөн хөрсөн дэх Cd, Sn гэсэн металлууд маш бага буюу бараг илрээгүй, бусад металлууд стандартын хүлцэх агууламжаас хэтрээгүй буюу хэвийн түвшинд байна. Харин зэсийн агууламж DM-2 цэгт хүлцэх агууламжаас бага зэрэг өндөр байгаа боловч үйлдвэрлэлийн бүсэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. Харин төслийн талбайд байгаа бусад 2 цэгт болон талбайн гаднах нөлөөлөлгүй цэгт ямар нэгэн хүнд металлын бохирдол байхгүй байгаа нь энэхүү төслийн үйл ажиллагаанаас шалтгаалж ойр орчмын бүсэд /50-100 м/ хүн амьтны эрүүл мэндэд нөлөөлөхүйц ноцтой бохирдол үүсэх боломжгүй гэж үзэж болно” дурдсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх дүгнэлттэй холбоотой бүхий л нотлох баримт /гэрээ, албан бичиг гм/-ыг анхан шатны шүүхэд гаргаж өгч шинжлэн судлуулсан боловч шүүхийн шийдвэрт ямар нэгэн хуулийн дүгнэлт хийлгүй орхиж эс үйлдэхүй гаргаж илтэд хариуцагчийн талд шийдвэр гаргасан.
3.2.4. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын холбогдох заалтыг илтэд зөрчин гарсан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/13-01/028-08 дугаар Шинжилгээний дүнгийн тухай Улсын байцаагчийн дүгнэлтийн 2-т дурдсан “Шинжилгээний дүнгээр тус газрын хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS5850:2019 стандартын шаардлага хангахгүй байна” гэсэн заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Хариуцагч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 01-05/1986 дугаар “Дүгнэлт гаргуулах тухай” албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн 2Х дугаар хорооны нутаг дэвсгэрт “ДТҮ” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 18031051ХХ дугаар ... газруудад эрхэлж буй үйл ажиллагаа нь Байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэх, холбогдох хууль тогтоомжид ...нийцэж байгаа эсэх талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар Нийслэлийн байгаль орчны газарт хандсаны /хуудас 58, 113/ дагуу дээрх газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
3. Үүний дагуу мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга Б.Г 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13/10 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” Хяналт шалгалтын удирдамжийг баталж, шалгалт хийх бүрэлдэхүүнээр Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Ц, улсын байцаагч О.О нарыг томилжээ. /хуудас 54, 111/
4. Хариуцагч улсын байцаагч нар нь Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийхдээ “ДТҮ” ХХК-ийн Улаанбаатар дахь Төмөр бэлтгэх төвийн дарга О.Г, харуул Д.Э нарт холбогдох журмын дагуу улсын байцаагч нар үнэмлэхээ үзүүлж танилцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолт /хуудас 14-15/, шүүхэд гаргасан тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Шалгалтын тэмдэглэл” зэрэг баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчээс хариуцагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.7 дахь заалтыг зөрчиж хяналт шалгалт явуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Нийслэлийн Байгаль орчны газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Сонгинохайрхан дүүргийн 2Х дугаар хорооны нутаг дэвсгэрт “ДТҮ” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 18031051ХХ дугаартай газарт хийж дээж аван “ГС-ШТ” ТӨҮГ-т шинжлүүлэхэд уг газрын хөрс нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн С/10 дугаар тушаалаар баталсан “Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г тогтоосон Монгол улсын Стандарт /MNS5850:2019/-ын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон байна.
6. Нэхэмжлэгч нь “БК” ХХК-тай гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 2Х дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр бэлтгэх зориулалттай газрын хөрсний мониторинг судалгаа хийлгэсэн байх бөгөөд “БК” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” А24/2Х дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлт /хуудас 40/-д шинжилгээ хийсэн газрын хөрсөнд MNS5850:2019 стандартын 3.5-д заасан Онцгой хортой органик биш бохирдуулах бодис Хар тугалга (Pb) хөрсөнд агуулагдах дээд хэмжээ 100 мг/кг байх ёстойгоос 289 мг/кг, 3.6-д заасан Био-идэвхт хүнд металл Цайр (Zn) 300 мг/кг байх ёстойгоос 1020 мг/кг байна гэж дүгнэсэн нь мөн хөрс бохирдолтой болохыг нотолж байна.
7. Гэтэл нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлт гаргасны дараагаар “БК” ХХК-тай гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 2Х дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр бэлтгэх зориулалттай газрын хөрсний мониторинг судалгааг хийлгэж, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” А24/2Х дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг баримтлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
8. “ДТҮ” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 1803105148 дугаар төмөр бэлтгэн нийлүүлэх төвийн үйл ажиллагаа явуулж буй газар нь “Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г тогтоосон Монгол улсын Стандарт /MNS5850:2019/-ын 3.9-д заасан Хүлцэх агууламж (precaution value)-д хамаарах газар байгаа бөгөөд тэнд зөвхөн төмрийг үйлдвэрийн түүхий эд цуглуулж ачиж буулгадаг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/77Х дугаар захирамжийг үндэслэн аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа газар болохоос төмрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг “үйлдвэрлэлийн бүс”-д хамаарахгүй байна.
9. Хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйл. “Шинжилгээнд дээж авах”, 56.3-т “Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу “ДТҮ” ХХК-ийн төмөр бэлтгэх төвийн газар дээрээс “хөрсний дээж авах”-даа Төвийн дарга О.Г-д танилцуулахад зөвшөөрсөн, харуул Д.Э-ыг байлцуулсан болох нь шалгалтын тэмдэглэл, Лабораторид дээж өгсөн тэмдэглэл, шүүх хуралдаанд оролцуулсан гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс хариуцагч нь газрын хөрснөөс дээж авахдаа “шинжилгээний дээж авахад тавигдах ерөнхий шаардлага болох MNS3298:1990 стандарт”-ыг баримтлаагүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.
11. “ДТҮ” ХХК-д Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “мэдэгдэл хүргүүлэх тухай” 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн /хуудас 61/ мэдэгдлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаагүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн агуулгатай байх бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэх боломжгүй.
12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА