| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01331/И |
| Дугаар | 102/ШШ2019/02084 |
| Огноо | 2019-07-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2019/02084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 9-р хороо, Горькийн 9-р гудамжны 218 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧС57041603, Гарагнууд овогт Сүрэнхорлоогийн Баясгалангийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 16-р гудамжны 382 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧС56081762, Урианхай овогт Буриадын Наранцэцэгт холбогдох,
нэр төр алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэх, ажил хөдөлмөр эрхлэхэд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, хариуцагч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэр төр алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэх, ажил хөдөлмөр эрхлэхэд саад учруулахгүй байхыг даалгуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаадлагаас нэр төр алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэх тухай хэсгээсшүүх хуралдааны явцад татгалзаж, ажил хөдөлмөр эрхлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие тэтгэвэрээс өөр орлогогүй өндөр настан. Намайг 4 хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 50 настайд тэтгэвэрт гаргасан боловч өндөр насны тэтгэвэрт гарсан жилдээ амьдралын гачигдлаас шалтгаалан тэтгэврийн зээл авч, өнөөдрийг хүртэл тэтгэвэийн зээлтэй амьдарч байна. Миний бие өөрт шаардлагатай зүйлийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 2006 оноос Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 16-р гудамжны төгсгөлд авто хийн ба цахилгаан гагнуурын үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг үйл ажиллагааг явуулахдаа зохих газраас нь хууль тогтоомжийн дагуу 2018-01-16 өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, 2019-01-16 өдрөөс зөвшөөрлөө сунгуулахаар холбогдох байгууллагад нь хүсэлтээ гаргасан байгаа болно.
Гэтэл хөрш залгаа, хойд талын хашаанд Б.Наранцэцэг нь 2018 онд нүүж ирснээсээ хойш энд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэл амаар доромжилж, гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд Баянгол дүүргийн 21-р хорооны цагдаа, Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс гомдол гаргаж, намайг үйл ажиллагаа явуулахдаа өөрийнх нь гэрээс цахилгаан хулгайлсан гэж гүтгэж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна. Миний бие сахарын өвчтэй бөгөөд Б.Наранцэцэгийн энэ үйлдлээс шалтгаалан даралт ихсэж, хагас харваж байсан.
Миний бие Б.Наранцэцэгийн эзэмшлийн газрыг ашиглаж, түүнд саад учруулсан зүйл байхгүй.Б.Наранцэцэг миний үйлчлүүлэгч нарт надаар битгий үйлчлүүл гэж хэлэх зэргээр ажил хэргийн нэр хүндийг гутаасан байсан. Энэ талаар би нотлох баримт цуглуулж чөдөөгүй тул нэхэмжлэлээс ажил хэргийн нэр төрийг гутаагдсаныг сэргээлгэх шаардлагаасаа татгалзаж, зөвхөн намайг гагнуурын үйл ажиллагаа эрхлэхэд саад учруулахгүй байхыг Б.Наранцэцэгт даалгаж өгнө үү? Би уул нь хариуцагчтай эвлэрмээр л байна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2011 оны 3 сард Баянгол дүүрэг, 21-р хорооны Горькийн 16-р гудамжны 382 тоотод байрлах хашаа, байшинг худалдан авсан бөгөөд уг хашаандаа 2017 оныг хүртэл амьдарч байсан боловч хашааны үүдэнд өдөр, шөнөгүй согтуу хүмүүс архидан, зодолдож амар тайван амьдрах боломжгүй байдалд хүргэсэн. Энэ шалтгааны улмаас хашаа байшиндаа амьдарч чадахаа больж, 1 жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарсан. Гэтэл 2017 оны 12 сард гэрт хулгайч орж, гэрийн үүдэнд зөвшөөрөлгүй нэхэмжлэгч С.Баясгалан гагнуур ажилуулахаар тавьсан төмөр амбаар тавьсан байсан. Энэ амбаарын орчим хаягдал тушаах улсууд бөөгнөрч, архи ууна, хэрэлдэж, зодолдоно, хашааны үүд хаалга орчмоор шээнэ.Иймд учраас би хороо, хорооны цагдаа, ажиллах зөвшөөрөл олгосон дүүргийн холбогдох хэлтэс албад гомдол гаргасан. 2018 оны 3 сараас өнөөдрийг хүртэл миний бие гэртээ амьдарч байна. С.Баясгадангийн ТҮЦ-ийг нүүлгэх газрын судалгаанд орууллаа гэсэн хариуг надад өгсөн. Түүнээс би С.Баясгалан гэх энэ хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Манай цахилгаанаас хулнайлсан зүйл байхгүй. Гагнуур хийлгэх хүмүүст нэхэмжлэгчээр битгий үйлчлүүл гэж би хэлсэн ярьсан зүйл байхгүй. Харин гэрийн үүдийг минь чөлөөлж, амар тайван амьдрах боломжтой болгож өгнө үү? Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч М.Мөнхбатад шүүх хуралдааны товыг шүүх мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.
Иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг хийх боломжтой эсэхэд шүүх нэхэмжлэгч хариуцагч нараас саналыг сонсож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхэд зохигч татгалзаагүй тул тэдний зөвшөөрөлд үндэслэн иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хуралдааныг явуулахаар шүүх бүрэлдэхүүн тогтоосон болно.
Нэхэмжлэгч С.Баясгалан Баянгол дүүргийн 21-р хорооны төгсгөлд хийн болон цахилгаан гагнуурын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас авч, 2011 оноос үйл ажиллагаа явуулж байсан байх бөгөөд түүнд 2018-01-16 өдрөөс нэг жилийн хугацаатай олгосон, уг үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийн хугацаа 2019-01-16 өдөр дууссан болох нь уг үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, эдгээр онуудад хог хаягдлын болон газрын төлбөр төлж байсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Баясгалан 2019-01-16 өдрөөс хойш Баянгол дүүргийн 21-р хорооны төгсгөлд хийн болон цахилгаан гагнуурын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б.Наранцэцэг нь С.Баясгалангийн явуулж буй үйл ажиллагааг өөрийн хэвийн амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа тухай өргөдөл гомдлоо Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан Монгол улсын иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болох төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх эрхийн үндсэн дээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд журмаар холбогдох байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн нь тогтоогдож байна.
Өөрийн эрхийг зөрчиж байгааг зогсоолгохоор холбогдох газарт Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлж буй хариуцагчийн үйлдлийг нэхэмжлэгч үйл ажиллагаа эрхлэх явдалд саад учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгчээр үйлчлүүлэгч нарт түүнээс үйлчилгээ авахгүй байхыг хариуцагч уриалсан, ятгасан, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг хариуцагч гутаасан, үйл ажиллагаагаа эрхлэхэд хариуцагч саад учруулсан үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наранцэцэгт холбогдох гагнуурын ажил эрхлэхэд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэгч С.Баясгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай