Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Ц.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***овогт ***ийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000142 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ***оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, *** настай, буриад, эрэгтэй, дээд боловсролтой, Экологи, байгаль хамгаалал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт *** аймаг *** сум *** дугаар баг *** оршин суух бүртгэлтэй, *** дүүрэг *** дугаар хороо ***  дугаар байр *** тоотод түр оршин суух,

урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ***овогт ***ийн ***.

 

Шүүгдэгч Ц.*** нь “Самар авч мөнгийг чинь өсгөж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.***аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ Худалдаа хөгжлийн банкны 431012700 тоот дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.***ы “... 2022 оны 8 дугаар сарын эхээр уушийн газарт *** гэсэн хүнтэй танилцаж байсан. Түүнээс хойш бизнесийн шугамаар хамтрах талаар холбоотой байсан. Тэгээд 9 дүгээр сард самар килограмм нь 7500 төгрөг байна, удахгүй килограмм нь 20,000 төгрөг хүрэх гэж байгаа гээд надтай уулзаж байхдаа Хятад хүнтэй утсаар ярьж байсан. Тэгээд 4,000,000 төгрөг өгчих өсгөөд өгье гэхээр нь би зөвшөөрч түүнд 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд байдаг Худалдаа хөгжлийн банкан дээр цуг орж түүний данс руу шилжүүлж өгсөн.

Тэгээд дараа 10 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаад килограмм самар 7500 төгрөгөөр аваад дарчихсан байгаа, удахгүй 15,000 төгрөгөөр зараад 4,000,000 төгрөгийг чинь 6,500,000 төгрөг болгоод өгнө гэж ярьж байсан. Тэр өдрөөс хойш удахгүй хот оруулж зарна гэх зэргээр худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн.

... Самарыг нь би хараагүй. Надад хэлэхдээ аваад хөдөө найзынхаа гадна хадгалчихсан байгаа гэж хэлсэн.

... Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

Гэрч Д.***ийн “... Би байгаль орчны төлөвлөгөө зэрэг зүйлс гаргадаг ажил хийдэг юм уу, цалин мөнгө муутай байна гэж ярьж байсан. Мөн 2022 оны 7 дугаар сард надтай ярихдаа Хэнтий, Дорнод аймаг руу самранд явдаг юм бил үү гэж ярьж байсан. Тэрнээс биш нарийн учрыг нь би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга. /хэргийн 23, 26-36 дахь тал/

 

Дансны хуулгад үзлэг хийсэн “... 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ***аас 89118153 гэсэн утга бүхий 4,000,000 төгрөг зарлага болон *** *** гэсэн хүний 431012700 дугаарын данс руу гарсан байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 24-25 дахь тал/

 

Дансны хуулгад үзлэг хийсэн “... 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр *** гэсэн утга бүхий 500,000 төгрөг *** дугаартай *** гэсэн хүний данс руу зарлага гарсан байв.

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр *** гэсэн утга бүхий 2,500,000 төгрөг *** дугаартай *** гэсэн хүний данс руу зарлага гарсан байв.

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Boogii гэсэн утга бүхий 3,350,000 төгрөг *** дугаартай *** гэсэн хүний данснаас орлого болон орсон байв.

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***-с гэсэн утга бүхий 10,000,000 төгрөг *** дугаарын *** гэсэн хүний данс руу зарлага гарсан байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 37-38 дахь тал/

 

Ц.***гийн яллагдагчаар өгсөн “... Би уг гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүнээс 4,000,000 төгрөг авсан. Одоо түүнд 4,400,000 төгрөг төлсөн байгаа. Уг мөнгийг би өөр хүнд зээлтэй байсан тул тэрэндээ зарцуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.***ы “... би ***гээс 4,400,000 төгрөг авсан. 400,000 төгрөг илүү хийсэн байсан. Түүнийгээ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ***д бэлнээр 400,000 төгрөг өгөв. ...” гэсэн хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.***гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.***г торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ