| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/00391/И |
| Дугаар | 1664 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1664
| 2019 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2019/01664 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УБЦТС /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В ХХК /00000/-д холбогдох,
Цахилгааны төлбөрт 15,572,328 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ц.А, О.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүх-Эрдэнэ, Ц.Ариунтунгалаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 301762 дугаартай, 3101301 кодтой хэрэглэгч “Вилмар” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 31,257,783 төгрөгөөс Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 4/858 дугаар албан бичгээр 15,685,456 төгрөгийн залруулга хийгдэж, үлдэгдэл төлбөр болох 15,572,328 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд хариуцагч В ХХК иас 15,572,328 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч В ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 31,581,593 төгрөг гаргуулна гэж буруу нэхэмжилснийг Эрчим хүчний зохицуулах хорооноос залруулсан. Анх төлбөрийн талаар ярихдаа 19,100,000 төгрөг, 20,016,000 төгрөг гээд янз бүрийн үнийн дүнтэй мөнгийг аж ахуй нэгжээс нэхэмжилж байсан. Манайх уг барилгыг 2009 онд улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын комисст хүлээлгэж өгсөн акт хавтаст хэрэгт байгаа. Анх хувь хүн гэдгээр нэхэмжлэл гаргаж байсан. В ХХК иар гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Анх нэхэмжлэл гаргасныхаа дараа уулзахдаа танаар төлүүлэх гээд байгаа юм биш. Манай байгууллагын төлөвлөгөө биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдээс мөнгөө нэхэх гэж байна. Та оршин суугчдаасаа мөнгөө нэхэж ав гэсэн. Танаар заавал төлүүлэх гээд байгаа юм биш. Хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр байхад болох гээд байна. Төлөвлөгөө биелэхгүй гэдэг зүйл ярьсан. Өмнө нь бидэнд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаагүй. Мөнгө нэхэж байгаагүй. Хэрвээ нэхэмжлэл гаргаж байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл ирсэн байх ёстой. Хавтаст хэрэгт ийм нэхэмжлэл байхгүй байгаа. 2014 оноос 2016 он хүртэл манайд өгч байсан нэхэмжлэл байсан бол хавтаст хэрэгт хавсаргах ёстой. Эднийх 30, 40 айлын хаалга тогшиж мөнгө нэхэхээс илүү нэг аж ахуй нэгжээс мөнгө нэхэх нь эд нарт ашигтай байдаг. Яагаад гэвэл аж ахуй нэгжийн тарифийг 200 төгрөгөөр боддог. Айл өрхөөс 100 төгрөгөөр тооцож авдаг. Нэг дахин ашигтай байдаг болохоор хүлээж авахыг хүсдэггүй. Энэ бол эдний талын ярьж байгаа асуудал. Энэ байрыг ашиглалтад өгсөн шүү гээд гарын үсэг зурахад эднийхээс хүн сууж байсан. Гарын үсэг зурсан. Тэгээд мөнгө хураах болохоороо манайх хүлээж аваагүй гэдэг. Гэтэл хэрвээ тогны мөнгө нь төлөгдөхгүй байвал гэрээгээ цуцалсан шүү гэдэг. Хичнээн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нь хөөн хэлэлцэх хугацаа дахиад цаашаа 3 жил сунгагдаж байгаа гэдэг зүйл ярьдаг. Эхлээд хувь хүнээс нэхэж байгаад сүүлдээ аж ахуй нэгнээс нэхэж нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. “Хаус холдинг” ХХК-иас 6,560,000 төгрөгийг нэхэж нэхэмжлэл гаргасан байсан. Би “Хаус холдинг” ХХК-ийн захиралтай очиж уулзахад 6,560,000 төгрөг байсан. Тэр мөнгийг чинь төлсөөр байгаад 2,300,000 төгрөг дутуу байгаа гэдэг. 2,300,000 төгрөг дутуу байгаа гээд эднийх албан бичиг өгсөн. Ийм байхад эднийх 15,572,328 төгрөгөөсөө “Хаус холдинг” ХХК-ийн нэхэмжилсэн 4,000,000 гаруй төгрөгийг хасахгүй байгаа. Би эдний сүүлд өгсөн нэхэмжлэлийн дагуу айл болгон дээр тооцоог нь гаргаад нэхэмжлэх өгсөн. Гэтэл айлууд ийм төлбөр анх байсан. Бид энэ мөнгөө бага багаар төлсөөр байгаад гэрээгээ хийсэн. Тэгэхгүй бол гэрээ хийхгүй байсан. Одоо танай компанид хамаагүй. Танай компани тогны мөнгө хураах, тог таслах эрх байхгүй. Танайх барилгын тусгай зөвшөөрөл авсан болохоос биш тогны байцаагч биш гэдэг. Бид барилгыг барьсан болохоос биш тогны мөнгө хураадаг байгууллага биш. 2 гэрч оруулсан. н.Цэцэгмаа гэж хүн 2014 оны 8 дугаар сар хүртэл тогны мөнгө хурааж авах ажил хийж байсан. Би 2014 оноос хойш бид хариуцахаа больсон гэж хэлсэн. Гэтэл н.Цэцэгмаа гэж хүн дээр өөр байрны 2,600,000 төгрөг гээд Их Монгол СӨХ-ны Кёкьюшүзаны хажууд талын өндөр байранд байдаг байрны тогийг манай 15,572,328 төгрөгт бичсэн байдаг. “Хаус холдинг” ХХК-ийн 6,560,000 төгрөг бас 105 дугаар байр гээд манай хойд талын байр. Батбаярын дэлгүүр гээд мөнгө нэхэмжилсэн. Батбаярын дэлгүүр гээд манай хажууд худалдаа эрхэлдэг. 1,100,000 төгрөг гээд бичсэн. Урд талын байранд байгаа н.Алимаагийн дэлгүүрийн тогны мөнгийг тавьсан. Тэгэхээр яг тог хэрэглэсэн хүмүүсийг өмнө шүүх хуралдаанд оролцуулж өгөөч гэсэн. Та нар тог хэрэглэсэн хүмүүстээ холбогдуулан нэхэмжлэл гаргаач. Манайх барилгыг барьсан болохоос биш эднийхээс тог хэрэглэдэг хэрэглэгч биш. Бүх тог хэрэглэж байгаа хүмүүс тоолууртайгаа, гэрээтэйгээ төлбөрөө төлөөд явж байгаа. Бүх оршин суугчид анх ийм үнийн дүн байсан. Төлсөөр байгаад дууссан гэж хэлсэн. Хүснэгт дээр төлсөн, баримт дутуу, хувааж төлнө гэсэн тэмдэглэл өөрсдөө хийсэн байна. Тэр баримт тооцоогоо гаргаж өгөөгүй. Миний шүүхэд хүсэлт гаргаснаар актаа гаргаж өгөөгүй. Би байгаа баримт энэ гээд хамгийн том үнийн дүнтэй баримтыг нь өгсөн. Тэр хүмүүс нь бид тооцоогоо нийлээд, гэрээ хийсэн. Танд хамаагүй. Танай байгууллагад бид тогны мөнгө өгөх шаардлага байхгүй гэж хэлсэн. Тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК нь хариуцагч В ХХК д холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 15,572,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ цуцлах талаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч айл өрх, аж ахуйн нэгжүүдтэй тусдаа гэрээ байгуулж төлбрөө барагдуулсан тул хариуцахгүй гэсэн үндэслэлээр маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК нь хариуцагч В ХХК тай 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаатай “Цахилгаан эрчим хүчээр хангах” гэрээ байгуулж, хариуцагч уг гэрээний дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45А байрны айл өрхийн болон, аж ахуйн нэгжид цахилгаан түгээж, төлбөрийг нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -д төлж байсан талаар талууд маргаангүй байна.
Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 7-22 дугаар тал/
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй”, 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний хугацаанд гарсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг шаардах эрхтэй.
Хариуцагч В ХХК иас нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -д цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг цуцлахаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1/47 дугаар албан бичгээр хүсэлт /хх-ийн 105 дугаар тал/ гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2/2157 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. Гэрээ цуцалсантай холбоотойгоор 2014 оны 10, 11 сард хэрэглэгчдийн тоолуурын заалт, марк, дугаар, лац, өнгө, хүлээлцэх үеийн тоолуурын заалтыг тэмдэглэн ЦЕХ-ний борлуулалт хүлээн авах ажлын акт бичих мягт-2 үйлджээ./хх-ийн 34 дүгээр тал/
Гэрээ цуцлах хүртэл хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч В ХХК иас нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -д цахилгаан эрчим хүчний төлбөрт 2,368,247 төгрөгийн төлбөртэй байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна. /хх-ийн 24 дүгээр тал/
Иймд талуудын хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 2,368,247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,204,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. Тус шүүх В ХХК д холбогдох 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 15,572,328 төгрөг гаргуулах тухай УБЦТС ТӨХК -ийн нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 22-ны хүлээн авсан байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2015/29724 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч УБЦТС ТӨХК нь хариуцагч В ХХК д холбогдуулан шүүхэд цахилгааны төлбөр гаргуулахаар 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01561 дугаар шийдвэрээр В ХХК ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч В ХХК иас 2,368,247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,204,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК иас улсын тэмдэгтийн хураамжид 52,842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР