Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205034600086 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, *** дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг *** дугаар хороо *** дүгээр гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ын ***.

 

Шүүгдэгч Г.*** нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 13а байрны хажууд байрлах “Од” мини маркет дэлгүүр дотор иргэн Ч.*** нь өөрийн эзэмшлийн I phone X загварын гар утсаа мартаж гарсныг бусдын өмчлөлд байгаа гар утас гэдгийг мэдсээр байж завшин 400,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “ ... Хохирогч “Од” мини маркет дотроос худалдан авалт хийгээд гар утсаа зайрмагны хөргөгчин дээр үлдээгээд гарч байх үеийг харуулав.

... Сэжиглэж буй хар өнгийн куртиктэй хар саравчтай малгайтай этгээд орхиод гарсан байсан хохирогчийн гар утсыг буцаж ирээд хойноос нь авч байх үеийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-7 дахь тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 8 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.***ын “2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед “Од” мини маркет руу хичээлээ хийхээсээ өмнө юм авч идэх гээд орсон. Тэгээд халааснаасаа авсан юмныхаа мөнгийг өгөх гэтэл халаасанд минь олон юм байсан болохоор авч болохгүй байхаар нь халаасанд байсан бүх юмаа гаргаж дэлгүүрийн зайрмагны хөргөгч дээр тавьсан. Тэгээд цуг явж байсан хоёр найз маань миний гар утсыг үзэж байгаад буцаагаад хөргөгчин дээр тавьсан байсан.

Тэгээд дэлгүүрээс гараад явсан бөгөөд гар утсаа мартаад гарсан. Намайг дэлгүүрт байхад нэг хүн орж ирсэн бөгөөд тэр хүнийг нэг их сайн анзаараагүй. Тэгээд дэлгүүрээс гарсаныхаа дараа утсаа мартснаа санаад буцаад ортол миний гар утас байхгүй байсан.

Миний гар утсыг авсан хүн тухайн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан.

... Миний гар утасны гэр нь ардаа карт хийдэг. Бас дуу чангалдаг товч нь байхгүй. Нүүрний шил нь хагарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Гэрч Б.***ийн “... Тэгээд Баянбүрдийн автобусны буудлаасаа зүүн талд байрлах New car гэсэн хаягтай автомашины тоног төхөөрөмж зардаг газрын урд 15 цаг 30 минутад ***ын *** гэдэг хүнтэй уулзаж хар өнгийн I phone X загварын гар утас болон нэг ширхэг залгуурын хамт 500,000 төгрөгөөр худалдаж аваад шалгаж үзэхэд ямар нэгэн асуудал байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дахь тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн “I phone X загварын гар утсыг 400,000 төгрөгөөр үнэлсэн” 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-722-5309 дугаартай дүгнэлт. /хэргийн 31-34 дэх тал/

 

Г.***гийн яллагдагчаар өгсөн “ ... Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим найз Бадмаатай гадаа хүйтэн байсан учраас Баянгол дүүргийн Өргөө кино театр дотор уулзаж тэндээсээ салаад Өргөө кино театрын хажуу талын Номин их дэлгүүрийн ар талын хүнсний дэлгүүр дотор орж жигнэмэг, ундаа авахаар дэлгүүр дотор явж байхад хөргөгчин дээр гар утас харагдаж байсан.

Би жигнэмэг, ундаа хоёр аваад төлбөрөө төлөхөөр касс дээр очиход нөгөө гар утас хөргөгчин дээр байж л байсан. Тэгэхээр нь би тэр утсыг авч халааслаад авсан зүйлсийнхээ төлбөрийг хийгээд гараад явсан. Тухайн үед 13 цаг өнгөрч байсан.

Гар утсыг фэйсбүүк зар дээр зар оруулаад хүнд 500,000 төгрөгөөр худалдсан. Тэр хүнтэй 80705003 дугаарын утсаар холбогдож Баянбүрдийн тойргийн тэнд аваачиж өгч зарсан.

... Би гар утасны хохирлоо төлж барагдуулсан. Би утасны эзнээс уучлалт гуйсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Насанд хүрээгүй хохирогч Ч.*** нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 13а байрны хажууд байрлах “Од” мини маркет дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрийн хөргөгчин дээр гар утсаа үлдээн явсан ба энэ үед шүүгдэгч Г.*** нь насанд хүрээгүй хохирогч Ч.***ын гээгдүүлсэн гар утсыг олж аван бусдад худалдаалжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.*** нь гээгдэл эд хөрөнгө болох I phone XR загварын гар утсыг өөрийнх биш бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч улмаар худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба насанд хүрээгүй хохирогч Ч.***д 400,000 төгрөг хохирол учирсан нь Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-722-5309 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ч.***д I phone XR загварын гар утсыг бие байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 48-49 дэх тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч Г.***г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.***г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.***г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ