| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/01377/И |
| Дугаар | 01723 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 01723
| 2019 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/01723 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
8,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рокмон оффис төв түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Н. Б тус төвийн 2 давхрын 203 тоотод байрлах 82 м.кв талбайг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 2007/44 тоот ажлын байр түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 1 м.кв талбайг 35,000 төгрөгөөр тооцож, сар тутам 2,870,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр түрээсэлсэн. Түрээсийн гэрээний 5.6-д түрээслэгч дараагийн сарын түрээсийн төлбөрийг тухайн сарынхаа 05-ны өдөр бэлнээр эсвэл дансаар шилжүүлнэ гэдэг заалтыг удаа дараа зөрчиж байсан. Хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг огт төлөхгүй, ажлын байрандаа огт ирэхгүй, холбоо барих боломжгүй байсан учир хариуцагчийн оршин суугаа хаягийн дагуу харьяа шүүхэд буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүхээс хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэж хариу өгч, хэрэг үүсгэхээс татгалзсан тул бид хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулсан. Ингээд хаягийг нь олж аваад, эргээд шүүхэд хандсан. Ингээд хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2018 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр 5,740,000 төгрөг, гэрээний 7.1-т зааснаар нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар түрээслүүлэгч алданги төлнө гэсэн заалтын дагуу алданги 6,902,350 төгрөг гарсан. Ингээд нийт төлбөр 12,642,350 төгрөг болсон. Гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар түрээслэгч буюу хариуцагчийн зүгээс дэнчин болох 1,000,000 төгрөгийг манай дансанд байршуулсан. Бид энэ 1,000,000 төгрөгөө хассан. Алданги нь Иргэний хуульд зааснаар 50 хувиас хэтэрсэн байгаа тул 50 хувиар тооцсон. Иймд иргэн Н. Бэс ажлын байрны түрээсийн төлбөр 5,740,000 төгрөг, алданги 2,870,000 төгрөг, нийт 8,610,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түрээсийн гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр төлөх дарааллыг тогтоосон. Түрээсийн төлбөр төлөх дараалал дээрээ түрээслэгч төлбөр төлөхдөө алданги болон түрээсийн төлбөрийг төлнө гэсэн дарааллыг баримтална гэж заасан гэжээ.
Хариуцагч Н. Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р ХХК-тай 2017 оны 11 дүгээр сард түрээсийн гэрээ байгуулж төлбөрөө төлөөд явж байсан. Бидний ажил 2018 оны 04 сараас эхлэн доголдоод, 5 дугаар сард түрээсийн төлбөрөө боломжоороо төлж байгаад, 6 дугаар сараас хүнд байдалд орсон. Бид 6 дугаар сард гэрээ цуцлах талаар ярилцаж байсан. Тэгэхэд одоо та нар сарын өмнө урьдчилан мэдэгдэж гэрээгээ цуцлах ёстой. Түүнээс нааш ямар ч арга байхгүй гэж хэлсэн. Би 6 дугаар сарын төлбөрөө яаж, ийж байгаад төлье. Миний барьцааны 1,000,000 төгрөг байгаа юм чинь би гараад бүх асуудлаа дуусгая гэж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Байгууллагын үйл ажиллагаа доголдож байсан учир оффисоо хааж чадалгүй 7 дугаар сарын эхэн хүрсэн. Би 7 дугаар сарын эхээр гэрээгээ цуцлах талаар албан бичиг ажилтан н.Наранцацралтаар “Рокмон ХХК-д өг гээд албан тоот өгүүлсэн. Би наадмын дараа 7 дугаар сарын 18, 19-ний өдөр халдлагад өртсөн. Түүнээс хойш очиж чадаагүй. Оффисыг чинь битүүмжлээд, хаах гэж байна. Чи ирээд байлц гэсэн. Би хүнд хэлсэн боловч хөдөө гадаа явж байна гэсэн учир байлцаж чадаагүй. Тэгэхэд одоо та нар сарын өмнө урьдчилан мэдэгдэж, гэрээгээ цуцлах ёстой гэж хэлсэн. Мини барьцааны 1,000,000 төгрөг байгаа юм чинь гараад бүх асуудлаа дуусгая гэсэн боловч зөвшөөрөөгүй. Наадмын өмнө бид албан тоотоо өгсөн. хэдэнд өгснөө санахгүй байгаа. Ингээд холбоо тасарсан. Багахан хэмжээний төлбөр гарсан юм чинь гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Би 7 дугаар сард энэ байгууллагын түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байна. Харин алданги болон 8 дугаар сарын төлбөрийг нэхэх үндэслэлгүй гэж үзэж байна. Би утсаа солиод харьцахгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Гэрээ 7 дугаар сард цуцлагдсан учраас би 8 дугаар сарын төлбөр болон бусад алдангийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Н. Бд холбогдуулан 2018 оны 07, 08 дугаар сарын оффиссын талбайн түрээсийн төлбөрт 5,740,000 төгрөг, алданги 2,870,000 төгрөг нийт 8,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 2018 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр 2,870,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, түрээсийн гэрээг цуцлахаар түрээслүүлэгчид 1 сарын өмнө мэдэгдсэн тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Н. Бтэй 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Р ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24 хаягт байрлах “Рокмон буйлдинг” оффиссын барилгын 2 давхрын 82 м.кв талбайг хэсэгчлэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр түрээсийн төлбөрт 2,870,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан хэдий ч талууд оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 82 м.кв талбайг хэсэгчлэн түрээслэхээр хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан байх тул уг гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний агуулгад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Талуудын байгуулсан “Ажлын байр түрээслэх” гэрээний 4.3-т “...гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол энэ тухайгаа түрээслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд уг хугацааг дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлснөөр гэрээг цуцлах эрхтэй” гэж тусгасан байна.
Хариуцагч түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй, түрээсийн төлбөрөө төлөөгүй талаар талууд маргаагүй. Шүүхэд гэрч Б.Наранцацрал өгсөн мэдүүлэгтээ түрээсийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын эхэн үед цуцлахаар мэдэгдсэн албан бичгийг түрээслүүлэгчид өгсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч Р ХХК-ийн Ирсэн, Явсан албан бичгийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр түрээсийн гэрээг цуцлахаар гаргасан хүсэлт, албан бичиг хүлээж авсан талаар тэмдэглэлд бичигдээгүй байна.
Түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах санал гаргасан гэх боловч түрээсийн талбайг чөлөөлж хүлээлгэн өгөөгүй, гэрээнд зааснаар түрээсэлсэн хугацааны төлбөрийг төлөх” үүргээ биелүүлээгүй нь талуудын тайлбараар нотлогдож байна. Түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болохоо хариуцагч нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 07, 08 дугаар сарын түрээсийн төлбөр 5,740,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ байгуулахдаа дэнчин 1,000,000 төгрөг авсан байна. Талуудын байгуулсан гэрээний 7.4-т төлбөрийг алданги, торгууль, үндсэн төлбөр гэсэн төлөх дарааллаар төлөхөөр тусгасан ч гэрээн энэ хэсэг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэх зохицуулалттай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-т заасны дагуу дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно.
Нэхэмжлэгчийн шаардсан алдангийг талууд гэрээний 7.1-д алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 заасны дагуу алданги гаргуулахаар шаардах эрхтэй. /2,870,000₮ х 2 сар = 5,740,000₮ - дэнчин 1,000,000₮ = 4,740,000₮. Алданги 4,740,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй тул 2,370,000₮. Төлбөр төлөх үндсэн үүрэг 4,740,000₮ + алданги 2,370,000₮ = 7,110,000₮/
Иймд хариуцагч Н. Бэс 7,110,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н. Бэс 7,110,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н. Бэс улсын тэмдэгтийн хураамжид 128,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР