Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/203

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч С.*** түүний өмгөөлөгч Д.Энхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол прокурорын газраас *** овогт ***гийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002402 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** аймаг *** сум *** баг *** байр *** тоотод оршин суух,

урьд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогт ***гийн ***.

 

Шүүгдэгч С.*** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Тайж зочид буудлын 4 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Г.***гийн эзэмшлийн Samsung A 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.***гийн эзэмшлийн Хас банкны *** тоот данснаас 32,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлэн авч 382,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний-4 дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан байсан хохирогч Д.Шижир-Эрдэнийн өмчлөлийн Toyota Land cruiser Prado маркийн *** УАР улсын дугаартай автомашин дотроос Toyota Prius 20 маркийн автомашины түлхүүр, Toyota Crown 210 маркийн автомашины түлхүүр, Gentlemen Givenchy нэртэй үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 448,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм зочид буудлын гадна талд байрлуулан тавьсан байсан хохирогч О.***ын эзэмшлийн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос түрийвч, машины бичиг баримт, бэлэн 110,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 406,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны урд талын зам дээр байрлуулан тавьсан байсан Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл дотор байсан Dell маркийн notebook зэргийг хүч хэрэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 19,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*** мэдүүлэхдээ: “Тайж буудалд амарч байхдаа караоке ороод бие засаад гараад ирэхэд нэг өрөө онгорхой байсан. Тэнд гар утас байсан. Тэгээд би авсан. Би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Утасны ард банкны нууц үгээ бичсэн байсан. Тэгээд картаас нь мөнгийг нь авчихсан. Toyota автомашины эд зүйлийг авсан зүйл байхгүй. Тухайн өдөр юу болсныг санахгүй байна. Prius автомашинаас авсан бүх зүйлийг хүлээлгэн өгсөн. Автомашин авсантай холбоотой ярих зүйл байхгүй” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 2-4, 6-8 дахь тал/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 14-18 дахь тал/

 

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 9, 61, 100, 138 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 00:55 секундэд хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн амны хаалттай, цэнхэр өнгийн үүргэвч үүрсэн эрэгтэй /С.***/ тээврийн хэрэгсэлд сууж уг тээврийн хэрэгслийг ухрааж 01:02 секундэд тээврийн хэрэгслийг хөдөлгөж явж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал/

“... Бичлэгийн 00:32 секундэд хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн амны хаалттай, цэнхэр өнгийн үүргэвч үүрсэн эрэгтэй /С.***/ тээврийн хэрэгслийн араар тойрч 00:41 секундэд хүн харж байгаад тээврийн хэрэгслийн жолооч талаар сууж 01:00 минутад тээврийн хэрэгслээс эд зүйл авч автомашинаас бууж байна. ...” тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал/

“... Бичлэгийн 00:22 минутад дээгүүрээ цайвар саарал өнгийн ноосон малгайтай улбар шар өнгийн богино куртиктэй, урд талд нь задгай, дотроо хар бараан өнгийн цамцтай, доогуураа цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй /С.***/ хаалга нь онгорхой номер нь харагдахгүй өрөө рүү буцаад орж байх бөгөөд бичлэгийн 00:39 минутад тухайн өрөөнөөс буцаад гарч ирж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 139-141 дэх тал/

 

Хохирогч Б.***гийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн хувийн оёдлын цехэд ирж ажиллаж байгаад 01 цаг 50 минутын орчим гарч ирээд автомашинаа халаасан. Миний автомашин байсан газар Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд зам дээр байсан.

... Тэгээд би ажлаасаа гарахдаа цүнхтэй компьютер, хоолны саваа авч гараад автомашиндаа тавьчхаад автомашинаа асаалттай орхиод өөрийнхөө хувийн оёдлын цехийн хаалгыг түгжчихээд гараад ирсэн. Миний асаалттай орхисон автомашин буюу *** УНВ улсын дугаартай саарал өнгийн Prius 30 маркийн автомашин алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Хохирогч О.***ын “... 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орой 23 цаг өнгөрөөгөөд 24 цаг болох гэж байхад өөрийн *** УНТ улсын дугаартай хар өнгийн Prius 30 маркийн тээврийн хэрэгслээ Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Очир титэм зочид буудлын урд талын зогсоол дээр түр байрлуулан орхисон. Очир титэм зочид буудлын 404 тоот өрөөнд найз дээрээ орж уулзчихаад буцаад гараад иртэл миний автомашинд байсан түрийвч, тээврийн хэрэгслийн бичиг баримт 110,000 төгрөг байхгүй болохоор нь гайхаад хулгай орсон байна гэж бодоод цагдаад хандсан. Цагдаа ирээд хамт хяналтын камер шүүтэл би автомашинаа цоожилсон гэж бодсон боловч цоожлоогүй онгорхой үлдээсэн байсан. Цагаан өнгийн амны хаалт зүүсэн, хар өнгийн куртик өмссөн, цэнхэр өнгийн үүргэвч үүрсэн нэг залуу миний автомашинд суугаад аваад гарч байгааг харсан. ... ” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/

 

Хохирогч Г.***гийн “... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж бизнес буудлын нэг давхрын караокенд ажилдаа оройн 18 цагийн үед ирсэн. Ажилдаа ирээд манай ажлын газрын 4 номерын өрөө нь ажилчдын амралтын өрөө тул уг өрөөнд хүн авдаггүй зөвхөн ажилчид ордог тул би өөрийн цэнэглэгчээр цэнэглээд үлдээсэн.

Ингээд барагаа татах гээд угтагчийн хойно байж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд ариун цэврийн өрөө асуугаад ах нь нэг кофе асгаадахъя гэж хэлэхээр нь би ариун цэврийн өрөөгөө зааж өгсөн.

Тухайн үед 1 номерын урд манай бараа буулгаж байтал тэр ах гараад явчихсан. Ингээд 20-30 орчим минутын дараа утсаа авах гээд 4 номерын өрөө рүү ортол миний утас, цэнэглэгч хоёр хоёулаа байхгүй байхаар нь гайхаад хяналтын камераа шүүтэл ариун цэврийн өрөө орсон ах 4 номерын өрөө рүү намайг 1 номерын өрөө рүү орохыг харж байгаад ороод аваад гарсан байсан. Ингээд тухайн оройноо цагдаад хандсан. Маргааш өдөр нь миний Хас банкны *** гэсэн дугаарын данснаас Хаан банкны *** гэсэн С.*** гэсэн данс руу 32,000 төгрөг шилжүүлсэн талаар миний gmail хаягт мессэж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь тал/

“... гаднаас С.*** орж ирээд бие засах өрөөг чинь ашиглачих уу, кофены сав угаах гэсэн юм гэсэн. Би засах өрөө рүү ороход би бараагаа татах гээд №1 өрөө рүү орсон. Уг өрөө рүү ороход С.*** гараад явсан байсан. Дараа нь зохион байгуулагчид хэлж хяналтын камер шүүхэд бие засах өрөөнөөс гараад №4 тоот өрөөнөөс миний утсыг аваад гарч байсан.

Манай караоке нээгдээд 1 жил 1 сар болж байгаа анх нээгдснээс хойш уг өрөөг ажилчдын өрөө, амралтын өрөөгөөр ашиглаж байгаа. Хувцасны өрөөгөөр давхар ашигладаг. Ер нь бол цоожгүй, гадна хаалга хаалттай байдаг. Тухайн өдөр би өөрөө хувцсаа солиод хаалга нээлттэй онгорхой байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч И.*** ийн “... би ***гийн автомашинд орж суугаад хэний автомашин юм гэхэд чамайг хүлээж байгаад нутгийн дүүтэй таараад надад автомашинаа өгсөн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/

 

Гэрч Э.*** ын “... Би яагаад тээврийн хэрэгслээ алдсан талаар асуутал хороололд автомашинаа халаачхаад буцаад гараад ирэхэд автомашин нь алга болсон гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр санаа зовоод 03 цагийн үед гэрээсээ гараад хотоор уг тээврийн хэрэгслийг хайж явсан. Хайж явж байгаад хуучин надтай автомашин засдаг байсан залуу шөнийн 04 цагийн үед *** над руу залгаад хар шөнө та Тэрэлж рүү юу хийж яваа юм гэж асуухаар нь би гайхаад би яваагүй, хотын төвд явж байна гэхэд таны автомашин сая надтай зөрж өнгөрлөө гэхээр нь би асуутал Тэрэлжийн Оргил дээр надтай сая зөрсөн гэж хэлсэн.

... Ингээд би алдсан тээврийн хэрэгслийг Тэрэлж явж байгааг мэдээд эхнэртэйгээ Тэрэлж рүү гарсан. Тэрэлжид очоод бүх амралтын газруудаар хайж явж байгаад 09-10 цагийн үед Мэлхий хадны доод талд айлын өвөлжөөнд алдагдсан тээврийн хэрэгсэл байхыг олоод очтол автомашины багажийг сөхчихсөн хаалгыг нь нээчихсэн нэг эмэгтэй, эрэгтэй хүн ар талд зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №30, 32, 1585, 33 дугаартай дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 37-38, 40-41, 119-121, 155-156  дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн №01/331 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас адилтгалын шинжилгээнд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд MN004810006545 гэсэн дугаараар 1 удаа бүртгэгдсэн *** овогтой ***гийн гарын хээний дардастай хохирч байна. Мөн эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /1 дэх хэргийн 47-50 дахь тал/

 

С.***гийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Очир титэм зочид буудлын урд талд байсан автомашинаас түрийвч эд зүйл авчихаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ алхаад явж байтал байрны үүдэнд асаалттай автомашин байхаар нь жолоочийн талаар нь яваад очтол хүн байхгүй байсан. Тэгээд би уг автомашиныг унаж яваад байрны булан дээр зогсож байгаад уг автомашины дугаарыг салгаад зогсоол дээр байсан автомашины дугаарыг нь салгаж аваад солиод хийчихсэн. Тэгээд төв зам руу гараад явж байгаад таксинд гар өргөсөн хүмүүсийг аваад Наадам центр рүү хүргэж өгчхөөд буцаж яваад найз охин ***ийг аваад Тэрэлж рүү явсан. Тэгээд би ***т хэлэхдээ уг автомашиныг дүүгээсээ авсан гэж хэлсэн бөгөөд бид хоёр Тэрэлж рүү явж байгаад замдаа автомашинаа зогсоогоод унтсан. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/

“... Очир титэм зочид буудал руу орж үнийг нь асуучхаад буцаж гарч ирээд үүдэнд нь зогсож байтал зам дагуу байрлуулсан хар өнгийн Prius автомашины холдуулаадхаач гэхээр нь би явж очоод хаалгыг нь татсан чинь онгорхой байхаар нь автомашины голын тавиур дээр байсан бичиг баримттай түрийвчийг нь авсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/

“... Би Тайж зочид буудалд найз охин ***ийн хамт 2 хоносон. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө би ***ийг зочид буудалд үлдээчхээд ажилдаа явсан бөгөөд өдөр нь *** над руу залгаад би гарлаа явах хэрэгтэй байна, цүнхтэй хувцсыг чинь яах уу гэхээр нь би кассан дээр нь үлдээчих гэсэн.

Тэгээд орой нь би хувцсаа авахаар Тайж зочид буудал орчхоод бие засах өрөө орох гээд угтагчаас нь бие засах өрөө асуутал караокены бие засах өрөө рүү орчих гээд зааж өгсөн. Тэгээд би бие засах өрөө орчхоод усныхаа саванд ус хийж авчхаад бие засах өрөөнөөс гартал хажуу талынх нь өрөөнд хүн байхгүй сандал дээр нь Samsung маркийн гар утас байхаар нь гар утсыг нь аваад гарсан.

Тэгээд гэртээ харьчхаад гар утсыг нь унтраачхаад маргааш өглөө нь утсыг нь асаагаад оролдож байгаад Хас банкны аппликейшн байхаар нь уг аппликейшн руу ортол ямар нэгэн кодгүй байсан. Тэгээд ба дансанд нь байсан 32,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлж авчхаад гадагшаа гарч Өргөө кино театрын баруун талд байх Сүртэй 4 нэртэй ломбарданд уг гар утсыг барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөөр нь буудалд орж амарсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 166-167 дахь тал/

“... Надад өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би бүх хохирлуудаа төлж барагдуулсан. Одоо Тайж караокеноос авсан гар утсыг буцааж өгөх болно” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/

“... Одоо барагдуулаагүй 32,000 төгрөг байгаа. Бусад хохирлоо барагдуулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг./1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал/

“... Тэгээд би бие засах өрөө рүү орчхоод гарч ирэхэд хажуу талынх нь №4 тоот өрөөний хаалга нээлттэй байсан бөгөөд өрөөн дотор ширээн дээр гар утас байхаар нь тухайн өрөө рүү ороод гар утсыг аваад гарсан. Намайг өрөө рүү ороод гар утас аваад гарч байхад ямар нэгэн хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.*** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний замд байрлуулсан байсан өөрсдийн эд хөрөнгийг хамгаалахад хайхрамжгүй хандсан О.***ын эзэмшлийн автомашин дотроос эд зүйл хулгайлан авч 854,000 төгрөгийн, Б.***гийн эзэмшлийн Toyota Prius 30 маркийн *** тээврийн хэрэгслийг хулгайлан авч 19,690,000 төгрөгийн, мөн Тайж зочид буудлын кароакены бие засах өрөөнд орох явцдаа 4 тоот өрөөнд нэвтрэн орж уг газарт ажиллаж байсан Г.***гийн эзэмшлийн Samsung A 10 загварын гар утсыг хулгайлан авч, улмаар түүний гар утас дахь Хас банкны аппликейшнг ашиглан *** тоот данснаас 32,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлэн авч 382,000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад С.***гээс “Эд зүйл хураан авах тэмдэглэл” үйлдэж “Toyota Prius 20 маркийн автомашины түлхүүр, Toyota Crown 210 маркийн автомашины түлхүүр” хураан авсан /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/ ба уг ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мөрдөгч ... нэгжлэг хийх ... эд зүйл ... хураан авах ... ажиллагааг ... хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна”, мөн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт ... илэрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан ... хүний биед нэгжлэг хийнэ” гэснийг тус тус зөрчжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хойшлуулашгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно” гэж заасан боловч ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлээгүй байх бөгөөд  прокуророос мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гараагүй байх тул нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.***г 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний-4 дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан байсан хохирогч Д.Шижир-Эрдэнийн өмчлөлийн Toyota Land cruiser Prado маркийн *** УАР улсын дугаартай автомашин дотроос Toyota Prius 20 маркийн автомашины түлхүүр, Toyota Crown 210 маркийн автомашины түлхүүр, Gentlemen Givenchy нэртэй үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 448,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэн, дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.*** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан, мөн түүнийг нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба О.***т 406,000 төгрөгийн, хохирогч Б.***д 384,000 төгрөгийн, Г.***д 382,000 төгрөгийн, Б.***д 19,690,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Тэнцвэр эстимэйт ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №30, 32, 1585, 33 дугаартай дүгнэлтүүдээр /1 дэх хавтаст хэргийн 37-38, 40-41, 119-121, 155-156  дэх тал/ тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.***, О.***т нарын эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн /1 дэх хавтаст хэргийн 62,132 дахь тал/ баримтууд хэрэгт авагдсан тул шүүгдэгч С.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч С.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.***гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, тухайн, зүйл, хэсэг, заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг буюу Шүүх сэтгэц эмгэг судлалын 1005 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон “F06.3. Сэтгэл санааны /цочирдлын/ органик эмгэг, засрал сайжралын байдалтай” гэсэн өвчний байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 38-52 УАЕ улсын дугаарыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.***д холбогдох хэргээс “Д.Шижир-Эрдэнийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 448,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч *** овогт ***гийн ***г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.***г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 38-52 УАЕ улсын дугаарыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ