Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/02254

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/02254

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Б холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 3,128,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие хариуцагч Х.Б-д 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2,300,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээг баталгаажуулж бичгийн хэлбэрээр гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2,300,000 төгрөг би шилжүүлэх ёстой байсан ч хариуцагч “...эхний сарын хүүгээ урьдчилаад авчих” гэж хүссэн учир би хариуцагч руу бодитоор 2,200,000 төгрөг шилжүүлсэн.

Үүний дараа хариуцагч “...гэрээгээ сунгачих, одоогоор төлөх боломжгүй байна” гэж хүссэн учир зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл дахин сунгасан. Уг сунгасан хугацаа дуусахад хариуцагч мөн л хүсэлт тавьсан учир 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан.

Хоёр сунгалтыг хариуцагч өөрийн биеэр ирж надад байсан гэрээн дээр өөрөө бичээд гарын үсгээ зураад явсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан сунгалтыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Харин 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны сунгалтыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөө хийсэн байгаа. Ингээд хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш дараах төлбөрүүдийг хийсэн. Үүнд:

1/ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 360,000 төгрөг төлсөн. Энэ нь 2018 оны 10, 11 дүгээр саруудын хүү юм.

2/ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг төлсөн.

3/ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 230,000 төгрөг төлсөн.

4/ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 230,000 төгрөг төлсөн.

5/ 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг төлсөн.

6/ 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 230,000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 1,510,000 төгрөгийг хариуцагч төлсөн, энэ нь миний дансны хуулгаар нотлогдож байгаа.

Хариуцагч нь дээр дурдсан төлбөрүүдээс өөр ямар ч мөнгө төлөөгүй. Ингээд нэгэнт хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас би дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт буюу үндсэн зээл 2,300,000 төгрөг.

2/ 3 сарын хугацааны хүү 690,000 төгрөг.

3/ Үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 138,000 төгрөг. Нийт 3,128,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн хүсэлтээр гэрээг сунгаж байсан тул надад үндсэн зээлээс гадна 3 сарын хүү, алдангийг буцаан шаардах эрх байгаа гэж үзэж байна. Би хариуцагчийг ямар байдлаар шахаж, дарамтлан гэрээ байгуулаагүй. Тэрээр сарын 10 хувийн хүүг өөрөө л зөвшөөрч надтай гэрээ байгуулсан. Тэгсэн атлаа одоо шүүхэд үндэслэлгүй, худал тайлбар гаргаж байгааг гайхаж байна гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Х.Бээс үндсэн зээл 2,300,000 төгрөг, 2019 оны 5, 6, 7 дугаар сарын хүү 690,000 төгрөг, алданги 138,000 төгрөг, нийт 3,128,000 гаргуулахаар шүүхэд хандсан ба хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч талаас нийт 2 удаа сунгасан гэж байна. Аливаа гэрээг сунгахад гэрээний хоёр тал хоёулаа зөвшөөрч, гарын үсгээ зурах ёстой байдаг. Гэтэл уг гэрээн дээр хариуцагч “...гэрээг сунгана” гэж бичээд гарын үсгээ зурсан боловч сунгасан гэх хэсэг дээр нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зураагүй. Ийм учраас зээлийн гэрээг сунгасан гэж үзэхгүй.

2/ Хариуцагч нь зээлийг эргэн төлөх чадваргүй, эдийн засгийн хувьд чадамжгүй хүн байхад үүнийг судлалгүйгээр нэхэмжлэгч зээл олгосон нь түүний өөрийнх нь буруу.

3/ 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хүүг 10 хувь гэж талууд тохирсон. Гэтэл өнөөдөр ямар ч банк, хувь хүний зээлийн хүү 10 хувь байхгүй байгаа. Иргэний хуулийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан байдаг бөгөөд  нэхэмжлэгч хэт өндөр хүү тооцсон байгаа тул шүүхээс уг хүүгийн хэмжээг 5 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.

4/ 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 360,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 230,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 230,000 төгрөг төлсөн байгаа нь нэхэмжлэгчийн дансны хуулгаас харагдаж байгаа. Үүн дээр маргахгүй. Гэхдээ Х.Б надад “...би үүнээс илүү мөнгө төлсөн, бэлнээр төлж байсан” гэж хэлсэн. Ингээд тооцохоор хариуцагч нь 1,840,000-2,070,000 төгрөгийг нийтдээ төлсөн тооцоолол гарч ирж байгаа. Одоо хариуцагч   Х.Б нь зээлийн гэрээний дагуу нийт 2,990,000 төгрөг төлөхөөс 2,070,000 төгрөгийг төлсөн байна. Одоо дутуу байгаа 920,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Ц болон хариуцагч Х.Б нар зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу Д.Ц нь 2,300,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй Х.Б-д шилжүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

 

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Х.Б-д холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,300,000 төгрөг, 3 сарын хүү 690,000 төгрөг, алданги 138,000 төгрөг, нийт 3,128,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгч өөрийн дээрх шаардлагын үндэслэлээ “...гэрээг хариуцагчийн хүсэлтээр хоёр удаа буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан тул үндсэн зээлээс гадна 3 сарын хүү, алдангийг буцаан шаардах эрхтэй” гэж тайлбарласан.

 

 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...зээлийн гэрээг сунгасан гэж үзэхгүй”, “...нэхэмжлэгч нь хариуцагчийг авсан зээлээ төлөх чадваргүйг мэдсээр байж зээлийн хүүг 10 хувиар тогтоосон нь буруу. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу хүүгийн хэмжээг 5 хүртэл хувиар бууруулах ёстой”, “...хариуцагч дансны хуулгаар 1,510,000 төгрөг төлснөөс гадна бэлнээр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан тул төлбөрийн хэмжээ буурах ёстой” гэсэн агуулгуудаар тайлбарлав. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх зээлийн гэрээг байгуулсан болон хариуцагч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 360,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 230,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 230,000 төгрөг, нийт 1,510,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар буцаан шилжүүлэн төлсөн талаар маргаангүй байна. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ. 

 

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог ба хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй талаар тайлбар гаргасан тул нэхэмжлэгч Д.Ц-т гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж үзнэ. 

 

Харин зохигчийн тайлбар болоод хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бус харин зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч болоод хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний дагуу хариуцагч нь 2,300,000 төгрөг биш харин 2,200,000 төгрөгийг бодитоор хүлээн авсан тал дээр маргаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул нэхэмжлэгчээс хариуцагчид бодитоор шилжүүлсэн 2,200,000 төгрөгөөс зээлийн хүүг тооцно. 

 

Ийнхүү тооцоход 2,200,000 төгрөгийн 3 сарын хүү буюу анх гэрээгээр тохирсон 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацааны хүү /3 сар х 220,000 төгрөг/ 660,000 төгрөг болно.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нийт үүрэг 2,860,000 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дор “...2018 оны 12 дугаар сарын 12-наас 2019 оны 4 дүгээр сарын 12-ны сунгав”, “...2019 оны 4.12-наас 2019.07 сарын 9 дуустал сунгав” гэж бичиж, гарын үсгээ зурсан болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны сунгалтийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үйл баримтын талаар маргаагүй. 

 

Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолохоор Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад уг гэрээг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сунгасан нь хуульд нийцээгүй байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй.

 

Дээр дурдсанчлан 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний нийт үүрэг 2,860,000 төгрөг болсон ба уг төлбөрөөс хариуцагчийн дансаар буцаан төлсөн нийт 1,510,000 төгрөгийг хасахад хариуцагчийн төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 1,350,000 төгрөг болж байна. Уг 1,350,000 төгрөгийг хариуцагч Х.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-т олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.   

 

Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн...” гэдэгт төлөгдөөгүй зээл, гэрээний хугацааны хүү хамаарах ба хариуцагч авсан зээл, түүний хүүг бүрэн төлж дуусгах ёстой байсан хугацаанаас тооцоход алдангийн хэмжээ нь нэхэмжлэгчийн шаардсан 138,000 төгрөгөөс их болж байх хэдий ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу 138,000 төгрөгийг алдангид тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч өөрийн шаардлага хийгээд татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн “...дансаар шилжүүлсэн мөнгөнөөс гадна бэлнээр мөнгө төлсөн”, “...хүүгийн хэмжээ хэт их байгааг шүүх багасгах ёстой” гэсэн тайлбаруудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.Б-ээс нийт 1,488,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.