Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02274

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02274

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.У-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А-д холбогдох

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У миний бие 2010 онд иргэн Б.А-тай танилцаж, 2014 оны 10 сард гэр бүл болсон ба үүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин У.Ц, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр охин У.О нар төрсөн. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал ихэвчлэн хэрүүл уруулаар дүүрэн амьдарч ирсэн нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж ирлээ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй ба эвлэрүүлэн зуучлах төвөөр ороод хоёулаа салахыг зөвшөөрсөн болно. Иймд бидний гэр бүлийг цуцалж өгнө үү. Бид хоорондоо харилцан ярилцсаны үндсэн дээр том охин У.Ц–ийг миний бие харин бага охин У.О –г эхийн асрамжид үлдээхээр болсон. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөх болно гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.У-тай 2008 онд танилцаж 2010 оноос хойш хамтран амьдарч 2014 онд гэрлэлтээ батлуулсан. 2015 онд том охин Ц-ийг гэдсэнд байх үеэс эхлэн У нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, үргэлж согтуу ирж агсам тавьж зодож нүдэж, хөөж туух болсон. Хүүхдээ бодоод тэвчин амьдарч байтал жижиг охин маань олдсон байсан. Бага охиныг маань төрөнгүүт нэхэмжлэгч нь эцэг, эх дүүтэйгээ нийлж хүү төрүүлж чадсангүй  гэж байнга хэрүүл хийх болсон. Одоо бид тусдаа амьдраад 1 жил болж байна. Б.У нь зан аашны хувьд түргэн ууртай, хөнгөн хийсвэр, байнга хуучнаа ярьдаг, эр хүний хувьд ноён нуруу, түшиг тулгуур, нөмөр нөөлөг байхгүй хүн. Цаашид ийм хүнтэй амьдрах шаардлага байхгүй гэж үзэж байгаа тул гэр бүл цуцалж өгнө үү. Б.У-тай эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр ярилцаад том охин У.Цэлмүүнийг эцэг нь бага охин У.О-ыг миний бие асрамжиндаа авахаар болсон. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө гэжээ. 

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.А-д холбогдуулж гэрлэлт цуцлуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Б.У болон Б.А нар 2014 онд гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин У.Ц, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр охин У.О нар төрсөн байна.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан гэрлэгчдийн дундаас 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин У.Ц –ийг эцэг Б.У-ын асрамжид, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин У.О-ийг эх Б.А-гийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасантай харшлахгүй.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хугацаа болон хэмжээгээр эцэг болон эхээс тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэх нь хууль болон хүүхдийн эрх ашигт нийцнэ. 

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.